Индэр    
2019 оны 1 сарын 29
Зураг
iKon.mn сэтгүүлч

Монгол Улс яагаад авлигад улам автсаар байна вэ?

Зураг

Олон улсын “Транспаренси Интернэшнл” байгууллага 1995 оноос хойш дэлхийн улсуудын “Авлигын төсөөллийн индекс”-ийг жил бүр гаргаж байгаа билээ.

Энэхүү индексээр дамжуулан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа эсэх, төрийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа эсэх, Засгийн газар авлигын эсрэг үр дүнтэйгээр тэмцэж, шударга байдлыг төрийн салбарт хэвшүүлж байгаа эсэх зэрэг төрийн үйл ажиллагааны олон чухал үзүүлэлтээр улс орнуудын авлигын түвшнийг тодорхойлон дүгнэдэг юм.

Тэгвэл өнгөрсөн 2018 онд "Авлигын төсөөллийн индекс" дэлхийн 180 оронд ямар хэмжээнд байсныг өнөөдөр буюу нэгдүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатарын цагаар 13:00 цагт зарлана. Үүнтэй холбогдуулан бид дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Авлигын төсөөллийн индексийг тухайн орны төрийн салбарын авлигыг дүгнэсэн экспертүүдийн үнэлгээнд үндэслэн гаргадаг аж. Авлигад өртсөн байдлыг 180 улсын түвшинд жагсаан 100 хүртэлх оноогоор дүгнэдэг. "100" оноо авсан улс авлигагүй хэмээн үнэлэгддэг бол "0" оноо руу дөхөх тусам авилгын аюултай түвшинд улам ойртдог.

Монгол Улсын сүүлийн 5 жилийн авлигын индекс:

  • 2013 онд- 38 оноо буюу 176 орноос 87-р байрт
  • 2014 онд- 39 оноо буюу 176 орноос 87-р байрт
  • 2015 онд- 39 оноо буюу 176 орноос 87-р байрт
  • 2016 онд- 38 оноо 176 орноос 87-р байрт жагсаж ирсэн бол
  • 2017 онд- 36 оноо авч, 180 орноос 103 дугаар байрт буюу өмнөх жилээсээ 16 байраар огцом ухарсан байдаг.
  • 2018 онд энэ оноо хэд болж өөрчлөгдөх бол?
 

Өнгөрсөн жилийн хувьд манай улс 36 оноо авч 16 байраар ийнхүү хол ухарсан нь хуулийн засаглал дахь шударга байдлын үнэлгээ буурсантай холбоотой бөгөөд улстөрчдийн нөлөө, авлигын эрсдэл прокурор болон шүүгч нарын шийдвэрт нөлөөлж байгаа байдал, төрийн байууллагууд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд зохиомол бэрхшээл, саад тотгор учруулж, улмаар авлигын шалтгаан нөхцөлийг үүсгэж байгаа зэрэг асуудлууд авлигын индексээр сүүл мушгих гол хүчин зүйл болсныг анхаарах шаардлагатай.

Үүнийг дэлгэрүүлбэл, манай улс Дэлхийн шударга ёсны төсөл, Улс орнуудын хуулийн засаглалын индекс хоёр оноогоор мөн буурсан юм.

Түүнчлэн Ази Номхон далайн бүс нутгийн авлигын дундаж индекс 44 байсан бол Монгол Улс 36 оноо авсан нь бүс нутгийн хэмжээнд хэр зэрэг хоцронгуй байгааг мөн харуулж байгаа юм. Хамгийн сайн гүйцэтгэлтэй бүс нутгаар Баруун Европын орнууд 66 оноотойгоор бичигджээ.

 
Ази Номхон далайн бүс нутгийн дундаж

Жил бүрийн “Авлигын төсөөллийн индекс” /АТИ/-ийн зэрэглэл өөрчлөгддөг. Энэ нь мэдээж тухайн орны оноонд өөрчлөлт орсон болон бусад улс орны оноонд өөрчлөлт орсон тохиолдолд улс орны зэрэглэл ахиж, эсвэл арагшилдаг.

2017 онд л гэхэд АТИ-ийг авлига багатай, эерэг үзүүлэлттэйгээр тэргүүлсэн таван улсад Шинэ Зеланд , Дани 89, Финланд, Норвеги, Швейцар 85, Сингапур 84 оноотойгоор бичигдсэн байна.

АТИ-ийг тэргүүлсэн эдгээр оронд ажиглагдаж буй нийтлэг шинж нь хэвлэлийн эрх чөлөө өндөр, төсвийн зарцуулалтад тавих иргэдийн хяналт хүчтэй, шүүх засаглал нь шударга, баян ба ядуу хүмүүст тэгш хандах, төрийн бусад байгууллагаасаа хараат бус байдал зэрэг юм.

Харин 180 улсаас хамгийн сүүлд Сомали, Өмнөд Судан, Сири, Афганистан, Иемен, Судан улсууд нэрлэгдэж, 14, 12, 9 оноо авчээ. 

Хамгийн бага оноо авсан эдгээр улс орны хувьд дайн тулаантай, засаглал нь сул, цагдаа ба шүүх засаглал муу, хараат байдал ихтэй, хэвлэлийн эрх тааруу гэсэн нийтлэг шинж ажиглагдаж буй талаар өнгөрсөн жилийн индексэд онцлон харуулсан байна.

Аль ч улс авлигаас ангид байх бүрэн боломжгүй хэдий ч оноогоороо дээгүүрт жагссан улсуудыг харвал нээлттэй засаглал, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, иргэний эрх, эрх чөлөө, хараат бус шүүхийн тогтолцоо зэргээрээ дэлхийд тэргүүлдэг улсууд байгаа юм. Харин доогуур жагссан орнуудад авлигачид ял шийтгэлгүй өнгөрдөг, ядуу засаглалтай, сул дорой институттэй зэрэг байдал давамгайлсан байна.

Мөн сүүлийн таван жилийн АТИ үзүүлэлт зогсонги байдалд байгаа нь авлигын эсрэг хууль эрх зүйн томоохон өөрчлөлтийг улс орнууд төдийлэн  хийгээгүйтэй холбоотойг судалгааг гаргасан Транспаренси Интернэшнл байгууллага тайлбарлав.

Тэгвэл энэхүү "Авлигын төсөөллийн индекс”-ээр Монгол Улсын дунджийг тодорхойлдог эх сурвалжийн талаарх мэдээллийг хүргэж байна:

АТИ-ийн дунджийг тодорхойлоход:

  1. Төрийн салбарын авлигын төсөөллүүдийг хэмждэг,
  2. Найдвартай мэдээллийг нэр хүндтэй байгууллагаас,
  3. Олон улс орны харьцуулах боломжтой,
  4. Тоон шинжилгээ,
  5. Урт хугацаагаар харьцуулах боломжтой зэрэг шалгуур үзүүлэлтийг давсан байх шаардлагатай байдаг аж.

Дээрх шаардлагыг давсан, 2017 оны Монгол Улсын мэдээллийн эх сурвалж болсон есөн байгууллага нь:

1. World Bank Country Policy and Institutional Assessment - Монгол Улс авбал зохих 100 онооноос 2017 онд 43 оноо авсан

Тухайн улсыг 16 шалгуураар үнэлдэг ба эдийн засгийн менежмент, бүтцийн бодлого, нийгмийн бүх нийтийн оролцоог хангасан, тэгш хүртээмжтэй бодлого, төсвийн менежмент ба институтүүд зэрэг дөрвөн том бүлэгт хуваан авч үздэг. 

2. World Economic Forum Executive Opinion Survey - Монгол Улс авбал зохих 100 онооноос 2017 онд 30 оноо авсан

Нийт 133 орны 12,775 бизнесийн гүйцэтгэх удирдлагын саналыг тусган, тухайн орны бизнесийн орчныг үнэлсэн асуултуудад хариулах замаар  гаргадаг. Тухайлбал, тухайн улсад бизнес хийхийн тулд авлига аль нөхцөлд өгдөг, төсвийн мөнгийг авлигын замаар хувь хүн, компанид шилжүүлж болдог эсэх зэрэг асуултыг дэлхийн бизнес эрхлэгчдээс асуусан байна. 

3. Global Insight Country Risk Ratings - Монгол Улс авбал зохих 100 онооноос 2017 онд 35 оноо авсан

Нийт 30 оронд 5,100 судлаач, шинжээчийн хамт макро эдийн засгийн болон салбарын дүн шинжилгээг хийдэг байгууллага юм. Мөн тухайн оронд ажиллаж, амьдарч буй мэргэжилтнүүдийг оролцуулан салбар тус бүр дээрх үнэлгээг асуудал тус бүрээр үнэлдэг. Тухайлбал, гар цайлгахаас эхлээд улс төрийн өндөр түвшний авлигын асуудлыг хүртэл хамруулан судалдаг аж.

4. Bertelsmann Stiftung Transformation Index - Монгол Улс авбал зохих 100 онооноос 2017 онд 41 оноо авсан

Нийт 129 орны Менежмент Индекс ба статус индексийг 17 шалгуурын 52 асуултаар үнэлдэг. Тус байгууллагаас нэг улсад хоёр мэргэжилтэн ажиллаж, тухайн орны шилжилтийн болон менежментийн үзүүлэлтийг бичмэл болон тоон хэлбэрээр гаргадаг байна.

5. IMD World Competitiveness Center World Competitiveness Yearbook Executive Opinion Survey - Монгол Улс авбал зохих 100 онооноос 2017 онд 33 оноо авсан

Дэлхийд авлига багатай орнуудын дээгүүрт бичигддэг Швейцарын бизнесийн сургуулийн гаргадаг судалгаа бөгөөд уг судалгаагаар тухайн улсын өрсөлдөх чадварт хэрхэн нөлөөлж байгааг харуулдаг байна. Судалгаанд нийт 333 шалгуурыг ашигладаг аж.

6. World Justice Project Rule of Law Index Expert Survey - Монгол Улс авбал зохих 100 онооноос 2017 онд 36 оноо авсан

Энэхүү судалгаагаар тухайн улс дахь хуулийн засаглалын дүр төрхийг үзүүлдэг. Шалгуур нь 53 асуулт бүхий дөрвөн үндсэн бүлэгтэй. Үүнд төрийн албан хаагч гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд албан тушаалаа хувийн ашиг сонирхолд ашигладаг эсэхээс эхлүүлэн цагдаа, цэргийн салбарт төрийн албан хаагч хувийн ашиг сонирхлоор шийдвэр гаргадаг эсэх хүртэл мэдээллийг олон нийт, хуульч болон судлаачдаас цуглуулдаг байна.

7. The PRS Group International Country Risk Guide- Монгол Улс авбал зохих 100 онооноос 2017 онд 32 оноо авсан

Тухайн улсын стратегийн ач холбогдолтой бизнесийн мэдээлэл болон анализыг хөрөнгө оруулагч нарт хүргэдэг судалгаа юм. Тухайлбал, оюуны өмч, оюуны өмчийн эрх ба эрсдэл, хүний нөөцийн чанар, улс төр нийгэм дэх авлига болон бусад системийн давуу ба сул талыг голчлон хардаг.

8. Varieties of Democracy /V-Dem/- Монгол Улс авбал зохих 100 онооноос 2017 онд 35 оноо авсан байна

Энэхүү үзүүлэлт нь ардчиллыг хэмжих шинэ аргачлал ба зөвхөн сонгууль төдийгүй ардчиллын гол үзүүлэлт болох либерал, иргэдийн оролцоот, олонхын сонголт, зөвшилцсөн, зарчимтай, жинхэнэ ардчиллын төлөөх зорилго тавьсан эсэхийг хэмжихүйц баримтуудыг цуглуулдаг байна.

Энэ аргачлалаараа дэлхийн 170 улсын 2,500 гаруй судлаачтай хамтран 16 сая мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүгнэлт гаргажээ.

9. Economist Intelligence Unit Country Risk Service - Монгол Улс авбал зохих 100 онооноос 2017 онд 37 оноо авсан байна

Төсвийн захиран зарцуулалтын хувьд тодорхой дүрэм журам, хариуцлагын тогтолцоо байгаа эсэх, төсвийн хөрөнгийг сайд албан тушаалтнууд хувийн, эсвэл намын улс төсрийн зохицуулалттайгаар хууль бусаар зарцуулдаг эсэхээс авахуулаад албан тушаалд дэвших, гэрээ хийхийн тулд авлигадах явдал байдаг эсэх мэдээллийг дүгнэдэг байна.

Эдгээр баталгаат есөн эх сурвалжийн бэлтгэсэн судалгаа, тоцооллын үр дүнд Монгол Улсын авлигын индексийн дунджийг тодорхойлдог аж.

 
Монгол Улсын Авлигын төсөөллийн индексийн дундаж

Манай улсад авлига буурахгүй төдийгүй сүүлийн үзүүлэлтээр улам ухарсны гол шалтгаан нь улстөрчид авлигыг бууруулах лоозон төдий бус, бодит санаачилга гаргахгүй байх, улстөрчид амлалтаа биелүүлэн, хүчин чармайлтаа нэмэгдүүлж, амьдралд хэрэгжүүлэхгүй байх, авлигатай тэмцэх газар нь хангалттай бие даасан, хүрэлцэхүйц нөөцтэй бус зэргийг "Транспаренси Интернэшнл" тодотгожээ.