Индэр    
"Өөрөө санаатай ДОПИНГ хэрэглэсэн юм шигээр зарим хүн хардаад байгаа. Тэр чинь АМИА ХОРЛОЖ байна л гэсэн үг биз дээ"
Зураг
2019 оны 4 сарын 10
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

"Өөрөө санаатай ДОПИНГ хэрэглэсэн юм шигээр зарим хүн хардаад байгаа. Тэр чинь АМИА ХОРЛОЖ байна л гэсэн үг биз дээ"

 
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын гавьяат тамирчин, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Пүрэвдоржийн Орхонтой ярилцлаа. Тэрбээр “Парис-2017” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд алтан медаль хүртсэнээр Дэлхийн аварга болсон Монгол Улсын тав, эмэгтэй гурван тамирчны нэг болж, чөлөөт бөхийн түүхэнд бичигдсэн бөгөөд “Токио 2020” олимпын найдварт зүй ёсоор тооцогдож байв. 

Харамсалтай нь “Жакарта-2018” Азийн зуны спортын наадмаас авсан түүний алтан медалийг “допинг хэрэглэсэн” гэсэн шалтгаанаар хурааж, чөлөөт бөхийн тэмцээнүүдэд оролцох эрхийг нь дөрвөн жилээр хассан юм. Тамирчин маань энэхүү үйл явдлаас хойш анх удаа ikon.mn сайтад ярилцлага өгснийг уншигчдадаа хүргэж байна. 



-Юуны өмнө ярилцлага өгөхөөр болсон танд баярлалаа. Хагас жилийн дараа ийнхүү нийгэмд өөрийн байр суурийг илэрхийлэхээр шийдсэн нь таны сэтгэл зүй бэлэн болсныг илтгэж байгаа болов уу гэж бодлоо. 

-Ярилцлагынхаа эхэнд, надад итгэл хүлээлгэж, дэмжиж байсан, одоо хүртэл урам зориг өгч байгаа олон хүнд өдий болтол мэдээлэл өгч чадалгүй гайхашруулж, өөртэйгөө адилхан сэтгэлийг нь зовоож байсандаа хүлцэл өчиж байгаагаа хэлэх ёстой. Сэтгэл зүйгээ бэлдэхэд надад үнэхээр хугацаа хэрэгтэй байлаа. 

НЭГ: Бусдыг хардаж сэрдэж өөртөө нүгэл хураагаад яах вэ гэж бодоод ядаж сэтгэл санаагаа тайван байлгахыг хичээсэн
 
Гэрэл зургийг MPA.mn

-Өнгөрсөн хугацаанд мэдээж амаргүй байсан байх. Энэ бүхнийг хэрхэн даван туулж байна вэ?

-Мэдээж хүнд байлгүй яах вэ. Гэнэтхэн л туулж үзээгүй маш хүнд ачаа тулгарсан. Даван гарахад ч хүнд байсан. Гэр бүл, найз нөхөд, ивээн тэтгэгч, багш нар гээд намайг тойрон хүрээлсэн хүмүүс маань бүгдийг эергээр хардаг, чин сэтгэлтэй, сайхан хүмүүс байсан учраас ганцаардаагүй. Яг тэр хүнд үеэ давж туулаад, бодит байдалд эвлэрч, одоо сэтгэл санааны хувьд харьцангуй гайгүй болжээ.

-“Жакарта-2018” Азийн наадмаар алтан медаль хүртэхэд тань монголчууд тэр чигтээ баярлаж, бахархаж байтал допингийн асуудал босож ирэхэд үнэхээр цочирдсон. Тиймээс таны тайлбар нийгэмд маш их хүлээлт үүсгэсэн. Мэдээж тамирчдад допингийн талаар хангалттай мэдээлэл өгдөг биз дээ?

-Допингийн сургалтыг Үндэсний шигшээ багаас долоо хоног бүрийн Лхагва гарагт явуулдаг байсан. Дүрэм журам, хэрхэн сэргийлэх гээд сэргээшийн талаар мэдлэггүй тамирчин гэж шигшээ багт байхгүй. Тэгсээр байтал өөрийнхөө бүх амжилтыг үгүйсгэсэн алхам хийж, санаатайгаар допинг хэрэглэж, амьдралаа хохирооно гэж байхгүй. Энийг хүмүүс сайн ойлгодог юм билээ. 

-Тэгээд яг юу болоод өнгөрчихөв, яагаад шинжилгээний хариу ингэж гарсан талаар та өөрөө юу гэж бодож байна вэ?

-Яг юу болсон талаар үнэнийг хэлэхэд олж тогтоож чадаагүй. Чадсан бол дөрвөн жилээр эрхээ хасуулахгүй байх байлаа. Ямар ч байсан өөрийнхөө чадах хэмжээгээр л мэдүүлэг, тайлбараа өгсөн. 

-Саяхан Монголын чөлөөт бөхийн холбоо(МЧБХ)-ны нарийн бичгийн дарга Б.Батбаярын өгсөн ярилцлага дээр таныг Дэлхийн бөхийн нэгдсэн(ДБНХ)-нд хоёр өөр тайлбар өгсөн талаар дурдсан байсан. Үнэхээр өөр тайлбар өгөөд өөрийгөө хамгаалж чадаагүй хэрэг үү? 

-Хоёр өөр тайлбар гэж би ерөөсөөө бодохгүй байгаа. Эхнээсээ л бүх тайлбараа өгөхдөө, цагдаад гомдол гаргахдаа өөрийнхөө хэрэглэж байсан эм, тариагаа бүгдийг мэдүүлсэн. Эргэлзээтэй санагдсан бүх зүйлсийг шалгуулах хэрэгтэй гэсэн тул өмнө нь хийлгэж байгаагүй нэг дусал байсныгаа шинжлүүлэхээр цагдаад өгсөн. Хэрэв тэр дусал асуудалгүй бол гадны ямар нэгэн нөлөө байж болзошгүй тул тодруулж өгнө үү л гэсэн гомдол гаргасан. Цагдаа, шүүх, прокурорын зүгээс надад хэлсэн л дээ, бид чамд олоод туслаад өгчихмөөр байгаа ч гадаад улсад, болоод өнгөрсөн хэрэг тул бид яаж ч чадахгүйг ойлгоно биз дээ гэж. Тэднийг ч бас буруутгах аргагүй, эцсээ хүртэл явсан. 

Сүүлийн мэдүүлгийн тухайд, Б.Батбаяр багш хэлэхдээ танай хүчний багш чинь допинг хилээр оруулж ирж, зарж борлуулдаг хүн юм байна гэсэн. Д.Энхтөр багшийг шалгуулна гэж манай захиралд бас хэлсэн. Харин Д.Энхтөр багш маань “Надад шалгуулахад айх юм байх биш, багш нь хилээр юм оруулах байтугай өөрөө ч хилээр гарч үзээгүй хүн” гээд нэрээ цэвэрлэх зорилгоор өөрийгөө шалгуулна гэсэн. Мэдээж цагдаа нар миний гаргасан хүсэлтийн дагуу найз нөхөд, гэр бүл, хамт явсан багийнхан гээд эргэн тойрны бүх хүнийг шалгаж таарна шүү дээ. Тэгтэл надтай холбоотой хэрэг дээр нэг хүн нас барчихсан тул тэр талаар мэдүүлэгтээ оруулах нь зүйн хэрэг. Энэ тухай Цагдаагийн газрын дүгнэлтийг ДБНХ-нд л явуулсан. 

-Өмнө нь хийлгэж байгаагүй дуслын талаар дээр цухас дурдлаа. Хэзээ, хэн хийсэн, ямар дусал болох тухай тайларлахгүй юу?

-Тэр дуслыг манай “Алдар” спортын хорооны эмч санал болгосон. Азийн наадмаас 20-оод хоногийн өмнө бэлтгэл дээр толгой их өвдөөд, бие сульдсан тул эмчдээ хэлэхэд уургийн бэлдмэл гээд дусал хийж өгсөн. Тэр нь өмнөх тэмцээнүүдийн үеэр хийлгэж байгаагүй шинэ дусал байсан. Хятад дусал тул гаднаа хятад тайлбартай байдаг юм билээ. Гэтэл тэр тэмцээний дараа допингийн асуудал үүссэн тул эргэлзээтэй санагдсан бүх зүйлээ л шалгасан. Цагдаагийн байгууллага шинжлээд хар тамхины хольцгүй гэж дүгнэсэн.

ADAMS-аас хэзээ ч хамаагүй хүссэн цагтаа холбогдоход би допингийн шинжилгээ өгөхөд бэлэн байх үүрэг хүлээдэг тамирчин

Дуслаа би ДБНХ-нд илгээхдээ манай Цагдаагийн газар хар тамхины эсрэг л шинжилгээ хийлгэсэн гэдгийг хэлсэн. Харин ДБНХ тэр дуслыг нарийн шинжилсэн гэж би бодохгүй байгаа. Яагаад гэвэл тус холбооноос ирүүлсэн бичгийн орчуулга дээр дуслынх нь хятад тайлбарын орчуулгыг хуулаад биччихсэн байсан. Миний гол найдсан зүйл нь Олон улсын допингийн эсрэг төвд дэлхийн бүх улс оронд хэрэглэгддэг ч тамирчдад хориглодог эм, тариа, дуслын нэрсийн жагсаалт байдаг байх, тэрнээсээ шүүх болов уу гэж бодсон. 

Сүүлд мэргэжлийн хүнээс сонссоноор бол ер нь аль ч орны уурагт бүтээгдэхүүний борлуулалтыг сайжруулахын тулд дотор нь ямар нэгэн хориотой бодис хийх тохиолдол байдаг гэсэн. Ялангуяа, хятад дусал дээрх тайлбар нь доторх найрлагатайгаа зөрдөг гэж байсан. Тэр дусалд хориотой бодис байгаагүй байсан ч, тамирчин хүн тодорхой биш зүйл хэрэглэсэн нь миний алдаа л даа. 

 
Гэрэл зургийг mpa.mn

-Шинжилгээний хариу эцэслэгдэж, допинг илэрсэн тухай мэдээллийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Анх Азийн наадмын дараа сэргэлтийн бэлтгэлд орохоор Японд очсон байхад МЧБХ-ны нарийн бичгийн дарга Б.Батбаяр багш хэлсэн. Эхлээд нэр нь андуурагдсан юм биш биз дээ гэж гайхдаг юм билээ. Эцсийн хариу зургаан сарын дараа ирсэн. МЧБХ-ны гадаад хэрэг хариуцсан Буянаа эгч над руу яриад “Хариу чинь ирчихэж, чамд мэйлээр илгээх үү” гэхээр нь та хэлчих гэтэл “Эрхийг чинь дөрвөн жилээр хасахаар болжээ” гэсэн. 

Энэ хугацаанд хариугаа хүлээх л хамгийн хүнд байсан, яах бол гээд л. Тэгээд хамгийн муу хувилбараар бодож, дараа нь яах вэ гэдгээ тооцох аргаар сэтгэл зүйгээ бэлдсэний хүчинд арай гайгүй хүлээж авсан.  

-Сүүлийн энэ мэдүүлгээ таныг холбоогоор дамжуулахгүйгээр өөрөө явуулчихсан байсан гэж бас ярьсан байсан. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоотой харьцдаг манай албан ёсны байгууллага нь МЧБХ байх, тийм үү?

-Уг нь тийм. Гэхдээ би анхнаасаа л мэдүүлгүүдээ өөрөө явуулсан. Яагаад гэвэл эхний мэдүүлгээ 2018 оны есдүгээр сарын 16-наас өмнө явуулах ёстой байсан. Гэтэл манай холбооны Нарийн бичгийн дарга Б.Батбаяр гадаад явчихсан, холбогдох гээд хариу ирдэггүй. Хугацаа нь тулчихаад байдаг. Гадаад хэрэг хариуцсан ажилтан Буянаа эгч мөн Японд ажилтай, ирж амжихааргүй байсан тул холбогдох хаягийг нь Буянаа эгчээс асууж аваад хугацаандаа амжиж өөрөө мэдүүлгээ явуулсан. Тиймээс хоёр дахь мэдүүлгээ ч гэсэн  өөрөө л явуулсан.   

Батбаяр багш Цагаан сарын дараа болсон видео хурал дээр ч ирээгүй. 

-Хариугаа сонсохдоо ганцаараа байсан уу?

-Ээжтэйгээ хамт байсан. Ээж минь “За яах вэ миний охин, ямар чадахгүй гэх биш” гэж хэлсэн. 

-Багш нь түрүүлж мэдсэн үү, хэрхэн хүлээн авсан бэ? 

-Би багшдаа хэлсэн. Хөөрхий шаналаад л. 

-Тухайлбал, дээр ярьсан дуслыг тэмцээнд явахаас 20-оод хоногийн өмнө хийлгэсэн гэж байсан. Зарим хүний ярьснаар бол допинг хэрэглэснээс хойш 10 хоногийн дараа шинжилгээгээр илэрдэг гэсэн байсан. Тэгэхээр тэмцээнд явахаас арай өмнө ямар нэгэн байдлаар биед тань орсон байх магадлалтай гэж бодож үзсэн үү? 

-Тэмцээний дараа Монголд ирээд л би энэ талаар судалсан. Америк, Герман руу холбогдож мэдээлэл авсан. Гэтэл хүн болгон янз янзаар тайлбарласан. Нэг нь хүний биед долоо хоноод л алга болчихдог гэхээр нөгөө нь зургаан сар болдог гээд л. Ганц ширхэг таблетка уусан ч шинжилгээгээр гарна, архи уугаад үлээлгэхэд мэдэгддэг шиг гэх хүн ч байсан. Сүүлдээ тэр олон мэдээлэлдээ төөрөлдсөн л дөө. 

Бас нэг чухал зүйлийг хэлэх хэрэгтэй. Би ADAMS буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагт бүртгэлтэй тамирчин. Улс улсын спортын чансаа өндөртэй шилдэг тамирчдын бүртгэлд багтсанаараа ADAMS-аас хэзээ ч хамаагүй хүссэн цагтаа холбогдоход би допингийн шинжилгээ өгөхөд бэлэн байх үүрэг хүлээдэг тамирчин. Байршлаа байнга мэдээлснээр Монголд ч бай, гадаадад ч бай ADAMS-ийн Монгол дахь эмч ирээд шууд шинжилгээ авдаг. 

Энэ хүрээнд би шинжилгээ байнга өгч байсан. Гэтэл Азийн наадамд оролцохоос өмнө хамгийн сүүлд 2018 оны гуравдугаар сард шинжилгээ өгсөн тул магадлалын хугацаа маань холдож, тэр болгонд идсэн уусан, хэрэглэсэн зүйлсээ нягтлахад улам амаргүй болсон. Шинжилгээгээр бол тухайн бодис миний биед юугаар, хэзээ дамжиж орсныг тогтоох боломжгүй учраас хэцүү юм билээ. 

-Допингийн шинжилгээгээр илэрсэн Станозолол гэх тэр бодисыг бас судалсан байх. Тэр бодис нь хэрэглэгдсэн байж болох сэжигтэй тохиолдол хэр олон байсан бэ, эргээд бодохоор?

-Допинг гэхээр аймшигтай, тусдаа зүйл мэт хүмүүс хүлээж авдаг ч тэр нь зөвхөн тамирчдад хориглосон, харин энгийн хүмүүст эмчилгээний журмаар хэрэглэдэг олон төрлийн бодис байдаг. 

Станозолол гэдэг бодисын хувьд маш хүнд төрөлд тооцогддог, зүгээр нэг эмийн сангаас очоод авчихдаг, тийм амар хэрэглэдэг эд биш гэдгийг дараа нь судлах явцдаа олж мэдсэн. 

Хил гаалиар нэвтрүүлэх нь манай улсад хориотой юм билээ. Б.Батбаяр багшийн хэлснээр Монголд хууль бусаар хилээр оруулж, зарж борлуулдаг хүмүүс байдаг бөгөөд тэр хүмүүсийнх нь хар жагсаалт Допингийн эсрэг үндэсний төвд байдаг гэсэн. Үнэхээр тийм  жагсаалт нь байдаг бол, хилээр оруулахыг хориглодог л бол холбогдох байгууллагууд нь яагаад арга хэмжээ авч болдоггүй юм бол гэж гайхсан. Хууль бус ийм худалдаа нь ганц би биш, олон тамирчинд хэзээд аюул заналхийлж байна гэсэн үг шүү дээ.

-Тэгэхээр санамсаргүй алдаа байх магадлал бага гэх гээд байна, тийм үү?

-Нэгэнт би ADAMS-т бүртгэлтэй тамирчин, хэзээ ч надаас ирээд шинжилгээ авах боломжтойг, тэр тусмаа Азийн наадамд ороход шинжилгээ өгөх нь ойлгомжтой байсаар байхад тийм зүйл хэрэглэх шаардлага огт байхгүй. 

Өөрөө санаатай хэрэглэсэн юм шиг зарим хүн хардаад байгаа. Тэр чинь амиа хорлож байна л гэсэн үг биз дээ.

-Тэмцээний үеэр хоол хүнсээ хэрхэн зохицуулсан бэ? Таныг өөртөө яг юу хэрэгтэй вэ гэдгээ олж идэж, хэрэглэдэг цөөхөн тамирчны нэг гэж Б.Батбаяр багш чинь ярьсан байсан. Тэр нь тусдаа бүтээгдэхүүн гэсэн үг үү? 

-Тэжээллэг чанар, хүнсний илчлэг, нүүрс ус зэргийг өөрийнхөө хэмжээнд судлаад, гадны тамирчдын дэглэмийг үзэж, туршиж, аль болох өөрт хэрэгтэй хоол хүнс хэрэглэхийг зорьдог. Тэмцээн уралдаанд явахад ихэвчлэн өрөөндөө хоолоо хийгээд идчихдэг. Манай эгч голдуу гадаад руу дагаж яваад хоол хүнсийг маань бэлдээд өгчихдөг байсан. 

Жакарта хэтэрхий хол болохоор явж чадаагүй. Хосоо багш маань бас хилийн хоригтой болчихоод явж чадаагүй. Өөрийн багш буланд суугаад дэмжиж байх нь маш түшигтэй байдаг. Яалт ч үгүй багш маань ч, эгч маань ч яваагүй, надтай хамт байдаг хүмүүс үлдсэн тэмцээнээр ийм зүйл боллоо.

-Гадаад орноос зохион байгуулсан хэрэг байх магадлалтай юу?

-Магадлалын хувьд байх боломжтой. Өнгөрсөн намраас хойш судалж, сонсоход олон улсад бүр хүнд хэргүүд их байдаг юм билээ.  

 
Гэрэл зургийг MPA.mn

-Сэргээш илэрсэнтэй холбоотойгоор элдэв хардалт нийгэмд их байсан л даа. Хамт нэг өрөөнд  байсан тамирчид хоолонд нь хийсэн байх магадлалтай гэж нэг яриад, гаа шиг зүйл өгсөн гэсэн бас нэг сураг гараад л. Энэ тухай та юу гэж бодож байна вэ?

-Хүмүүс дутуу сонссон зүйлээ гүйцээж, нэмж зохиогоод, зарим сэтгүүлч бүр мэдээ болгож бичээд байгаа нь надад хэцүү байдаг. Үнэхээр хэнээс, юунаас болсон гэдгийг нэгэнт нотлоогүй байж хэн нэгнийг гүтгэж болохгүй. Хардагдаж бичүүлж байгаа хүн ч гэсэн над шиг шаналж байгаа гэж бодохоор бүр хэцүү байсан

Ямар ч гэсэн надад байсан бүх баримт, сэжигтэй санагдсан тохиолдол болгоноо цагдаад мэдэгдсэн. Тэгээд учир нь олдоогүй болохоор яалтай ч билээ. Алдсан хүн арван тамтай гэдэг шиг л зүйл болж байна.

-Нэгэнт нийгэмд хардалт байгаа болохоор танаас асуух нь зүйтэй байх. Ижил жингийн тамирчид нь хорлосон гэж хүмүүс маш их ярьсан л даа. Таны хувьд юу гэж бодож байв?

-Маш хэцүү байсан. Заримдаа хүмүүс ингэж ярьж байна гээд хэлнэ, заримыг нь сониноос гарчиглана. Тэгээд бүр л их шанална. Би өөрөө сэтгэлийн зовиуртай байдаг. Гэтэл магадгүй тэнд өөр нэг гэмгүй хүмүүс шаналаад байдаг. Миний хувьд тэр тэгсэн, энэ ингэсэн гэж хэлж ярьсан зүйл огт байхгүй гэдгийг хэлье.

-Бас нэг хардалт дагуулсан том сэдэв нь танай холбооны хагарал, холбооны зарим удирдлага таныг санаатай хорлосон байх вий гэх хүмүүс бий. Ийм байх боломжтой юу. Танд тийм хардалт төрж байв уу?

-Мэдэхгүй, тэр талаар сонсоогүй. Би ер нь ихэнх мэдээллийг нь уншаагүй. Янз бүрийн мэдээлэл чих дэлсэж, зарим нь надтай ярьчихсан мэт “Орхон тэгж байсан” гэж бичсэн шиг байгаа юм. Уншаад тэрэнд анхаарлаа хандуулах нь улам хэцүү учраас аль болох сөрөг,  муу мэдээллүүдээс хол байсан. 

Мэдээж хардъя гэвэл хүн болгоныг хардаж болно. Гэтэл тэр нь эргээд сэтгэлд маш дарамттай. Бусдыг хардаж сэрдэж өөртөө нүгэл хураагаад яах вэ гэж бодоод ядаж сэтгэл санаагаа тайван байлгахыг хичээсэн.  

Надтай нэг ч удаа уулзаж,  ганц үг хэлээгүй хүмүүс яаж туслах гээд байсныг нь мэдэхгүй юм

Хүн бүхэнд хардах эрх нь байгаа. Тэр юм болов уу, энэ юм болов уу, Орхон өөрөө хэрэглэчихсэн юм болов уу ч гээд л. Тэр хүмүүсийг буруутгах аргагүй. Үнэхээр үнэн мөнийг нь мэдэхгүй юм чинь хэн ч, хэнийг ч хардаж болно шүү дээ. Харин яг бодитой болсон мэтээр яриад байгаа нь л хэцүү байгаа юм.

-Манай улсад сэргээшийн асуудлаар эрхээ хасуулсан өөр тамирчин байгаа билүү?

-Допингийн эсрэг хууль 2015 онд шинэчлэгдэхээс өмнө анхны хэрэг дээр тухайн тамирчны эрхийг хоёр жилээр хасдаг байсан. Харин 2015 онд хуулиа чангатгаснаар анхны хэрэг  байсан ч тэмцээнд орох эрхийг нь дөрвөн жилээр хасдаг болсон. Монголын бусад тамирчны талаар би сайн мэдэхгүй байна. 

Миний хувьд өнгөрсөн энэ үйл явдлын бүх процессыг тэмдэглээд явж байсан. Бүр сүүлд нь мэргэжлийн олон хүнтэй уулзахад энэ үедээ ингэх байсан байна, ийм зүйл хийх хэрэгтэй байж гэж хэлж өгсөн. Эхэндээ би юу ч мэдэхгүй байсан учраас надад ирсэн хамгийн зөв мэдээлэл гэж үзсэнээрээ л хийгээд явсан. Багш, гэр бүл, найз нөхөд маань л ойр байж зөвлөж тусалж байлаа.

-Допингийн асуудалд холбогдоод ирэхэд МЧБХ-ны удирдлагууд уулзаж, яаж энэ асуудалд арга хэмжээ авч туслах талаар ярьсан уу?

-Холбооны удирдлагууд бол уулзаагүй. Харин Ерөнхий нарийн бичгийн дарга болон Гадаад хэрэг хариуцсан ажилтан Буянаа эгч л уулзсан. Орхоныхоо эрхийг хасуулахгүйн төлөө холбоо маш их зүйл хийж, мөнгө гаргаж байгаа гэсэн яриа яваад л байсан. Надтай нэг ч удаа уулзаж, ганц үг хэлээгүй хүмүүс яаж туслах гээд байсныг нь мэдэхгүй юм. 

-Тэгвэл холбооныхоо ерөнхийлөгч Д.Сумъяабазартай огт уулзаагүй байгаа хэрэг үү?

-Дэлхийн аварга болсны дараа ч МЧБХ-ны удирдлагууд уулзаагүй шүү дээ. Гавьяат тамирчны цолоо авдаг өдөр Төрийн ордонд тааралдсан. Удахгүй уулзана аа л гэж байсан. Тэгээд уулзаагүй. Холбооны нарийн бичгийн дарга Б.Батбаяр багштай л бөөндөө хэдэн удаа уулзсан. 

ХОЁР: Цаг хугацааг ашигтай өнгөрүүлэхийн тулд боловсрол эзэмшихээр судалж байна
 
Гэрэл зургийг MPA.mn

-Одоо юу хийж байгаа вэ. Бэлтгэл сургуулилалт хийж байна уу?

-Бэлтгэл хийхгүй байгаа. Хийж болохгүй. Дөрвөн жилийн хугацаанд мэргэжлийн багтай бэлтгэл хийх, дотоодын болон олон улсын тэмцээнд орох бүгд хориотой.  

-Дөрвөн жил багагүй хугацаа. Энэ хугацаанд юу хийе гэж бодож байна вэ?

-Ямар ч байсан энэ цаг хугацаагаа ашигтай өнгөрүүлэхээр хичээж байна. Цаашдын амьдралынхаа суурь болгож, боловсрол эзэмшихээр судалж байна. “Аваргууд” академийн ивээн тэтгэгчид BATSOL компанийн захирал Н.Батсайхан ах маань Германд сургуульд сургахаар ярьж байгаа. Саяхан зардал гаргаж намайг Герман явуулсан. Тэндхийн спортын сургууль, спортын шинжлэх ухаан ямар байдгийг хараад ирсэн

-Ямар мэргэжлээр сурах вэ? 

- Би ШУТИС-ийг Нийгмийн ажилтны мэргэжлээр сурч төгсөөд МУБИС-ийг Биеийн тамирын дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Дасгалжуулагч хийх боломжтой. Гэхдээ цаашдаа өөр ажил хийх сонирхолтой. 

Би чинь “Алдар” спорт хороон дээрээ дасгалжуулагчийн албан тушаалтай. Энэ чиглэлээрээ ажиллах боломж нөхцөл ямар байдгийг бас судалж байгаа. Мэдээж өдий болтол сурсан мэдсэнээ өсвөрийн жаахан дүү нартаа чадахаараа заагаад өгчих хүсэл байдаг.  

-Өөр ажил гэхээр спортоос өөр чиглэл гэсэн үг үү?

-Спортын сэтгэл зүйч, менежментээс эхлээд Монголд байдаггүй олон гоё мэргэжил спортод байдгийг олж мэдсэн. Тэндээс сонголтоо хийнэ дээ. 

Спорт бол залуу насны ажил учраас барилдахаа болихоороо сурна даа гэж бодоод л өмнө нь яваад байдаг байсан. Гэтэл 2020 оноос хойш тавьсан байсан олон гол зорилго өмнө гэнэт тулаад ирэхээр хүн тулгамддаг юм байна. Энэ явдлын дараа хүн ямар ч шалтгаанаар, хэзээ ч спортыг орхиж болдог юм байна, үүнд бэлтгэлтэй байх, спортынхоо хажуугаар өөртөө цаг зав гаргаад сурч боловсорч байх ёстой юм байна гэдгийг ойлгож авсан. 

Хэдийгээр мэргэжлийн дамжаанд явдаггүй ч бие даагаад хэл сураад явдаг. Одоо хэлээ сайжруулахыг хүсэж байна.  

-Ээж, ааваасаа долуулаа гэсэн. Гэрийнхэн нь дэмжиж байгаа биз дээ?

-Би дөрвөн эгч, хоёр ахтай. Манай ах, эгч нар намайг эрхлүүлж, аз жаргалтай байлгахын төлөө бүхнээ зориулчихдаг хүмүүс. Намайг сурна гэсэн ч, барилдана гэсэн ч бүх талаар дэмжинэ.  

-Гэрийнхнээсээ их өөр үү? Өмнөх ярилцлагуудыг нь харж байхад нэлээд зоригтой, өөртөө итгэлтэй санагдсан. 

-Төрсөн эгчтэйгээ харьцуулахад их зоригтой. Манай эгч ганцаараа байхаас айдаг бол би ерөөсөө айдаггүй. Бүр багаасаа би бие муутай байсан. Ой долоон сартайгаасаа өвдөөд, гурван настайдаа том хагалгаанд орсон. Хэвтэрт байж байгаад хөл дээрээ босож,  ээжтэйгээ хамт нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байсан. Тэр үед айлын хүүхдүүд тариа хийлгэх гэж уйлаад бөөн юм болж байхад би тариулах дуртай, уйлдаг ч үгүй байв. Хүний зан чанар ер нь багадаа л мэдэгддэг шиг байгаа юм. Тийм ч учраас манай ээж намайг спортоор явахад үнэхээр дуртай дэмжсэн. 

-Анх спортод хөл тавьсан тухайгаа ярихгүй юу?

-Би багаасаа л спортод дуртай байсан. Өвөрхангай аймгийн “Соёмбо” цогцолборт нэгдүгээр ангид ороод шатрын спортын мастер Х.Сүрэндорж багшийн шавь болж, шатрын дугуйланд явсан. Дөрөвдүгээр ангиас манайх Улаанбаатар хот руу шилжиж, 111-р сургуульд орсон. Сургуулийн захирал тэшүүрийн спортын мастер Г.Болд байсан бөгөөд анги даасан багш маань биеийн тамирын багш тул ангийхаа хэдэн хүүхэдтэй тэшүүрийн дугуйланд явсан. 

Тэр үед өвлийн спорт ямар хүнд болохыг мэдрээд амжсан. Зун мөс байхгүй тул зунжин ангидаа дасгал хийдэг байлаа. Бүгдээрээ тэшүүрийнхээ өрөлтийг авч зогсож байгаад техникүүдээ давтана. Өвөл эгчийнхээ канкийг гуйж, бүгдээрээ ээлжлэн өмсөж аваад  стадионы мөсөн талбайг тойрдог байлаа. 

Одоо тэр үеийг төсөөлөхөөр тэгж бэлтгэл хийгээд Монголын тэшүүр хэзээ ч хөгжиж, дэлхийд гарах вэ дээ гэж боддог. 

-Тэгвэл чөлөөт бөхөөр хэзээнээс хичээллэсэн бэ. Яагаад энэ спортод дурлах болов?

-Манайх дараа нь Цайз захын тийш нүүж, нагац ахынхтай ойртсон юм. Тэдний хоёр хүүхэд тухайн үед өсвөрийн чөлөөт бөхийн мундаг тамирчид байв. Байсхийгээд л медаль хүртэж, гоё гоё чихмэл тоглоомууд бэлгэнд авна. Медаль авах бүрт нь манай хамаатнууд очиж баяр хүргэдэг байлаа. Тэр нь надад их гоё санагдана. Гэр ойрхон болохоор өдөр нь гадаа хамт тоглоно оо. 

Ямар ч байсан анхны амжилт маань алтан медаль байдаг

Нэг өдөр манай үеэл Цолмон “Чи маргааш манай бэлтгэлд нэг очоод үзээч. Шорт, футболкоо авчих, хамт явъя” гэлээ. Маргааш өглөө нь “Алдар” спорт хороо руу 09:00 цагийн бэлтгэлд орохоор очтол маш гоё том зааланд, зөндөө олон хүүхэд бужигналдаад тоглож байсан. Хосоо багш маань хүрч ирээд “За, манай Цоомоогийн дүү юу” гээд л хүлээж аваад “Жинг нь үзнэ ээ” гэсэн чинь би 40.5 кг.

-Хэдэн настай байсан гэсэн үг вэ? 

-Долоодугаар анги. 14 настайгаасаа хичээллэж эхэлж байгаа юм. Багш маань чөлөөт бөхийн дугуйланд эмэгтэй хүүхэд орж ирэхэд их дуртай. Намайг бөөн баяр хүлээж авсан. Өсвөр насны жаахан хүүхдүүдийг тоглоомын аргаар сургадаг нь хүүхдүүдийг спортод их татдаг юм билээ. Ингээд л зодолдохдоо зодолдож, барилдахдаа барилдаж тоглосоор маш дуртай болсон. 

Гэрэл зургийг Mpa.mn

-Анхны амжилтаа ямар тэмцээнээр гаргаж байв?

-Тэр үед техник гэх зүйлгүй, төрөлхийн унаган бяраараа л үзэлцдэг байв. Ингээд хоёр сар болж байтал Дүүргийн аварга шалгаруулах тэмцээн болж, сургуулиасаа ороод түрүүлчихлээ. Маш их урам авсан. Тэрнээс хойш олон тэмцээнд орсон. Ямар ч байсан анхны амжилт маань алтан медаль байдаг. 

-Шигшээ багийн тамирчин хэзээ болсон бэ?

-2011 оноос олон улсын тэмцээнд орж үзсэн. Анхных нь 2011 онд Туркэд болсон Яшир Догугийн нэрэмжит олон улсын тэмцээн. Хүрэл медаль хүртсэн. Тэрнээс хойш олон улсын тэмцээнүүдэд орж эхэлсэн. 2013 онд шигшээ багийнхаа тамирчин болсон.

-Францад болсон ДАШТ-нд түрүүлснээр Монгол Улсын гурав дахь алтан медальт эмэгтэй чөлөөт бөхийн тамирчин болсон шүү дээ. Дэлхийн аварга болох тэр мөчид ямар мэдрэмж төрж байснаа хуваалцахгүй юу?

-Хамт тэмцэж, хамт зүтгэж ирсэн олон хүн байгаа болохоор бахархах сэтгэл ундардаг юм билээ. Бид нэг хүн шиг байж, зорилгынхоо төлөө зүтгэснийхээ үр шимийг хүртчихлээ гээд л толгойд гэнэт маш олон бодол урсаж орж гараад л, алийг нь тогтоож бодохоо мэдэхгүй их л хөөрч байсан. 

-Сүүлд жин нэмж барилдсан шүү дээ. Өрсөлдөөн ихтэй энэ жинд орж барилдах хэрэг байсан юм болов уу гэсэн бодол төрсөн. Энэ талаар эргэж боддог уу?

- ДБНХ-ны дүрэмд өөрчлөлт орсноор жин хасаж барилдах нь тамирчинд ашиггүй болсон тул хүссэн хүсээгүй өгсөж барилдах болсон. 

-Жин өгсөж барилдахад хэр хүнд байв. Том том биетэй хүмүүстэй барилдаад эхлэхээр хүнд байсан уу, эсвэл бүр хөнгөн байсан уу?

-Жин өгсөх хэцүү. Би амьдралдаа нэг л үлэмж бяртай хүнтэй барилдсан. Анх удаа л толгойд “Яана даа, яаж энэ хүнийг хожино оо” гэсэн бодол төрүүлсэн тамирчин бол 2017 оны ДАШТ-нд учраа таарсан Нигерийн бөх байсан. Маш том биетэй, том том булчинтай, үнэхээр бяртай. Дэвжээн дээр гараад барилдаж эхлэхэд л өрсөлдөгчөө мэдэрнэ шүү дээ. Би хөдөлгөх гээд дийлэхгүй байгаа юм чинь. Намайг бол зүгээр л дэвжээнээс түрж гаргаж байв. Ингээд өрсөлдөгчөө мэдрэхэд тэр тамирчин маань чигээрээ л дайрдаг хүн болохыг ойлгосон. Хоёр тал руугаа хүч нь сул гэсэн үг. Ингээд II үедээ хажуу тийш зайлж байж хожсон. Тэрийг ерөөсөө мартдаггүй юм. 

Харин амар зүйл юу байсан гэхээр холбооны дүрмийн өөрчлөлтөөс болоод 58, 60 кг-д барилдаж байсан гадаад дотоодын бөхчүүд ихэнх нь 63 руу орж ирсэн. Өмнө нь 63 кг-д барилдаж байсан хүмүүсийг эс тооцвол мэддэг, барилдаж байсан тамирчидтайгаа нэг жинд очсон.  

-Одоо бэлтгэл хийхгүй байхаар форм алдагдах вий гэсэн болгоомжлол байгаа байх. Өөр ямар нэгэн спортоор хичээллэх бодол байна уу?

-Бэлтгэлээсээ удаан хол байвал мэдээж мэдрэмж, форм алдагдалгүй яахав. Тэр хүнд ачаалалтай ажиллаж байгаад гэнэт амрах нь зүрхэнд минь муу. Тиймээс өмнөх шигээ хүнд ачаалал авахгүй ч тодорхой хэмжээнд зүрхээ ажиллуулж, ачаалал өгөх хэрэгтэй. 

Арав гаруй жил энэ спортоор хичээллэчихсэн учраас өөр спортод гэнэт орно гэдэг сэтгэл зүйн хувьд ч, биеийн хувьд нь хүнд. Өөрийн барилдах арга эв, мэдрэмжээ олж авах гээд зүтгэж яваа миний хувьд өөр спортод орох талаар бодоход ч хэцүү. Спорт бусад хүнд сайхан харагддаг ч ард нь маш хүнд хөдөлмөр байдаг тул тийм амар больж, сольчихдог зүйл биш.

-Олимпод явах тамирчдад эрх олгохдоо МЧБХ үзэмжээр хандах зүйл байдаг уу? 2011 оны ДАШТ-нд О.Насанбурмаа эрх авсан байтал олимпод С.Батцэцэгийг явуулж байсан тохиолдол байдаг. 

-Жил болгон л баг дотор болдог эмзэглэмээр хэцүү үе нь яг тэр. ДАШТ-нд тамирчид сонгон шалгаруулах болгонд л нэг эмэгтэй нь уйлах болдог. Би ч бас уйлаад л үлдэж байсан.

Тэр хүний өчнөөн жилийн хөдөлмөр нь үгүйсгэгддэг. Яг улсын аваргад явсан тамирчин нь дэлхийн аваргад явах ёстой, ДАШТ-нд түрүүлсэн нь олимпод оролцох эрхтэй болно гэсэн тодорхой дүрэм журам, баталсан нарийн зүйл байгаагүйгээс ийм зүйл намайг шигшээ багт ороход ч тэр, орохоос өмнө ч байсан. Улсын аварга болсон тамирчин нь дэлхийн аваргад явж чадахгүй болоод л уйлдаг. Тэр нь явж байгаа тамирчиндаа ч, үлдэж байгаа хүндээ ч хэцүү. Энийг харин 2017 онд шийдсэн. Шударгаар халз гурав барилдуулаад хоёр ялсныг ч юм уу явуулахаар болж, тэр жил хүмүүс уйлж гомдох нь бага байсан. Би энэ шалгуурын дагуу ДАШТ-нд анх орсон. 

-Ер нь МЧБХ-ны удирдлагуудын зөрчил, учраа олохгүй байгаа байдал тамирчдын бэлтгэл  сургууль, амжилтад нөлөөлдөг үү?

-Нөлөөлнө. Би томчуудын маргааныг мэдэхгүй. Өөрийнхөө хэмжээнд дүгнэхэд удирдлага сайн байвал багш нар жигдхэн байна. Багш нарын зохион байгуулах, удирдах чадвар сайн байвал тамирчид нь эв зүйтэй байна л гэж боддог. 

-Тэгвэл таныг дэлхийн аваргын алтан медаль хүртэхэд юу нөлөөлсөн гэж боддог вэ?

-Багийн уур амьсгал, бэлтгэлийн нарийн төлөвлөгөө, баг хамт олны нэгдэл, надад тавьж байгаа хүмүүсийн анхаарал, нэг нэгэндээ тусалъя гэсэн сэтгэл. 

Ялангуяа, 2016 оны олимпын дараа Цогоо багш маань эрхээ хасуулаад шигшээ багаас гарч, багш нар бүгд солигдсон. Тиймээс Хосоо багш биднийг “Алдар” спорт хороон дээрээ нэгтгэж, бэлтгэл хийлгэхээр болсон. Сайхан сэтгэлтэй олон хүн нэгдээд “Аваргууд” академийг байгуулсан нь миний амжилтад 100% нөлөөлсөн гэж боддог. 

“Аваргууд” академи байр хоолноос эхлээд багш дасгалжуулагч, хамтрагч гээд тамирчдыг бүх нөхцөлөөр нь хангасан. Яг тийм нэгдсэн, цул бэлтгэлд хүн өөрийгөө дайчлах чадвар нь нэмэгддэг юм билээ. Г.Мандахнаран, Э.Ням-Очир гээд манай том том тамирчид тэнд байсан. 

Тэр үеэр би ихэвчлэн эрэгтэйчүүдтэй бэлтгэл хийсэн. Хэн нэгэнтэй нь 5-10 минут техник давтахад л олж авах мэдрэмж нь огт өөр. Бэлтгэл хийж байгааг нь хараад сууж байсан ч нүдэндээ олон зүйлийг тогтоогоод авчихаж байгаа юм. 

Тэр бэлтгэл маш гоё байсан. Тэмцээнд орж барилдахад ер нь сэтгэл зүйгээс маш их хамаардаг юм билээ. 

-Дэлхийн аваргын тэмцээнд явж байх үед нь та нарт эмчээс гадна сэтгэл зүйч байсан уу?

-2016 онд л бид сэтгэл зүйчтэй ажиллаж үзсэн. Сүүлд бол байгаагүй. Би ШУТИС-д сурдаг шүү дээ. Манай сэтгэл зүйн багш Юмжирмаа надад их анхаарал тавьдаг.  

ГУРАВ: Монгол Улсад олимпын алтан медалийг заавал авчрахын төлөө хичээнэ
 

-Яг үнэндээ хүмүүс жүдод хошуураад чөлөөт бөхийг үзэх нь буурчихаад байсан үед Г.Мандахнаран гавьяат Риогийн олимпын дэвжээн дээр ялж яваад харамсалтайгаар  ялагдал хүлээж, манай хоёр дасгалжуулагч эсэргүүцлээ илэрхийлэн дэвжээн дээр хувцсаа тайлсан нь эргээд дэлхий нийтийг энэ спорт руу хандуулж чадсан мэт. Энэ болсон явдал мэдээж чөлөөт бөхийн холбоонд хүнд туссан байх. Энэ дагуу ямар нэгэн шинэчлэл хийх болов уу?

-Нээрэн л Мандахаа ахын дуулиан шуугианы дараа чөлөөт бөхийг сонирхож үздэг болсон гэж надад олон хүн хэлж байсан шүү. Нэг бодлын маркетинг болсон ч юм уу(инээв). Хамгийн гол нь спорт олон үзэгчтэй байх ёстой. Чөлөөт бөхийн төрөл яг ийм шалтгаанаар буюу үзэгчгүй шахам болсноос болоод л олимпоос хасагдах дээрээ тулсан юм билээ шүү дээ. 

Монголд ч мөн чөлөөт бөх хүнд байдалтай байгаа. Үзэгчдийг олноор татаж, олон хүүхдийг энэ спортод дурлуулж, гоё сайхныг нь мэдрүүлж, хичээллэх сонирхолтой болгох шаардлагатай. Тэгж байж ивээн тэтгэгчид орж ирж, энэ спорт хөгжинө шүү дээ. 

Надад хамгийн гоё санагддаг зүйл нь “Би яг Орхон эгч шиг дэлхийн аварга болно” гээд маш олон хүүхэд манай багш дээр ирдэг. Арван жилийн багш дээр хүртэл хүүхдүүд очдог гэсэн. Манай Чимэдээ (гавьяат тамирчин С.Цэрэнчимэд) бид хоёр нэг анги төгссөн юм. “Танаас дэлхийн аваргууд төрдөг гэсэн. Би хүүхдээ танай ангид өгөөд чөлөөт бөхөөр хичээллүүлж, дэлхийн аварга болгох гэж байгаа” гээд манай багш дээр очдог гэсэн. Тэгэхээр би өөрийнхөө хэмжээнд чөлөөт бөхийн менежмент тодорхой хэмжээнд хийсэн юм шиг байгаа юм (инээв). 

-Дэлхийн аварга болоход тань МЧБХ-оос гурван сая төгрөгөөр шагнасан гэж үнэн үү?

-Үнэн.

-Яагаад ийм зөрүүтэй шагнадаг юм бол? 2015 онд Лас Вегаст болсон ДАШТ-нд оролцсон тамирчдаа алтаар шагнасан байсан. Гавьяат тамирчин О.Насанбурмаа ДАШТ-ээс олимпын бус жинд мөнгөн медаль авахад онцгой амжилт гаргасан гээд 25 сая төгрөг, хүрэл медаль хүртсэн ОУХМ Б.Шоовдорт мөн 10 сая төгрөг олгосон гэж байсан. Гэтэл таныг гурван сая төгрөгөөр шагнасан нь тамирчдын амжилтыг илт ялгаатай үнэлдэг мэт харагдаж байна. 

-Тамирчдын гаргасан амжилтыг яаж урамшуулах талаар тогтсон дүрэм журам байдаггүй. Тухайн үеийн дарга нарын үзэмжээр бүх зүйл шийдэгддэг нь энэ мэтчилэн харагддаг. Миний гаргасан амжилт манай холбооны хувьд онцгой амжилт биш байсан юм шиг байна билээ.

-Алтан медалиа хураалгасан энэ үйл явдал маш том сургамж болсон байх. Хамгийн их ухаарал өгсөн зүйл нь юу байв?

-Маш олон зүйлийг өөрөөр хардаг болсон. Хүн аливаа бодит байдлыг өөрөө л туулж байж ойлгодог юм байна. Хүмүүсийн хүн чанар, хүнд сэтгэлээсээ хандаж байгаа хандлага, худал хуурмагийг мэдэрч, таньдаг юм байна. Монголын спортын салбарт ямар олон хэрэгтэй мэргэжил эзэнгүй, дутагдаж байдаг гэхчлэн олон зүйл олж мэдсэн. Үнэхээр сайн тамирчин болъё гэвэл хүн эргэн тойрноо сайхан хүмүүсээр хүрээлүүлэх хэрэгтэй юм байна гэдгийг хамгийн сайн ойлгосон. Үүний хүчинд л би хүнд үеийг даван туулж чадсан. 

-Таны хувьд Токиогийн олимп хамгийн ихээр хүсэн хүлээж байсан наадам байсан байх. Гэвч оролцох боломжгүй болсон нь харамсалтай. Цаашдаа дахин барилдахад амжилт гаргана гэдэгтээ хэр итгэлтэй байна вэ?

-Би л өөрөө итгэж, хичээж чадвал найдвар байгаа.

-Таныг барилдах эрхээ хасуулснаас хойш гадаадын аль нэг улсаас өөрийн нэр дээр барилдуулах хүсэлт, санал ирүүлсэн үү?

-Ер нь өндөр хөгжилтэй баян орнууд хөгжингүй орны тамирчдад улсынхаа нэрээр барилдуулах санал их тавьдаг. Манай нэлээн олон тамирчинд санал ирж байсан байх. Надад ч гэсэн чамайг авмаар байна гэж зөндөө л хэлж байсан. Одоо ч гэсэн, гадны улсын тамирчин болбол эргээд барилдахад чинь хэрэгтэй гэж зарим хүн зөвлөдөг. Гэхдээ би эх оронч үзэлтэй хүн. 

Гадаадын тамирчин болбол өөр улсын нэр дээр барилдаж, бэлтгэл хийх хангамж, шагнал урамшуулал мэдээж Монголынхтой харьцуулашгүй. Гэхдээ эд мөнгөнөөс болж зорилгоосоо ухарна гэж юу байх вэ. Монголдоо л олимпын аваргын алтан медалийг авчрах гэж хичээж явж байгаа. Өдий хүртэл надад итгэл хүлээлгэж, дэмжиж байгаа тэр олон хүнийхээ ачийг хариулж, Монгол Улсад олимпын алтан медалийг заавал авчрахын төлөө хичээнэ. Тэр нь 2020 он уу, 2024 он байна уу  ялгаагүй гэж бодож байгаа.