Индэр    
2019 оны 3 сарын 11
Зураг
Эдийн засагч, шинжээч

Монголын эдийн засгийг тодорхойлох ТАВАН ЗҮЙР ЦЭЦЭН ҮГ

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эдийн засгийн зарим ойлголт бидэнд нарийн төвөгтэй мэт санагддаг. Хэзээ унаж, хэзээ өсөх нь таамаглахад бэрх. Харин тухайн үзүүлэлтүүдийн явдаг жим, замыг нь ойлгосон үед сая тааварлахад арай дөхөм болно. Тиймээс тус онцлогийг нь ойлгох үүднээс зүйр цэцэн үгээр илэрхийлье.

Эдийн засгийн өсөлт

"Хавар хачиг намар өег" 

Манай эдийн засаг зэс, нүүрсний үнийн өсөлт, бууралтаар илэрхийлэгддэг. 2008 оны их хямралын дараа таваарын зах зээл сэргэж, "Оюу Толгой" ч ашиглалтад орсноор дэлхийн хамгийн өндөр өсөлттэй орнуудын толгойд явж байв.

Харин 2014 оноос хойш нөгөө чулууны үнэ буурч, өр ширийн дарамтад орж бараг дампуурах шахсан. 2016 онд нүүрсний үнэ сэргэж, өрийг өрөөр дарж сая нэг эдийн засаг маань амьсгалах хэмжээнд хүрэв. Одоо бидэнд бүрэн амьсгал авч, хүссэнээрээ хөдлөх 2-3 жил байна. 2022 оноос төсвийн орлогын 40 хувьтай тэнцэхүйц гадаад зээлийн эргэн төлөлт биднийг хүлээж байгаа. Мөн тухайн үед түүхий эдийн үнэ унах хандлагатай байгаа зэрэг нь хүнд жилүүд ирж байгааг илтгэж байна.

График 1, Эх сурвалж: ҮСХ

 

 

Инфляц

"Муу нэрийг хусавч арилдаггүй. Сайн нэрийг хүсэвч олддоггүй" 

Ерээд он гарснаар инфляц 324 хувьд хүрч байсан удаа бий. Түүнээс хойш чөлөөт зах зээлийн системд шилжсэн улсад инфляц гэж ийм хортой зүйл байдаг гэдгийг ард иргэд маань яс махаараа шингэтэл ойлгож авав. Хэдийгээр сайн, муугаар дуудуулж ирсэн ч сүүлийн 9 жилд дунджаар 8.5 хувьтай буюу 1 оронтой тоонд байна. Ирэх хоёр жилд төсвийн тэлэх бодлого хэрэгжихээр байгаа нь инфляци хоёр оронтой тоо руу орох эрсдлийг бий болгож байгаа юм. Инфляцийн өсөлт бол иргэдийн орлогоос шууд  хумсалдаг хамгийн хортой зүйлийн нэг. Инфляцийн өсөлтийн нөлөөнд эмзэг давхарга, ядуу өрх, дундаж өрх хамгийн их өртдөг жамтай. 

График 2, Эх сурвалж: ҮСХ

 

 

Ам.долларын эсрэг төгрөгийн ханш

"Алтаар алтдавч өнгө орохгүй, амтатныг идүүлэвч тэнхрэхгүй"

Төгрөгтэй харьцах ам.долларын ханш байнгын л өсөх чиглэлд хөдөлж байдаг. Сүүлийн 10 жилд гэхэд ам.долларын ханш манайд 113 хувиар өсчээ. Эдийн засаг сайн байсан ч, валютын нөөц хангалттай байсан ч долларын ханш улам л чангарсаар түүний эсрэг төгрөг улам суларсаар байна.  2011 онд эдийн засгийн өсөлт 17.3 хувьд хүрч, дэлхийн хамгийн өндөр өсөлттэй эдийн засгуудын нэг байх үед валютын их хэмжээний орох урсгал бий болсноор ам.долларын ханш унаж байжээ. Гэтэл өнгөрсөн гурван жилд тийм зүйл болсонгүй. Алт, валютын нөөцөө нэмэгдүүлээд байхад тусыг эс олов. Энд бодлогын ямар нэгэн алдаа байгаа нь харагдсаар л байна. 

График  3, Эх сурвалж: ҮСХ

 

 

Улсын төсөв

"Хэлж өгөвч чих нь цоорхой, хийж өгөвч сав нь цоорхой"

Манай төсөв эдийн засгийн сайн, муу бүх жилд л алдагдалтай байдаг. 2008-2017 оны хооронд төсөв маань дандаа алдагдалтай явж ирсэн. Азаар нүүрсний үнэ өсч, 2018 оноос төсөв ашигтай гарсан билээ. Сүүлийн 18 жилд манай төсвийн орлого 30 дахин томорчээ. Гэвч төсвийн алдагдал буурахгүй байгаа нь төсвийн үр ашиггай байдал муу байгаагийн илрэл.

График 4, Эх сурвалж: ҮСХ

 

 

Гадаадын шууд хөрөнгө оруулалт

"Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй"

Гадны шууд хөрөнгө оруулалт ирсэн шигээ гараад л явна. Тэдэнд бидний ямар байдалтай үлдэх, яах нь огтхон ч хамаагүй. Харин бид энэ үе дээр нь нөгөө гоё СОЛОНГО гэх мэт үгээ хэрэглээд, эдийн засгаа төрөлжүүлэх ажлаа хийх хэрэгтэй. 2012 оноос хойш манайд хийгдсэн ГШХО нь эдийн засгийн өсөлттэй нягт уялдаатай болохыг харж байна.

Цаашид ч бидэнд энэ хамаарлаас гарахад хэцүү байх болно. Угаас л аж үйлдвэржсэн орнууд хөгжиж буй орнуудаас түүхий эдээ авах замаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Харин бид бүтээгдэхүүнийг нь эргээд өндөр үнэтэй худалдаж авдаг.

График 5, Эх сурвалж: Монголбанк, ҮСХ