2019 оны 3 сарын 27
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

"Ардчилсан замаар гарч ирээд ардчиллыг нь устгах нь..."

Өнөөдөр Монгол Улсад өрнөж буй үйл явдалтай ижил төстэй зүйл гучаад оны Германд болж байв.

Энэ тухай "Өглөөний хүн" буланд ярилцлага өгөхдөө ярьж байсан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайханы ярианаас товчлон хүргэе.


НЭГ. Ваймерийн жишээ буюу ардчилсан замаар гарч ирээд ардчиллыг нь устгах

Тодорхой хугацаанд оршиж байгаад үгүй болсон ардчилсан улсуудын жишээ бий.

1919 онд Үндсэн хуулиа баталж буй болсон Ваймерийн Бүгд Найрамдах улс гэж байсан. Германы нутаг дэвсгэрт. Энэ ардчилсан улс яваандаа нацист дэглэм рүү шилжсэн. 

Гитлер өөрөө ардчилсан замаар гарч ирээд ардчиллыг нь устгачихсан. Яагаад ардчиллаас нацист дэглэм рүү оров. Бүр даамжраад Дэлхийн II дайн дэгдээв гэдэг дээр судлаачид олон зүйл бичсэн байдаг. 

Энэ дундаас хоёр зүйл анхаарал татна.

Нэгдүгээрт, Ваймерийн БНУ-ын иргэд нь өөрсдөө ардчиллынхаа үнэ цэнийг бүрэн ойлгоогүй, түүнийгээ хамгаалахын төлөө байж чадаагүй. Тэд сонгуулиар ардчиллын дайснуудыг сонгож, тэдгээр нь нийлээд ардчиллыг устгасан. Тийм ч учраас ардчиллын үнэ цэнийг ойлгодог идэвхтэй иргэд байхгүйгээр ардчилал өөрөө урт хугацаанд орших боломжгүй юм байна гэдэг дүгнэлт бий.

Нөгөө талд, Ваймерийн БНУ-ын сэхээтнүүд ардчиллаа хамгаалах дээр хүчтэй байр сууриудаа илэрхийлээгүй, хамгаалаагүй, хангалттай дуугараагүй учраас ийм зүйл болсон гэж үздэг. Зарим нь бүр нацизмыг дэмжээд явчихсан. 

Монгол шиг тухайлсан салбарын нарийн асуудлыг судалсан судлаачид цөөн газарт ч үгээ хэлж байх нь чухал. Үгүй бол “би чадначууд” эсхүл популист улстөрчид мэргэжлийн асуудлыг таамгаар шийдэх гэж үзээд улам дордуулчихаж байна.

Гол найддаг зүйл маань ухаалаг үндэслэл, тал талын аргумент гараад нээлттэй хэлэлцэгдээд ирэхээр аливаа асуудал илүү ухаалгаар шийдвэрлэгдэх боломж бүрддэг гэдэгт итгэдэг. Дээрээс нь асуудал улайм цайм буруу тийш явж байгааг харсаар байж дуугүй байх нь эргээд бид бүгдээрээ өөрсдөө хүсээгүй үр дүнд хүрэх аюултайг Ваймерийн Бүгд Найрамдах улсын жишээнээс харж болно.

Монгол Улсын хувьд энэ 30 орчим жилийн хугацаанд асуудлуудаа бага багаар ч болтугай шийдэж байна шүү дээ. Одоогийн тулгамдсан том асуудлуудаа ч гэсэн шийдээд явна гэж найдаж байна. Аливаа зүйлд хэт өндөр хүлээлттэй байх нь, эсвэл төгс зүйлийг хүсэх нь яваандаа эсрэг буюу алдаатай шийдвэр гаргах эрсдэл болохыг үгүйсгэхгүй. “Яарвал даарна” гэдэг.

Тэгэхээр ардчилал руу шилжвэл гэнэт бүх зүйл сайхан болно гэсэн үг биш. Асуудал нэг, нэгээрээ, хүмүүс өөрсдөө ярьж хэлж, ярилцаж байж хууль журмаараа шийдэгдэж явдаг жамтай аж. Ямар ч ардчилсан нийгэм богино хугацаанд бүх асуудлаа шийдэж чадахгүй.

Ардчиллын гол утга учир нь хүмүүс өөрөө өөрсдөө асуудлаа шийдэх боломжийг олгож байгаагаараа онцлогтой.

Ардчилсан нийгэм, эрх чөлөөтэй байвал хүмүүс аажим ч гэсэн асуудлаа шийдээд явна. Үүний тулд иргэд бид өөрсдөө үгээ зоригтой хэлэх, маргах, хэлэлцэх, улстөрчид болон намууд хариуцлага хүлээхийг шаардаж, хуульд захируулахаар шахаж, идэвхтэй оролцдог байх хэрэгтэй.

ХОЁР. Ардчиллын амин сүнс: “Check & balance”

Төрийн эрх мэдлийн салаанууд бие биеэ тодорхой хэмжээнд хянаж тэнцдэг гэсэн үг.

УИХ ард түмнээс мандат авч гарч ирдэг тул хууль батлах бүрэн эрхтэй ч хууль нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг Үндсэн хуулийн цэц нь иргэний өргөдөл, мэдээллээр хянадаг.

Өнгөрсөн 27 жилд Цэц 200 шахам маргаан үүсгэн шийдсэний олонх нь Үндсэн хууль зөрчсөн эсэх байсан. Мөн, хууль тогтоомж бодлогын хувьд буруу эсхүл Үндсэн хууль зөрчсөн гэвэл Ерөнхийлөгч хориг тавьж болно. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь л хүлээгээд авчихвал хориг хүчин төгөлдөр болж тухайн хууль тогтоомж гарахгүй. Жишээлбэл, 2015 онд УИХ авлигын гэмт хэрэгтнүүдийг өршөөх хууль баталсан ч Ерөнхийлөгч хориг тавьж зогсоосон.

Засгийн газар ч мөн УИХ-ын өмнө улс төрийн хариуцлага хүлээдэг. УИХ-ын олонхын итгэлийг ноцтой алдвал огцордог гэсэн үг. Түүнчлэн Засгийн газар өөрөө Үндсэн хууль болон хуульд захирагдах ёстой. Засгийн газрын үйл ажиллагаа хуульд нийцэж байна уу үгүй юу гэдгийг Захиргааны хэргийн шүүх хянадаг.

Жишээлбэл, төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халсан, хувийн эзэмшлийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан, өвөл, хаврын уралдаан товлож хүүхдээр хурдан морь унуулах нөхцөл үүсгэсэн гэх мэт Засгийн газрын шийдвэрийг шүүх хууль бус байсныг нь тогтоож, хүчингүй болгож ирсэн. Иргэний шүүхээр ч хүчингүй болгосон тохиолдол бий. Засгийн газрын 10 шахам тогтоол Үндсэн хуульд нийцсэн эсэхийг Цэц хянасан.

Шүүх ч хяналтад оршдог. Шүүхийн бүтэц, зохион байгуулалт төдийгүй хэрэглэх хуулийг УИХ баталж байна. Төсвийг нь УИХ баталж өгч байгаа. Хуульчдаас шалгалт авч шүүгчийг сонгон шалгаруулдаг мерит зарчим үйлчилдэг. Шүүгчийг шилж сонгоход Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн мэргэшлийн хороо, Монголын хуульчдын холбоо зэрэг олон байгууллага оролцдог. Шүүгчийн ёс зүйн зөрчлийг шалгаж шийддэг тусдаа хороо ажилладаг. Энэ хороо 2014-2017 онд 42 шүүгчид сануулах, цалин бууруулах, огцруулах шийтгэл ногдуулсан байх жишээтэй.

Юу гэхээр энэ институтууд ямар ч байсан бие биенээ хянаад болох, болохгүйгээ хэлэлцээд явж байна.

Нөгөө талд Монгол өөрөө сонгуулийн ардчилалтай улс. Найман удаагийн парламентын, долоон удаагийн ерөнхийлөгчийн сонгуулиар ялсан талд тайван замаар эрх мэдлээ шилжүүлдэг соёлтой болоод удаж байна. Ингээд харвал одоогийн манай систем огт ажиллахгүй байна гэж хэлэхгүй. 27 жилийн хугацаанд ажиллаад явж л байна. Мэдээж засч залруулах зүйл бий юу гэвэл бий. 

ГУРАВ. Одоогийн Үндсэн хуулийн үнэ цэнэ 

Үндсэн хуулийг батлагдах үеийн тэмдэглэл, протоколыг үзэж судлахаар Монголчуудаас бүрдсэн ажлын хэсэг, Улсын бага хурал, Ардын их хурал нь Үндсэн хуульд оруулсан заалт бүрийг тал талын үндэслэлээр хэлэлцэж олонхоороо шийдсэн байдаг. Бараг хоёр жилийн хугацаанд нийт иргэд болон нийгмийн өөр өөр хэсгийг хамруулан зөвлөлдөж, үндэсний хэмжээний зөвшилцөл үүсгэж батлагдсан учраас 1992 оны Үндсэн хууль хууль ёсны гэж хүлээн зөвшөөрөгдөх чадвар өндөр.

Иргэний үндсэн эрхийг хамгаалах болсон нь онолын үндэслэлтэйгээс гадна түүхэн шалтгаантай.

Монголд социализмын үед, мөн түүнээс ч өмнө ноцтой зөрчигдөж байсан хүний эрхүүдийг дахин зөрчүүлэхгүйн тулд буюу өмнөх шиг шударга бус явдал дахин гарахаас сэргийлэх үүднээс иргэний үндсэн эрхийн заалтуудыг оруулж ирсэн. Жишээ нь, социализмын үед хүн чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэхэд л гадуурхагддаг, цаашлаад шоронд хоригддог, ажил төрөлгүй болдог, цөлөгддөг, бүр цаазлуулдаг байсныг болих нь зөв гэж үзээд л үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гэсэн заалтыг Үндсэн хуульд бичсэн.

Р.Чойном найрагчийг шүлэг бичсэнийх нь төлөө шоронд хорьсноос эхлээд олон арван бодитой жишээг бид мэднэ шүү дээ.

Шашин шүтэх эрх чөлөө гэхэд олон монгол хүн буддын шашин шүтдэг хэвээр байсан ч түүнийгээ нууж шүтэхээс аргагүй байдалд байсан. Марксизм өөрөө хүний амьдралын гол асуудлын олонход өөрийн хариуг тулгаж, бусад хариуг үгүйсгэж байсан утгаараа үзэл суртал төдийгүй шашин байсан ба бусад шашныг үгүйсгэж байсан.

Мөн шударгаар шүүлгэх эрх хангагдаж чаддаггүй байсныг бид төрөөс устгах гэмт хэрэг оргилдоо хүрсэн он жилүүдээс бэлээхэн харж болно.

1937-1939 оны үед гэхэд 30 орчим мянган гэм буруугүй хүнийг буриад, алтан ургынх, лам гэх мэт шалтгаанаар хоморголон алсан. Тэр үед шүүхийн шударга, хараат бус процесс байгаагүйгээс ийм гэмт хэргүүд гарсан. Тэгэхээр ийм эмгэнэлт явдлыг давтахгүйн тулд Үндсэн хуульдаа шударгаар шүүлгэх эрх, шүүхийн хараат бус байдлыг баталгаажуулсан.

Үндсэн эрх болгон дээр бодит түүхэн үндэслэл, гашуун сургамжийг ярьж хэлэлцээд баталсан нь протоколоос харагддаг.

Монголчууд олон улсын хандлагыг дагахаас гадна голчлон өөрсдийн туулсан зовлон зүдгүүрийг давтахгүй байх хүсэл зоригоор 1992 оны Үндсэн хуулиа баталсан.

Иргэд бидний бахархаж, хамгаалж явах ёстой хамгийн эрхэм үнэт зүйлсийг багтаасан учраас энэ Үндсэн хуулиа бид мэдэх, сахих, хамгаалах ёс суртахууны үүрэгтэй.

Үндсэн хуульд тусгагдсан эдгээр хүний эрхийн заалт хэрэгжиж байна уу, үгүй юу гэдгийг хянадаг, хэмждэг институтүүд бий болж байна. Монгол Улсын хувьд иргэний болон улс төрийн эрхүүд ноён нуруугаараа хэрэгжээд явж байгаа нь олон тайлан, судалгаанаас харагддаг. Өөрөөр хэлбэл, шашин шүтэх, үзэл бодлоо илэрхийлэх, сонгох эрх зэргийг өнөөдөр бодит байдлаар бид эдэлж байна шүү дээ.

Freedom House гээд байгууллага эдгээр эрхийг хэр хамгаалж байна гэдгээр нь улсуудыг судалж эрх чөлөөтэй, хагас эрх чөлөөтэй, эрх чөлөөгүй гэж ангилдаг.

Энэ судалгааны дүнгээр Монгол 1991 оноос хойш иргэний болон улс төрийн эрх хангагдаж чадаж байна. Ази-Номхон далайн бүсэд эрх чөлөөтэй гэсэн ангилалд багтсан зургаахан улс байдгийн нэг нь Монгол. Бусад пост коммунист улсын хувьд жишээ нь, Казахстан, Узбекистан зэрэг улс гэхэд хагас эрх чөлөөтэй ч биш ерөөс эрх чөлөөгүй гэдэг ангилал руу орчихсон байна.

ДӨРӨВ. Хамгийн сайныг олоогүй ч одоогоор байгаа хамгийн сайн нь: Ардчилал

Ерөнхийлөгчийн засаглалтай болбол эдийн засгийн хувьд сайхан болчихно гэдэг ойлголт зарим хүнд байх шиг.

Ингэхдээ Ерөнхийлөгчийн засаглал гэдэгт яг юуг ойлгож байна вэ гэдэг нь сонирхолтой. Нэг хэсэг нь АНУ-ын ардчилсан Ерөнхийлөгчийн тогтолцоог ойлгож байгаа байх. Нөгөө хэсэг нь авторитар дэглэмийг хэлээд байх шиг. Үүнийг ялгаж салгаж ярихгүй бол болохгүй.

Зарим хүн АНУ-ын Ерөнхийлөгчийн засаглалыг тэр чигээр нь хуулчихвал эдийн засгийн болон бусад асуудлаа шийднэ гэж хөнгөмсгөөр найддаг.

Гэтэл, Дэлхийн өрсөлдөх чадварын индекс дэх эхний 30 улсыг харахаар 20 нь парламентын засаглалтай, гурав нь Ерөнхийлөгчийн засаглалтай, хоёр нь хагас Ерөнхийлөгчийн засаглалтай, гурав нь хаант, нэг нь коммунист дэглэмтэй байх жишээтэй.

Тэгэхээр эдийн засгийн хувьд хамгийн сайн гэж үзэж болох улсуудын гуравны хоёр нь парламентын засаглалтай байгаа юм. Өөрөөр хэлбэл, заавал Ерөнхийлөгчийн засаглал эсхүл авторитар дэглэм рүү шилжихгүйгээр парламентын засаглалтайгаа эдийн засгийн хувьд хөгжих боломжтой гэдэг нь харагдана.

Үргэлжлүүлээд Транспаренси Интернэшнлийн авлигын индексийг харахад мөн л хамгийн бага авлигатай эхний 30 улсын 21 нь парламентын засаглалтай, дөрөв нь Ерөнхийлөгчийн засаглалтай, хоёр нь хагас Ерөнхийлөгчийн засаглалтай байх жишээтэй.

2018 оны Фрийдом хаусын ранкаар эрх чөлөөтэй гэсэн ангилалд орсон улсуудаас хамгийн өндөр оноо авсан 30 улсын 23 нь парламентын засаглалтай, дөрөв нь Ерөнхийлөгчийн засаглалтай, хоёр нь хагас Ерөнхийлөгчийн засаглалтай, нэг нь өөр тогтолцоотой байсан.

Ардчилсан орнуудыг ч харьцуулсан олон янзын судалгаа бий. 

Дэлхий дээр 100-аас дээш жилээр ардчилсан байгаа улс 14 л байна. Үүнээс ганцхан АНУ Ерөнхийлөгчийн засаглалтай, бусад нь парламентын засаглалтай.

Нөгөө талд парламентын засаглал сонгосноор бүх зүйл сайхан болчихно ч гэсэн үг биш. Гэхдээ энэ засаглалын хэлбэрийг сайн төлөвшүүлж чадвал эдийн засгийн хувьд ч хөгжих, хүний эрх, ардчилал, авлигын эсрэг ажиллах боломж байна гэж хэлэх гэсэн юм. Парламентын засаглалыг сонгочихоод муу ажиллуулбал Унгар шиг дарангуй дэглэм рүү гулсах боломжтой гэдгийг ч санаж байх хэрэгтэй.

Монголчуудын хувьд ч үнэхээр Ерөнхийлөгчийн засаглал хүсээд байна уу, эсвэл гүйцэтгэх засаглалаа илүү үр нөлөөтэй ажиллахыг хүсээд байна уу гэдгээ ялгаж салгах хэрэгтэй. 
 
Яагаад гэхээр өнөөдрийг хүртэл Монголд гүйцэтгэх эрх мэдэл тогтвортой, үр нөлөөтэй байж чадахгүй байна.​ Парламентын тогтолцооныхоо хүрээнд үүнийгээ бид шийдэж чадвал нийгэм, эдийн засгийн асуудлаа шийдэх боломжтой. 
 
 
 


Ярирлцлагыг бүрэн эхээр нь ЭНД дарж унших боломжтой. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x