Зураг
Зураг
Индэр    
2019 оны 4 сарын 17
Зураг
Эко амьдралын хэмнэлд суралцахуй

Хуванцар болон нийлэг уутны хэрэглээгээ өрхийн хэмжээнд бууруулсан ТАВАН ТУРШЛАГА

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр хуванцар хэрэглээний хор уршгийн талаар ярьж, олон нийтийг хуванцраас татгалзахыг уриалсаар байгаа. Энэ төрлийн мэдээ мэдээлэл ч сошиал ертөнц болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай цацагддаг болжээ. 

Манай улс ч мөн өнгөрсөн сараас эхлэн нимгэн гялгар уутыг хориглосон гэдгийг бид бүгд мэдэж байгаа. 

Ямар нэг зүйлийг уриалах, таниулан сурталчлахаас гадна яг бодит амьдрал дээр хэрхэн үр дүнтэй, тууштай хэрэгжүүлэх вэ гэдэг нь том асуулт болж үлддэг мэт санагддаг. 

Айл өрхүүдэд хамгийн түгээмэл хэрэглэгддэг хуванцрууд гэхэд,

  1. Нэг удаагийн хэрэглэлүүд буюу хуванцар аяга, нэг удаагийн халбага сэрээ, 
  2. Хүнсний скоч болон гялгар уут
  3. Гэр ахуйн цэвэрлэгээний бодис болон гоо сайхан арьс арчилгааны бүтээгдэхүүний сав, баглаа боодол
  4. Хүнсний баглаа боодол
  5. Ус, ундааны хуванцар сав зэрэг байдаг

Эдгээрийг өрхийн хэмжээнд бууруулах бүрэн боломжтой бөгөөд гэр бүлийнхээ хэрэгжүүлдэг арга туршлагаасаа цувралаар хүргэж байна. 

1. Нэг удаагийн хэрэглэлүүдээс татгалзах

 

Манай гэр бүлийн хувьд баяр ёслолд зориулан аль эсвэл аялал зугаалгаар явахдаа нэг удаагийн аяга, халбага, сэрээ хэрэглэхээ больсон. Гадуур гарахдаа тогтмол өөрсдийн усны сав, аяга, халбага, сэрээгээ цүнхлээд явдаг. Мөн аль болох гэрээсээ ойр зуур идэх зүйлсээ бэлдээд савлаад гардаг тул гаднаас бэлэн бүтээгдэхүүн худалдан авч сав баглаа боодлын хуванцар хаягдал бараг гаргадаггүй.  

2. Хүнсний скоч болон гялгар уутнаас татгалзах

 

Бид сүүлийн нэг жил хүнсний скоч хэрэглээгүй бөгөөд үүнийг зөгийн лавтай даавуугаар орлуулдаг. Зөгийн лав нь бактери үрждэггүй сайн талтай бөгөөд даавууг наалдамхай болгодог тул савны таглаа болгож ч хэрэглэж болдог давуу талтай. Бид ихэнхдээ үлдсэн оройн хоол, таллаж хуваасан хүнсний ногоо, жимс зэргээ хөргөгчдөө хийхдээ шууд эсвэл хүнсний скочоор ороож хийдэг. Ингэхийн оронд тавган дээр тавьж аягаар таглах, өөр бусад савны таглаа ашиглах, тагтай саванд хийх, даавуун боодол хэрэглэх гэх мэт олон аргын тусламжтай хүнсний скочноос татгалзах боломжтой байдаг. Гялгар уутны тухайд бид аль болох даавуун уут, дахин ашиглаж болох дэлгүүрийн уутнуудыг хэрэглэдэг. 

3. Цэвэрлэгээний болон гоо сайхны бүтээгдэхүүний сав, баглаа боодол

 

Эхний ээлжинд энэ төрлийн хуванцрыг халахад амаргүй байсан.

Одоо ч манайх бүрэн халж чадаагүй л байгаа. Гэхдээ би гэр ахуйн цэвэрлэгээний бодисоо ихэнхийг нь өөрөө хийдэг болсноор энэ төрлийн хог хаягдал эрс багассан юм. Хамгийн талархууштай нь бидний эрүүл мэндэд тэр дундаа ээж миний биед маш олон эерэг өөрчлөлт гарсан. Арьс минь цэвэрлэгээний бодисоос болж хуурайшиж, загатнахаа больсон, цэвэрлэгээ хийх үедээ найтаахаа больсон. Энэ бол биед минь илэрч буй ил шинж тэмдэг төдий.

4. Хүнсний баглаа боодол  

 
Гэртээ хийсэн алимны цуу

Энэ төрлийн хуванцрыг багасгахад мөн л амаргүй байдаг.

Ихэнх хүнс гоё ганган гялгар уут, хуванцар сав, хүнсний скочоор бүрэгдсэн байдаг тул аль болох сав баглаа боодлоос татгалзсан эрүүл хүнс сонгохоос гадна, даршилсан нөөшилсөн зүйлс авахаас илүүтэй гэртээ шинээр нь бэлтгэж хэрэглэдэг байх нь илүү үр дүнтэй байдаг. 

5. Ус ундааны хуванцар сав

 

Өөрсдийн усны савтай явж заншина гэдэг эрүүл ахуйн талаасаа ч, байгальдаа ээлтэй талаасаа ч, эдийн засагт ч хамгийн эрүүл, зөв сонголт билээ. 

 

 


  • Нэн шаардлагагүй бол кофег цаасан аяганаас уухаас татгалзья!
  • Нэг удаагийн аяганы ус нэвтрүүлдэггүй доторлогоо нь байгальд шингэдэггүй, дахин боловсруулагддаггүй гэж та мэдэх үү? 
  • Цаасан аяганы оронд шаазан аяга хэрэглээрэй

 

 

 

 

Холбоотой нийтлэл:

Нийлэг уутыг орлох боломжтой энгийн "ЭКО" санаанууд