Үнэтэй хавтас өвөртөлж, царайны бяд, насны залуугаараа л ажилд ордог болсон цаг.
Ажил олох амаргүй ээ. Тиймээс ядуурал газар авч, гурван хүн тутмын нэг нь ядууралд өртсөн. Ядуурал гэж яг юу яриад байна гэхээр зайлшгүй шаардлагатай хүнсний болон хүнсний бус зүйлсийг худалдан авах чадваргүй байна гэсэн үг.
Тогтсон орлогогүй өрхөд Япон, Солонгосоос орж ирсэн ачааны жижиг цагаан тэрэгнүүд амьжиргааг нь залгуулах гол хэрэгсэл болдог учир “Амьжиргаа цагаан” гэж нэрлэжээ. Амьжиргаа цагаанаар айл нүүлгэх, барилгын материал зөөх, шороо хайрганд явах гэх мэт ойр зуурын ажлыг төвөггүйхэн зохицуулдаг төдийгүй эзнээ ч мөнгөөр таслахгүй.
Улс орныг хувийн болон улсын секторууд үүрч явдаг. Тэд өөр өөрийн гэсэн л АМЬЖИРГАА ЦАГААН-тай. Мэдээж хувийн секторынх бол түүнийгээ аль болох арчиж тордоод, сэлбэж сэргээгээд аятайхан аваад явчихна. Харин улсын АМЬЖИРГАА ЦАГААН маань л нэг ёозгүй харагдаад байгаа юм. Хэнийх ч биш болохоор тэгдэг юм уу? тэвшнээсээ, дугуйнаасаа, моторноосоо гэх мэт олон газраасаа тонуулсаар 20 гаруй жил явчихаж. Осолдохгүй л хөдөлж байна.
Манай улсын "амьжиргаа цагаан" арайхийн хөдөлж буйг доорх зургаас харж болно. Өмнө нь худал, үнэн ч болов санаа зовоод нууцаар тонодог байв. Одоо ч бүр ил цагаандаа гарч дээ. Хэлж, хэрэлдэж байгаад л тонодог болж. Тэвш нь томорч олдог нь ихсэхийн хэрээр хумслах нь ч нэмэгдэж буйг төсвийн алдагдал өндөр байснаас харж болно.
Зураг 1. Төсвийн ашиг, алдагдал
ТӨЛӨХ, ТӨЛӨХГҮЙ НЬ БИДНИЙ СОНГОЛТ БИШ, ХУВЬ ЗАЯАНЫ ТУЛГАЛТ МЭТ...
"Даравч далдайна, булавч бултайна" гэгчээр яалт ч үгүй "хусчихсан" нь тодорхой болохоор шантаажаар ч тэр, цагийн эрхээр ч тэр илэрч л байна.
Зүгээр ч мөрөөрөө дампуурч чадалгүй төрийн мөнгийг булшиндаа аваад орчихов. Харин одоо төр өөрийнхөө 300 тэрбум төгрөгийг дампуурсан банкны эзнээс бус, төрөөсөө (Монголбанк) нэхэмжлээд сууж буй. ИНГЭХЭЭР ТӨРИЙН НЭР БАРЬЖ ХЭН НЭГНИЙ ХУЛГАЙЛСАН, ХУССАН МӨНГИЙГ БИДНЭЭР ТӨЛҮҮЛЖ БАЙГАА НЬ СОНГОЛТ БИШ, ХУВЬ ЗАЯАНЫ ТУЛГАЛТ МЭТ САНАГДАНА. Өмнөх хусааг нь сөхвөл мөд дуусахгүй. ЖДҮ-ийн сан, Засгийн бонд, Хөгжлийн банкны өр, хөнгөлөлттэй зээлүүд гээд цувраад өгнө. Илэрсэн нь л энэ болохоос илрээгүй нь хэд ч болох юм бүү мэд.
Эхлээд арай танагтай, олсон орлого болон авсан буцалтгүй тусламжаас хумсалдаг байсан бол сүүлдээ зориг ороод, гадна дотноос зээл авч, бонд гаргаж байгаад хулгайлдаг болсон. Сүүлийн 9 жилийн дотор Монгол Улсын гадаад өр 5 дахин, Засгийн газрын өр 4 дахин өсчээ. Доорх зурагнаас улаанаар тэмдэглэсэн хэсэг нь өглөг, цэнхэр нь авлагыг харуулж байна. Холбосон зураас нь сектор хоорондын өглөг, авлагыг нь холбоно. Харин дугуй нь томрох тусам өглөг эсвэл авлага ихэссэнийг илэрхийлнэ. 2014 оноос хойш Засгийн газрын өр ихэссээр иржээ. 2018 оны байдлаар Засгийн газрын гадагшаа төлөх өр нэмэгдэж, 7.2 тэрбум ам.долларт хүрчээ.
Зураг 2. Өглөг, авлагаар илэрхийглэгдсэн хөрөнгийн урсгал
САНГИЙН САЙД АА, БЭЛЭН ҮҮ?
Хэчнээн өртэй хэдий ч сүүлийн 8 жилд алдагдалтай байсан төсөв 2018 онд ашигтай гарав. Ийнхүү ашигтай гарахад нүүрсний үнийн өсөлт нөлөөлсөн болов уу. Тэгэхээр Сангийн сайд аа, 2020 онд МАН гарах, гарахгүйгээс үл хамааран сайн цагаа ашиглан хэцүү цагтаа бэлдээрэй. Сайн цаг гэдэг нь 2018, 2019, 2020 оны тухай ярьж байгаа юм. Бодлогын залгамж халаа гэх зүйл яг ийм үед л хамгийн хэрэгтэй. Хэцүү цагт хэрэгжүүлэх нарийн төлөвлөгөөг бид гаргах ёстой. Тэр бондын мөнгөнөөс авсан нөхдүүдээс мөнгийг нь нэхэмжилж, төлөлтөд бэлдэх, олсон жаахан орлогоо хойш нь хураах хэрэгтэй.
Зураг 3. Засгийн газрын өрийн улсын төсөвт учруулах дарамт
Эх үүсвэр: Сангийн Яам
Хэрвээ тэгэхгүй л бол:
ААН-үүдийн гол худалдан авагч болох өрх, Засгийн газрын хэрэглээ буурсан нь ААН-ийн борлуулалтад нөлөөлж, улмаар ААН-үүд ч хүнд байдалд орж, улсад очих татвар буурна.