Зураг
Зураг
Индэр    
2020 оны 3 сарын 12
Зураг
Эко амьдралын хэмнэлд суралцахуй

Хүүхдүүдийнхээ шүдийг хамгаалцгаая

Зураг

Бид гэртээ байх үедээ илүүтэй цагт баригдалгүй, замбараагүй идэх хандлагатай байдаг.

Энэ жишгээрээ ч хүүхдүүддээ хүссэн зүйлийг нь өгөх нь элбэг. Тэгвэл энэ байдал удаан хугацаагаар үргэлжлэх тусам хүүхдүүдийн маань шүдний эрүүл ахуйд сөргөөр нөлөөлж байдаг. Миний хувьд 4 хүүхэдтэй ээж. Хүүхдүүдийнхээ шүдийг сайн арчлах гэж хичээдэг төдийгүй энэ талын мэдээллээ өнөөдөр та нартай хуваалцаж байна.

Хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд төрсөн цагаас эхлэн яригдана. Өөрөөр хэлбэл ээж та хүүхдээ төрсөн цагаас эхлэн амны хөндийн эрүүл мэндэд нь зайлшгүй анхаарах үүрэгтэй гэсэн үг.

Нярай хүүхэд шөнө ч хөхөө хөхдөг тул өглөө болгон хэл болон завьж хэсгийг ширгээсэн усаар норгосон самбайгаар цэвэрлэж өгвөл сайн.

Анхны цахиур ургаж шүдэлж эхэлсэн цагаас сүүн шүдийг цэвэрлэх ёстой. Юун түрүүнд насанд тохирсон сойз сонгохоо бүү мартаарай. Үгүй бол мөн л ширгээсэн устай самбай даавуу ашиглан цэвэрлэж болно.

Хүүхэд бор хоолонд орсон цагаас хэд хэдэн шүдтэй болж хоол зажлах чадвар бүрэлдэх бөгөөд энэ үеэс эхлэн хүүхэддээ аль болох буталсан хоол өгөлгүй зажлах рефлексийг хөгжүүлж, дэмжих хоол хүнс өгч сайн зажилж сурахад нь анхаарах хэрэгтэй. Сайн зажилж сурах нь эрт хэлд орох, хэл ярианы хөгжил сайтай байхад ч нөлөөлдөг гэдгийг мартаж болохгүй.

Миний хувьд хүүхдүүдийнхээ шүдний эрүүл мэндэд анхаарахдаа дараах зүйлсийг аль болох баримтлахыг хичээдэг.

 

- хоолыг маш сайн зажлуулж идүүлнэ. Сайн зажлах тусам шүлс сайн ялгарна

- ааруул, булчин мах зэргэг хатуу хүнсийг идүүлэх нь шүдний бат бөх чанарыг дэмжинэ.

- хүүхэддээ зөвхөн нэг талаараа зажилж идэхгүй байхыг сануулж 2 талаар нь зажилж идүүлж сургах

- аль болох тогтмол цагаар хооллох

- хооллолт хооронд өөр идэх зүйл өгөхгүй бөгөөд энэ үед шүд амрах ёстой бөгөөд аманд ялгарах шүлс амны хөндийг цэвэрлэх процесс явагдах нь маш чухал.

- аяга долоолгох, хэлний дасгал хийлгэж заншин шүлсний ялгаралтыг нэмэгдүүлж амны хөндий өөрөө өөрийгөө ариутгах үйл явцыг дэмжиж өгөх.

- долоо хоногт нэг л өдөр чихэр, амттан иднэ. Хатуу чихрийг огт зажлуулахгүй. Чихэр идэж дуусангуут шүдийг угаахгүй бөгөөд  ус уулгах, усаар амыг нь зайлуулж хэсэг байсны дараа шүдийг угаана. Аажмаар амттан идэх давтамжийг холдуулж 14, 21 хоногт эсвэл сард нэг л өдөр чихэр иддэг болгох.

- өглөө эсвэл оройн угаалтын аль нэгийг эцэг эх өөрсдөө маш сайн угааж өгөх. Болж өгвөл оройн угаалт байвал сайн бөгөөд 10 - 12 нас хүртэл тогтмол хийхээ бүү мартаарай.

- унтахын өмнө алим, жүрж гэх мэт исгэлэн төрлийн жимс хүнс өгөхгүй, печень гурилан идэх юм өгөхгүй, хүчиллэг жимс идсэний дараа шүдийг шууд угааж болохгүй ингэх нь пааланг гэмтээж, шүдийг хэврэгшүүлднэ.

- орой шүд угаахаас дор хаяж 30 минутын өмнө юм иднэ

- шүд угааснаас хойш дор хаяж 15 минутын дараа юм иднэ.

- амаа усаар зайлж асгахыг багаас нь сайн зааж өгнө. Ялангуяа сургуулийн насны хүүхдүүдээ сургууль дээрээ хоол идсэний дараа ууж буй усаараа амаа зайлж шүдэнд наалдсан хоолны үлдэгдлийг салгаж байхыг зааж өгнө.

- сойзоо зөв сонгох хэрэгтэй бөгөөд аль болох зөөлөн, өндөрдүү үстэй, жижиг хэмжээтэй буюу үүдэн 2 шүдийг бүрхэхүйц хэмжээтэй сойз сонговол зүгээр, энэ нь шүд бүрийг тойрог хэлбэрээр угаахад илүү эвтэйхэн байдаг

- сойзоо хагас налуу барьж 1 шүдийг 3 талаас тойрог хэлбэрээр угаана. Угаалт бүрээ эхлэхдээ зөвхөн нэг талаас бус өөр өөр талаас угааж заншина

- хүүхдийн шүдний завсар хоолны үлдэгдэл орж гацсан тохиолдолд насанд нь тохирсон шүдний утсаар буйлыг гэмтээлгүй зөөлөн цэвэрлэж өгнө. Шүдний утаснууд 2 наснаас эхлэн хэрэглэхийг зөвлөсөн байдаг. Ихэнх хүүхдийн шүд завсраасаа эхэлж хорхойтдог.

- чанга үрэхдээ биш зөв хөдөлгөөнөөр олон дахин буюу гүйцэд үрж угаах нь чухал.

- хүүхдээ хагас гэдийлгээд өөрийнхөө гэдсийг налуулаад дээрээс нь тонгойж угаавал хэн хэндээ эвтэйхэн.

Шүдийг зөвхөн угаагаад хамгаалж чадахгүй бөгөөд зөв хооллох, зөв сайн зажлуулах, зөв амьдралын хэв маяг зэргийг хослуулан арчилж хамгаалах нь илүү үр дүнтэй. 

Мөн сойзны ариун цэвэр ч чухал тул гэрийн нөхцөлд сойзоо хэрхэн ариутгадаг аргыг хүргэж байна.

СОЙЗОО АРИУТГАЦГААЯ
 

Хэрэв танай угаалгын өрөө 00-н өрөө хамт байрладаг бол шүдний сойзнуудаа ил тавьж хэрхэвч болохгүй. Хамгаалах тагтай ил байсан ч 00-н суултуурын тагаа тогтмол хаалттай байлгана.

Ингээд сойзоо 7 хоногт 1 удаа ариутгана. Ариутгах 3 арга бий.

  1. Цагаан цуу буюу уксусанд  дүрж хонуулах. Дараа нь урсгал усаар сайтар угаана.
  2. Цагаан цуу буюу уксус, хүнсний сода хоёрыг буцалсан бүлээн усанд ижил хэмжээгээр найруулж сойзыг дүрж 30 минут байлгах
  3. Цэвэр архинд 5-10 минут байлгах.

Хүүхдийн шүд эрүүл байх нь хүний эрүүл мэндэд ямар чухал болохыг энд бичих нь илүүц биз ээ.