Индэр    
2019 оны 6 сарын 13
Зураг
Мэдээллийн технологи

Дижитал шилжилтийн үед танд хэрэгтэй болох ЗУРГААН УР ЧАДВАР

Зураг
Зургийг https://insights.samsung.com сайтаас ашиглав

Бүх төрлийн үйлчилгээ тэр дундаа боловсрол, эрүүл мэнд, банк санхүү, харилцаа холбоо, төрийн үйлчилгээ дижитал хэлбэрт шилжин хувьсан өөрчлөгдөж байгаатай бид өдөр тутам таарсаар байна. Энэ өөрчлөлтийг даган бизнесийн загварууд, бизнес хийх арга замууд, хэрэглэгч болон нийлүүлэгчийн хоорондын харилцаа дижитал технологи дээр суурилан өөрчлөгдөж байгаа билээ.

Энэ удаа уг хувьсал өөрчлөлттэй хөл нийлүүлэн алхахад хувь хүнд болон бизнес эрхлэгчдэд хэрэгтэй үндсэн зургаан ур чадварын талаар хуваалцая.

Нэг. Дижитал боловсрол/Digital Literacy

Өдрөөс өдөрт цахим орчинд ажиллах хэрэгцээ шаардлага нэмэгдэхийн хэрээр бид бүхнээс илүү их цахим ур чадваруудыг шаардаж байна. Тухайлбал бизнесийн байгууллагын энгийн нэг ажилтан оффисын програм хангамжууд, электрон шууданг сайтар ашигладаг байх нь хангалттай байсан бол одоо тухайлсан ур чадваруудыг шаардсан Photoshop, Illustrator, Google Analytics зэрэг програм, хэрэгслүүд болон оффисын автоматжуулалтын тоног төхөөрөмжүүдийг ашиглаж өөрийн хэрэгцээний түвшинд чөлөөтэй ашигладаг байхыг шаардаж байна.

Хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн програм хангамж, аппликэйшн, алгоритм, стандарт болон протоколууд өдөр тутам боловсруулагдан шинээр төрөн гарсаар байна. Эдгээрийг сайтар мэдэрч өөртөө болон байгууллагынхаа хэрэгцээ шаардлагад тохируулан ашиглаж чадсанаар өрсөлдөх чадвараа улам нэмэгдүүлдэг байна.

Хоёр. Мэдээллийн аюулгүй байдал/Data security

Та байгууллагынхаа болон хэрэглэгчийнхээ датаг хамгаалж чадаж байгаа юу, датагаа бусдад алдсан тохиолдолд юу хийх вэ, бусдад датагаа алдсаны дараа өөрийнхөө дата руу хандахын тулд мөнгө төлж хандах хэрэгтэй болбол яах вэ, эсвэл таны датаг хэн нэгэн тантай зэрэг ашиглаж байгаа эсэхийг та мэдэж байгаа юу гэх мэт асуултуудын хариултыг бодож эхлэхэд л энэхүү ур чадварын үнэ цэнэ таны нүдэнд шууд төсөөлөгдөнө.

Мэдээллийн аюулгүй байдлыг хангана гэдэг нь байгууллагынхаа, хэрэглэгчийнхээ датаг хамгаалахаас гадна байгууллагынхаа нэр хүнд, бизнесийнхээ ирээдүйг хадгалж байгаа хэрэг билээ.

Мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь олон зүйлээс хамаарсан комплекс ойлголт боловч юуны өмнө маш сайн техник технологийн шийдлээр хамгаалахын зэрэгцээ дагаж мөрдөх дүрэм журам боловсруулж, олон улсын стандартыг дагаж мөрдөх шаардлагатай. Түүнчлэн ажиллагсдын мэдээллийн аюулгүй байдлын талаарх мэдлэг боловсролыг сайжруулах сургалт явуулах нь уг ур чадварыг нэмэгдүүлэх үр дүнтэй аргуудын нэг юм.

Гурав. Дижитал маркетингийн ур чадвар/Digital Marketing

Дижитал шилжилтийн гол хурдасгуур бол ухаалаг утас, таблет, мобайл төхөөрөмжийн хувьсал өөрчлөлт юм. Уг хувьслыг даган хөгжиж гарч ирсэн сошиал медиа сувгууд өнөөдөр улам хурдацтай хөгжиж уламжлалт мэдээллийн сувгуудаас илүү гарч ирж байгаа нь дижитал маркетингийн ур чадвар хэдий зэрэг шаардлагатай болохыг харуулж байна.

Дижитал маркетингийн арга хэрэгслүүдийг ашиглан аналитик хийж хэрэглэгчийнхээ зан төлөв, зах зээлийнхээ чиг хандлагыг мэдэрснээр бизнесийн салбарт илүү амжилт гаргах боломж нээгдэнэ. Компанийхаа бүтээгдэхүүн үйлчилгээний онцлогт тохируулан сошиал медиа маркетинг, имэйл маркетинг, контент маркетинг, чатбот зэргийн алийг нь ч ашиглаж болох бөгөөд ингэснээр дэлгэцийн цаанаас хэрэглэгчидтэйгээ харьцаж, хоёр чиглэлтэй харилцааг бий болгох боломжийг энэхүү дижитал маркетингийн ур чадвар олгож байна.

Дөрөв. Дата анализ хийх ур чадвар/Data Analytic

Хэрвээ та ямар нэг дата аналитик хэрэгсэл ашиглан өөртөө байгаа дата дээр анализ хийн манай хэрэглэгч ямар насны хүмүүс вэ, тэд хаанаас үйлчилгээгээ авдаг вэ, тэд үйлчилгээ авахдаа ямар төхөөрөмж ашигладаг вэ зэрэг олон асуултын хариултыг авч чадахгүй байгаа бол таны бизнес энэхүү өрсөлдөөний дунд цаашид амжилттай үргэлжлэхэд хүндрэлтэй болно.

Компаниуд өөрт байгаа үнэ цэнэтэй датаг боловсруулан шийдвэр гаргах түвшинд ашиглахуйц мэдлэг болгон хувиргаж чадснаар дата аналистын ажлын үр дүн болон уг ур чадвараас ашиг хүртэж эхлэх юм.

Тав. DevOps ур чадвар

Энэхүү ойлголт нь хөгжүүлэлт /development/, үйл ажиллагаа /operation/ гэсэн хоёр үгний нийлбэрээс гарч ирсэн. Програм хангамжийн хөгжүүлэлтийн баг нь бизнесийн үйл ажиллагаатай холбоотой бусад алба хэлтсээс тусдаа байдаг байсан хуучин хандлагыг өөрчилж хөгжүүлэлтийн баг, дижитал бизнесийн баг, стратегийн баг, маркетингийн багуудын хамтын үйл ажиллагааг нэмэгдүүлснээр бизнест илүү амжилт олох үүд хаалга нээгдэнэ гэж үздэг байна.

Дижитал шилжилтийн үед компаниуд энэхүү DevOps ур чадвараа нэмэгдүүлснээр бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадвар улам бүр нэмэгдэх боломжтой.

Зургаа. Mobility Management ур чадвар

Дижитал шилжилтийн үед үүсэн бий болж буй технологийн шинэ шийдлүүдийг үр ашигтайгаар ашиглаж чадах ур чадвартай хүнээр бизнесээ удирдуулах, эсвэл одоогийн удирдлагаа сургаж хөгжүүлэх зайлшгүй шаардлага үүсэн гарч ирж байна.

Орчин үеийн технологийн олгож буй үнэ цэнэтэй боломжуудыг бизнестээ ашигласнаар зардлаа бууруулах, цаг хугацаа хэмнэх, илүү үр дүнтэй ажиллах боломжууд үүснэ. Тухайлбал бүх ажилчин нэг хотод, нэг оффисд суух шаардлагагүй болж байна. Технологийн шийдлийн хувьд үнэтэй тоног төхөөрөмж болон програм хангамж заавал худалдаж авах шаардлагагүй болж байна. Зарим шаардлагатай нөөцүүдийг cloud систем ашиглан шийдвэрлэх боломж бий болж байна. Түүнчлэн дуудлагын төвийн ажилчдаа илүү бага цалингийн зардал бүхий хот руу эсвэл улс руу шилжүүлэх, дуудлагын төвийн үйл ажиллагаандаа чатбот болон хиймэл оюуны зарим ололтыг нэвтрүүлж анхан шатны мэдээллийг хүний оролцоогүй өгөх зэрэг маш олон боломж үүсэн бий болжээ. Тэгэхээр бизнес эрхлэгчдэд эдгээр ур чадварыг эзэмших хэрэгцээ шаардлага чухлаар тавигдаж байна.

Эдгээр дээр нэмээд мэдээж хэрэг маш олон ур чадварыг нэрлэж болох боловч хэд хэдэн эх сурвалжаас харьцуулан дүгнэлт хийсний үр дүнд эдгээр зургаа нь нэн тэргүүний байх ёстой чадварууд хэмээн дүгнэлээ.