Индэр    
2019 оны 1 сарын 28
Зураг
Эдийн засагч, шинжээч

Би л лав ЦАГААЧИЛЛАА…

Зураг

Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр байнга амьдран суухаар Монгол Улсаас гарч явахыг цагаачлах гэнэ” гэж тодорхойлжээ. Сүүлийн үед манайхан боломж гарвал гадаад руу гарах, ажиллах тухай ярьдаг болжээ. Дурын хүний амнаас “БИ Л ЛАВ ХАРЛАЛАА, ЦАГААЧИЛЛАА”- гэсэн үг унах болов.

Өнөөгийн нийгмийн ороо бусгаа байдал, өдөр шөнөгүй ажиллах ч өсдөггүй цалин, өөд гардаггүй амьдрал зэрэг нь мэдээж энэхүү шилжилтийн шалтгаан болсон. Энд хийж байгаатайгаа яг адилхан ажил хийгээд л эндхээс 3-4 дахин их хөлс авах боломж байсаар байхад тийш тэмүүлэхгүй хэн байх билээ. Авдаг мөнгөндөө амташсаар одоо жаахан, ахиад жаахан гэсээр нэг мэдэхэд л 5-10 жилийг ардаа орхино. Гэвч энэ нь сайхан амьдрал мөн, эсэх талаар бүхий л шашинд тодорхой номлодог. Тухайлбал, Библийн сургаальт үгст хамгийн баян, хамгийн сайхан эхнэрүүдтэй, хамгийн цэцэн цэлмэн Соломон хаан хүртэл сэтгэлийг нь дүүргэх зүйлс байхгүй болохыг өгүүлсэн байдаг.

Дэлхийн улс орнуудын цагаачид болон дүрвэгсэд: СИРИ улс

Энэ зөвхөн Монголд ч бий болж байгаа үзэгдэл биш. 2017 оны дэлхийн цагаачлалын тайлангаар Африкийн орнуудаас 9 сая, Азийн орнуудаас 20 сая хүн Европ руу тус тус дүрвэжээ. Харин Америк руу Азийн орнуудаас 17 сая хүн, Өмнөд Америкийн орнуудаас 26 сая хүн тус тус шилжсэн байна. Хамгийн шилжилт өндөртэй байгаа улсуудыг авч үзвэл ихэнхдээ иргэний дайнтай Ливи, Сири, Украин, Венесуэль гэх мэт улсууд байгаа юм. Үүнээс онцлон өөрийн нүдээр харсан СИРИйн дүрвэгсдийн талаар сийрүүлье.

Түүхэндээ Торгоны замын гол төв болж байсан Сири улс нь стратегийн ач холбогдол бүхий газартай төдийгүй газрын тосны арвин баялагтай. Гэвч бурхнаас заяасан гэж боддог баялаг нь тэдэнд туссан хараал байсан юм. Учир нь Арабын нэгдсэн Сири улс ийм том өгөгдөлтэй байсныхаа төлөө том гүрнүүдийн золиос болж, тус улсад иргэний дайн дэгдсэн. Тэдний бурханд, эсвэл чөтгөрт ч байна уу төлсөн төлөөс нь зөвхөн үүгээр дуусаагүй юм.

Нийтдээ 6 сая орчим сири хүн дүрвэснээс Турк улс руу 3.3 сая орчим хүн буюу хамгийн олон иргэн нь гарчээ. Турк улсад цагаачилсан эдгээр иргэн хэрхэн амьдардгийг харахад нүд хальтрам. Эцэг, эх, ах, дүүсийнхээ аль нэгийг дайнд алдсан тэдэнд гашуудаж суух ч цаг байхгүй. Хэл мэдэхгүй учраас зарим охид, эмэгтэйчүүд нь биеэ үнэлж, эрчүүд нь хөдөлмөрөө хямд зарж, хүсэхгүй нэг нь хулгай хийнэ. Харин хөгшид, хүүхдүүд нь хаа сайгүй гуйлга гуйж харагдана. Шашин нэгтэй тулдаа л Туркүүд тэднийг хүний ёсоор хүлээн авсан хэдий ч хулгай хийж, гуйлга гуйж, тайван байдлыг нь алдагдуулж байгаа хүнд хэн дуртай байх билээ. Удалгүй бүгд л сиричүүдийг илүүд үзэж эхэлсэн. Хоноц хоноцдоо дургүй гэдэг шиг Туркэд амьдардаг гадаадууд хүртэл үзэхээ байсан.

Үнэндээ энэ ард түмэнд ямар ч буруу байхгүй. Зүгээр л гаднаас шидэлцсэн тэр чулуунд ухаан мунхаг удирдагчид нь оногдож, эцэстээ дотроо хагаралдан иргэний дайн дэгдсэн хэрэг. Эзэд нь байхгүй юм чинь үлдсэн газрыг нь гадныхан тонож, хулгай зэлгий ч газар авсан. Хамгийн ойрын хөршүүд болох Турк, Ирак зэрэг улсаас газрын тосыг нь ямар ч үнэгүй хулгайлсаар байгаа.

Дайнаас болж гэр бүлээ алдсан Васиф хэмээх нэгэн сири залуугийн ярьснаар бөмбөгдөлт тус хотод өдөр бүхэн болохыг хараад хэдийнэ дасчихсан гэсэн. Харин хаана унах бол гэж бүгд таамагладаг гэж байв. Тэрбээр үргэлжлүүлэн ярихдаа "Орой унтах үедээ маргааш сэрэх эсэхээ ч хэлж мэдэхгүй. Зөвхөн Аллахад л залбирч, бүхнээ даатгадаг байсан. Тиймээс бид ямар ч аргаар хамаагүй, амар тайван газар байвал тийш дүрвэхээр шийдсэн. Чи их азтай. Чиний эх орон амар амгалан. Чи энд суралцаад, эх нутагтаа буцаж, ихийг хийж бүтээнэ гэсэн мөрөөдөлтэй байхад бидэнд эх нутагтаа буцна гэсэн итгэл найдвар алга" хэмээн өгүүлсэн юм.

Үнэндээ эгзэг нь таарвал ямар ч баялагтай, баян, агуу түүхтэй улс байлаа гээд түүхийн хөрснөөс арчигдах боломж өндөр байна. 2017 оны Дэлхийн цагаачлалын тайланд дурьдсанаар цагаачлагчдын жилийн дундаж өсөлт 6 хувиас дээш улсуудад ерөнхийдөө иргэний дайн дэгдсэн байдаг(2000-2017 оны хооронд). Харин цагаачлагчдын жилийн дундаж өсөлт 4-6 хувьтай улсууд дунд 3 гаруй сая хүн амтай Монгол Улс багтаж байгаа юм.

Монголчууд иргэний дайнтай улс шиг л гадагш цагаачилж байна

Монгол Улсын хувьд ажиллах зорилгоор гадаадад гарсан иргэд 2010 онд ердөө 5,000 байсан бол 6 жилийн дотор 304,000 болтлоо өсжээ. Цөөхөн хүн амтай монголчууд бид хүн амынхаа 10 орчим хувь, ажиллах хүчнийхээ 23 хувийг гадагш гарган ажиллуулж байна гэсэн үг. Аль болох л эрүүл чийрэг, идэр залуучууд нь харь нутагт очоод хар ажлын эрэг, шураг болоод дуусах нь.

График 1. 

 

Харин гаднын зарим хүмүүсийн хувьд Монгол орон диваажин болж байна. Ялангуяа, байгалийн баялаг, мал аж ахуй гэх мэт гадныханд байдаггүй зүйлс тэдний сонирхлыг татдаг. Монголын хилээр нэвтэрсэн гадаадууд нь 2010 оноос хойш ерөнхийдөө буурах хандлагатай бөгөөд 2016 онд 471,000 хүн орж иржээ. Хувийн журмаар орж ирэгсэд аажим бууралттай, аяллаар орж ирэгсэд харьцангуй тогтмол байгаа бол ажиллах зорилгоор орж ирсэн гадныхан алгуур өсжээ. 2010 онд Монгол Улсад ажиллах зорилгоор орж ирсэн иргэд 22,000 байсан бол 2016 он гэхэд 123,000 болж нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, гадаад руу ажиллах зорилгоор явсан монголчуудын гуравны нэгтэй тэнцэхүйц гадаадуудыг Монголдоо ажиллуулж байна гэсэн үг. 

График 2.

 

Гэвч арай өндөр боломж хайж, арай их цалин хүссэндээ гадагш ажиллахаар зорьж буй монголчууд бидэнд тулгарч байгаа хамгийн томоохон сорилтуудыг онолын үүднээс нь товчлон хүргэе. Энэ чиглэлээр манай яам, харьяа газруудын судалгаа маш хангалтгүй байдгийг дурьдах нь зүйтэй болов уу. Тиймээс ерөнхий нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө ямар байдгийг авч үзэв.

Монголын хөдөлмөрийн зах зээлд үзүүлэх нөлөө

Манай уул уурхай болон барилгын салбарт гадаад ажилчид олноороо ажиллаж байна. Мэдээж гол шалтгаан нь Хятад, БНАСАУ-ын ажилчид хямд өртөгтэй байдагт оршино. Тиймээс ч ажил олгогчид хямд өртөгтэй ажиллах хүчийг авах сонирхол өндөр учраас эргээд монгол ажилчныг хөдөлмөрийн зах зээлээс шахан гаргадаг. Улмаар ямар нэг байдлаар гадагш гарч ажиллах болдог.

Монголын хүн амын өсөлт, эрүүл мэндэд үзүүлэх нөлөө

2017 оны байдлаар Солонгос, Чех, АНУ, Япон зэрэг улсууд руу ажиллах зорилготой гарч буй монгол иргэдийн дунд 20-35 насныхан илүүтэй зонхилж байгаа юм. Энэ нь эргээд хүн амын төрөлтийн түвшинг бууруулах, гэрлэлтийн нас хойшлоход хүргэдэг. Түүнээс гадна хүнд хэцүү хөдөлмөр нь тухайн хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг бөгөөд дундаж наслалтыг ч бууруулдаг.

Нийгмийн байр суурь

Маслоугийн хэрэгцээний шатлалаар бол гадаадад ажиллаж буй Монголын иргэд эх орондоо ирэхдээ хоол хүнс, орон байрны хэрэгцээгээ хангаж чадахуйц байдаг. Гэвч Монголд ажиллаж буй үеийнхэнтэйгээ харьцуулахад найз нөхөд, нэр хүнд, нийгэмд эзлэх байр суурь нь бүрэлдээгүй учраас ихэнх нь буцаж ирэхээс эмээдэг байна.