Индэр    
2019 оны 1 сарын 3
Зураг
iKon.mn сэтгүүлч

УИХ хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлынхаа 20 хувийг л баталжээ

Зураг
mpa.mn

УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн оны есдүгээр сарын 21-ний өдөр захирамж гарган Намрын чуулганаар 24 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар болсон билээ. 

Гэвч эрх барьж буй намын дотоод зөрчлөөс үүдэн сүүлийн сар орчим УИХ-ын чуулган, байнгын хороод хуралдахгүй, зогсонги байдалд орчихоод байна. 

Эрхбиш 2019 оны төсвөө баталсан парламент нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр оруулж ирсэн асуудлыг ч шийдэлгүй орхив. Тодруулбал, таван жилийн хугацаатай алтны татварыг 2.5 хувь болгосон хуулийн хугацаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болсон. 5-10 хувьтай байсан алтны татварыг ийнхүү 2.5 хувь болгон бууруулсан нь алтны нөөц нэмэгдэхэд багагүй нөлөө үзүүлсэн юм. Тиймээс ч энэ хугацааг дахин таван жилээр сунгах асуудлыг Засгийн газраас оруулж ирсэн ч ирц бүрдэхгүй байсаар шийдэж чадаагүй. 

Мөн өөрийн хариуцсан салбарт ашиг сонирхлыг зөрчил үүсгэн, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн оронд УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилохыг байнгын хороод дэмжсэн ч чуулганаар хэлэлцэж, албажуулалгүй өдийг хүрэв. Б.Батзориг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 7-нд чөлөөлөгдсөнөөс хойш энэ салбарыг Шадар сайд давхар хариуцаж яваа.  

Түүнчлэн БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулж, ЗТХ-ийн сайд Я.Содбаатарыг өөрийн хүсэлтээр чөлөөлөх асуудлууд ч ээлжээ хүлээн буй. 

Үүнээс гадна хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, УИХ, Ерөнхийлөгч, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлууд хүлээгдсээр байна. МАН дийлэнх олонхоороо эрх барьж буй энэ хугацаандаа дээр дурдсан чухал хуулиудаа засч сайжруулаад явах бүрэн боломж байсан.

Гэвч цаг хугацаа явсаар, хэлэлцэх асуудлынхаа талыг нь ч шийдэж амжаагүй байтал хоёрдугаар сарын 10-нд намрын чуулган завсарлах хуулийн хугацаа болох нь.  

Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт:  

Ногооноор тэмдэглэсэн нь баталсан, Улаанаар тэмдэглэсэн нь хэлэлцээгүй, Шараар тэмдэглэсэн нь хэлэлцэж эхэлсэн хуулиуд болно. 

  • Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл - баталсан 
  • Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл - баталсан 
  • Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл - баталсан  
  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл - баталсан 
  • Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл - хэлэлцээгүй  
  • Аж аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл - хэлэлцээгүй 
  • Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл - хэлэлцэж эхэлсэн 
  • Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл - хэлэлцээгүй 
  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл - хэлэлцээгүй 
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл - хэлэлцээгүй 
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл - хэлэлцэж эхэлсэн 
  • Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл - хэлэлцээгүй 
  • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл - хэлэлцээгүй 
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл - хэлэлцээгүй 
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл - хэлэлцээгүй 
  • Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл - хэлэлцээгүй 
  • Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл - хэлэлцэж эхэлсэн
  • Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл - хэлэлцэж эхэлсэн 
  • Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл - хэлэлцэж эхэлсэн  
  • Эрүүгийн хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл - хэлэлцээгүй 
  • Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл - хэлэлцээгүй 
  • Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төсөл - баталсан 
  • Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл - хэлэлцэж эхэлсэн
  • Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл - хэлэлцэж эхэлсэн 
  • Бусад.

Дээрх жагсаалтаас харахад УИХ намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн 24 асуудлаас зайлшгүй батлах ёстой 2019 оны төсөвтэй холбоотой дөрвөн хуулиас гадна нэг л хуулийг баталж амжиж.

Гэхдээ бусад гэдэг хэсэгт багтсан өмнө нь хэлэлцэж байсан болон намрын ээлжит чуулганы явцад хууль санаачлагчаас УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслүүдийг ч мөн энэ хугацаанд хэлэлцэн шийдвэрлэсэн.

УИХ-ын Тамгын газраас гаргасан жилийн эцсийн тайланд 2018 оны намрын ээлжит чуулган эхэлснээс хойш бие даасан тав, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 18, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хоёр, хууль хүчингүйд тооцох тухай хоёр, УИХ-ын 18 тогтоол хэлэлцэн баталсан тухай дурджээ.    

Гэвч энэ намрын чуулганаар хэлэлцэхээр жагсаасан 24 асуудлынхаа дөнгөж 20.8 хувийг л баталжээ.