Зураг
Зураг
Индэр    
2019 оны 5 сарын 28
Зураг
iKon.mn сэтгүүлч

"Эрчүүд зовж шаналснаа илэрхийлэхгүй явсаар сэтгэл гутралын хүнд шатанд орж, улмаар сэтгэцэд нь нөлөөлдөг"

Зураг
Дэлхийд амжилтад хүрсэн хүмүүсийн шалтгаан нь EQ өндөр байгаатай холбоотой гэдгийг Харвардын судалгааны багийнхан хэлж байна.

Чухам яагаад EQ чухал байр суурь эзлэх болсон, мөн сэтгэл гутрал үүсгээд буй шалтгаан юу болох талаар болон хүүхдийнхээ EQ хөгжилд анхаарах хүчин зүйлсийн талаар “Focus on the Family Mongolia” байгууллагын тэргүүн, клиник сэтгэл зүйч Т.Хонгорзултай ярилцлаа.


- Сайн байна уу. Юуны өмнө ЕQ гэж чухам ямар чадвар болох талаар уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?

- EQ гэдэг нь өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох , зохицуулах, харилцааны ур чадвар, дотоод мотиваци буюу сэдэл санаачилга юм.

Тухайлбал, монголчуудын хувьд аливаа зүйлд догшин ширүүн байдлаар харилцаж, нударга зөрүүлж, хурдан тайвширч чаддаггүй, олон нийтийн сүлжээнд бусдыг доромжилж, буруутгадаг, дотроо сэтгэл хөдлөлөө нууж дардаг, уйлахыг сул дорой гэж үздэг, аливаа зүйлийг санаачилгатайгаар өөрийн хүслийн дагуу хийдэггүй зэрэг нь EQ-гийн хөгжил тааруу байгаатай холбоотой.

- Өнөөгийн нийгэмд IQ-гээс илүү EQ өндөр байх нь ажлын байран дээр ч тэр, амьдрал дээр ч тэр илүү давуу талтай гэх яриа гарсан.  Яагаад EQ-ийн хэрэгцээ шаардлага нийгэмд бий болж байна вэ?

- Өөрт төрж буй таагүй сэтгэл хөдлөл мэдрэмжээ илэрхийлж, тайвшрахгүй явах нь тухайн хүний бүхий л хэсэгт сөргөөр нөлөөлдөг. Хүн сэтгэл санаагаар уначихсан үедээ аливаа зүйлийг хийх хүсэл тэмүүлэл, урам зориг нь алга болж, анхаарал нь төвлөрч өгдөггүй. Ингэснээр тухайн хүний хийж буй зүйлийн гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлдэг. Бүр цаашлаад өөртөө итгэлгүй болж, харилцаанаас хөндийрөн олон нийтээс өөрийгөө тусгаарладаг. 

Оюуны потенциал буюу IQ өндөртэй байна гэдэг нь EQ өндөртэй байна гэсэн үг биш юм. Хэдий эрдэм мэдлэгтэй ч өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ойлгож, барьж чадахгүй уурлаж бусдад гар хүрдэг байвал хэцүү. Хүүхэд ч мөн адил IQ өндөртэй байна гээд тухайн хүүхэд сэтгэл хөдлөлөө зөвөөр илэрхийлнэ гэсэн үг биш.

Мөн хүнийг хамгийн их шаналгадаг стрессдүүлдэг зүйл бол харилцаа байдаг. Тухайн хүн өөрт төрж буй баяртай болон гунигтай сэтгэл хөдлөлийг ойлгоод тайвшрах нь гүйцэтгэлд нь чухал нөлөөтэй. Орчин нөхцөлөөс илүүтэй бусдын зан харилцаа нь хүнд таатай эсвэл таагүй мэдрэмжүүдийг төрүүлдэг.

- Олон улсад энэ байдал хэрхэн ажиглагдаж байна вэ?

 - Өдийг хүртэл IQ-г дэлхий дахинаа чухалчилж ирсэн. Чи зөвхөн хичээлээ л сайн сурч байвал боллоо гэдэг байсан. Өөрөөр хэлбэл тухайн хүний зан харилцаа буюу төлөвшил чухал гэдгийг хойш тавьдаг байсан цаг. Харвардын их сургууль дэлхийд амжилттай яваа хүмүүсийн шалтгааныг харахад EQ-гийн чадвар өндөр буюу бусадтай харилцах, нийтэч байх, бусдыг ойлгох, сонсох, хүлээж авах чадварууд нь тухайн хүнийг ажилдаа удаан тогтох, үр бүтээлтэй ажиллах үндэс болдгийг нь харуулсан судалгааг бэлтгэж байгаа. Ийнхүү дэлхий дахинд EQ чухал гэдгийг судалж байгаа ч гэсэн нөгөө талд техник технологийн эрин үед амьд харилцаа маш их алдагдаж нэг нэгэндээ цаг зарцуулах нь багасч байгаа нь харамсалтай.
 

Харилцаа, сэтгэл санааны байдал нь тухайн хүнийг амжилттай байх гүйцэтгэлд нь нөлөөлөх гол үндэс болдог.

- Ийм төрлийн чадваруудыг хүн өөртөө бий болгохын тулд ямар зүйл дээр илүү анхаарах хэрэгтэй вэ?

- Хүмүүс ихэвчлэн уур уцаараа хэрхэн зохицуулж сурах вэ гээд арга техник тал руу нь ярьдаг. Энэ нь зүгээр арга техник эзэмшээд засах зүйл биш. Тэгэхээр надад таагүй мэдрэмж төрөх үед надад яаж нөлөөлж байгааг таньж мэдэх нь маш чухал. Уур уцаар нь хүнд төрж байгаа хамгийн гол мэдрэмж биш. Түүний цаана гуниг гутрал гэх мэдрэмж гэж байгаа.

Мөн хүмүүс шинэ он гарахад ихийг хийж бүтээх, амжилттай ажиллах зорилгыг тавьдаг хэрнээ сэтгэл санааны хувьд энэ жил өөдрөг байх, бусадтай харилцах харилцаагаа сайжруулна гэх мэт зорилгыг хэзээ ч тавьдаггүй. Угтаа бол харилцаа, сэтгэл санааны байдал нь тухайн хүнийг амжилттай байх гүйцэтгэлд нь нөлөөлөх гол үндэс болдог.

- Манай улсын хувьд EQ сайтай хүмүүсийг нас насны ангиллаар нь авч үзвэл ямар ялгаатай байгаа бол?

-Нийгмийн шилжилтээс өмнөх үед хүмүүсийн зан харилцаа илүү байсан нь ажиглагддаг. Нийгмийн харилцаа буюу хамтач сэтгэлгээ нь илүү бөгөөд нэг байрныхан хүртэл биенээ сайн мэддэг байсан. Гэтэл одоо нэг байранд ямар хүмүүс байгааг мэдэхгүй, мэдэхийг ч хүсдэггүй. Энэ нь нийгмийн өөрчлөлт, техник технологи мэдээллийн нээлттэй байдлаас шалтгаалан би болж байвал болно гэх хандлагыг үүсгэж байна.

- Тэгвэл эцэг, эхчүүдийн хувьд хүүхдэдээ EQ чадвар суулгахын тулд хэрхэн харилцаж, ойлголцож, сургах ёстой байдаг вэ?  

- EQ-гийн хөгжилд хамгийн гол зүйл нь эцэг, эхийн харилцаа, гэр бүлийн орчин. Харилцаа байхгүй бол хүн өөрт төрж буй сэтгэгдлээ илэрхийлэх ямар ч боломжгүй шүү дээ. Жишээ нь хүүхдүүд гэртээ таагүй сэтгэгдлээ илэрхийлэхээр эцэг, эхчүүд нь тэр болгон хүлээж авч чаддаггүй. “Чи яасан гэж уйлдаг юм, миний урдаас яасан гэж юм хэлээд байгаа юм, хурдан дуугүй бол” гэх мэтээр эсрэг хүн нь таагүй сэтгэл хөдлөлөө илэрхийлэх боломж олгодоггүй.

Тэгээд хүүхэд тайвширч чаддаггүй. Ингэснээр хүүхэд дотроо бухимдалтай, ээж, аавдаа гомдолтой явсаар сүүлдээ өөрийнхөө дотор болж байгаа зүйлээ нээж чадахгүй, бусадтай ярилцаж ойлголцож чадахгүй сэтгэл гутралд ордог. Тиймд эцэг эхчүүд эхлээд өөрсдийнхөө сэтгэл хөдлөлийг таньж мэдээд илэрхийлж чаддаг болсны дараа хүүхдийнхээ сөрөг сэтгэл хөдлөлийг хүлээн авч, зөвлөж чаддаг чадвартай болох хэрэгтэй. 

Хүүхэд айж эмээлгүйгээр сэтгэл хөдлөлөө илэрхийлэх орчин дутагдаж байна. Ямар ч үед хүүхэд эцэг, эхтэйгээ айж эмээлгүйгээр сэтгэл хөдлөл болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгох ёстой. Жишээ нь хүүхэд уйлахад юунаас болсон шалтгааныг нь асууж, сэтгэл санаа нь ямар байгааг нь, бухимдалд хүргэсэн шалтгааныг нь заавал сонсож сурах хэрэгтэй.

Мөн хүмүүс эерэг байя, эерэг зүйлийг бодъё гээд сөрөг сэтгэл хөдлөл мэдрэмжээ хүлээж авахгүй үгүйсгэх хандлага их ажиглагддаг. Үнэн хэрэгтээ хүн гуниглах, таагүй сэтгэл хөдлөлөө хүлээж аваад илэрхийлэх үед тааламжтай сэтгэл хөдлөл мэдрэмж бий болдог юм. Хүлээж авахгүй гээд байгаа сөрөг мэдрэмж нь эсрэгээрээ тэр хүний бүх зүйлд сөргөөр нөлөөлдгийг манайхан мэддэггүй. Эхлээд сөрөг мэдрэмжээ илэрхийлж байж дараа нь эерэг сэтгэгдлийг олж авдаг буюу хүн таагүй зүйлээ гаргаж ярих нь сайн хэрэг. 

Эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгч бүгд л хүүхдийг сайн хүн болоосой гэж хүсдэг. Хичээлээ сайн хийгээд, шагнал урамшуулал авбал сайн хүн юм шиг ойлгож, шахаж шаарддаг. Гэвч тухайн хүүхэд эцэг, эх багш сурган хүмүүжүүлэгч нараас өөрийг нь таньж мэдэж ойлгоосой, ялангуяа дотоод хүн буюу ямар сэтгэл хөдлөл мэдрэмж төрөөд байгааг мэдээсэй гэж хүсдэг. Хүүхдээ нөхцөл тавилгүйгээр байгаагаар нь ойлгож хүлээж авдаг гэсэн мессеж нь хүүхэд өөрийнхөө талаар буюу бусдын талаар эерэг мэдрэмж бодол санаатай байхад нөлөөлдөг. Тиймээс хүүхдийг амжилтад хүргэх гол хөшүүрэг бол дүн, шагнал урамшуулал биш харин өөрийг нь хайрлаж санаа тавьдаг харилцаа юм. Мөн хүүхдээ ямар ч үед их тэвэрдэг байгаарай. Ингэснээр окстосин буюу итгэлцэл ба сэтгэлийн холбоос болох гормоныг биед ялгаруулдаг.

- Манайхан таагүй мэдрэмж төрсөн нэгнээ аяндаа зүгээр болчихно гээд тайвшруулдаг. Ер нь сэтгэл гутрал өөрөө зүгээр болдог уу?

- Сэтгэл гутрал хэзээ ч аяндаа зүгээр болдоггүй. Сэтгэл гутрал нь манай улсын хувьд өсвөр насны хүүхэд, эрэгтэйчүүд дээр их тохиолддог.

Эдгээр хүнтэй уулзаж шалтгааныг нь тодруулахад намайг хэн ч хайрладаггүй, хэн ч сонсдоггүй гэсэн мэдрэмжүүдийг авсан байдаг. Энэ нь тэр хүн өөрийгөө үнэлэх үнэлэмжид сөргөөр нөлөөлж, над шиг хүн амьд явах хэрэг алга гээд сүүлдээ амиа хорлох бодолд хүргэдэг аюултай.

Сэтгэл гутралд орсон хүмүүсийн гол мэдэрдэг мэдрэмж нь маш их гунигтай мэдрэмж. Дээрээс нь амьдралд нь ямар ч гарц, итгэл найдвар харагддаггүй. Хэрвээ ийм төрлийн мэдрэмж өөрт чинь бий болоод хоёр долоо хоног буюу түүнээс дээш хугацаанд үргэлжилж байгаа бол заавал мэргэжлийн сэтгэл зүйч, сэтгэцийн эмчид хандах шаардлагатай.

-Эрэгтэйчүүдийн хувьд сэтгэл гутрал их байдаг гэж та хэллээ. Энэ байдал хүндэрвэл хэр аюултай вэ?

- Эр хүн зүрхэндээ л уйлдаг гэж манай эрчүүд хэлдэг. Эрэгтэйчүүд дотроо л зовж шаналаад гаднаа ил гаргаж бусдад илэрхийлэхгүй явсаар сэтгэл гутралын хүнд шатанд орж, улмаар сэтгэцэд нь нөлөөлдөг. Сэтгэл гутрал нэг өдрийн дотор бий болдог зүйл биш. Мөн бага насны эрэгтэй хүүхэддээ сөрөг мэдрэмж, стрессээ гаргаж, ярилцаж байх, боломжийг гаргаж өгөх хэрэгтэй.