Индэр    
2019 оны 3 сарын 1
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

ТАНИЛЦ: Монголчуудын бүтээж буй "Голланд өвчин"-ий II АНГИ

Голланд өвчний тухай бид нэг хэсэг багагүй ярьсан тул энэ ямар учиртай зүйл болохыг тайлбарлалгүйгээр шууд гол асуудалдаа оръё. 

2018 оны арванхоёрдугаар сарын үзүүлэлтээр нийт M2 мөнгөний нийлүүлэлт 19.4 их наяд төгрөгт хүрч 2017 оны мөн үеэс буюу жилийн өмнөхөөсөө 3.6 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна.

Үүнийг 2009 оноос хойш буюу 10 жилийн өмнөхтэй харьцуулбал Монгол Улсын нийт мөнгөний нийлүүлэлт ойролцоогоор долоо дахин нэмэгджээ.

Тэгвэл мөнгөний нийлүүлэлт* их, бага байхын аль нь сайн юм бэ гэдэг асуулт урган гарна.

Эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт тодорхой хэмжээний өсөлттэй байж гэмээнэ дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээ нэмэгдэж, эдийн засаг өсөх нөхцөл бүрддэг. 

Эсрэгээрээ эдийн засаг дахь мөнгөний хэмжээ буурвал эдийн засаг өсөх бус, тодорхой хугацааны дараа агшиж, хямрах сөрөг үр дагавар гардаг. Иймд мөнгөний нийлүүлэлтийг зохистой хэмжээнд байлгах, оновчтой хурдаар өсгөх, тэр өсөлт нь аль болох тогтвортой байх нь эдийн засгийг ЗӨВ удирдах үндсэн зорилтын нэг болох учиртай.

Монгол Улсын ДНБ-ий бодит өсөлтийг нийт М2 мөнгөний нийлүүлэлттэй сүүлийн 13 жилээр харьцуулбал өөр хоорондоо шууд хамааралтай болох нь тодорхой харагддаг.

График 1,  М2 -ын өсөлтийн хувь ба ДНБ-ий өсөлтийн хувь,

Гэхдээ мөнгөний нийлүүлэлт өсөхөөс гадна:

  1. Тухайн өсөлт нь юунаас шалтгаалж байгаа,
  2. Хаанаас бий болж байгаа,
  3. Эдийн засгийн аль секторт мөнгө эргэлдэж байгаа,
  4. Чухам хаана хөрөнгө оруулалт, ажлын байр, орлого, бүтээмж, үнэ цэнэ бий болж байна вэ гэдэг асар чухал юм. Учир нь шалтгаан нөхцөлийг нь харж байгаад зөв, буруугаа оношилж, мөнгөний тохиргоогоо төв банк хийж явах учиртай.
Тодруулбал, Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, эдийн засаг одоогийнх шиг 6.9 хувиар өслөө ч:
  • Иргэдийн орлого нэмэгдэхгүй,
  • Инфляцын өсөлтөөс болж худалдан авах чадвар сайжрахгүй,
  • Хөрөнгө оруулалт нь өсөхгүй бол тэнд ямар нэг юм болохгүй, алдаа гараад байна гэсэн үг.

 

ГОЛЛАНД ӨВЧНИЙ НЭГДҮГЭЭР АНГИ ХЭРХЭН ЭХЭЛСЭН БЭ?

2006-2007 онд мөнгөний нийлүүлэлт 35-56 хувиар өссөн нь 8.6-10.2 хувийн эдийн засгийн өсөлттэй гарах суурь нь болж байж.

Гэтэл 2008 онд нийт мөнгөний нийлүүлэлт -5.6 хувиар огцом агшихад 8.9 хувийн өсөлттэй байсан эдийн засаг ердөө ганцхан жилийн дотор -1.3 хувь болж огцом агшсан байгааг график 1-ээс харж болно. 

Өөрөөр хэлбэл, мөнгөний нийлүүлэлт ба ДНБ-ий өсөлт шууд хамааралтай нь харагдана.

Эдийн засгийн огцом агшилт 2009 онд болоход мөнгөний нийлүүлэлтийг бүрдүүлэгч нэг тал валютын орох урсгал татарсан, мөн түүнийг яг дагуулаад мөнгөний бодлогоо чангаруулснаар төгрөгийн нийлүүлэлт огцом хумигдсан байдаг. Өөрөөр хэлбэл, мөнгөний  бодлогын тохируулга сайн ажиллаагүй байна гэж тайлж болно.

2009-2010 онд ОУВС-гийн Стэнд-Бай хөтөлбөрт орсноор валютын нөөцийг ОУВС хөтөлбөрийн хүрээнд авсан гадаад зээлээр өсгөх болсныг та бүхэн санаж буй байх.

Мөн 2010 оноос гадаад орчин эрс сайжирч, олон улсын зах зээлд түүхий эдийн үнэ өсөж, нүүрс, зэс, төмрийн хүдрийг дагасан валютын урсгал Монголд орж ирснээр валютын нөөцийг өсгөх аятай боломж үүсэж, долларын актив нэмэгдэж, мөнгөний нийлүүлэлт 27-63 хувиар өсөв. Ингэснээр -1.3 хувиар агшчихаад байсан эдийн засаг 6.4 хувийн өсөлтөд хүрэв.

2011-2012 онд Монголын эдийн засгийн дараагийн хүндрэл, хямрал буюу олон улсын хэллэгээр "Голланд өвчин"-д нэрвэгдэж эхлэв. Гэхдээ энэ хямрал 2008-2009 оны доллар, төгрөгийн давхар гачигдал бус, илүүдлийн хямрал байв. Учир нь мөнгөний нийлүүлэлт 63 хувиар өссөн сууринаас 2011 онд 37 хувиар, 2012 онд 19 хувиар өсөхөд ДНБ харгалзан 17.3 хувь, 12.3 хувиар тус тус өссөн ч тэрхүү өсөлт нь иргэдэд наалдаагүй, хоосон хөөсөрч, дараа нь хагарсан байдаг.

Шалтгаан нь уул уурхайн орлого, уул уурхайг дагасан мөнгөний урсгал (ОТ-н хөрөнгө оруулалт голлон нөлөөтэйг бид мэднэ), өндөр инфляц, төсвийн замбараагүй зарцуулалт, төсвийн үр ашиггүй тендер, их хэмжээний барааны импорт, агшин зуурын хэт өндөр хэрэглээ гаарч, сүүлдээ өр зээл хүртэл тавьж улс төрийн амлалтаа биелүүлэх зорилгоор Хүний хөгжил сангаас бэлэн мөнгө асар их тараасан байдаг.

Уг нь энэ цаг үед төсвийн сахилга баттай байж, инфляцаа бууруулж, хувийн хэвшилдээ хөрөнгө оруулалт хийж, дотоодын бизнес, үйлдвэрлэл, ажлын байр руугаа мөнгөний нийлүүлэлтийг чиглүүлж чадсан бол 2013-2018 оны эдийн засгийн бүх үзүүлэлт хамаагүй өөр байх магадлалтай байв. 

2012 оны хоёрдугаар хагасаас эхлэн гадаад орчин муудаж, түүхий эдийн үнэ унаж, гадаадын хөрөнгө оруулалт буурсан. Энэ үед бид "Голланд өвчин" туссанаа мэдэв. Асар өндөр инфляцтай, асар их хэмжээний худалдааны алдагдалтай, хэзээ мөдгүй хямралд ороход бэлэн эдийн засгийн маш хэврэг, муу хөрс тэр үед бүрэлдсэн байжээ. Экспорт унаж, гадаадын хөрөнгө оруулалт татарснаар дотоод эдийн засгийн үзүүлэлтүүд эрсдэл дохиолж эхэлж. Өөрөөр хэлбэл, хэт их хөөсрөлийн гор гарсан. Уналт ямар хэмжээнд хүрэхийг таамаглахад хэцүү учир зөөлөн газардуулалт гэх мөнгөний бодлого хэрэгжсэн байдаг. 

График 2, Монгол Улсын ГШХО, эх сурвалж: ҮСХ

Нэгэнт валютын орох урсгал эрс саарсан 2013-2014 онд эдийн засгийн тодорхой бодит салбаруудад банкны салбараар дамжуулан зээл олгох, дэд бүтцийн салбаруудад хөрөнгө оруулалтыг нэмэх замаар мөнгөний нийлүүлэлтийн бууралтыг зөөлрүүлэх, эдийн засгийн хүндрэлийг сааруулах бодлого буюу монголчууд бүх асуудлаа төгрөгөөр шийдэх гэж оролдсон он жилүүд байсан гэж хэлж болно.  

2013-2014 оны мөнгөний бодлого 2008-2009 оны эдийн засгийг огцом агшаасан бодлогоос 180 хэм өөр буюу валют багассан үед мөнгөний нийлүүлэлтээ бууруулсан алдааг давтахаас сэргийлсэн алхам гэж харж болох аж.

Тодруулбал, найман хувийн хүүтэй ипотекийн зээл, үнэ тогтворжуулах хөтөлбөр, орон сууцны барилгын нийлүүлэлт, зам харилцаа, цахилгаан станц, дотоодын үйлдвэрлэл рүү чиглэсэн олон хөтөлбөр энэ үед хэрэгжиж, тэр хэрээр эдийн засгийн салбарт мөнгөний нийлүүлэлт хийгдсэн байна. Мэдээж энэ бүх хөтөлбөр зөв, буруу байсан тухай бид өнөөдрийг хүртэл маргаж буй. Гэхдээ энэ бодлого хэрэгжээгүй бол дор үзүүлсэн график 3-т хэрхэн нөлөөлөх байсан бол гэдэг асуултад уг нь тоо бодож чаддаг эдийн засагчид хариулах ёстой.

График 3, Нийт ажилгүй иргэдийн тоо болон ДНБ-ийн өсөлтийн хувь, ҮСХ

График 4, БҮРТГЭЛТЭЙ ажилгүй иргэдийн ХУВЬ болон ДНБ-ийн өсөлтийн хувь, ҮСХ

Дээрх графикаас харвал хэдийгээр зах замбараагүй тэлсэн ГШХО, төсвийн орлого буурсан ч мөнгөний бодлогын олон төрөлт хөтөлбөрийн дүнд ажлын байраа хадгалж авч үлдсэнийг харж болно.  

Гэхдээ тухайн үед ийм олон хөтөлбөр хэрэгжээд байхад л 2013-2014 онд мөнгөний нийлүүлэлт 2006, 2007, 2010, 2011 оных шиг 35-63 хувийн өсөлт үзүүлсэнгүй, ердөө 13-24 хувиар л өсчээ. Үүний цаана эдийн засгийн өсөлт 8-12 хувьтай гарч байж. Өөрөөр хэлбэл, эдгээр хөтөлбөр байхгүй байсан бол гэж үзээд мөнгөний нийлүүлэлтээс хасчихвал эдийн засаг 2013-2014 онд өсөлттэй гарах бус, шууд гүн хямрал руу гулсах байсныг үгүйсгэхгүй.  Ямартай ч энэ нь тухайн үеийн гарцаагүй сонголт байсныг график 1, 3-аар нотлогдох ажээ. 

Дээрх хөтөлбөрүүд гурван жилийн хугацаатай хэрэгжиж 2015 онд дуусав.

Эдийн засаг руу мөнгө нийлүүлэх боломж үүгээр дуусгавар болсон бөгөөд ингэснээр мөнгөний нийлүүлэлт 2015 онд -6 хувиар агшсан байдаг. Үүний сөрөг үр дагавар нь ДНБ-ий  өсөлт 1-2 хувьд хүрч буурчээ. Гэхдээ хамгийн чухал нь энэ үед инфляц 1% болж буурсан, гадаад худалдаа ашигтай болсон, санхүүгийн салбар тогтвортой хэвээр байсан зэрэг эерэг үзүүлэлтүүдтэй болсон нь өмнөх хямралуудын дараах нөхцөлөөс тэс өөр цаг үе гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, монголчууд ашигт малтмалын үнээс хамаардаг Голланд өвчний эсрэг эмчилгээг хийх гэж оролдсон он жилүүд байв. Үүнийг нотлох төлбөрийн тэнцлийн статистик түүхийг та шалгах боломжтой.

ГОЛЛАНД ӨВЧИН ХОЁРДУГААР АНГИЙГ БИЧИЖ ЭХЭЛСЭН НЬ

2016 оны сүүлчээс гадаад зах зээл дахин сайжирч, түүхий эдийн үнэ өсөж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж эхэлжээ.

Жишээ нь, 2015 онд 0.5 тэрбум доллар байсан нүүрсний экспорт 2018 онд 2.8 тэрбумд хүрч, түүхэн дээд рекорд тогтоов. Бараг байхгүй шахам болтлоо татарсан гадаадын хөрөнгө оруулалт хоёр тэрбум доллар орчим болж нэмэгдэв. (график 2)

ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд гадаадаас ихээхэн зээл, санхүүжилт авснаар валютын нөөц өсчээ. Улмаар гадаад орчин, валютын нөөц дээр гарсан эерэг өөрчлөлт нь 2017-2018 онд мөнгөний нийлүүлэлтийг 23-31 хувиар өсгөв. Энэ нь ДНБ-ий өсөлт сүүлийн хоёр жилд 5-7 орчим хувьтай гарах суурь нь болжээ гэдгийг мөн график 1 дахин баталж байна.

Түүх давтагдаж байгаа мэт санагдаж байна уу? Төсөв ашигтай гарсныг улс гайхуулж, ашигт малтмалаас олсон орлогоо иргэддээ тарааж өгөх эсэх тухай бид маргаж сууна.

ЯАГААД БИД ӨВЧНӨӨ ШИНЖЛЭХ УХААНЧААР ОНОШЛОХГҮЙ ӨДИЙ ХҮРЭВ

Өнөөдөр монголчууд бидний орлого юунаас хамааралтай байдгийг бид бүрэн ойлгосон гэж найдна.

Гэтэл энэ орлого маань тун найдваргүй гэдгийг дээрх графикууд батлах аж. Энэ бүх тоо одоо Монголбанк, Үндэсний Статистикийн Хорооны сайтуудад бий. Яагаад бид үүндээ эрүүлээр оношлогоо хийхгүй байна вэ гэдэг нь асуудлын гол. 

Мөнгөний нийлүүлэлт ба эдийн засгийн өсөлт өөр хоорондоо ийнхүү шууд хамааралтай боловч тоон үр дүнгээс гадна чанарын үр дүн илүү чухал болохыг сүүлийн хэдэн жил дэх монголчуудын амьдрал нотоллоо. Өөрөөр хэлбэл, Голланд өвчнөө зөв оношилж, эмчлэхгүй л бол бид зовлонгоос хэзээ ч үл сална.

Юу гэхээр эдийн засгийн өсөлт:

  • Өрх гэр, иргэн, аж ахуйн нэгжид хүрч чадаж байна уу?
  • Аль эсвэл энэ өсөлт бидэнд наалдахгүй алга болоод байна уу?
  • Уул уурхайгаас бусад салбар өсөж өндийх эрүүл хөрс бий болж чадаж байна уу?
  • Иргэдийн бүтээмж нэмэгдэж байна уу?

2017-2018 оны нөхцөл байдлаас харахад гадаад орчин сайжирсан, валютын нөөц өссөн, төсвийн алдагдал буурсан, зээл олголт өссөн, эдийн засгийн идэвхжил харьцангуй сайжирсан зэрэг сайн үр дүнгүүд байгаа.

Гэхдээ үүний эсрэг талд инфляц өссөн, төгрөгийн ханш огцом суларсан, өрхийн бодит орлого төдийлэн нэмэгдээгүй, ажлын байр дорвитой өсөөгүй, хувийн хэвшил, эдийн засгийн бодит салбарт дэмжлэг очоогүй, эдийн засгийн бүтэц өнөөх уул уурхайгаас бас л гүн хамааралтай хэврэг хэвээр, бүтцийн шинэчлэл хийгдэхгүй байгаа зэрэг ахиц дэвшил гараагүй, сөрөг хандлага бүхий зүйлс олон байна.

Өөрөөр хэлбэл, орлогын гол эх үүсвэр болох ашигт малтмалын үнэ буцаад буухад бид эргээд хямрал руу авралгүй гулсан орох эрсдэл байсаар байна гэсэн үг юм.

Чанартай дундаж давхарга бүрдээгүй, орлогын шинэ эх үүсвэрүүд тоймтой үүсээгүй байгааг 2018 оны ДНБ-ий задаргаа батлах ажээ.

График 5, ДНБ-ий өсөлт ба задаргаа,

Энэ бүхэн нь мөнгөний нийлүүлэлтийг эдийн засагт зөв удирдан залахгүй, очих ёстой газар руу нь чиглүүлэхгүй, оновчтой сувгаар урсгахгүй байгаатай л шууд холбож тайлбарлагдана.

Өөрөөр хэлбэл, нийгэмд бий болж буй баялгийг дараагийн шинэ баялаг бий болгох мөнгөний үржвэрийг ашиглаж чадахгүй байна.

Энэ нь Монгол Улс Голланд өвчний хоёрдугаар ангийг давтах оршлоо өнгөрсөн гурван жил амжилттай тавиад буйг харуулна. 

Өнөөдөр Монголын эдийн засагт мөнгө нь бол байна. Харин мөнгийг тогтвортой ажлын байр, зохистой хөрөнгө оруулалт, бүтээмжийн өсөлт, эдийн засгийн өрсөлдөх чадварын нэмэгдэл болгож хувиргадаг бодлого нь алга. 

Үүнийг гэрчлэх тоо олон байх аж. 

График 3, 4-с  харвал эдийн засгийн гайхамшигтай сайхан өндөр өсөлт Монголын зовлонг нимгэлж чадахгүйгээр үл барам бүр иргэдийн орлого доллараар бол буурчихаад байгааг бид баталсан билээ.

Өөрөөр хэлбэл, өсөлт нийт иргэдэд хүртээмжгүй байсаар байна. Гэтэл төсвийн зардал улам бүр нэмэгдэж, түүнийг дагасан импорт өссөөр байгаа нь баялаг хэнд хуваарилагдаж байгааг олж харах нэг сэжүүр юм. 

Өвчин далд хэлбэрт оршсоор л байна. 

 

 

 

 

 



Энэ удаагийн өгүүллээр мөнгөний бодлого Голланд өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч чадахгүй байгааг нотлохыг хичээлээ.

Мөнгөний бодлогыг төв банк хэрэгжүүлдэг.

Тэгвэл өвчнөө бид хэрхэн анагаах вэ? Энэ цуврал "Голланд өвчин -2: Төсөв, түүний зохистой зарцуулалт/Баялгийн сан" сэдвээр "УИХ-ын гишүүдэд зориулсан хичээл"-ээр үргэлжлэх болно.

Таны мэдлэгт*


Мөнгөний нийлүүлэлт гэж юу вэ?

Мөнгөний нийлүүлэлт гэдэг нь тухайн улс орны хэмжээнд мөнгөний үүргийг гүйцэтгэж байгаа бүх төрлийн активыг хэлнэ. Мөнгийг хөрвөх чадвараар нь дараах байдлаар ангилна:

  • 1. Мөнгө0(M0) Банкнаас гадуур гүйлгээнд байгаа бэлэн мөнгө
  • 2. Мөнгө1(M1) М0+Банкны харилцах болон хугацаагүй хадгаламжинд байгаа мөнгө
  • 3. Мөнгө2(M2) М1+Банкны хугацаатай хадгаламж болон бүх төрлийн валютын хадгаламжууд

Эдийн засагт мөнгө хэчнээн хурдан эргэж байна төдий чинээ бага мөнгө шаардлагатай байна. Бэлэн мөнгө ба хадгаламжийн харьцааг Төв банкнаас зохицуулах боломжгүй бөгөөд эдийн засгийн хувьд бэлэн мөнгө аль болох бага байх нь үр ашигтай. Мөнгөний нийлүүлэлтийг тухайн улсын төв банкнаас зохицуулдаг бөгөөд хүүгийн түвшнээс хамаардаггүй харин хүүг тодорхойлогч болдог.

График, Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт