Зураг
Зураг
Индэр    
2024 оны 2 сарын 8
Зураг
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ

Хүүхдийн эсрэг гэмт хэрэгт хүлээлгэх ялын ялгамжтай заалт

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тэртээ 1934 онд их зохиолч Д.Нацагдорж “Монголын үрс маш олон болтугай” хэмээх алдарт шүлгээ бичсэнээс хойш  90 жил болжээ.  Манай улс 1935 онд хүн амын тооллогоор 738,200 иргэнтэй гэж бүртгүүлж байсан бол 2024 оны 02 сарын 01 өдрийн байдлаар 3,546,263 иргэнтэй болж их зохиолчийн ерөөлөөр бид олуулаа болов. Харин хүн амын өсөлттэй зэрэгцээд “ хүүхэд хамгаалал, хүүхдийн эрх” ийн талаар төр засгаас хэрэгжүүлж байгаа бодлого, хууль тогтоомжийн хүрээнд хангалттай хамгаалагдсан байдаг болов уу?

Монгол улсын олон улсын хүүхдийн эрхийн тухай конвенцийн  I хэсэг 1 дүгээр зүйлд  “Энэхүү Конвенцийн зорилгод тухайн хүүхдэд хэрэглэх хуулийн дагуу тэрээр 18 наснаас өмнө насанд хүрсэнд тооцогдоогүй бол 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ”,  Хүүхдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт  Хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэлх эрхийг нь хангахад энэ хууль үйлчилнэ гэж тус тус заажээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2021 оны эцсийн тоон мэдээллээр  0-18 насны 1,272,527  хүүхдүүд байна.

 Манай улсад хүүхдийн эрхийг хамгаалсан Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль гэх мэт эдгээр хуулиуд хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Гэр бүлийн тухай хуульд "хүүхдийн эрх, ашиг сонирхол" гэсэн холбоо үг 21 удаа тус бүр давтагдан орсон бол Хүүхдийн эрхийн тухай хуульд энэ холбоо үг нэг ч ороогүй бөгөөд харин "хүүхдийн эрхийг хангах" 25 удаа, "хүүхдийн эрхийг хамгаалах" гэж 5 удаа тус тус орсон байна.  Харин эдгээр хуульд заасны дагуу хүүхдийн эрхийг хамгаалж чадаж байгаа юу?  

KidsRights Index нь улс орнуудын хэмжээнд хүүхдийн эрхийн талаар судалгаа гаргадаг дэлхийн анхны бөгөөд цорын ганц байгууллага. Жил бүр НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийг соёрхон баталсан НҮБ-ын гишүүн орнуудын дунд хүүхдийн эрхийн талаар  амьдрах эх, боловсрол эзэмших эрх, хамгаалуулах эрх, эрүүл  байх эрх, хүүхдийн эрхийг хамгаалах орчныг бүрдүүлэх гэсэн таван чиглэлээр судалгаа гаргадаг бөгөөд 2023 оны судалгаагаар  манай Монгол улс дараах асуумжийн дагуу Хүүхдийн эрхийн индексийн зэрэглэлээр 193 орноос 93-д орсон байна. 

Амьд явах эрх

Эрүүл байх эрх

Боловсрол эзэмших эрх

Хамгаалуулах эрх

Хүүхдэд ээлтэй хүрээлэн буй орчныг бий болгох эрх

101-102

115

69

92

127-133

Сүүлийн үед хүүхэд хүчирхийллийн талаар сэтгэлд сэрхийм  аймшигт хэргүүд гарч байгаа бөгөөд түүнд хүлээлгэх ялын бодлогыг чангатгахыг ард иргэд уриалав. Үүний дагуу  2023 оны 12 сарын 07 өдөр Эрүүгийн хуулийн  12.1 дүгээр зүйлийн Хүчиндэх гэмт хэрэг “ Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн;  энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалтыг өөрчлөн найруулахдаа өмнө нь 20 жил байсныг 25 жил болгон хорих ялыг чангатгав.  Эрүүгийн хуулийн тусгай ангид  “Хүүхдийн эсрэг гэмт хэрэг” гэсэн бүлэг бий.  Үндэсний статистикийн хорооны  2022 тайланд дурдсанаар дараах хүүхдийн эсрэг гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

2018

2019

2020

2021

2022

21

31

17

31

54

ОТИС-ийн Хуулийн сургуулийн захирал С.Болорэрдэнэ “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын зарим асуудал” сэдвээр докторын зэрэг хамгаалсан бүтээлдээ Эрүүгийн хуулийн Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх буюу 11.7.2.1 болон Хүүхэдтэй харгис хэрцгий харьцах буюу 16.7.1 ийн ялгаатай шинжийг харьцуулж хүчирхийлэл үйлдсэн этгээдэд ял оногдуулахдаа БАЙНГА болон УДАА ДАРАА гэсэн обьектив талыг харгалзан шүүх ялгамжтай ял оногдуулж байгаа талаар дурдсан байдаг.

Ялгаатай тал

11.7.2.1 дугаар зүйл. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх

16.7.1 дугаар зүйл. Хүүхэдтэй хэрцгий харьцах

Обьектив тал

Байнга/ 3 ба түүнээс дээш

 

Удаа дараа / 2 ба түүнээс дээш

Халдлагад өртөгч

18 насанд хүрээгүй хүүхэд, ахмад настан, жирэмсэн эмэгтэй

 

18 насанд хүрээгүй хүүхэд

Субъект

 

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай 16 насанд хүрсэн хүн

18 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, хувь хүн

 

Ял

6 сараас 2 жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 2 жил хүртэл хагацаагаар хорих ял шийтгэнэ

450 нэгжээс 1,350  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 3 сар хүртэл зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ

 Тайлбар:  1 нэгж – 1,000 төгрөгөөр тооцогдоно.

Дээрх эрүүгийн хуулийн 2 төрлийн гэмт хэрэг нь зорилго сэдлээрээ ялгаатай боловч хохирогч нь адилхан хүүхэд байхад нэг нь хорих ялтай нөгөөх нь хорих ялгүй байна. Доктор С.Болорэрдэнийн гаргаж дэвшүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7.1 дугаар зүйл Хүүхэдтэй хэрцгий харьцах заалтаар  шүүхийн шийдвэрийн сан www.shuukh.mn сайтад тавигдсан дараах 2 кейсээр жишээ болгон авлаа.

КЕЙС 1.  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол. Дугаар 2022/ШЦТ/717

Яллагдагч З.Д  нь 2021 оны 8  сараас 2021 оны 11 сарын 13-ны өдрийг хүртэл  М.П –тэй хамтран амьдрах хугацаандаа түүний хүү болох 7 настай П.Ш -тэй тоглож байна гэх нэрийдлээр удаа дараа хүүхдийн зүүн хацар, 2 гарын шуу, зүүн өгзөг, зүүн гуянаас нь гараараа чимхэх, цохих зэргээр бие махбод, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж хүүхэдтэй хэрцгий харьцсан. Мөн түүний бэлэг эрхтнийг гарынхаа хумсаар хавчиж эрүүл мэндэд тээрхийн арьсанд шарх  бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хохирогч П.Ш  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “Аав дүү бид хоёр заримдаа тоглодог. Тоглож байхдаа намайг гараараа чанга  базаж өвтгөсөн. Тэгээд бас миний боожгойноос татаад цус гаргаж намайг уйлуулсан. Аав заримдаа намайг чанга загнадаг. Аав Сүлдээ бид хоёртой  ноцолдож тоглож байгаад  миний дотуур хувцсыг тайлаад өгөхгүй байсан. Тэгээд хазна гээд намайг гэрт хөөж байсан тэгээд намайг барьж байгаад боожгойноос нэг удаа хазаад, боожгойноос гараараа татахаар нь би /ёоё/ гэж хэлэхэд миний дотуур хувцас надад өгсөн.  Тэгэхээр нь би дотуур хувцсаа өмсөөд гэртээ байж байтал миний боожгой хорсоод байхаар нь аавдаа хэлтэл би үзье гээд миний боожгойг хараад гайхсан. Тэгээд ийм юм байдгаа гээд байсан. Тэгснээ миний боожгойнд бор өнгөтэй шингэн юмнаас асгаж байгаад түрхэхэд аймар хорсоод байсан. Аавдаа хэлээд юм түрхүүлж байхад ээж гаднаас орж ирсэн...” гэжээ

Шүүхээс Яллагдагч З.Д-д  Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,200,000 төгрөгөөр торгох ял.  Хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 675,000 төгрөг нийт 1,875,000 төгрөгөөр торгох ял авсан байна.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 5 (таван) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай гэжээ.

КЕЙС 2.  Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол.  Дугаар 2021/ШЦТ/488

Шүүгдэгч О.З нь 2021 оны 5 сард  Эрүүл мэндийн харьяа Хүүхдийн төв сувилалд өөрийн төрсөн хүү болох нярай Б.Х-тай хэвтэн эмчлүүлж байхдаа түүний эцэг болох Б.Б-г бусадтай хардан, гэр бүлийн асуудлын улмаас маргалдан 1 сартай Б.Х-г гэдэс нүүр хэсэгт удаад дараа алгадаж, нясалж “үхээд өг” гэж хашхиран амыг нь гараараа дарах зэрэг удаа даараагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хүүхэдтэй хэрцгий харьцах” гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч О.З- шүүх хуралдаанд: “...Тухайн үед хүүхэд өвдөөд эмнэлэгт хэвтсэн. Нөхөр маань мөнгө олохоор Тавантолгой руу  ажиллахаар яараад явсан.  Явсны дараа түүнтэй утсаар ярихад  согтуу байсан бөгөөд цаана нь эмэгтэй хүмүүс сонсогдсон. Дараа нь залгахад өмнө үерхэж байсан найз охин нь утсыг нь аваад  би 2 сартай жирэмсэн гэж хэлсэн. Мөнгө төгрөг олно гээд намайг хүүхэдтэй эмнэлэгт хэвтсэн байхад тэнд наргиж, цэнгээд дуулж бүжиглээд байж байсан. Тэгээд дахиад утсаа авахгүй 2 хоног алга болсон. Би Б-д амьдралаа орхиж байгаа бол одоо хүүхдийг нь чинь аллаа гээд хүүхдээ зодож байгаа бичлэг хийгээд явуулсан” гэв.

Сэтгэц эмгэг судлалын  дүгнэлтэд О.З- г сэтгэцийн ямар нэгэн өвчингүй гэжээ. Шинжээчийн дүгнэлтээр нярай Б.Х-н биед гэмтэл тогтоогдсонгүй гэж гарсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Арван найман насанд хүрсэн хүн хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн бол ...шийтгэнэ” гэж тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлон хуульчилжээ. Удаа дараа гэх гэмт хэргийн шинж нь “хэвшил буюу дахин давтагдах шинжтэй бөгөөд тооны хувьд хоёр ба түүнээс дээш удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдэгдсэн байх хууль зүйн ойлголт юм. Тиймээс ... “удаа дараа” гэх гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Түүнчлэн, Эрүүгийн хуульд хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө хэрцгий хандсан байхыг хууль тогтоогч хуульчилжээ. Нэг сартай нярай хүүхдийн хувьд аливаа үйлдэл, эс үйлдэхүй хийх боломжгүй бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүүхдийн үйлдэл, эс үйлдэхүйн төлөө бус харин өөрийн нөхөртэй маргалдсаны улмаас хийсэн үйлдэл байх тул гэмт хэргийн санаа зорилго, сэдэлт нь мөн уг гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэж дүгнэв.

Иймд улсын яллагчийн шүүгдэгч О.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.З-ыг үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгасан болно гэжээ.

Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэх УДАА ДАРАА (2 ба түүнээс дээш)  эсвэл БАЙНГА (3 ба түүнээс дээш ) гэсэн давтамжийн тооноос хамаарч ялын бодлого өөр байна.  Хүүхэд хүчирхийлэлд өртөхөд зохих шийтгэлийг гэмт хэрэгтэнд оногдуулахын  тулд 3-аас дээш хүчирхийлүүлж бие махбод сэтгэл зүйгээр хохирсоор байх уу? Гэр бүлийн хүрээнд гарч байгаа хүчирхийллийн гэмт хэрэгт хамаарал бүхий этгээд нь дуудлага өгөх, цагдаад мэдэгдэх зэрэг үйлдэл хийдэггүйгээс болоод ял завших боломжийг олгож байна. Мөн Улсын дээд шүүх байнга гэх үйлдлийг янз бүрээр тайлбарлан хэрэглэж байна. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.7.2.1 дугаар зүйлийн  Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, 16.7.1 дугаар зүйлийн Хүүхэдтэй хэрцгий харьцах гэмт хэргийн ялын ялгамжтай байдлыг арилгах, эрдэмтэн судлаачид энэ сэдвийг анхааралдаа авч илүү нарийвчлан судлах хэрэгтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн  11/ “... Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэсэн заалт бий.

Хүүхдийн эрхийг төр нь хуулиараа хамгаалж, төрсөн эцэг эх нь хайраар дутаахгүй өсгөх юм сан.