Индэр    
2019 оны 5 сарын 2
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Монгол инженерүүдийн бүтээж буй газар доорх "ЭРДЭНЭ"

Зураг
Гэрэл зургийг MPA.mn
Блю Скай зочид буудлын шилэн барилгыг 12 давхарласантай тэнцэх хэмжээний өндөр гэж тайлбарлавал хүмүүсийн төсөөлөлд илүү ойр буух болов уу. Газрын гадаргаас доош 1,380 метр буюу 1.4 км, далайн түвшнээс доош 138 метрийн гүнд амьдрал буцалж байна гээд төсөөл дөө. Маш өндөр зохион байгуулалт, нарийн төлөвлөгөөний дагуу 1,350 орчим монгол уурхайчид, инженер, техникийн ажилтнууд хоёр ээлжээр тасралтгүй ажиллаж, газар доор “хот” босгож байна.
 
Таван ханатай гэрийнхээс 1.5 метрээр урт буюу 7.6 метрийн голчтой уурхайн босоо амаар 30 хүн багтах хэмжээний зайтай, төмөр хаалга бүхий том цэнхэр өргүүрээр газрын гүн рүү 4 минутын турш явсны эцэст зорьсон газартаа хүрэв. “Оюу толгой” төслийн аварга бүтээн байгуулалт болох гүний уурхайтай танилцахаар ийнхүү цахилгаан шатаар доош 4 минут явсны дараа 12 хүний суудалтай бага оврын машинаар аяллаа үргэлжлүүлсэн юм.

Уурхайн ердийн хонгилын өндөр нь 5.5, өргөн нь 5 метр бөгөөд хонгил хэд хэдэн тийш салаалах аж. Хонгилын ханыг малтах нэг цикл 48 цаг бөгөөд энэ хугацаанд таван метр урт хэсгийг малтаж, ханыг нь бэхэлж, бүрэн тоноглодог гэсэн үг. Харин манай уурхайчид өнөөдрийн байдлаар газар дор нийт 34,000 метр урт хонгил байгуулчихаад байгаа нь энэ юм. Олон хонгил байгаагийн нийт урт гэдгийг дахин тодотгоё. Газрын гүн ийнхүү бүтээн байгуулалт явуулж байхад усны судал нэг ч удаа таараагүй гэдгийг инженерүүд онцолж байв. Энэ бол тэдний нарийн судалгаа, тооцооны үр дүн.

Ханыг доторлохдоо шөрмөсөн утас бүхий цементэн зуурмаг цацаж, метр тутамд 2.4-3 хадаас, зарим ханын булан тохой зэрэг нөхцөлөөс шалтгаалан 6-18 метр урт утсан хадаасаар бэхэлж, төмөр тор байрлуулж, боолтоор боох замаар хүчитгэн тоноглодог ажээ. “Өрөмдсөн нүхэндээ тусгай цавуу хийж, хадаасаа 32 секунд эргүүлж чангалдаг. Тоноглосон хадаас бүрийг 15 тоннын даацаар татаж шалгадаг. Энэ хэмжээний даац даахгүй бол дахин хүчитгэдэг” хэмээн Уул уурхайн ахлах инженер Б.Гантөмөр ярьсан юм. Энэ мэтчилэн бүх нарийн ажиллагааг тоочвол урт үргэлжилнэ.
 
 
Гэрэл зургийг MPA.mn

“Оюу толгой” бол Рио Тинто группийн дэлхий дээр хэрэгжүүлдэг бүх төслөөс аюулгүй ажиллагаагаараа 2017 онд тэргүүлсэн уурхай. Энэ жишгээр уурхайн гүнд ч аюулгүй ажиллагааны дүрмийг ягштал биелүүлж байна. Гэрэл дохион, хүн, машины хөдөлгөөн бүгд нарийн зохицуулалттай. Учир нь гүний уурхайд 180 орчим машин техник, нэг ээлжиндээ 670 гаруй хүн ажиллаж байгаа тул аюулгүй ажиллах нь хамгийн чухал.

Түүнчлэн гүний уурхайд агааржуулалт, ус, цахилгааны шугам хоолой гээд дэд бүтцийг бүхэлд нь мөн л нарийн төлөвлөж хийжээ. Гаднаас орж ирж буй цахилгааны хүчдэлийг тохируулан, гүний уурхайд ажиллах машин механизмыг ажиллуулах эрчим хүчээр хангах 20 дэд станц тэнд байгуулжээ. Эдгээр техник хэрэгслийг хариуцах засварын цех хүртэл тэнд байх аж. Ямар нэгэн осол гарахад хоргодох байр 670 хүнийг хангалттай агуулж, аюулгүй бөгөөд ус, хүнсний дутагдалд 72 цаг таслахгүй байхаар зохион байгуулсан байна.  Ийнхүү гүний уурхай ашиглаж буй техник хэрэгсэл, машин тоног төхөөрөмжийг бүгдийг нь задалж, өнөөх аварга лифтээр доош авчраад угсарчээ. Тиймээс “хот” хэмээн нэрлэхийг хүссэн бөгөөд энэ олон нүсэр ажлыг хийж, тэр аварга бүтээн байгуулалтыг босгож буй уурхайчид, инженер, монгол ажилчдаараа бахархахгүй байхын аргагүй ажээ.
  
 
Гэрэл зургийг MPA.mn

Машинаар ийнхүү 3-4 км явснаар гүний уурхайн анхдагч бутлуур байруулахаар зэхсэн, Азид хамгийн томд тооцогдож буй аварга малталттай танилцсан юм. Энэ хэсэгт монгол инженерүүд 46 метр өндөр, урт, өргөн нь 20х25 метрийн том малталт хийжээ. Тэр ч бүү хэл гүүний уурхайд 800 метр урт хонгилыг хоёр талаас нь малтахдаа нэг см-ийн ч зөрүүгүй амыг нь тааруулж чадсан талаар Уурхайн инженер Ш.Даваасүрэн сонирхуулсан юм. Монгол мэргэжилтнүүд дэлхийн аль ч улсад олон улсын стандартын дагуу, аюул осолгүй, дээд зэргээр малталт хийх чадвар эзэмшсэний нэг илрэл нь энэ. “Оюу толгой” төслийн монголчуудад өгч буй хамгийн үнэтэй хөрөнгө, үнэ цэнэ нь үүнд л орших ажээ. Гүний уурхайд 50 гаруй монгол эмэгтэй тоног төхөөрөмж ажиллуулж байна.

Азид хамгийн томд бичигдэж байгаа энэ малталт хийсэн газарт “Оюу толгой”-г хэдхэн жилийн дараа Дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдэх зэсийн уурхай болгох, цагт 4,000 тонн  хүдэр бутлах хүчин чадалтай тоног төхөөрөмжийг тун удахгүй суурилуулах аж. Ингэснээр “Оюу толгой”-н үйлдвэрлэл өнөөдрийнхөөсөө гурав дахин нэмэгдэж, дангаараа Монгол Улсын ДНБ-ий 30 хувийг бүрдүүлэх боломжтой болно, үйл ажиллагаа хэвийн үргэлжилбэл.
 
Уурхайчид маань цаашид сард 1,200-1,800 метр хонгил байгуулах бөгөөд нийт хонгилын урт 45,000-д хүрэхэд гүний уурхайн үйлдвэрлэл эхэлнэ гэж тооцож байгаа. Харин гүний уурхайн төсөл бүрэн хэрэгжихэд нийт хонгилуудын урт 200 гаруй км-т хүрэх аж.  
 
 

Учир нь гүний уурхайд Улаанбаатар хотын дайны том хүдрийн биет агуулагдаж буй. Энэ нь манай нийслэл шиг том зэс хэвтэж байгаа гэсэн үг огт биш. “Оюу толгой” компани одоогийн байдлаар ил уурхайгаас өдөрт 300,000 тонн хүдэр олборлож, түүнээсээ 100 мянган орчим тонныг нь баяжуулах үйлдвэрээр боловсруулж байна. Тэгвэл ил уурхайн хүдэр дэх зэсийн агуулга 0.5 процент буюу нэг тонн хүдрээс 5 кг. Харин баяжуулах үйлдвэрийн шилдэг технологийн тусламжтайгаар баяжмал дахь зэсийн агуулга дунжаар 220 кг болгон нэмэгдүүлж байгаа аж. Гүний уурхайг ашигласнаар энэ хэмжээ гурав дахин өсөх тооцоо бий.

Далд уурхайд ашиглахаар ийнхүү зэхэж буй блокчлон олборлох технологийг дэлхий дээр BHP Billiton, Rio Tinto хоёр л эзэмшиж байна. Энэ технологийн тусламжтайгаар Улаанбаатар хотын хэмжээтэй тэнцэхүйц хүдрийн биетээс тэслэн авч, зэс агуулсан хүдрийг жижиглэн буталж, баяжуулах үйлдвэр рүү туузан дамжуургаар хүргэнэ.
 
Энэ том уурхайг 670 гаруй хүний аюулгүй ажиллагаанд тохируулан агааржуулалтаас эхлээд бүх нөхцөлийг нарийн тооцож бүрдүүлсэн тул гадны 10 зочинд танилцуулахын тулд л гэхэд уурхайн 10 ажилтны ажлыг бүрэн зогсоож, дээш гаргаад оронд ч оруулдаг аж. Тиймээс олон хүнд үзүүлэхийн тулд уурхайн ажлыг хойшлуулна гэсэн үг. Одоо төлөвлөж байгаагаар 2021 оны сүүлчээр гүний уурхайн олборлолт эхэлнэ.

Удахгүй гүний уурхайн 2-р босоо ам ашиглалтад орохоор хүлээгдэж байна. “Энэ ам ашиглалтад орсноор гүний уурхайн ажилчдыг ажлын байранд нь хүргэх цаг тав дахин багасна. Долоо минутад 800 хүнийг дээш, доош зөөх нөхцөл бүрдэж, Оюутолгойн гүний уурхайн олон улсын нисэх онгоцны буудлуудаас ч ачаалалтай болно” хэмээн Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, “Оюу толгой” төслийн хүндэт дэд ерөнхийлөгч, геологич С.Санждорж танилцуулсан юм. Үүнийг дагаад ажлын бүтээмж ч нэмэгдэх нь.

Ийнхүү “Оюу толгой”-д амьдрал буцалж байна. Тус компанийн 3,000 ажилтан, гэрээт компанийн 14,000 гаруй хүн, 700 гаруй ханган нийлүүлэгч компанийн хувьд гүний уурхайн төсөлд оролцож буй нь нэр төрийн хэрэг ажээ. Тэд газрын гүн дэх баялгийг 1,380 метрийн гүнд нь бутлан олборлож, техникийн хамгийн нарийн ажиллагаагаар өндөр үр ашигтай байх тооцооллын дагаа, улстөрчид, популистуудын хийрхлийг үл ажран тасралтгүй хөдөлмөрлөсөөр байна.        

“Оюу толгой”-н ил уурхайг Д.Гарамжав агсны нэрэмжит болголоо

 
Гэрэл зургийг MPA.mn

“Хүмүүс аавыг минь амьд GPS гэдэг байв. Хуучны геологичдын хувьд одоогийнх шиг GPS, машин унаа гэж байхгүй, өдөрт дор хаяж 20-30 км газар алхана. Тэмдэглэгээгээ цаасан дээр хийнэ. Аав минь зөвхөн луужин л ашиглана, тэмдэглэсэн газраа түвэггүй олчихдог байсан” хэмээн геологич, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Гарамжав агсны хүү Г.Саранчулуун дурсан ярилаа.

 
Гэрэл зургийг MPA.mn

Д.Гарамжав агсан алдарт 150-р цооногийг “Өрөмдье” хэмээн 2000 онд хэлснээр Монгол Улсын хөгжилд эргэлт авчирч, дэлхийд Монголыг таниулах брэнд болсон Оюутолгойн ордыг нээсэн түүхтэй. Энэ бол түүний 1980-аад оноос судалж, шинжилж, Галбын говийн уудам талд өнгөрүүлсэн 30 жилийн хөдөлмөрийн үр дүн билээ. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Түүний энэ түүхэн гавьяаг хүндэтгэн “Оюу толгой” компани ил уурхайгаа Д.Гарамжав агсны нэрэмжит болгон, гэрэлт хөшөө босголоо.

https://www.facebook.com/otmongolia/videos/2324646647808668/

Дөрөвдүгээр сарын 30-нд болсон энэхүү хүндэтгэлийн ажиллагааны нээлтийн үеэр “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес “Гарамжав гуайтай би гурван жил хамт ажиллах боломж олдсон нь нэр төрийн хэрэг байсан юм. Оюутолгойд өнөөдөр мянга мянган хүн ажиллаж, дэлхийд хамгийн аюулгүй уурхайнуудын нэг болоод байна. Хэдхэн жилийн дараа энэ төсөл дэлхийн гуравдугаарт бичигдэх зэсийн том уурхай болох гэж байна. Энэ бүх боломжийг Д.Гарамжав агсан олгосон юм. Дэлхийд гайхагдах энэ том уурхайг нээсэн атлаа Д.Гарамжав гуай үнэхээр эгэл даруу, өмнөх ажлаа үргэлжлүүлж, судалгаа шинжилгээгээ хийж, сурсан мэдсэнээ хойч үедээ зааж сургасаар байв. Түүний энэ буухиаг бид үргэлжлүүлж, Монгол Улсын хөгжилд цаашид хувь нэмрээ оруулах болно” хэмээн хэлсэн юм.

 
 
Гэрэл зургийг MPA.mn

Алдарт 150-р цооногийг өрөмдөх үед хамтран зүтгэж байсан, өдгөө “Оюу толгой” төслийн хүндэт дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж буй Аж үйлдвэрийн гавьяат ажилтан С.Санждорж “Д.Гарамжав гуай насаараа зэсийн хайгуулд бүх амьдралаа зориулж явсны үр дүнд Оюутолгой хэмээх дэлхийн хэмжээний ордыг нээж илрүүлсэн. Оюутолгой ордын эрэл хайгуул үндсэндээ хоёр ч удаа зогсож болохоор байсан. Яг зогсдгийн ирмэг дээр, 2000 оны намар эрлээ хаахын өмнө үлдсэн мөнгөөрөө 150-р цооногийг өрөмдөж байсан. 1997 онд хайгуул хийж байхдаа энэ алтан гурвалжин дотор хоёр цооногийн хоорондын зайг томруулах гээд 150 дугаар цооногийг өрөмдүүлээгүй.

Хэрэв Гарамжав гуайн зөн билигт итгээд 1997 онд энэ цооногийг өрөмдүүлсэн BHP компани энэ ордыг эзэмших байсан. 2000 онд энэ цооногийг өрөмдөх гэж байхдаа бид хүдэр илэрвэл Д.Гарамжав гуайн орд болно гэж хэлж байсан юм. Энэ бүх түүхийн гэрч болоод хамт явж байсны хувьд өнөөдөр Д.Гарамжав гуайн гэр бүлийнхэн, тэр үед хамт ажиллаж байсан геологич нөхөдтэйгөө уулзаад их догдолж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. 
 
4,000 жилийн тэртээ монголчууд зэсийн хүдрийн энэ ордыг мэддэг, гар аргаар олборлож, боловсруулж, зэсвэг, хэрэгслэл хийж байсан ул мөрийг хүртэл Д.Гарамжав гуай судалж, бичиж үлдээжээ.
 
 
Гэрэл зургийг MPA.mn

“Оюутолгой ордын бүх түвшний хайгуулыг хийж, нөөцийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталсны үр дүнд энэ орд дэлхийн хэмжээний томоохон уурхай болж, үйл ажиллагаа явуулж байна. Энэ ажилд оролцсон геологичид бид бахархаж явдаг бөгөөд энэ бүхний эхлэлийг тавьсан, санаачилсан хүн маань Д.Гарамжав гуай юм. Техник технологийн хүчин чадлын хүрээнд бид судалгаагаа хийсэн. Цаашид техникийн хүчин чадал сайжрахын хэрээр хайгуул хийх шаардлага гарна. Өнөөдрийн түвшинд бол бид 15 жил хайгуул хийсний үр дүнд энэ орд газрыг ашиглах ажлыг эхлүүлсэн” гэдгийг “Оюу толгой” компанийн Хамтын ажиллагаа хариуцсан ахлах менежер Т.Мөнхбат ярилаа.

 

“Оюу толгой”-г судалж эхэлсэн 1980-аад оноос хойш өнөөдрийг хүртэл шинжилсэн өрөмдлөгийн дээж буюу чөмгийн нийт урт 1.2 сая метрт хүрсэн бөгөөд “чулуун номын сан” хэмээн нэрлэдэг талаар Ил уурхайн Техникийн үйлчилгээний хэлтсийн менежер Т.Отгонбаяр ярьж байсан юм. Д.Гарамжав гуай ийм хэмжээний судалгааг хийх ажлыг эхлүүлэн, амьдралынхаа эцсийн он жил хүртэл Оюутолгойдоо сэтгэлээ зориулан ажиллажээ.

 
Тэрээр зөвхөн Оюутолгойгоор зогсохгүй Эрдэнэтийн зэсийн уурхайн хайгуулын ажилд мөн оролцож явсан, бүх насаа, ажил хөдөлмөрөө зэсийн хайгуулд зориулсан, Монгол Улсын хөгжилд түүхэн хувь нэмэр оруулсан геологич хүн билээ. Түүний нээн илрүүлсэн энэ орд дэлхийн ирээдүйн хөгжлийг тодорхойлж буй эрчим хүчний хэмнэлттэй, цахилгаан автомашины үйлдвэрлэл, технологийн хөгжлийн чухал түүхий эд болсон зэсийг нийлүүлэх том эх үүсвэр болоод буй.
 
Ирээдүйд үүсэн гарах жилийн 5 сая тонн зэсийн нийлүүлэлтийн хомсдлыг хангахын тулд Оюу Толгойн хэмжээний 8 шинэ уурхай ирэх 10 жилд шаардлагатайг Рио Тонто компани  тооцсон байдаг. Ийм хэмжээний зэсийн ордыг эрж хайж, илрүүлж, уурхайн хэмжээнд ашиглахад дор хаяж 15-20 жил шаарддаг. Харин өнөөдрийн байдлаар Оюутолгой ойрын ирээдүйн зэсийн эрэлтийн орон зайг нөхөх томоохон уурхай юм. Тийм ч учраас Галбын говийн 9*12 км талбайд хэрэгжиж буй энэ төслийг Монгол Улсын хөгжлийн эргэлтийн түүхэн цэг хэмээн тодотгосоор байгаа билээ.