Зураг
Зураг
Индэр    
2024 оны 4 сарын 8
Зураг
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ

Орон сууцыг хугацаандаа ашиглалтад оруулаагүйгээс үүссэн хохиролд урьдчилгаа төлбөрийг банканд хадгалсан тохиолдолд олох байсан орлогоор тооцоолсон нэхэмжлэл

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Орон сууцыг хугацаандаа ашиглалтад оруулаагүйгээс үүссэн хохиролд урьдчилгаа төлбөрийг банкны хадгаламжид хадгалсан тохиолдолд олох байсан орлогоор тооцон иргэн Б.А-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц... импекс ХХК холбогдох 49,335,109 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийн маргаан анхан шат, давж заалдах шат, хяналтын шатаар шийдвэрлэгдсэн шүүхийн шийдвэр.



Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан тайлбартаа: 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гүйцэтгэгч Ц... импекс ХХК болон Ц... констракшн ХХК-тай “Орон сууц захиалгаар барих гэрээ” байгуулж Спринг таун цогцолборын Б блокийн 5-р давхарт 83.97 м.кв талбайтай орон сууц захиалсан. Тус гэрээнд барилгын ажил дуусах хугацааг 2015 оны 2 дугаар улирал байхаар талууд харилцан тохиролцсон. Гэвч гүйцэтгэгч компани 2014 оны 5 сарын 21 өдөр 01/69 тоот албан бичгээр “ ... бидний хамтын ажиллагаа гэрээ байгуулагдаж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй, энэ нь бусдын хууль бус үйл ажиллагаа хөндлөнгийн нөлөөнөөс болж аль аль тал хохирч ирсэн. Ийнхүү хугацаа алдсан явдалд хүлцэл өчин, энэхүү захиаг хүргүүлж байна. ... үүнтэй холбоотойгоор талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаанд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа тул гэрээнд өөрчлөлт оруулах санал тавьж байна” гэх агуулга бүхий саналыг ирүүлсэн болно.

Ийнхүү гэрээнд заасан хуваарийн дагуу барилгын ажил явагдаагүй, барилга хугацаандаа ашиглалтад орохгүй болох нь тодорхой болсон тул 2015 оны 3 сарын 09-ний өдөр Орон сууц захиалгаар барих 53 дугаар гэрээг цуцлах тухай мэдэгдлийг бичгээр хүргүүлж, гэрээний дагуу төлсөн төлбөрөө бүхэлд нь буцаан гаргуулахаар болсон.

Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, гэрээ цуцлагдах хүртэл нийт 54,160,650 төгрөгийг төлсөн бөгөөд Ц... импекс ХХК-аас гэрээ цуцлагдсантай холбоотой 2,000,000 төгрөгийг суутгаж үлдэх 52,160,650 төгрөгийг 2015 оны 6, 7, 8 саруудад хуваан бүрэн төлж барагдуулахаар болсон. Гэтэл хариуцагч 13,000,000 төгрөг буцаан олгож үлдэгдэл 39,160,650 төгрөгийг дээрх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй. Улмаар нэхэмжлэгч Б.А нь Австрали улсад сурч, амьдрах болсон тул гэрээний төлбөрийн үлдэгдлийг Хаан банкны австрали долларын дансаар авахаар тохиролцсон боловч шилжүүлсэн төлбөрөөс нь 29,671,832 төгрөг үлдсэн./ Жич:Үлдэгдэл төлбөрийг 2016 оноос 2021 он хүртэл Монгол банкнаас зарласан Австрали долларын ханшаар тооцож нэхэмжилсэн болно./

Ц... импекс ХХК нь төлбөрийн буцаалтыг 2015 оны 8 дугаар сард багтаан бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосон хугацааг хэтрүүлээгүй байсан бол Б.А нь 2022 оны 9 сарыг дуустал хугацаанд дээрх мөнгөн хөрөнгийг арилжааны банканд хадгалуулан олж болох байсан орлого буюу хохирол нийт 19,663,277 төгрөг болж байна. Иймд Ц... импекс ХХК-аас төлбөрийн буцаалтын үлдэгдэл 29,671,832 төгрөг, хохирол 19,663,277, нийт 49,335,109 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ц... импекс ХХК –ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа ... Гэрээ цуцлагдсанаас хойш төлбөрийн үлдэгдэл 39,160,650 төгрөг болсон. Нэхэмжлэгч гадаадад амьдрах болсон тул үлдэгдэл төлбөрийг шилжүүлэхийг хүссэн данс руу австрали доллар болж орж байсан. Талууд хооронд австрали долларын гэрээ байгуулагдаагүй. Одоо үлдсэн төлбөрийг төлөх үүргээ биелүүлэх болно. Нэхэмжлэгч 2015 он 3 сарын 9-ний өдөр гэрээгээ цуцалсан. Гэрээ цуцлахаар талууд өгсөн, авсан зүйлээ буцаах асуудал үүснэ. Хуульд заасан боломжит хугацаанд асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой байсан боловч 7, 8 жилийн хугацаа өнгөрсний дараа банкны хадгаламжийн хүү шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй. Ийм учраас нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болон нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Хариуцагч тал хуульд заасан үүргийн хүрээнд 14,080,325 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж үзэж байгаа. Гэрээний хугацаа дуусаагүй байхад барилгын ажлыг барьж дуусгах боломж байсан. Шүүхийн маргаанаас болж барилгын ажил зогссон байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, хариуцагч талын гаргасан баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэв.

Анхан шатны шүүхээс дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4-ийн 4.1-т Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба ... Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх ... хориглоно гэж заасан.

Зохигчид төлбөрийн үлдэгдлийг Австралийн доллар руу хөрвүүлэн хийхээр тохиролцсон нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт нийцэхгүй байх ба хариуцагчийн үлдэгдэл төлбөрт төлсөн төлбөрүүдийг төгрөгт шилжүүлэн тооцох үндэслэлтэй.

Хариуцагч нь Гэрээний төлбөрийн үлдэгдэл төлбөрт нэхэмжлэгчид 14,080,325 төгрөгийг төлөх үүрэгтэй байх ба Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар уг төлбөрийг нэхэмжлэгчээс гарсан зардал буюу учирсан хохирол гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь 54,160,650 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сард Арилжааны банкны хадгаламжид байршуулсан тохиолдолд 19,663,277 төгрөгийн орлого олох боломжтой байсан гэж маргаж байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал ... орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас олох байсан орлогод 19,663,277 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц... И ХХК-аас нийт 33,743,602 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А-д олгож, үлдсэн 15,591,507 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж анхан шатны шүүх үзсэн байна.

Давж заалдах шатны шүүх: Хариуцагч тал давж заалдсан бөгөөд “...54,160,650 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд нэхэмжлэгчид буцаан өгсөн тохиолдолд нэхэмжлэгч уг мөнгөн хөрөнгийг арилжааны банкны хадгаламжид байршуулж, 19,663,277 төгрөгийн орлого олох байсан гэж үзэх үндэслэлийг дээрх баримтууд нь нотолж чадахгүй байна...” хэмээн нэхэмжлэлийн шаардлагаас 19,663,277 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүх: Нэхэмжлэгч тал хяналтын журмаар гаргасан бөгөөд “...54,160,650 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч хуулийн этгээдийн үйл ажиллагаатай холбоотойгоор гэрээний үүрэг хэрэгжих боломжгүйгээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан, хариуцагч нь нэхэмжлэгчид төлбөрийг 2015 оны 8 сар гэхэд бүрэн төлж дуусахаар харилцан тохиролцсон боловч хариуцагч төлбөрийг төлж дуусаагүйгээс нэхэмжлэгч өөрт нь учирсан хохирлоо олох байсан орлого гэж тодорхойлон, хэмжээг нь арилжааны банкны дундаж хүүгээр тооцсоныг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй...” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

(Энэхүү шүүхийн шийдвэрийн агуулгыг товчлон бичсэн болно. ) Эх сурвалж: Shuukh.mn

зураг