“Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой хуулиудын амин сүнс болсон зүйл заалтуудыг нэг нэгээр нь хумсалж, хулгайлсаар байгаад энэ асуудалтай тэмцдэг хуулийн нөөцийг байхгүй болгох хэмжээнд аваачсан” хэмээн “Хууль дээдлэх ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчил” сэдэвт хуульчдын хэлэлцүүлгийн үеэр Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өгүүлсэн.
Үнэхээр Авлигатай тэмцэх газар 2007 онд байгуулагдсанаасаа хойш олон “шүдээ суга татуулчихаад” байгаа. Хамгийн ойрын жишээ дурдахад, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянаж үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх, эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх хуулийн зохицуулалт одоогоор үйлчилж байгаа.
Гэтэл 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх Төрийн албан тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж гарсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан дээрх заалтыг үндсэндээ байхгүй болгожээ. Тодруулбал, төрийн албанд томилогдох албан тушаалтныг ашиг сонирхлын зөрчилтэй, эсэхийг АТГ-аас лавладаг байсныг болиулсан хэрэг.
Жишээ нь, хувийн дунд сургуультай хүнийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилохоос өмнө энэ албыг хашихад ашиг сонирхол нөлөөлөх үү үгүй юу гэдгийг АТГ-аас лавладаг байсныг ирэх оноос болиулж байна. Тэгэхээр хувийн сургуультай хүн Боловсролын сайдаар, барилгын компанитай хүн Барилга, хот байгуулалтын сайдаар, газар тариалангийн бизнестэй хүн ХХААХҮ-ийн сайдаар томилогдох боломж нээгдэх гэж байна.
Тэгвэл “шүд” нь цөөрсөөр байгаа АТГ авлига, хээл хахуулийн гэмт хэрэгтэй тэмцэж чадаж байна уу, энэ төрлийн гэмт хэрэг буурч байна уу гэдэгт хариулт өгөх “Монгол Улс дахь авлигын нөхцөл байдал: Судалгаа-шинжилгээ” сэдэвт онол практикийн бага хурал өнгөрөгч Мягмар гарагт зохион байгуулагдсан юм. Энэ хуралд АТГ-ыг байгуулагдсан цагаас хойш судалгаа, шинжилгээ хийж буй судлаачид оролцсон. Судлаачдын дүгнэлтийг ерөнхийд нь тоймлоход, авлига жижиг, дунд түвшинд ерөнхийдөө буурсан үзүүлэлтүүд гарсан бол улс төрийн хүрээн дэх "махан идэштнүүд"-ийн авлига ужгирч байгааг харуулав.
Нийгэмд авлигын үзэгдлийг махан идэшт, өвсөн идэшт гэж ангилах нь бий. Өвсөн идэшт нь өдөр бүр жижиг хэмжээний авлига авах байдлаар хувийн хэрэгцээг хангаж байдаг. Харин махан идэшт авлига бол нэг, хоёр удаа өндөр хэмжээний мөнгө авах аргаар асуудлыг шийддэг үзэгдэл юм. Үүнийг хуульч Х.Тэмүүжин "Монголд махан идэшт авлигын мөнгөн дүн нь хэтэрхий том болсон байна. Дээр нь энэ авлигыг нэг, хоёрхон албан тушаалтан хийхээсээ илүүтэй, бүлгээрээ, зохион байгуулалттайгаар хийдэг болж. Тэгэхээр энэ авлигын үзэгдэл шинэ шатанд гарч байна гэсэн үг" хэмээн дүгнэж байсан.
Энэ талаар судлаач Ч.Даваасүрэн “Жижиг түвшний, төрийн үйлчилгээний байгууллагууд дээр төрийн албан хаагчдад хээл хахууль өгдөг байдал нь буурсан байна. Энэ судалгааг Азийн сангаас жил бүр явуулдаг бөгөөд өмнө нь судалгаанд хамрагдсан иргэдийн 30 хувь нь төрийн үйлчилгээг авахын тулд хахууль өгдөг байсан бол 2018 оны гуравдугаар сард хийсэн судалгаагаар энэ тоо 4.8 хувь болж буурсан” гэсэн.
Тэгэхээр АТГ жараахайтай хөөцөлдөөд байна гэх шүүмжлэл оргүй зүйл биш гэж харж болохоор.
Гэвч “махах идэштнүүд"-ийг барих гол арга хэрэгсэл болох авлигатай тэмцэх хууль улам бүр хүчгүйдэж байгаа жишээг өмнө нь дурдсан билээ. Ямар хэргүүдийн өмнө АТГ хүчгүйдээд байгааг тодруулах үүднээс өнөөдрийн байдлаар тус газарт шалгагдаж байгаа хэргүүдийг сануулъя.
Өмнөх парламентын үеэс л дуулиан дагуулсан Хөгжлийн банк, Эрдэнэт” үйлдвэр-“Жаст” групп, 60 тэрбумын хэрэг, Ерөнхий сайдуудын холбогдсон асуудал, Үнэ тогтворжуулах хөтөлбөр бас мэдээж ЖДҮХС зэрэг хэргүүдийг дурдаж болох юм.
Дээр дурдсан олны анхаарал татсан хэргүүдийг хэзээ шалгаж дуусах талаар чуулганы хуралдааны үеэр гишүүд Ерөнхий прокурор М.Энх-Амгалангаас асууж байсан. Тэрбээр гишүүдийн асуултад “Та бүхний асууж байгаа бүх хэрэгт хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байгаа. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар тухайн хүнийг байнга цагдан хорих боломжгүй” гэсэн хариулт хэлж байв.
Улсын Ерөнхий прокурорын хэлснээр дээрх дуулиантай хэргүүд шалгагдсаар л байгаа. 3-4 жил шалгаж байгаа хэрэг ч бий. Эдгээр хэргийг шалгах явц яагаад ийм удаан байна вэ гэдгийг албаны нэгэн эх сурвалжаас тодруулахад “Хөгжлийн банкны хэрэг гэхээр ганцхан банкийг шалгаж байгаа мэт боловч дотроо “Гудамж” төсөл, орон нутгуудын авто зам гээд хэдэн зуу болж задарч тэр болгоныг нэг бүрчлэн шалгаж байгаа.
ЖДҮХС-гийн асуудал ч мөн ялгаагүй. Зөвхөн тухайн сангийн үйл ажиллагааг шалгаж байгаа мэт боловч зээл авсан 280 гаруй ААН-ийг нэг бүрчлэн шалгаж байгаа. Шалгалтын явцад улс төрч тухайн ААН-ийг зээл авахад нь нөлөөлсөн байвал эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлнэ. 280 гаруй ААН-ийн 80-д нь албан тушаалтан нөлөөлсөн байвал 80 хэрэг болж цааш шалгана гэсэн үг. Мөрдөн байцаагчид өдөр болгон уртасгасан цагаар ажиллаж, 2-3 өдөрт нь ажил дээрээ хонож байна. Мөрдөн шалгах ажлын процедур нь их, албан тушаалын гэмт хэрэг нь хөвөрдөг, ганцхан зүйлээр тогтоогддоггүй. Дандаа давхар шинжилгээний асуудал яригддаг. Аудит хийнэ, шүүх шинжилгээний дүгнэлт гаргуулна. Нэг шинжилгээний хариу гурван сар болж байж гардаг. Ганцхан шинжилгээ хийлгэдэггүй. Нэг хэрэг дээр 5-6 шинжилгээ хийлгэдэг гээд бодохоор хэдэн жил шалгах нь ойлгомжтой” хэмээн тайлбарлаж байсан юм.
Авлигатай тэмцэх газарт өнөөдрийн байдлаар 26 мөрдөн байцаагч ажиллаж байна. Нэг мөрдөгчид багаар тооцоход 20 хэрэг ногддог. Харин олон улсад нэг мөрдөгчид жилд 6-10 хэрэг ногддог жишиг байдаг аж.
Энэ бүхнээс АТГ-ын мөрдөгчид авлига, албан тушаалын гэмт хэргийнхээ хаана ч хүрэлцдэггүй нь харагдана. Хэдхэн мөрдөн байцаагч нь өмнөх хэргээ шалгаж дуусаагүй байхад дараа дараагийн хэргүүд хүлээгдээд байж байдаг.
Тэгвэл үүнийг хэрхэн зохицуулах вэ гэсэн асуултад орон тоогоо л нэмэх шаардлагатай гэсэн хариултыг хуульчид өгдөг.
Мөн АТГ орон нутагт салбартай болох зайлшгүй шаардлага бий. Учир нь сумын засаг дарга эрх мэдлээ хэтрүүллээ гэсэн мэдээллийг заавал очиж шалгах ёстой. Гомдол мэдээлэл шалгах хугацаа таван хоног гэж хуульд заасан. Харин амьдрал дээр гомдлыг хүлээж авсан дороо шууданд суугаад явчихаж болдоггүй. Төлөвлөгөө гаргана, очоод үйл ажиллагаагаа жигдрүүлнэ, асуух хүнээ дуудна гэхчлэн таван хоногт багтаах ямар ч боломжгүй үе бий. Гэсэн ч заавал очиж шалгахаас өөр аргагүй. Үүний дараа тухайн мэдээллийн мөрөөр хэрэг үүсгэх үү, хаах уу гэдэг саналаа мөрдөн байцаагч прокурорт уламжилна. Прокурор шийдвэр гаргахад тодорхой хугацаа шаардагдана. Гэхдээ цаг хугацаанд баригдсан энэ процессын завсраар бүрэн шалгаж чадаагүй зүйл үлдэх магадлал ч бий.
Одоо мөрдөгдөж байгаа хуульд мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлэх гол субъект болох мөрдөгчийн эрхийг хязгаарласан заалтууд орсон тухай хуулийн салбарынхан өгүүлдэг.
Жишээ нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шинжээч, яллагдагчийг мэдүүлэг авах, шийдвэр танилцуулах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулахаар дуудан ирүүлж болно. Мөрдөгчийн дуудсанаар хүрэлцэн ирээгүй нь албадлага хэрэглэх, хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй. Мөрдөгч нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шинжээч, яллагдагчаас мэдүүлэг авах, шийдвэр танилцуулах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулах зайлшгүй шаардлагатай бол прокурорын мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлнэ. Гэрч, хохирогч, иргэний хариуцагч, шинжээч, яллагдагч, шүүгдэгч мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас зайлсхийсэн бол түүний өмгөөлөгч, эсхүл гэр бүлийн арван найман насанд хүрсэн гишүүнд хүргүүлнэ” гэж хуульчилсан.
Мөн албадан ирүүлж болох оролцогч нарыг нэрлэхдээ сэжигтэн гэсэн ойлголтыг орхигдуулсан. Үүнээс болж сэжигтэнг албадан ирүүлэх боломжгүй болж, мөрдөн байцаалтын ажиллагаа удаашрах бас нэг шалтгаан болдог байна.
Орон тоо нэмэгдүүлэх, гомдол мэдээлэл шалгах хугацааг уртасгахыг зөвхөн хууль л “мэднэ”. Тиймээс Авлигын эсрэг хууль болон ашиг сонирхлын гэмт хэргийг шалгадаг хуулиудад өөрчлөлт оруулж тус газрын орон тоог нэмэгдүүлж, орон нутагт салбартай болгож, хэрэг шалгахтай холбоотой саадыг багасгах шаардлага үүсээд буй. Энэ шаардлагатай зэрэгцүүлэн олон улс дахь нэгэн жишээг дурдахад, Авлигын дагнасан шүүхтэй 23 улс байдаг аж.
Зөвхөн авлигын хэргээр дагнан шүүн таслах ажиллагаа явуулснаар гэмт хэргийг шалгах ажил сунжирч цаашлаад замхардаг явдал багасаж, шүүх засаглалын хараат бус байдал дээшилдэг болохыг “Транспэрэнси авардс" шагнал гардуулах ёслолын үеэр тус байгууллагын төлөөлөл дурдаж байсан. Үнэхээр л авлига, хээл хахуулийг багасгая гэвэл зөвхөн хуульд өөрчлөлт оруулаад зогсохгүй Авлигын дагнасан шүүхтэй болох том зорилт тавьж яагаад болохгүй гэж.
Сүүлийн үед эрх мэдэлтнүүд өөрсдийгөө "шүдгүй арслан"-тай зүйрлэх болсон. Харин жинхэнэ шүдгүй арслан чинь өнөөх асуудлыг шийдэх АТГ болчихоод байна уу даа.