Индэр    
2018 оны 12 сарын 5
Зураг
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ

А.Урангоо: Зуучлалын салбарыг амьдралынхаа нэг зорилго болтлоо явахын тулд хүн өөрөө үнэ цэнтэй байхаас эхэлдэг

Зураг

UA Properties компанийн үүсгэн байгуулагч, Монголын Үл Хөдлөх Хөрөнгө Зуучлагчдын Нэгдсэн Холбооны гүйцэтгэх захирал А.Урангоотой хийсэн ярилцлагаа хүргэж байна.


- МҮХХ Зуучлагчдын Нэгдсэн Холбооны гүйцэтгэх захирлын үүрэгт ажил аваад яг нэг жил болох гэж байна. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнавал?

-Өдрийн мэнд, энэ жил нэлээн завгүй бас чамгүй туршлага хуримтлуулсан жил болж өнгөрч байна. ТББ удирдана гэдэг хувийн компани удирдахаас хамаагүй өөр бас илүү олон боломжуудад нээлттэй байдгийг анзаарлаа. Холбооны гишүүн байгууллагаар дөрвөн жил гишүүнчлэлтэй явж байгаад энэ жил удирдах түвшинд ажилласан. Гишүүн байхдаа ингэвэл  ч дээр юмуу гэж бодож байсан зүйлүүдээ илүү зоригтой хийхийг хичээсэн. Эхний ажил нь брэнд логог өөрчлөхөөс авхуулаад гишүүн байгууллагуудыг чанаржуулах, нэгдсэн зорилготой хамтын ажиллагааг дотооддоо сайжруулахын тулд түлхүү чиглэн ажиллаа.

Ээж маань Ариун үйлдвэрийг 18 дахь жилдээ удирдан ажиллуулж байна. Юм л бол чанартай байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг. Би эхэндээ өртөг багатай бүтээгдэхүүн олныг хийвэл массын зах зээлд илүү хүчтэй гэж боддог байлаа. Ээж маань үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийхээ чанарыг эрхэмлэсээр өнөөдрийн түвшинд хүргэсэн. Чанарыг баримталснаараа зах зээл дээр хамгийн сайн тоглогч хэвээрээ 18 жилийн нүүрийг үзэж байна. Чанартай бүтээгдэхүүнийг дагаад чанартай хамт олон, чанартай үйл ажиллагаа, чанартай хүрээлэл  бий болдог гэж үздэг зарчимч хүн. Ээжээсээ хамгийн их суралцаж байгаа зүйл бол чанартай хүн байж, чанартай ажиллах. Би тооны олныг хүчтэй гэж боддог байсан бол жижиг зах зээл дээр чанартай ажиллах чухал гэдгийг ойлгосон. Тийм болохоор холбоо маань гаднаасаа нэг л олон компаниуд харагдахаасаа илүү дотооддоо  хүчтэй хамт олон байх ёстой. Манай холбооны гишүүн байгууллагын удирдлагууд энэ зах зээл дээр 5-15 жил тасралтгүй ажилласан хашир туршлагатай зах зээлээ мэдэрсэн чадварлаг  гишүүдтэй. Хамгийн туршлага багатай нь л би байх. Эхэндээ би өөрийнхөө зарчмаар ажиллах гэж нэлээн зүтгэсэн сүүлдээ  туршлагатай экспертүүдийн шинэлэг санаанууд нэмэгдвэл илүү хүчтэй бас чанартай болох юм байна гэдгийг анзаарсан. Тийм болохоор холбооны дотоод хамтын ажиллагаанд түлхүү анхааран ажиллалаа. Спорт өдөрлөг, нэгдсэн видео төсөл, гишүүн байгууллагуудаа авч Шанхайн үл хөдлөх хөрөнгийг үзэсгэлэнд явсан  гэх мэт хийгдсэн ажлууд маань бүгд дотоод хамтын ажиллагаанд чиглэсэн байлаа.

- Холбооны гишүүн байгууллага болохын ач холбогдол юу вэ?

- ҮХХ зуучлалын салбар нь тэр чигтээ холбоо сүлжээгээр явагддаг ажил. Өргөн сүлжээ хамтын ажиллагаагүйгээр энэ салбарт амжилттай ажиллах хэцүү. Холбооны гишүүд дотор дан зуучлагчид биш үнэлгээ, хөрөнгө оруулалт, зөвлөх үйлчилгээ, судалгаа, барилгын компаниуд гээд энэ салбартай холбогдсон олон компаниуд бий. Мөн бид өөрсдийн ажиллаж буй салбарын түвшинд төрийн байгууллагуудтай хамтарч ажиллах, салбарынхаа хөгжилд түүчээлэн өөрсдийн ажиллаж буй эрх зүйн орчныг сайжруулахад хамгийн том нөлөө үзүүлж чадах байгууллага бол яах аргагүй манай холбоо байгаа юм. Холбоо нь компани бус энэ салбарт ажиллаж байгаа бүх байгууллагуудтай хамтран ажиллах төрийн бус байгууллага.  Бас нэг давуу тал нь  чадварлаг туршлагатай сайхан хамт олон дунд нэгдэх явдал. Бид өөрсдөө салбараа хөгжүүлж нэг хэсэг нь байж түүчээлэн ажиллаж байгаагаараа бахархдаг юм. Яагаад гэвэл бид хөгжлийг яг энэ цаг үед өөрсдөө тодорхойлж байгаа болохоор.

- Танай холбоо хэчнээн гишүүдтэй вэ? Энэ зах зээл ажиллаж байгаа ижил төрлийн байгууллагуудаас юугаар ялгарч онцгойрч чаддаг гэсэн үг вэ?

- Бүгд өөр өөрийн онцлогтой 15 компани бий. Гишүүн байгууллага  болон сонирхогч байгууллагууд нийлээд 25 орчим болно. Цаанаас нь зааж өгөөд хуваарилсан юм шиг яг өөр өөрсдийнхөө ажилдаг сегментүүддээ байр сууриа олчихсон компаниуд байдаг.  Аз болж хоорондоо өрсөлдөхөөс илүү хамтын ажиллагаанд асар дэмтэй байгаа нь анзаарагдсан. Бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой, хамгийн  гол нь туршлагатай компаниуд бий. Дунджаар 1 компани сарын 1-3 тэрбум төгрөгийн борлуулалтыг дангаараа хийж байна. Бид тэр бүр зарлаад байдаггүй болохоос нэгдсэн дүн гаргавал  барилгын салбарт эргэлдэж буй хөрөнгийн нэлээдгүй хувьд нь нөлөөлж байгааг  харж болно. Холбооны гишүүн байгууллагуудын удирдлагууд өөрсдөө салбартаа нөлөөлөл өндөртэй хүмүүс байдаг, тиймээс ялгахад амархан.

- Холбооны гишүүн байгууллагуудаас дурдвал... Ямар ямар компаниуд нэгдсэн байдаг юм вэ?

- Тэнхлэг зууч- Монголын хамгийн том ҮХХ судалгаа хийж байна.  Хангарьд Пропертиз- Бүтэн барилгаар нь борлуулах чадвартай цөөхөн компанийн нэг, MGG Properties- Өөрсдийн хөрөнгийн менежментийг  хийхээс гадна хотын төвийн объектуудаар дагнасан компани, Актив зууч- Өөрсдөө ББСБ-тай түүгээрээ дамжуулан санхүүгийн боломжийг өгдөг,  Мэско Консалтинг- ҮХХ зөвлөх үйлчилгээгээр овоо хэдэн том барилгын ард гарсан байна.  Зөв Эргэлт- Холбооны хамгийн олон борлуулагчтай буюу 3 салбар 40 орчим хүнтэй,  Eturees- Түрээсийн үл хөдлөхийн хамгийн том портал, AIMM- 2 дахь  зах зээл дээр ажиллаж байна.  Үйлс -15 дахь жилдээ зуучлалын салбарт ажиллаж байна.  ХөтөлТэлмэн- Монголын зуурмагийн томоохон үйлдвэрлэгч , давхар ҮХХ эрэлт ихтэй компани,  UA Properties- ҮХХ Хөрөнгө оруулагч, тансаг үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр түлхүү ажиллаж байна. Prime Zuuch- 2 дахь  зах зээл дээр түлхүү ажиллаж байгаа компани зэрэг хэрэглэгчид хэдийнээ үйл ажиллагаа  нь танил болсон компаниуд байдаг.

-Өөрөө сошиалд идэвхтэй, нээлттэй олны танил хүн. Холбоог нийгэмд сурталчлан таниулахад гүүр болж өгч байгаа гэж ойлгож болох уу?

- Би тэгж бодохгүй байна. ҮХХ холбоо нь хувийн компани биш болохоор сурталчилж таниулахаас илүү гишүүн байгууллагуудынхаа эрх ашгийн төлөө хийж бүтээж чадах мөн хэрэглэгчдэд хүрэх үйлчилгээний чадварыг сайжруулах зэрэг нь холбооны түлхүү анхаарах ажил юм л даа. Сониноос, сүүлийн дөрөвхөн жилийн дотор зуучлалын салбарын үйлчилгээ нэлээдгүй чанаржиж бас үйлчлүүлэх хүмүүсийн хамрах хүрээ гурав дахин нэмэгдсэн байна.

- Холбооны гишүүн болохын тулд ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

- Ер нь энэ салбарт гурваас дээш жил тууштай ажиллаж чаддаг хүмүүс ховор. Тиймээс гишүүн байгууллагуудын  чанартай байдлыг хангахын тулд ажилласан жилд нь шалгуур үзүүлэлтийг бий болгосон. Холбооны гишүүн байгууллагуудыг салбартаа тууштай гурван жил ажилласан байх ёстой гэсэн шаардлагыг гаргасан. ҮХХ зуучлалын салбарт богино хугацаанд ажиллаад гардаг хүмүүс маш олон. Би өөрөө зах зээл дээр нэлээдгүй ҮХХ борлуулагчид бэлдэн гаргасан болохоор өөрийн туршлагаар ч анзаарсан. Зуучлалын салбарыг амьдралынхаа нэг зорилго болтлоо явахын тулд хүн өөрөө үнэ цэнтэй хүн байхаас эхэлдэг. Борлуулагч болох хүн эхний нэг жил үл хөдлөх хөрөнгөтэйгөө ноцолдсоор байгаад өнгөрдөг, хоёр дахь жилдээ зартайгаа ажиллаж сурдаг бол  гурав дахь жилээсээ жинхэнэ энэ зах зээлийг мэдэж яг юу борлуулж байгаагаа ойлгож эхэлдэг. Би зохиож хэлээд байгаа юм  биш л дээ. Энэ салбарт сайн чанартай ажиллахын тулд би өөрөө хичээж хэдэн зуун цагийн хичээл үзэж, хэчнээн ч ном дуусгасан юм бүү мэд.  Жинхэнэ борлуулагч хүн өөрийн үнэ цэнээ, өөртөө байгаа нөлөөллөө борлуулдаг юм байна гэдгийг дэлхийн маш олон гайхалтай хүмүүс  амьдралаараа хэлээд өгсөн байдаг.

- Та нар мэдээж манай холбооны гишүүн байгууллагаар үйлчилгээ аваарай гэж уриалдаг байх. ҮХХ-ийн  үйлчилгээ авах  ач холбогдлын талаар ярилцвал

- Ажлаа мэддэг хүмүүстэй ажиллана гэсэн үг. ҮХХ буюу том үнийн дүнтэй борлуулалт хийхэд эхэндээ аз од бол гийнэ ш дээ. Тэр бол чадвар биш. Тиймээс туршлага гэдэг бол чадвар юм.  Одоо тэгээд л би чадна гэсэн хүмүүст өөрийн үнэтэй хөрөнгөө даатгаад, цаг хугацаагаа алдаад суух хүмүүс ховор. Үл хөдлөх хөрөнгө гэдэг хүний хамгийн том хөрөнгө оруулалт  байдаг. 500 саяын үл хөдлөх хөрөнгөө нэг сарын өмнө ч болтугай хурдан зараад мөнгийг нь банканд хийж  хүү авахаа бодно биз дээ.  Би өөрөө жоохон ядаргаатай хурдан хүн, цаг хугацаа алдахыг хүсдэггүй болохоор өөрөө чанартай туршлагатай үйлчилгээг хүсдэг. Холбооны туршлагатай хамт олны давуу тал яах аргагүй миний өөрийн зарчимтай нийцсэн болохоор гишүүн байгууллага байхад ч удирдлагад нь ажиллахад ч  хэрэглэгчдэд ач холбогдлыг нь ойлгуулахад ч бүх зүйл дээр дөхөм байдаг.

- Би нэг зүйлийг онцолж асуумаар байна. Холбоонд бүртгэлтэй байгууллагын үл хөдлөх хөрөнгийн зуучлал хийж байсан хүн дараа нь өөрөө компани байгуулаад энэ холбоонд элсэх боломж нь хэр нээлттэй байдаг юм вэ?

- Асуудал байхгүй, гурван жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан шаардлага хангасан бүх зуучлалын компаниудад нээлттэй.

- Энэ зах зээл хэчнээн зуучлалын компани реалторууд ажиллаж байна.

- ҮХХ зуучлалын үйл ажиллагаа явуулж байгаа 200 гаруй компани болон хувь хүмүүс байна гэсэн албан бус тоо байна лээ. Манай судалгаагаар яг энэ салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 20 орчим компани л байна.

 

- Сая би асуултдаа реалтор гэдэг үгийг хэлчихлээ. Бид чинь энэ үгийг хэрэглээд яриад хэвшчихсэн хүмүүс . NAR-ийн Монгол дахь төлөөлөгч "Реалтор"  гэсэн нэрийг хэн дуртай хүн нь ашиглаж болохгүй гэсэн нэг тиймэрхүү  утгатай мэдэгдэл пэйж хуудастаа тавьсан байсан.  Энэ талаар юу гэж бодож байна. Миний хувьд зөв гэж бодож байгаа.

- Олон улсын нэр байгууллага Монголд орж ирсэн нь маш сайн хэрэг. Энэ манай салбарт бол маш чухал, тус байгууллагын хамгийн том ажил нь реалторуудыг ёс зүйн түвшинд өндөр байлгах албан нэршилтэй болгох. Энэ байгууллагыг оруулж ирсэн хүмүүст талархах хэрэгтэй. Орж ирээд удаагүй байх. Удахгүй ёс зүйн хувьд үл хөдлөх хөрөнгийн реалторууд маш сайн бэлтгэгдэн гарч ирсэн байхыг хүлээх л үлдлээ. Реалтор гэдэг нэршлийн олон улсын стандартад байдаг R код бол яах аргагүй хамаагүй ашиглагдаж болохгүй тэр чинь тэдний өмч.  Нийгэмд ҮХХ-н харилцаанд ганцхан борлуулагчид ч биш хэрэглэгчид хүртэл хэрэглээд заншсан үгийг ашиглана ашиглуулахгүй гэвэл тус байгууллага өөрсдөө нийгэмд маш их мэдээлэл хийх хэрэгтэй байх.

Миний туршлагаар ҮХХ борлуулагч хүн өөрөө үнэ цэнтэй ажлаа мэддэг, хүний хөрөнгийг өөрийн мэт хайрлах сэтгэлтэй бас гол нь маш тууштай баc борлуулж чаддаг байхад Твиттерийн ХАТАН ХААН гэсэн нэртэй байхад ч үл хөдлөх хөрөнгө борлогддог юм байна лээ. За саяных жоохон хөгжилтэй болгох гэсэн наргиа шүү. Аль ч улс орон хотуудад NAR байдаг холбоо ч байдаг хэдэн зуун үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниуд ч байдаг. Цор ганц, манайх, минийх  гэж бид бие биеэ үгүйсгэдэггүй, жижигхэн зах зээлд чанартай ажиллахыг л эрхэм болгож байна. Өндөр үнийн дүнтэй хөрөнгөтэй ажиллаад үзсэн хүмүүс ер нь ёс зүйтэй болсон байдаг шүү.

- Энэ салбарт ажилладаг хүн бүр л ҮХХ тухай хууль байх ёстой гэж ярьцгаадаг. Хууль эрх зүйн орчин бүрдээгүйгээс аль аль тал нь хохирох асуудал гардаг  юм шигээ.

- Хүний үнэтэй цайтай үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулж байгаа зарим нэгэн хүмүүс компани хувь хүн нь мэдэгдэхгүй ажиллаж байна. Фейсбүүкээр зарыг нь тавиад л эрсдэлгүй хялбархан ажиллах гээд  байна. Ийм хүмүүсийг хуулийн хүрээнд лицензжүүлэх ажил байгаа юм. Сүүлийн үед энэ бүүр хэрээс хэтэрч байна л даа.  Хүмүүс рүү утасдаад хувийнхаа дансыг өгөөд 150,000 төгрөг шилжүүлчих байрыг чинь зараад өгье, сонгосон байрныхаа урьдчилгааг манай компанид төлөх ёстой гэх мэтчилэн хэрэглэгчдийн мөнгийг залилах асуудлууд нэлээдгүй гарч байна. Тэр байтугай айлын гэрт зуучлалын хүн гэж ороод хулгай хийх тохиолдлууд хүртэл гарсан байсан. Төрийн байгууллагаас яг энэ асуудлууд дээр тодорхой шаардлага стандарт, хяналт байх ёстой бас ямар нэгэн байгууллагын хяналт байх хэрэгтэй гэж үзсэн учраас мэргэжлийн холбоотой хамтарч ажиллая гээд бид ажлаа эхэлсэн байгаа. БХБЯамтай гурван жилийн өмнөөс ҮХХ хяналт зохицуулалтын хуулийн санаачлаад хуулийн фирм аваад хуулийн судалгаагаа эхлээд эхний бичиг баримтууд бүрдсэн байна.

-  Олон улсын франчайз REMAX, CENTURY 21-тэй ямар түвшинд хамтран ажиллаж байгаа вэ?

- Нэг салбарт ажиллаж байгаа болохоор манайх ч холбооны компаниуд ч хэн хэнийхээ ажилд хүндэтгэлтэй хандаж ажилладаг. Ихэнх нь өрсөлддөг гэж боддог байх яг үнэндээ ҮХХ салбар маань хөгжөөд өрсөлдөх ч завгүй ажиллаж байна. Тэгээд ч шинэковууд л өрсөлддөг болохоос салбараа мэддэг ажлаа яг хийдэг хүмүүс ерөнхий судалгаа тайлан хараад л үйл ажиллагаагаа сайжруулан илүү боломжийг судлахын төлөө түлхүү цаг зарцуулдаг байх. Олон улсын франчайз компаниуд холбооны удирдлагууд хоорондоо уулзах талаар ярилцсан байгаа. Бид удахгүй ҮХХ-н салбарыг жинхэнэ тренд салбар болтол нь сайхан хамтран ажиллана гэж итгэж байна. Миний хувиасаа хүсдэг зүйл маань салбарын бүх борлуулагчдын нөлөөлөл хүрээллийг илүү өндөр болгох чин зорилготой. Энэ дээр ч бас хамтран ажиллана гэж итгэж байна. Хэдэн үл хөдлөх хөрөнгүүд эгнүүлж тавьчхаад ёс зүй ярихаас илүү яг чанартай борлуулалт хийдэг байх энэ салбарт чухал байна шүү дээ.

- Уучлаарай нэг сонин асуулт байна. Холбооны гишүүн байгууллагуудын захирлууд энэ салбарт нэлээн олон жил ажилласан туршлагатай хүмүүс байгаа. Тэр ч утгаар  олон улсын  Франчайз компаниудыг  туршлага дутмаг гэх хандлага байгаад байна уу гүй юу.

- Хов живийн асуулт юм шиг санагдлаа.  ҮХХ салбар өөрөө маш уйгагүй бас нөлөөлөлтэй хүмүүс илүү амжилттай ажилдаг салбар. Холбооны гишүүн байгууллагын захирлууд бол яах аргагүй байр сууриа олсон хүмүүс. Би Ремаксийн  хэд хэдэн захирлуудтай ажлын шугамаар уулзахад өөр өөрсдийн хөрөнгөтэй зөвхөн зуучлал хийх бус өөрсдийнхөө хөрөнгийн менежментийг хийхийн тулд франчайз авсан хүмүүс байсныг их үнэлсэн. Нөгөөтээгүүр туршлагагүй маш олон реалторууд ажиллаж байгаа. Холбооны компаниудад ч туршлагагүй хүмүүс байгаа. Холбоо илүү борлуулагчид листингийн чанарыг баримталж ажиллаж байгаа бол Ремакс салбар байгууллагууд нэмж хэрэглэгчдэд ойр ажиллахыг баримталж байх шиг харагддаг. Холбоо чинь салбарын эрх ашиг хууль зүйн орчныг сайжруулахаар нэгдсэн салбарын бүх гишүүдийг хамарсан ТББ бол Ремакс үйл ажиллагаа явуулж байгаа ААН шүү дээ. Ялгаж ойлгох хэрэгтэй. Аль аль нь л хэрэглэгчдэд ашигтай.

- ҮХХ зуучлалаар ажиллаж байгаа хүмүүсийн цалин хангамж хэр байдаг юм бол. Мэдээж зарсан борлуулсан үнийн дүнгээс авч байгаа байх. Дунджаар

- Холбооны гишүүн байгууллагуудын борлуулагчид бүгд нийгмийн даатгал ХАОАТ төлдөг бас үндсэн цалин дээр нэмэлт борлуулалтын урамшуулал авдаг. Компани болгоны цалингийн хэмжээ өөр байх. Үндэсний компаниудын давуу тал  ажилчдын нийгмийн даатгал болон ХАОАТ сайн төлдөг болохоор өөрсдийн үзэл санаа, салбарын хууль зүйн орчинд нөлөөллөө үзүүлэх ёстой. Манай компанийн борлуулагчид бол дундаж компанийн захирлын түвшний цалин авчихдаг. Бид давхар хүний нөөцийн компани ажиллуулдаг болохоор хөдөлмөрийн зах зээлийн цалингийн судалгаа тал дээр бид сайн мэдээлэлтэй байдаг. Манайх шинээр ажилд авч байгаа борлуулагчийнхаа тухайн жилдээ худалдаж авахыг хүс байгаа гурван зүйлээ бичээд ир гэдэг юм. Машин сургалтын төлбөр, байрны урьдчилгаа гээд яг өөрсдийнхөө хүслийг бичсэн байдаг. Тэгээд би гар бариад тэр гурван зүйлийг нь тухайн жилдээ худалдаж авахын тулд хамтдаа зүтгэе гээд ажлаа эхэлдэг юм. Борлуулагч хүн болоход юу хүсэж юунд хүрэхээ тодорхой мэдэх нь хамгийн чухал байдаг. Манайх борлуулагчдаа маш сайн бэлддэг, долоо хоног бүр мотивац өгч хичээлүүд авч өөрөө бас үлгэр жишээ болж, борлуулалт буцалсан орчныг бүрдүүлж урам зориг, шахалт боломжуудыг байнга өгч байдаг. Тэрнээс нэг оффист орж сайхан тайван кофе уугаад сууж байхад борлуулалт гардаггүй.

ХОЛБООНЫ ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУДЫН ВИДЕО ТАНИЛЦУУЛГА:

https://www.facebook.com/archloverss/videos/301306633756908/

- Саяхан би ҮХХ зуучлалын захиралтай уулзлаа л даа. Тэр хүн танай компани болон өөрийг чинь 2,500,000 борлуулалтын сургалт хийдэг гэсэн.  Би бүүр хөөх 2,500,000 сургалт уу гэж дуу алдсан шүү.

- Үл хөдлөх хөрөнгө борлуулдаг хүмүүст энэ гайхах үнийн дүн гэж огт бодохгүй байна. Та буруу сонссон бололтой 2.5 сая биш хоёр сая юм уул нь. Монголын томоохон ихэнх барилгын компаниуд энэ сургалтыг авсан. Би энэ сургалтыг хийхийн тулд сүүлийн таван жил нэг ч сар алгасахгүй  өөрийгөө жинхэнэ борлуулагч болгохын тулд бэлдсэн. Хэчнээн олон цагийн хичээл үзэж, туршлагуудыг судалж сүүлдээ хүний тархины ойлгох үйлдлүүдийг хүртэл судалтлаа өөрийгөө хөгжүүлсэн. Тэгээд би товчлоод багцлаад ажилчдадаа зааж өгдөг дотоод сургалт юм. Манай компанид ажиллах хүсэлтэй маш их хүмүүс ирдэг юм.  Тэднийг яг судлаад үзвэл сургалтуудад маань болдог юм байна гэдгийг анзаарсан. Тэгээд ч олон газраас борлуулагчдыг нь бэлдэж өгөөч гэдэг. Яг бодит туршлагууд дээр суурилсан энэ сургалт маань борлуулагч болъё гэсэн хүнд маш их мэдээлэл бас мотивац болдог. 

1. Хүнд юм ойлгуулахын тулд сургалтын арга зүй байдаг бол би тархины бүтцийн ойлгох чадварыг аргачлан оруулсан. Тэгэхээр хэн ч байсан энэ сургалтыг ойлгоно. Борлуулагч хүн үүнийг  мэддэг байх ёстой.

2. ҮХХ-н үнийн уналт өсөлтийн сонирхолтой үед хийгдсэн амжилттай туршлагуудаа би бүгдийг хэлж өгч байгаа. Хүмүүс яг яаж юм авдаг вэ, би өөрийгөө яаж бэлдэх вэ гээд л . Уйтгартай нэр томьёо биш жинхэнэ яаж хийх вэ гэдгийг хэлж өгдөг.

3. Заримдаа хүмүүс ажлыг хийж чаддаг ч тэрийгээ ярьдаггүй амжилттай хүмүүс байдаг. Би эсрэгээрээ, амжилттай байх тусмаа бусдад түүнийгээ хэлж өгье гэж боддог сэтгэл минь сошиал медиа дээр яаж ажиллах вэ гэдгийг хүртэл багтаасан байгаа.

4. Борлуулалтын маркетинг, борлуулалтын техникүүдийг бүгдийг хэлж өгнө. Ер нь тоймлоод хэлэхэд сургалтын дараа хүн болгон л борлуулагч болохыг хүсдэг юм.

5. Сургалтад суусан хүмүүс ямар ч байсан ҮХХ борлуулах чадвартай болно тэхдээ тэр хүн зааж өгсөн болгоныг маань хэрэгжүүлбэл шүү дээ. Сургалтын талаар маш сайхан комментууд ирдэг. Харин үнэтэй олдсон туршлагаа би маш бага үнэлж байгаа гэж бодож байна.

- Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт ажиллаж байх энэ хугацаанд өөрт тохиолдсон хүндхэн хөгтэй хөгжилтэй ямар дурсамжууд байна.

- Нөхөртөө бэлэг авах гээд дэлгүүрт очсон худалдагч нь "Танай нөхөр хэр өндөр вэ?" гэсэн чинь би "184 м2" гэж авсан. Юм болгоны хойно мкв  залгаад байдаг болчихсон. Бас манай нэг эмэгтэй борлуулагч нэг залууд нэг байр үзүүлээд нөгөөх нь байраа авах болж гэнэ. Ажилтан маань ганц бие байсан нөгөө залуу нь ч ганц бие байж таарч л дээ. Тэгээд тэр хоёр сайхан танилцсан байгаа юм. Залуу тэгсэн "За байраа авчихлаа, эхнэрээ олчихлоо, одоо үр хүүхдүүдээ бодох уу даа" гэж хэлсэн гэсэн . Бид сонсоод компаниараа бөөн инээдэм болж билээ.

-Дараа жил 2019 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарсан байгаа юу?

-Ирэх жилээс ажлууд ундрах шинжтэй байна. Энэ сарын дундуур Санхүүгийн Зохицуулах Хорооноос нэлээд олон холбоотой хамтран COMPLAINCE форум зохион байгуулж байна. Манай холбоо зохион байгуулалтад нь оролцож бусад санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагаа болон мөнгө угаахтай тэмцэх мөн зуучлалын салбарынхныг лицензжүүлэх ажлуудыг СЗХ-той хамтран ажиллахаар санал тавиад байна. Мөн СӨХ-н үйл ажиллагаа сүүлийн үед маш их анхаарал татаж байна. Яг үнэндээ таны хамаг хөрөнгөө цуглуулж авсан үл хөдлөх хөрөнгийг хэн нэгэн арчилж тордож байж хөрөнгө хэвээр үлдэнэ. Гэтэл өнөөдөр та энэ үйлчилгээнд сэтгэл хангалуун байна уу, таны хөрөнгө үр хүүхдэд тань өвлүүлэн үлдээхэд хангалттай үнээ хадгалж байна уу. Энэ тал дээр холбоо маань таны дуу хоолой болон түлхүү ажиллах бодолтой байна. Бид дуу хоолой нь болоход та бүхний дэмжлэг бас чухал нөлөө үзүүлнэ шүү.

- Ярилцсанд баярлалаа.

 

 

 

 

Зураг