Зураг
Зураг
Индэр    
"Инженер, технологийн боловсролоор хүүхдэд шинжлэх ухааныг ухаарах, зохион бүтээх чадварыг төлөвшүүлэх боломжтой"
Зураг
2019 оны 1 сарын 3
Зураг
iKon.mn сэтгүүлч

"Инженер, технологийн боловсролоор хүүхдэд шинжлэх ухааныг ухаарах, зохион бүтээх чадварыг төлөвшүүлэх боломжтой"

"Хүүхэд аливаа зүйлийг өөрөө бүтээгээд, ажиллуулаад, үр шимийг нь хүртээд эхлэхээр хүсэл эрмэлзэл нь улам нэмэгдэж, цаашид илүү ихийг бүтээх итгэл үнэмшилтэй болдог. Өөрөөр хэлбэл хүүхэд үнэхээр чин сэтгэлээсээ сонирхолтой байвал зааж, сургаж хүчлэх шаардлагагүйгээр дайчлаад, хөгжүүлээд явчихдаг " хэмээн Техникийн ухааны доктор Ч.Лодойравсал багш онцолж байлаа.

Тэгвэл яг л түүний хэлсэн шиг бүхий л насны хүүхэд дурлаж ирээд, явах хүсэлгүй болдог, хүүхдийн аливаа зүйлийг бүтээх хүсэл болгоныг нь өдөөж, сэргээх орчинг бүрдүүлсэн "Зохион бүтээгчдийн ордон" 2019 онд тун удахгүй үүд хаалгаа нээх гэж байна. Аж үйлдвэрлэлийн IV хувьсгал хүчтэй өрнөхийн хирээр нийгмийн олон салбарт зохих хэмжээний өөрчлөлтийг авчрах болсныг бид бүхэн харж байна.

Тухайлбал, гол баялаг бүтээгчдийг бэлтгэж буй олон улсын хөдөлмөрийн зах зээлийн боловсон хүчний хэрэгцээ шаардлага өсөхийн хирээр техник технологи болон инновацийн өндөр мэдлэг, чадвартай хүнийг түлхүү ажилд авах хандлагатай болжээ.

Ийнхүү өөрчлөгдөж буй эрин үед техник технологийн тусламжтайгаар асуудлыг олж харах, түүнийг загварчлах, асуудалд шийдэл хайх, шийдлийг хооронд нь харьцуулж, үнэлж сурах зэрэг ямар ч ажлын байранд шаардагдах мэдрэмжийн /softskills/ болон мэдлэгийн /hardskills/ чадваруудыг төлөвшүүлэх, шинжлэх ухааны суурь мэдлэгтэй, инженер техникийн боловсролтой боловсон хүчнийг бэлтгэх зорилготойгоор “Зохион бүтээгчдийн академи"-ийг нээхээр болсон байна.

Тус академийг манай улсын инженер, технологийн салбарт манлайлж, олон шавь нарыг төрүүлж яваа туршлагатай багш нар хамтран, олон жилийн турш туршигдсан агуулга, сургалтын хэлбэр, арга барил болон хүүхдийн сонирхол татахуйц тав тухтай орчинтойгоор хичээллэх болсноороо онцлогтой юм.

Энэхүү академийг үүсгэн байгуулж, ирээдүйд илүү олон залуу зохион бүтээгчдийг бэлтгэхээр зэхэж буй багийнхантай уулзаж ярилцлаа.

 
Гэрэл зургийг: MPA.mn

МУИС-ийн ХШУИС-ийн дэд профессор, Машин оюуны лабораторийн эрхлэгч доктор Ч.Лодойравсал "Хүүхдэд шинжлэх ухаан, техник технологийн суурь мэдлэг, инженер технологийн боловсролын суурийг тавих зорилгоор тусгай хичээлийн агуулгыг бид бэлтгэн гаргаад байна. 

Инноваци гэх зүйлийг зөвхөн технологи, инженерийн салбарын зүйл гэж ойлгож болохгүй юм.

Энэ нь бүхий л салбарт хамааралтай бөгөөд шинэ технологи, шийдэл, үйлчилгээ, бүтээгдэхүүн зэрэг нь инноваци гэсэн үг. Тийм ч учраас энэхүү сургалтаар дамжуулан гүйцэтгэгч бус бүтээгч, шинийг санаачлагч, инновацийг ойлгодог ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх зорилготой юм" хэмээж байв. 

Ирээдүйн зохион бүтээгчдийг бэлтгэх анхан шатны сургалт нь:

 

гэсэн хэсгээс бүрдэж байгаа ба эдгээр шаталсан сургалтаар дамжуулан хүүхдэд асуудлыг олж харах, түүнийг загварчлах, шийдэл хайх, шийдлийг хооронд нь харьцуулж үнэлж сурах зэрэг ямар ч ажлын байранд шаардагдах чадваруудыг төлөвшүүлэх зорилготой юм.

Мөн эдгээр дөрвөн төрлийн сургалтаас хүүхдэд аль модуль хэсэг нь илүү сонирхолтой байна гэдгийг тодорхойлох ба цаашид сонирхолтой чиглэлээрээ илүү гүнзгийрэн суралцах боломжтой юм.

Сургалтаар олгох мэдлэг, чадвар:

  • Электроник, программчлал, робот болон 3D загварчлалын анхан шатны мэдлэг,
  • Математик, физикийн мэдлэг амьдралд хэрхэн хэрэглэгддэг тухай ойлголт,
  • Электроникийн энгийн хэлхээг ойлгож, угсарч, турших чадвар,
  • Хялбар асуудлыг томьёолон, алгоритмд хөрвүүлэх, программчлах чадвар,
  •  Механик+Робот+Электроникийн энгийн тооцоолол хийх, үнэлэх чадвар,
  • Дүрслэх болон орон зайн сэтгэлгээ, 3D хэвлэлийн программ болон төхөөрөмжтэй ажиллах зэрэг чадварыг эзэмшүүлэх юм.

Хүүхдийн суралцах, хүсэл эрмэлзэл, сонирхол зэрэг нь өөрийн орчноосоо ихээр хамаардаг.

Тухайлбал, хүүхдэд шинээр сэтгэх, бүтээлч байдлыг дэмжсэн дотоод засал, илүү тод, гэгээлэг өнгөөр тохижуулсан, сайн гэрэлтүүлэгтэй зэрэг орчин, нөхцөлд хүүхдийн суралцах хүсэл, эрмэлзэл нь илүү өдөөгдөх хандлагатай байдаг аж.

Шинэ "Зохион бүтээгчдийн академийн ордон" нь бүхий л насны хүүхэд дурлаж ирээд, явах хүсэлгүй санагдах талаас нь суралцах, бүтээх орчин болон нөхцөл байдлыг бүрдүүлэхийг зорьсон талаар багш нар онцолж байв.

Тухайлбал, тус ордон нь сонирхол татахуйц яг л дэлхийн хэмжээний Google, Facebook зэрэг томоохон компанийн ажлын байрны орчинтой төстэй байдлаар шийдвэрлэж, ширээ сандал, сургалтын хэрэглэгдэхүүн, робот угсрах иж бүрдэл зэрэг хэрэгцээт зүйлсээр нь ханган ажиллахаар зэхэж байгааг үүсгэн байгуулагчид онцолсон юм.

Сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүй түүнд ашиглагдах тоног төхөөрөмжүүдийг, мэргэжлийн багш нар олон жилийн хугацаанд туршсаны эцэст боловсруулж бэлтгэсэн гэв.

 
Гэрэл зургийг: MPA.mn

МУИС-ийн ХШУИС-ийн багш, робот судлалын лабораторийн ахлагч , Олон улсын Робокон тэмцээний шүүгч Ө.Батбаяр "Энэхүү сургалтын санааг бид анх 2010 онд гаргаж байсан. 

Тухайн үед туршилтын байдлаа зуны сургалтыг сурагчдад зохион байгуулж байсан юм. Энэхүү туршилтаар явуулсан сургалтын үр дүнд бид бага насны сурагчид STEM болон программчлалын төрлийн сургалтад хамрагдах их сонирхолтой, үргэлжлүүлэн энэ чиглэлээр сурах хүсэл, эрмэлзэлтэй байдгийг нь олж мэдсэн.

STEM гэдэг нь шинжлэх ухаан, технологи, инженер, математик хэмээх үгийн товчлол бөгөөд шинжлэх ухаан, математикийн суурь мэдлэг, инженер технологийн боловсрол олгох арга зүй юм.

Тэр үеэс хойш ийм төрлийн сургалтад хэрэглэгдэх иж бүрдэл буюу хэрэглэгдэхүүнийг туршиж, боловсруулж эхэлсэн гэж хэлж болно.

Үүний үр дүнд бид 2014 онд "Lione Robo" роботын иж бүрдлийг хөгжүүлж, түүнийхээ тусламжтайгаар ерөнхий боловсролын сурагчдад зориулсан сургалт, тэмцээнийг уламжлал болгон явуулж ирсэн.

Олон улсад роботын сургалтын иж бүрдлүүдийн чиг хандлага нь угсрахад хялбар, уламжлалт тоглоомыг загварт /LEGO, VEX/ гэх мэт тулгуурласан байх болсон.

Үүнийг бид анзааран та бүхний мэдэх LEGO төст загварыг баримтлан, түүнтэй хосолж ажиллаж чаддаг төрлийн робот сургалтын иж бүрдлийг бүтээсэн.

 

Энэ нь хүүхэд аливаа бүтээлээ угсарч сурахдаа цаг зарцуулахгүй харин өөрийн бүтээл хөгжүүлэхдээ анхаарлаа түлхүү хандуулах юм" гэлээ.

Сүүлийн жилүүдэд манай улсад хүүхэд багачуудад зориулсан STEM, кодинг, робот угсрах, программчлалын чиглэлийн сургалтууд ихээр үүд хаалгаа нээж үйл ажиллагаа явуулах болсон байна.

Ө.Батбаяр "Гадуур үйл ажиллагаа явуулж буй сургалтуудын тухайд дурдвал хүүхдүүдэд нэг зүйлийг угсруулан ажиллуулах гэх мэт дасгалыг ихэнхдээ хийлгэдэг.

Гэхдээ эдгээр үйл явцын цаана чухам ямар шинжлэх ухааны ойлголт, томьёо хэрэглэгдэж буйг хүүхдүүд мэдэж, ойлголгүй өнгөрдөг.

Харин бидний сургалтын хувьд хүүхдүүдийн хийж буй үйлдэл, явц бүрийнхээ ард ямар томьёо, шинжлэх ухаан хэрхэн ашиглагдаж байгааг зааж, ойлгуулах улмаар эргэцүүлэхэд түлхүү анхаарахаар тусгагдснаараа бусад сургалтуудаас онцлогтой.

Ингэснээр хүүхэд багачуудыг сургууль дээрээ үздэг томьёо, шинжлэх ухааны ойлголтуудыг бодит амьдрал дээр хэрхэн хэрэгждэгийг ойлгох, юмс үзэгдлийг тайлбарлахад ашиглуулж сургах юм.

Тухайлбал, геометрийн томьёо, физикийн хурд зэргийг хаана, яаж хэрэглэж, хэмжиж, үнэлж буй зэргийг хүүхэд роботтой тоглонгоо суралцах, ухаарах, эргэцүүлэх боломж олгох талаараа бусад сургалтаас онцлогтой болов уу" хэмээн тайлбарлалаа.

Манай улсын их, дээд сургуулиуд жил бүр олон тооны инженер, техникийн ажилтан бэлтгэн гаргадаг ч дэлхийн хөдөлмөрийн зах зээлд гарч ажиллахад хангалттай чадвартай мэргэжилтэн бэлтгэж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй байгаа юм.

Энэхүү нийтлэг ажиглагдаж буй бэрхшээлийг Ч.Лодойравсал багш ийнхүү тайлбарлав. "Энэ асуудал зөвхөн их дээд сургуулийн асуудал ч биш, ерөнхий боловсролын сургуулиар олгогдох боловсролын чанар давхар яригддаг.

Уламжлал сургалтаар олгох мэдлэгийг түлхүү анхаардаг байсан бол өдгөө дэлхий нийтээрээ боловсролын системийг дахин эргэцүүлж олгох мэдлэг, чадвар, хандлагыг ихээхэн анхаарах болсон.

Мэдлэгийн хувьд ч аливаа ойлголтыг ялангуяа байгалийн шинжлэх ухааны ойлголтыг цээжлээд эсвэл мэдээд өнгөрөх биш бодит амьдрал дахь асуудал, юмс үзэгдлийг тайлбарлах, ойлгоход хэрэглэж асуудалд шинжлэх ухаанчаар хандаж сурахыг шаардаж байна.

Сурагчид хичээл дээрээ маш их тоо, томьёо орлуулж бодоод л байдаг хэдий ч бодит амьдрал дээр аль нь хаана, юунд хэрхэн ашиглагддагийг мэдэлгүй өнгөрдөг.

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид их дээд сургуулийн элсэгчид болдог тул хэдий эрт сурагч байх хугацаандаа шинжлэх ухааныг ашиглаж сурах чадварыг зөв төлөвшүүлэх тусам төдий чинээ сайн мэргэжилтнүүд төрөх болно. 

Бид энэ орон зайг албан бус сургалтаар нөхөх жишиг цогц сургалтыг төлөвшүүлэхээр зорьсны гол шалтгаан энэ юм. 

Аж үйлдвэрийн IV хувьсгал нь зөвхөн техник технологи, аж үйлдвэрийн салбарыг тодотгохгүй ба нийгмийн бүхий л салбарт энэ үйл явц тусгагдаж байгаагийн нэг нь олон улсын хөдөлмөрийн зах зээл юм.

Тухайлбал, хөдөлмөрийн зах зээлд ихээхэн хэмжээний өөрчлөлт орж, ажлын байрны хэрэгцээ шаардлагад шаардагдах ур чадвар, чиг үүрэг зэрэгт томоохон өөрчлөлтүүд ороод байна.

Тийм ч учраас энэхүү "Зохион бүтээгчдийн академи" нь аж үйлдвэрийн IV хувьсгалд нийцсэн ажиллах хүчинд шаардагдаж буй ур чадвар, мэдлэг боловсролыг ирээдүйн боловсон хүчинд олгож, түүнийг бэлтгэх зорилготой ба техник, программчлал зэргийн тусламжтайгаар олон төрлийн ур чадварыг төлөвшүүлэхээр зорьж байгаа талаар үүсгэн байгуулагч багш нар онцолсон юм.

Багаар ажиллах, цаг баримтлах зэрэг чадварт суралцуулна

 
Гэрэл зургийг: MPA.mn

ШУТИС-ийн МХТС-ийн ахлах багш, ШУТИС-ийн Робоконы багийн удирдагч, Доктор Ц.Хүрэлбаатар "Тус сургалтын бас нэгэн зорилго бол технологи, програмчлалын тусламжтайгаар хүүхдэд багаар ажиллах, цаг баримтлах, түргэн шийдвэр гаргах зэрэг чадварыг суулгаж, нэмэгдүүлэх юм.

Технологи, электроникийн чиглэлээр суралцаж ажиллахад багийн оролцоо хамгийн чухал байдгийг дурдах нь зүйтэй. Та бүхэн мэдэх байх Робокон, Залуу зохион бүтээгч зэрэг тэмцээнд оролцож буй хүүхдүүд багаараа оролцдог. Өөрөөр хэлбэл том хэмжээний робот эсвэл бүтээл гаргахын тулд багаар ажиллах шаардлага цаанаасаа бий болдог гэсэн үг.

Мөн эдгээр электроник роботын тэмцээн нь хэн нь хамгийн хурдан роботыг угсарч, ажиллуулахад цагаар уралддаг.

Тийм ч учраас сургалтаар дамжуулан хүүхдийг цаг барих, богино хугацаанд асуудлыг шийдвэрлэх гарцыг хайж олох, зөв шийдвэр гаргах зэрэг чадварт суралцуулдгаараа давуу талтай.

Хүүхдүүд хоорондоо уралдаж, нэгэн зүйл бүтээснээр цаанаасаа их урам зоригавдаг гэж хэлж болно. Ингэснээр хүүхдийн цаашид сурах хүсэл эрмэлзэл нь нэмэгдэж, цаашид хийх бүтээлийн санааг төрөх, зэрэг эерэг нөлөө үзүүлдэг.

Мөн бид удаан хугацаанд суралцаж буй сурагчдаа дотоодын цаашилбал олон улсын уралдаан тэмцээнд бэлтгэж, оролцуулах зэрэг олон талын боломжийг олгохоор төлөвлөж байна" хэмээлээ.

 
Гэрэл зургийг: MPA.mn

Залуу зохион бүтээгч нэвтрүүлгийн шүүгч, "Элмонте" ХХК-ийн электроникийн инженер Т.Цогжавхлан "Эдгээр чадвараас гадна, хараахан мэргэжлээ сонгож амжаагүй байгаа дунд болон ахлах ангийн сурагчдад мэргэжлээ тодорхойлоход нь энэхүү сургалт ач холбогдолтой юм.

Учир нь ахлах ангиа төгсөөд оюутан болж буй хүүхдүүдийн тал гаруй хувь нь өөрийн хүсэл, зорилгоор бус эцэг, эхийн шаардлагаар мэргэжлээ сонгосон байдаг.

Харин бидний сургалтад хамрагдсанаар хүүхдүүд технологи, инженер, программчлал болон математикийн салбарт үнэхээр сонирхолтой байгаа эсэхээ мэдэх боломжтой " гэлээ.

Сургалтаар дамжуулан хүүхдийг багаас нь практик дээр ажиллуулж, роботуудыг угсруулж, өөрт нь хэрэг болохуйц шинэ бүтээлийг гаргуулдгаараа олон талын давуу талтай аж.

Ингэснээр хүүхдийн цаашид үргэлжлүүлэн суралцах, мэргэших зэрэг хүсэл сонирхлыг нь өдөөж, нэмэгдүүлдэг байна. Хүүхдийн өөрийн хүсэл сонирхол хоббитой нь ирээдүйн мэргэжил давхацвал заавал амжилтад хүрдэг.

Энэ талаар Ч.Лодойравсал "Жишээ нь сургалтын эхний модуль хэсэг болох электроникийн сургалтын дараагаар хүүхэд гэртээ болон ахуй хэрэгцээнд хэрэгцээтэй хамгийн энгийн хаалганы хонх, цэцэг услагч зэрэг хэрэгтэй зүйлийг бүтээж, гэртээ авч очино.

Ингэснээр хүүхэд урамшиж, цаашид илүү ахисан түвшний зүйл хийж сурах сэдлийг нь өдөөх юм.

Хүүхэд нэг зүйлийг өөрөө бүтээгээд, ажиллуулаад, үр шимийг нь хүртээд ирэхээр хүсэл эрмэлзэл нь улам нэмэгдэж, цаашид илүү ихийг хийж бүтээх итгэл үнэмшилтэй болдог. Өөрөөр хэлбэл цаашид хүүхдэд үүнийг заавал сур гээд зааж, сургаж, хүчлэх шаардлагагүй болчихдог" гэлээ.

Сургалтын тухайд:

  • Анхан шатны сургалтад 9-18 насны бүх хүүхэд хамрагдах боломжтой,
  • Гол шалгуур: Хүүхэд өөрөө сонирхолтой байх,
  • Нэг сургалтын ээлжид 40 хүүхэд хамруулна,
  • Сургалт нэг удаагаар 3 цаг үргэлжилнэ,
  • Долоо хоног гурван удаа, үдээс өмнө болон үдээс хойш гэсэн сонголттой,
  • Мөн сурагчид хичээлийн бус цагаар очиж цагаа үр бүтээлтэй өнгөрөөх боломжтой хобби булантай,
  • Төлбөрийн уян хатан байдал,
  • Нэг сарын төлбөр 480,000 төгрөг /сургалтын хэсэг бүрээр хувааж төлж болно/,
  • Дараагийн шаталсан сургалтад хамрагдах боломжтой.
 

Мөн их түгжрэлийн дунд эцэг, эх болон хүүхдийн тав тухтай байдлыг харгалзан үзэж эцэг, эхчүүдэд зориулсан буланг тохижуулжээ. Ингэснээр аав, ээжүүд хүүхдээ хүргэж өгчхөөд 2-3 цагийн дараа буцаж ирж авахын оронд өөрсдөдөө зориулсан кофены буланд саатаж, хүүхдээ хэрхэн суралцаж буйг мөн харж, ажиглах орчин, боломжийг бүрдүүлсэн талаар онцолж байлаа.

Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч, холбогдохыг хүсвэл Зохион бүтээгчдийн академи фэйсбүүк хуудсаар зочлох боломжтойг дуулгаж байна.