2019 оны 6 сарын 23
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 17: БАР ЭЭЖийн хүүхдээ сургасан аргаас...

Шинжлэх ухаан, хөгжим, урлаг соёл, хүмүүжил гэх мэт олон зүйл дээр чадварлаг болгож, хатуу гараар хүүхдүүдээ хүмүүжүүлсэн Америкийн зохиолч, хуулийн профессор  Эми Чуагийн /Amy Chua/ бичсэн АНУ-ын бестселлер бүтээл болох “Battle Hymn of the Tiger Mother” буюу “Бар ээжийн тулаан” номыг бид Unlock подкастын бичмэл хөрвүүлгийн энэ удаагийн дугаараар хүргэж байна.

Энэхүү ном нь 2011 онд АНУ-д хэвлэгдэн гарснаасаа хойш сайн, муу олон шүүмжлэлийг дагуулж байжээ. Учир нь номыг уншсан америк ээжүүд хүүхдийн эрхийг зөрчсөн асуудал гэж үзсэн байхад харин Ази ээжүүд ялангуяа хятад ээжүүдийн хувьд номонд өгүүлдэг хүүхэд хүмүүжүүлэх аргыг дэмжиж, буйгаа илэрхийлсэн байдаг. 

Номын тухай #Unlock подкастыг ШУУД СОНСОХ: Дугаар 4

Ийнхүү хүүхдээ хүмүүжүүлэх аргыг хайн эрмэлзэж буй танд номын тэмдэглэлээс хүргэе.

Эми Чуа гэж хэн бэ?
 

Эми Чуа нь хамгийн Хятад гаралтай, Америк иргэншилтэй Йелийн их сургуулийн хуулийн профессор билээ. Тэр багын бүх зүйл дээр маш их хичээл зүтгэлтэй, онц сурдаг, дуулгавартай сайн охин байв. Учир нь айлын том хүүхэд тул өөртөө өндөр хариуцлага үүрүүлж, аав ээжийгээ юу хийвэл хамгийн их баярлах бол хэмээн, амьдралынхаа ихэнх шийдвэрийг өөрийн хүслийг үл харгалзан гаргадаг нэгэн байсан аж. 

Тэрээр Харвардын их сургуульд суралцаж байхдаа Жет хэмээн еврей гаралтай залуутай танилцан гэр бүл болж, хоёр хөөрхөн охины ээж аав болсон байдаг. Эми Чуа багын л хатуу гараар хүмүүжсэн гэдгээ хэлдэг төдийгүй амьдралд ганхахгүй сэтгэлийн хаттай, чадварлаг нэгэн болоход нь нөлөөлсөн тухай тэрээр телевизүүдэд өгсөн ярилцлагандаа дурьдсан удаатай. 

Хятад ээжүүд хүүхдээ хүмүүжүүлэхдээ, улс орон, нийгэмд хэрэгтэй болгох гэж ямар их цаг зарцуулдаг болохыг тэр амьдралаараа дамжуулан мэдэрсэн нэгэн. Тэр утгаараа Эми Чуа эх хүн хүүхэддээ хэрхэн цаг зарцуулж,  хэр хэмжээний хүчин чармайлт гаргаж ирээдүйд бэлдэхэд ёстой болохыг өөрийнхөө амьдрал дахь бодит жишээн дээр тулгуурлан “Бар ээжийн тулаан” номыг бичжээ.  

Хятад ээжийн хүүхдээ өсгөх хүмүүжүүлэх арга барил

Дэлхийн хүчирхэг орон болох БНХАУ-ын ээжүүдийн хүүхдээ хүмүүжүүлэхэд хэрэглэдэг нийтлэг арга барил нь их хатуу аж. Жишээ нь: 

  • Телевизор үзүүлж, компьютер тоглоомоор тоглуулдаггүй,
  • “А” үнэлгээнээс доош дүн авахыг зөвшөөрдөггүй,
  • Биеийн тамираас бусад хичээл дээр ангидаа нэгт жагсдаг сурагч байх ёстой.
  • Математикийн хичээлдээ хамгийн сайн сурч, үеийнхнээсээ түрүүлэх хэрэгтэй.
  • Хичээлээс гадуур тэмцээн уралдаанд орсон тохиолдолд заавал алтан медал авах ёстой гэх мэтээр ханддаг шударга занг тэргүүнд тавьдаг. 

Тэдний үзэж буйгаар хүүхдийг эрхлүүлж, дураар нь байлгах нь тустай биш гэж боддог. Нэгэн судалгаанаас харвал Хятад ээжүүд европ ээжүүдтэй харьцуулахад хүүхдэдээ зарцуулдаг цаг нь 10 дахин их байдаг нь нотлогджээ.

Эмигийн том охиныг Софиа Чуа Рубенфилд, бага охиныг нь Лулу Чуа Рубенфилд гэдэг. Охидууд нь хоорондоо насны зөрүү их биш ч гэлээ зан  аашийн  хувьд тэс өөр. Том охин дуулгавартай, даруухан, ухаалаг бол дүү нь эсрэгээрээ өөрийн бодол ихтэй зөрүүд хүүхэд байжээ.

Эми Софиагаа нэг настай байхад нь цагаан толгой цээжлүүлж, гурван настай байхад нь хятадаар 100 ханз бичүүлж нүдлүүлэн, төгөлдөр хуур сургасан. Мөн цэцэрлэгийн насан дээр нь нэмж, хасах, үржих, хуваах үйлдлийг заасан. Харин бага охиноо хийл хөгжмөөр хичээллүүлжээ.

Хөгжмөөр хичээллүүлсний үр дүнд...
 

Хоёр охиных нь хувьд хөгжмөөр хичээллэх нь цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хийх ёстой зүйл нь байв. Ингэснээр хүүхдүүдийнх нь чадвар ч дээшилсэн. 

Гэхдээ нэг асуудал байсан нь бага охин Лулу нь тийм ч амар сураагүй тухай энэхүү ном өгүүлдэг. Сурахгүй гэж зөрүүдлэх бүрт нь Эми охиндоо “чи мундаг болохгүй л бол үүнээс кайф авч чадахгүй, сурах ёстой шалтгаан чинь энэ, хэрвээ сурахгүй бол ингэнэ шүү” гэх зэргээр сүрдүүлж, хүчээр хийлгэдэг байжээ.

Хүн нэг зүйлийг мундаг хийж сурахын тулд амьдралдаа 10,000 цагийг тухайн зүйлдээ зарцуулах хэрэгтэй гэдэг. Иймд Эми охиноо нэг л зүйлийг сайн хийхийн үр дүнг мэдрээсэй гэж хүссэн байх.

Хичнээн дургүй байсан ч дадал зуршил суучихвал хүүхэд тухайн зүйлдээ дуртай болж, шахаж шаардуулалгүйгээр хийдэг болдог ажээ. 

Лулу өдөрт хөгжмийн хичээлээ зургаан цаг давтах үе ч байдаг байсан. Эмигийн хувьд өөрөө хүүхдээ хий гээд зүгээр суугаагүй хүүхэдтэйгээ хамт хөгжмийн боловсрол эзэмших гэж хуулийн профессор ажлынхаа хажуугаар цаг гарвал ном уншиж, аудио сонсоод хажууд нь хамт байж бэлдүүлчихээд унтдаг байсан.

Өөрөөр хэлбэл, хүүхэдтэйгээ хамт хичээл зүтгэл гаргасан явдал нь Лулуд нөлөөлсөн байх. 

Тус номонд өгүүлдэг бас нэгэн чухал зүйл бол Хятад ээжүүд хүүхдийнхээ чадахгүй байгаа зүйлийг шударгаар тайлбарлаж хэлдэг. Энэ нь хүүхэд бодит байдлаа мэдрэх боломжийг олгож илүү суралцахад нь нөлөөлдөг. Тиймд чадуулахын тулд хичээллүүлдэг байна.

Энэ аргыг ч Эми мөн л хэрэглэсэн ба үүний эцэст хоёр охиных нь хөгжмийн авьяас ямар ч хүний хүндлэл хайрыг татах хэмжээд хүр чаджээ. Эми ч охидоороо маш их бахархаж, охидууд нь ч амьдралынх нь хамгийн сайхан мөчүүдийн нэг хийсэн зүйлийнхээ амжилт, үр шимийг харах  байсан гэдэг. 

Бар ээжийн аргаар хүмүүжсэн охид өнөөдөр...

Софиа Харвардын коллежийг төгсөж, Йелийн хуулийн их сургуулийг төгссөн. Тэр одоо АНУ-ын цэргийн хуульчаар ажилладаг. Мөн хажуугаар нь дэлхийн шилдэг их дээд сургуулиудад ороход юу хэрэгтэй талаар зөвлөгөө өгдөг старт-аптай аж. 

Харин бага охин Лулугийн хувьд мөн л Харвардын коллежд элсэн орсон байдаг. Суралцах хугацаандаа олон клубыг тэргүүлсэн чадварлаг суралцагчийн нэг болж өссөн. Түүний “Би харвардад хамгийн мундаг нь байгаагүй ч надад  Харвардад орох тийм ч амар байгаагүй” гэж хэлсэн энэ үг нь хатуу ээжийн дор толгойгоо мэдүүлсэн өөрийн бодолгүй хүн бус өөртөө итгэлтэй нэгэн болсныг илэрхийлнэ. Улмаар Лулу 2018 онд их сургуулиа төгсөж, спортын чиглэлийн томоохон компанид ажилд орж чаджээ.

x