Индэр    
2019 оны 5 сарын 31
Зураг
iKon.mn сэтгүүлч

Монгол хүүхдүүдийн тухай бидний мэдэх ёстой ТАВАН БАРИМТ

Зураг

Маргааш хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ л өдөр хүүхэд багачуудаа баярлуулах нь хангалттай биш ажээ. Учир нь хүүхдийн эрх зөрчигдөх тохиолдол улам өссөөр байна. Хүүхдийн эрхийг хамгаалах энэ өдрийг угтан бид монгол хүүхдүүдийн талаарх доорх таван тоо баримтыг бэлтгэлээ.    

НЭГ. Төрөлт буурсаар байгааг та мэдэх үү?

Хэдийгээр төрөлт нэмэгдэж байгаа гэдэг боловч үүнийг 1,000 хүнд ногдох үзүүлэлтээр нь тооцвол төрөлт буурсан байна. Жишээлбэл, 1990 онд 1,000 хүнд ногдох төрөлтийн түвшин 34.4 байсан бол 2010 онд 23.1 болж буурчээ. 2018 оны тухайд энэ тоо 24.5 болсон байна. Өөрөөр хэлбэл, 1990 онтой харьцуулахад 1,000 хүнд ногдох төрөлт 2018 онд 9.9-өөр цөөржээ.  

График 1, 1,000 хүнд ногдох төрөлтийн тоо, 1990-2018 он

ХОЁР. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 30 орчим хувь нь 5-9 насныхан

Гэрэл зургийг: MPA.mn

Улсын хэмжээнд 2018 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 12,174 хүүхэд байна. Тэднийг насны бүлгээр нь ангилбал,

График 2, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, 2018 он

Зонхилон тохиолдож буй хөгжлийн бэрхшээл нь харааны 1,376, сэтгэцийн 2,262, тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхэд 2,472 байна. Нийт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 6,942 нь байнгын асаргаанд байдаг ажээ.  

Энд нэг зүйлийг тодотгоход хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоонд бие эрхтний бэрхшээлтэйгээс гадна хорт хавдар болон бусад хүнд төрлийн эмгэгүүдийг багтаан үздэг байна.

ГУРАВ. Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 20 орчим хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадаагүй

Үндсэн хуульд хүн бүр сурч боловсрох эрхтэй хэмээн заасан байдаг. Тэгвэл хүүхдүүд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд бүрэн хамрагдаж чадаж байна уу? Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас тодруулахад цэцэрлэгт хамрагдалтын хувь 2018-2019 оны хичээлийн жилд 81.9 байгааг хэллээ. Өөрөөр хэлбэл, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 20 орчим хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна.

График 3, Цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдийн тоо, 2018 он

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Харин ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангид суралцах насны хүүхдүүдийн 3.6 хувь, ахлах ангид суралцах насныхны 4.5 хувь нь сургуульд хамрагдаж чадахгүй байгаа талаар БСШУСЯ-наас мэдээлэв. Зарим хүүхэд оройн цагаар суралцаж, боловсрол эзэмшиж байна. Тухайлбал, 2014-2015 онд 995 сурагч оройн ангид суралцаж байсан бол энэ тоо буурсаар 2018-2019 оны хичээлийн жилд 327 сурагч оройгоор ерөнхий боловсрол эзэмшжээ. 

График 4, ЕБС-ийн сурагчдын тоо, 2018 он

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

ДӨРӨВ. 2019 оны эхний дөрвөн сард гэмт хэргийн улмаас 680 хүүхэд хохиров

 

2014-2018 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 16 хүүхэд амь насаа алдаж, 121 хүүхэд эрүүл мэндээрээ хохирчээ. Тэгвэл зөвхөн 2018 онд хүчиндэх гэмт хэргийн хохирогчдын 165 буюу 73% нь насанд хүрээгүй хүүхэд байгаа тухай Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах нэгэн илтгэлдээ дурдаж байв. 

Харин 2018 онд хүүхэд хохирсон гэмт хэрэг нийт 1,657 бүртгэгдсэн нь өмнөх оноос 2.1 хувиар буурсан үзүүлэлт. Гэвч 2019 он гарсаар эхний дөрвөн сард 672 гэмт хэргийн улмаас 680 хүүхэд хохирсон өмнөх оноосоо өссөн үзүүлэлт байв.

Түүнчлэн нийгэмд гарч буй нийт зөрчил, гэмт хэргийн 80 орчим хувь гэр бүлийн орчинд үйлдэгдэж, нийт хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэж байгаа этгээдийн 55 хувийг эцэг эх, асран хамгаалагч өөрсдөө хийж буй харамсалтай баримт байна

Хүүхэд хохирч буй бас нэг хэрэг нь зам тээврийн осол. 2018 онд хүүхэд өртсөн зам тээврийн 940 осол бүртгэгдэж байсан бол 2019 оны эхний дөрвөн сард 219 бүртгэгдсэн нь өмнөх оноос мөн л өссөн үзүүлэлт болж байна.  

ТАВ. 5-17 насны хүүхдүүдийн 17.3 хувь нь хөдөлмөр эрхэлж байна

Гэрэл зургийг mpa.mn

Хүүхдийг ивээх сангаас гаргасан "Хүүхэд насны төгсгөл 2019" тайланд дурдсанаар Монгол Улсад 5-17 насны хүүхдүүдийн 17.3 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Тэдний ихэнх нь хөдөө аж ахуй, барилга, уул уурхайн салбарт ажиллаж байгаа юм.

Хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй хүүхдүүдийн дийлэнх нь унаач хүүхэд бөгөөд 2017 оны байдлаар 10,435 уралдаанч хүүхэд бүртгэгдсэн байдаг.

Гэвч зөвхөн 2017 онд л гэхэд хурдан морины уралдааны явцад 629 хүүхэд мориноос унаж, 169 хүүхэд гэмтэл авсан ба гурван хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж, хоёр хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч байв.