Зураг
Зураг
Индэр    
2019 оны 11 сарын 23
Зураг
Эко амьдралын хэмнэлд суралцахуй

Аяга, таваг угаагч шингэнийг гэртээ хамгийн эрүүл аргаар хийх жор

Зураг

Айл бүрийн өдөр тутамдаа тогтмол хэрэглэдэг ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүн бол яах аргагүй аяга таваг угаагч шингэн билээ. Өнөөдөр худалдаанд маш олон төрлийн аяга таваг угаагч шингэн сайхан үнэртэй, хөөсрөлт сайтай, ямар ч төрлийн гүн бохирдол, дагтаршсан тосыг сайн цэвэрлэдэг, ганцхан дуслаар олон аяга таваг угаана, гоё ганган сав баглаа боодолтой гэх мэт маш өргөн сонголттой, сонирхолтой рекламтайгаар худалдаалагддаг. 

Гэвч эдгээр гоё ганган бүрхүүлийн цаана яг юу нуугдаж байдаг вэ? Бидний эрүүл мэнд болон байгаль орчинд хэрхэн сөргөөр нөлөөлдөг вэ?

Таны худалдаж авсан аяга угаагч бодисонд юу юу агуулагддаг юм бол хамтдаа харцгаая.

Ихэнх химийн найрлагатай аяга таваг угаагч шингэнд Phosphates (Фосфатууд), Triclosan (Триклосан), Ammonia (Амиак), SLS Sodium lauryl sulfate (Натрийн Лаурил Сульфат), Fragrance (Анхилуун үнэр), DEA MEA TEA, Chlorine (Хлор) гэх мэт бодисууд агуулагдсан байдаг бөгөөд эдгээр нь хөөсрөлт, үнэр, бактерийн эсрэг үйлчилгээ, тос сайн задлах үйлчилгээ зэргийг үзүүлэх үүрэгтэй ч харамсалтай нь тогтмол хэрэглэснээр бидний арьсаар болон амьсгалын замаар дамжин биед хуримтлагдаж харшил үүсгэх, гормоны тэнцвэрийг алдагдуулах, амьсгалын замын архаг үрэвсэл үүсгэх, хорт хавдар үүсгэх төдийгүй хөрсний болон далайн бохирдол үүсгэх, далайн амьтдыг хордуулах зэрэг маш олон сөрөг нөлөөтэй. 

Хамгийн харамсалтай ийм аяга таваг угаагч шингэнээр аягаа угаагаад ганц хоёрхон усаар зайлаад энэ бодисууд аяга тавагнаас салдаггүй таны хоолтой хамт ходоод руу чинь орж биед хуримтлагддаг. Ингэж хуримтлагдаж явсаар олон жилийн дараа биеийг өвчлүүлж хордуулж эхэлдэг байх нь. 

Тиймээс аль болох эдгээр бодисууд ороогүй эко шингэн сонгож байхыг зөвлөж байна. 

Хамгийн эрүүл аяга таваг угаагч бол гэртээ хийх аяга угаагч шингэн. Миний хувьд гэртээ хийж байсан хамгийн анхны эко ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүн бол аяга таваг угаагч шингэн байсан. 

Сүүлийн 3 жилд маш олон янзаар аяга угаагчаа хийж байгаа бөгөөд тэдгээрээс хамгийн түгээмэл орцтой хийхэд хялбар аргуудаа та бүхэндээ хүргэж байна. Туршаад үзээрэй. 

Аяга таваг угаагч шингэн 1

 

Орц

  • 2.5 аяга тал буцалсан халуун ус
  • 2 амны том халбага хүнсний сода 
  • 2 амны том халбага винегар (цагаан цуу, алимны цуу аль нь ч болно) 
  • кастил шингэн саван 8 амны том халбага

Хийх арга

Томхон амсартай саванд сода + кастил саван + винегараа хийж сайн хольно. Дээрээс нь халуун усаа хийж сайтар уустал хутгана. Үүнийгээ 2 цаг орчим тавьж сайн уусгаж нэгдмэл болгоно. Хүсвэл 10 дусал дурын эфирийн тос хийж болно. Ингээд бэлэн боллоо. 

Аяга таваг угаагч шингэн 2

 

Орц

  • 1 аяга буцалгасан халуун бүлээн ус
  • 5 халбага хүнсний сода
  • 3 халбага давс
  • + нимбэг хийж хонуулсан ус нэмж болно
  • + нимбэгний шүүс хийж болно
  • + дурын эфирийн тос хийж болно
  • + багахан алимны цуу эсвэл цагаан цуу нэмж болно

Шингэнээ хэрэглэхээс өмнө сайн сэгсэрч хольно. 1 литр орчим халуун усанд 5 халбага аяга угаагч шингэнээсээ хийж угаагаад цэвэр усаар зайлна. . 

Давуу тал нь саванд ус тосоод бага хэмжээтэй хийж хэрэглэхэд тохиромжтой буюу ус хэмнэнэ. 

Аяга таваг угаагч шингэн 3

 

Орц

  • 1 амны том халбага давс
  • 2 амны том халбага хүнсний сода
  • 2 амны том халбага алимны эсвэл цагаан цуу
  • 400 мл буцалсан халуун ус
  • 1 ширхэг жүржийн хальс

Тагтай шилэндээ бүх орцоо хийж хонуулна. Шингэнээ дуусмагц дахин халуун ус хийж хуурай орцуудаа нэмээд үргэлжлүүлэн хэрэглэж болно. Хамгийн дээд тал нь 3 хоног хадгална. 

Аяга таваг угаагч 4

 

Энэ бол хамгийн хялбар арга. Жүрж болон нимбэг идсэн хальсаа хаялгүй багахан сода давс 2 угаах савруугаа хийгээд хальсаараа үрж угаах арга. Тосыг маш сайн задлахаас гадна савны өнгийг сэргээж өгнө. 

Аяга таваг угаагч 5

 

Аяга угаагч автомат машины хатуу угаалгын нунтаг

Орц

  • 1 аяга хүнсний сода
  • 1 аяга ахуйн буюу угаалгын сода
  • Тал аяга давс 
  • Багахан алимны цуу эсвэл цагаан цуу эсвэл лемоны шүүс 1/2 аяга орчим
  • + дурын эфирийн тос байж болно, нимбэг, жүрж 25 дусал орчим гэх мэт. 

Хуурай орцон дээрээ цуунаасаа маш багаар хийж зуурмагтаа жигд сайн тараана. Зуурмаг маань чийглэг элс шиг болвол сайн. Ингээд хэвэндээ хүчтэй дарж чигжилгүй хэвлэж тасалгааны хэмд 24 орчим цаг хатаана. 

Эдгээр бүх аяга угаагч нь хөөсрөхгүй хэдий ч тосыг маш сайн задлахаас гадна аяга тавгийг ариутгана, өнгийг сэргээнэ, арьсанд ямар нэг харшил үүсгэхгүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, нэг удаагийн зайлалтаар угаагч бодис бүрэн арилна, байгаль орчин далайн амьтдад хор нөлөөгүй билээ.