Зураг
Зураг
Индэр    
2024 оны 4 сарын 17
Зураг
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ

Хөдөлмөрийн дотоод журмыг шинээр баталсан, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан тохиолдолд нийт ажилтанд танилцуулж, харагдахуйц газар байршуулах үүрэгтэй

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Баян-Өлгий аймгийн Ц сумын ерөнхий боловсролын сургуулийн нэр бүхий долоон багш, 2022-2023 оны хичээлийн жилд буюу 2023 оны 06 дугаар сард явагдсан элсэлтийн ерөнхий шалгалтаас аймаг, улсын дунджийг хангаагүй гэх үндэслэлээр 3 сар 15% үндсэн цалинг бууруулах арга хэмжээ авсан сургуулийн захирал А-ийн 2023 оны 11 сарын 01-ний өдрийн Б/75 дугаартай “Хариуцлага тооцох тухай” тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийн маргаан.

Нэхэмжлэгч талууд шүүхэд гаргасан шаардах эрхийн үндэслэлдээ: Ажил олгогч элсэлтийн ерөнхий шалгалт 6 сард явагдсан болохыг тухайн үед мэдэж байсан мөртлөө 6 сарын дараа багш нарыг арга хэмжээ авсан нь хууль бус. Монгол Улсын Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2, 33.3.3 дугаар заалтуудад хариуцлага тооцох тухай заагдаагүй. Манай сургуульд 2019 оноос хойш дотоод журам хэлэлцэгдэн батлагдаагүй, 2022 онд 04 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон байхад хуанлид байхгүй өдрөөр хурал хийсэн болгож, өөрөө дотоод журам боловсруулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, тус сургуулийн багш нар “2022 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийн хурлаар өөрчлөлт оруулж батлав” гэсэн дотоод журамтай танилцаагүй гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын ... дүгээр сургуулийн захирал Ж.А: Миний бие хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд нэхэмжлэгч нарт хуульд заасан хугацаанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан. ... 2019 онд дотоод журам баталсан ба 2022 оны 03 сарын 03-ны өдөр дотоод журмын холбогдох заалтуудад өөрчлөлт оруулсан. Иймд 2022-2023 оны хичээлийн жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтаас аймаг, улсын дунджийг хангаагүй тул зохих дотоод журмын дагуу хариуцлага тооцсон тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.

Иргэний хэргийн анхан шатны шүүх

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т “Ажил олгогч ажилтны төлөөлөгчийн саналыг харгалзан хууль тогтоомжид нийцүүлэн тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд үйлчлэх хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлнэ” гэж заасан. Хариуцагч “Хариуцлага тооцох тухай” тушаалд тус сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалтыг баримталсан байна.

... сургуулийн хөдөлмөрийн дотоод журам”-г нэхэмжлэгч нарт танилцуулаагүй, сургуулийн харагдахуйц газар байршуулаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т заасан үүргээ биелүүлээгүй зөрчсөн байна.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана” гэж заасан байна.

Хариуцагч ... сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө нэхэмжлэгч нарт мэдэгдээгүй, тайлбар аваагүй нь хөдөлмөрийн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна. “Хариуцлага тооцох тухай” Б/75 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Хариуцлага тооцох тухай” Б/75 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-д заасныг баримтлан хариуцагч ... сургуулийн захирлын 2023 оны 11 сарын 01-ний өдрийн “Хариуцлага тооцох тухай” Б/75 дугаартай тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй байна гэж үзсэн байна.

 

(Энэхүү шүүхийн шийдвэрийн агуулгыг товчлон бичсэн болно) Эх сурвалж: Shuukh.mn

зураг