Индэр    
2019 оны 6 сарын 3
Зураг
Эдийн засагч, шинжээч

Цагаачлахыг хүссэн ХҮН ЦАХЛАЙ

Зураг
Юуны өмнө ‘’Жонатан Ливингстон хэмээх цахлай’’-н тухай өгүүлье. Магадгүй та бүхэн уншаад нэгийг бодож, хоёрыг тунгаана гэдэгт итгэж байна. 1970-аад онд Америкийн зохиолч, нисгэгч Ричард Бах энэ зохиолыг бичиж байжээ. 

Цахлай болж төрсөн бол амьдралын утга учир нь өдөрт нь хоолоо олж, шөнөд нь амьтны өгөөш болохгүй амар тайван хоноход оршдог. Өнөөдөр, маргааш, нөгөөдөр яг л ялгаагүй, энэ хэв маягаараа амьдарсаар хорвоог дуусгана. Гэвч тэр дундаас Жонатан Ливингстон хэмээх цахлайн хийх хамгийн дуртай зүйл нь НИСЭХ байв. Ихэнх цахлай НИСЭХ гэдгийг эргээс хоолтой газар хүрэн, эргээд эрэг рүүгээ буцах тухай л гэж боддог. Жонатан эрэг дээр бусад шигээ загас барих, хэн нэгний шидсэн талхны хэлтэрхий хүлээхийн оронд хязгааргүй тэнгэрт дүүлэн хөөрч, хэрхэн сайн нисэх тухай суралцдаг байв. Хоол хийх аргаа мэдэхийн оронд цахлайн амьдралд ямар ч хэрэггүй зүйлс хийж явааг нь хараад эцэг, эх нь түүнийг зэмлэж эхэлдэг. Жонатан эцэг, эхийнхээ үгийг даган сүрэгтэйгээ нийлэн хэсэгтээ амьдрав. 

Нэг л уйтгартай, нэг л хэвийн...

Өдөр, сар, жил, амьдралын турш хийх зүйл нь тодорхой. Энэ бүхэн Жонатанд хэтэрхий, бүр хэтэрхий уйтгартай амьдрал санагдав. Эцэст нь тэр бүхнийг орхин мөрөөдлөө дагаснаар цахлайны дүүлээгүй өндөр хүрч, цахлайны туулаагүй хол замыг туулж, цахлайны хүрээгүй тэр алсад очиж чадсан юм. Мэдээж түүнд амар байсангүй. Бэртэл гэмтэл авч, сүргээсээ хөөгдөж, аав, ээжийнхээ нэр төрийг гутааж, амьтны элэг доог болсон. Гэвч тэр жинхэнэ цахлайн амьдралыг олсон. Учир нь цахлайн хувьд НИСНЭ гэдэг нь амьдралаас авч болох хамгийн сайхан таашаал байсан юм. Түүгээр ч үл барам нисэх чадвар нь түүнийг хүссэн үедээ далайгаас загас шүүрдэж, ойгоос шавьж түүн хоолоо олж чадах боломжийг олгосон. Тэрээр эцэст нь  өөрийн жинхэнэ сүргээ олж чаддаг.

Хүн цахлайн гэр бүл

Чөлөөт зах зээлийн шуурганд амьдралын хатуу, ширүүнийг амталсан эцэг, эхчүүд маань өөрсдийн хүртээгүй боломжоо үр хүүхдэдээ өгөх гэж хэтэрхий их хичээдэг. Яг л Жонатаны эцэг, эх шиг хүсээгүй зүйлсийг нь хийхийг шаарддаг. Ямар ч аргаар хамаагүй сайн л байвал хүүхдээ сургаж, яаж ч бусдыг хохироосон хамаагүй, боломж л байвал хүүхдийнхээ төлөө хэмээн бүхнийг хийдэг. Гэвч энэ бүхэн яг зөв зам уу? Хүн бүхэн ийм бодолтой хандахаар хэн нь нийтийн төлөө санаа зовох юм бэ? 

 
  • Онц сурлагатан бай.
  • Олимпиадад түрүүл.
  • Өндөр боловсролтой бол.
  • Диплом ав.
  • Хүнтэй суу.
  • Амьдралаа төвхнүүл.
  • Заримдаа хүүхдээ хэтэрхий хурдан хөгшрүүлэх гээд байгаа мэт санагдана. 

Нэг удаа би оюутны тэтгэлгийн материалуудыг хянахаар томилогдлоо. 50 орчим хүүхдийн материал эргүүлж, тойруулан суухад хүүхэд, залуус чинь бараг том хүн биднээс хэтэрхий их ажилтай байдгийг олж харав. Яасан ч их уралдаан тэмцээн, яасан ч их дугуйлан секц вэ? Хэзээ нь амжуулдаг юм гэмээр тасралтгүй цагийн хуваариудтай. Хүүхэд хүүхдийн амьдралаараа амьдардаг юм болов уу гэмээр л санагдав.

2018 онд Сэтгэл зүйн хүрээлэнгээс “SDQ” олон улсын сургуульд хэрэглэгддэг судалгааны хэрэглэгдэхүүнийг ашиглан 10-17 насны 8,645 монгол хүүхдээс судалгаа авчээ. Тус судалгааны үр дүнд өсвөр насны хүүхдүүдийн 68 хувь нь сэтгэлзүйн хувьд асуудалтай гэж гарчээ. Энэ нь гэр бүл, хамт олон, хүрээлэн буй орчноос шалтгаалж буйг тус судалгаанд дурьдсан байна. 

Хүн цахлайн сүрэг  

 

Өнөөгийн нийгэм яг л паразит шиг... Олон залуусын хүсэл мөрөөдөл, хүч чадлыг өөртөө сорон үгүй хийж байна. Тиймээс зарим хэсэг нь эх нутгаасаа дүрвэж, үлдсэн хэд нь харин тархины цагаачлалтай л амьдарч байна.

Судалгаагаар 15-16 насныхны 80 хувь нь гадагшаа гарна гэсэн хүсэлтэй байдаг бол насанд хүрсэн хүмүүсийн тухайд энэ тоо бүр ч өндөр байх магадлалтай. Мэдэхгүй зүйлсээ асуухаар шоолж, ном унших гэхээр Будда-тай хамт гэгээрүүлж, архи ууж чадахгүй бол амьдрал үзээгүй нэгэн болгодог. Яг л Жонатаны цахлайн сүрэг шиг хийж үзээгүй, оролдож үзээгүй зүйлсийг буруу гэдэгт хатуу итгэдэг. Гэр бүл, нийгмээс хүлээн авч буй энэ их дарамт шахалт нь зүгээр л амьдрахын тулд ажлын байрны олдцыг харж сонголтоо хийхэд хүргэж байна. Үр дүнд нь 46,000 төгсөгчөөс ердөө 30% нь буюу 3 хүн тутмын 1 нь ажилд орж байна. Хүсээгүй ажлаа хийж буй хүн нь 7 хоногийн амралтын өдрүүд, жилийн ээлжийн амралт, баярын өдрүүдийн амралтыг хүлээж суудаг цаг хугацаанаас уйдсан, хөгшрөхөө хүлээсэн нэгэн л болж хувирдаг. Яг л өдөр хоол, орой нь хэрхэн амьд байх тухай боддог ЦАХЛАЙН АМЬДРАЛТАЙ ижил мэт.

Тиймээс л Жонатан мөрөөдлөө дагасан хэрэг. Гэхдээ тэр зөвхөн мөрөөдөгч байсангүй. Тэр мөрөөдлийнхөө төлөө алсын хараатай, зорилготой нэгэн байсан. TD банкнаас 500 гаруй гарааны бизнес эрхлэгч залуусаас судалгаа авчээ. Тэдний 67 хувь нь өөрсдийн зорилгодоо итгэдэг гэж хариулжээ. Хамгийн амжилттай яваа гарааны бизнес эрхлэгчдэд нэг онцлог байсан нь тэд алсын хараатай, түүнийхээ төлөө зүтгэдэг байв.

Тиймээс залуус маань хүсэж, мөрөөдсөн зүйлээ л сонго, түүнийхээ төлөө хичээж суралц, тасралтгүй ажилла. Харин эцэст нь өөрийн бий болгосон ертөнцдөө нисэх нь хэчнээн гайхамшигтайг олж харах болно.

Гэвч өөрөө сайн сайхныг олж харчихаад бусадтайгаа хуваалцахгүй бол юу нь сайхан байх билээ.  

Бусдын төлөө хүн цахлай

 

Нисэхийн гайхамшгийг төгс эзэмшээд Жонатан сүрэг дээрээ ирээд НИСЭХ гэдэг чинь шувуу болж төрсний хамгийн гол утга учир юм байна гэж хэлдэг. Гэвч түүнийг бүгд шоолон, сүргийн ахлагч нь сүргээсээ хөөдөг. Яг л Платонын агуйн хүн шиг агуйгаас гарсан хэн нэгэн нь жинхэнэ амьдралыг олж хараад нөгөө хэддээ ойлгуулах гэтэл галзуурсан байна гэж хорьдогтой адил. Тэр усан онгоц бараадаж, хүний өгсөн талхны үйрмэг хүлээхгүй, хэрхэн загас барихыг, шигүү ой шугуйн хаанаас нь шавьж олж идэхийг сүрэгтээ зааж өгөхийг хүссэн. Үүний тулд өндөрт, хол, удаан нисэх чадвар сурах нь чухал гэдгийг ойлгуулахыг хүссэн.

Зөвхөн би л болж байвал бусад нь хамаагүй гэж бодоогүй. Тэр загасчдын онгоц нэг л өдөр буцаад өгнө, хүйтэрч эхлэхэд загаснууд голын гүн рүү ороход бүгд өлсөх болно гэдгийг ч мэдэж байсан.

Монголчууд бид ч тэр хувь хувиа бодолгүй өөрийн мэдсэн сурсан бүхнээ бусадтай хуваалцах хэрэгтэй. Хэзээ нэг өдөр биднийг тэжээж буй тэр завьнууд зангуугаа татаад л буцаад явах тэр үед бид юугаараа мөнгө олж, хоолоо хийж идэх вэ? Магадгүй тэр барьж иддэг загаснууд дуусахад яах вэ?

Өнөөдөр эдийн засаг маань 20 хувь нь уул уурхай, экспортын 70 хувь нь нүүрс, зэсээс бүрдэж байна. Хэдэн арван жил нүүрс, зэсээ ухлаа. Мөнгө ч олж ирлээ. Гэвч юу ч өөрчлөгдсөнгүй. Бид улам л доройтлоо. Сүүлдээ популизм хүчээ авч, өдөр бүр л талбай дээр "бослого" гардаг болов. Ямар нэгэн асуудлыг ал тал, дүүжил, барьж цагд гэдэг болов.

Үнэхээр тэр мөнгийг боловсрол, эрүүл мэнд, техник технологи, аялал жуулчлалдаа зарцуулсан бол энэ бүхэн өөр байж болох байсан. Гэвч одоо ч оройтоогүй байна. Бид хувиа бодохгүй, улсаа боддог. Өнөөдрөө харахгүй маргаашийг хардаг. Хүнд хэцүү байсан ч итгэл үнэмшлээ алдахгүй бол энэ бүхэн өөрчлөгдөнө.

Та бүхэн ч мөн адил өөрсдийн дотор байгаа тэр Жонатан Ливингстон хэмээх цахлайг сэрээгээрэй. Тэгээд нийгэмдээ зөв, зүйтэй, эергээр нөлөөлж эхлээрэй. Магадгүй 1, 2, 3 биш 1,000, 2,000, 3,000 ч биш 3 сая Жонатан Ливингстон байвал бид хэнээс ч, юуг ч хүлээхгүй амьдарч чадна.