Зураг
Зураг
Индэр    
2018 оны 12 сарын 4
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Дотоодын үйлдвэрлэгчдийн хөдлөх цаг!

Зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn

Монгол Улсын эдийн засаг үнэхээр дархлаа муутай болохыг өдрөөс өдөрт шинэ дээд амжилт тогтоон чангарч буй ам.долларын ханш харуулж байна. 

Манай улсын түүхий эдийн экспортын 90 орчим хувийг дангаар худалдан авдаг БНХАУ зөвхөн нүүрсний импортоо хязгаарлах гэнэтийн шийдвэр гаргаснаас ам.долларын ханш 14 хоногийн дотор 57.41 төгрөгөөр чангарлаа. 

АНУ-ын төв банкны бодлогын нөлөөгөөр хөгжиж буй орнуудад 2018 онд ам.долларын ханш чангарч байгаа нь нийтлэг үзэгдэл байсан бөгөөд манай улсад харин ч харьцангуй бага чангарсан гэсэн тайлбарыг Монголбанкнаас өнгөрсөн хугацаанд өгч ирсэн. Тийнхүү тайлбарласанчлан АНУ-ын нөлөөгөөр 2018 оны нэгдүгээр сараас арваннэгдүгээр сарын эхэн хүртэл ам.долларын ханш төгрөгийн эсрэг 4.7 хувь чангараад байв. Тэгвэл арваннэгдүгээр сарын дундуур урд хөршийн бодлогын гэнэтийн өөрчлөлтийн улмаас хагас сар хүрэхгүй хугацаанд төгрөгийн ханш 2.23 хувиар суларчихаад байна. Гадна талд өгсөн тэрхүү багахан чичирхийлэл манай улсын эдийн засагт ийнхүү доргилт өгсөн нь дээр дурдсанчлан эдийн засгийн дархлаа муу байгаагийн илрэл. 

График 1. Ам.долларын ханш 2018 оны нэгдүгээр сараас арванхоёрдугаар сарын 1-н.

Төгрөгийн ханшийг сул тавья

Ам.долларын ханшийг өсгөж огт болохгүй, өсгөвөл эдийн засаг балран доройтно гэж иргэд ойлгодог. Бодлого боловсруулагчид ч үүнд хамгийн ихээр ач холбогдол өгдөг. Тэгвэл энэ өсөлт нөгөө талаар бидэнд давуу тал ч болох боломж байна. Товчхондоо төгрөгийн ханшийг сул тавья. Азийн бар гэж нэрлэдэг ихэнх орон яг ийм бодлого баримталсан нь бүгд амжилтад хүрч байжээ. Япон улс л гэхэд өрсөлдөх чадвартай барааг өөрсдөө үйлдвэрлэдэг болох хүртлээ ханшаа чангаруулалгүй явж ирсэн байх жишээтэй. Тэр тусмаа байгалийн баялаг ихтэй орнуудын хувьд дотоод валютын ханшаа суллах бодлого барьснаар үндэсний үйлдвэрлэгчдийнхээ өрсөлдөх чадварыг сайжруулж, эдийн засгаа хүчирхэгжүүлсэн туршлага цөөнгүй ажээ.  

Баялаг ихтэй орнуудын хувьд дараах ижил зүй тогтол байгааг Дэлхийн банкны доорх судалгаа харуулж байна. Улс орнууд ашигт малтмал, байгалийн баялгаа их хэмжээгээр экспортолж байгаа хэдий ч эдийн засгийн өсөлт нь эсрэг хамааралтай буюу өсөлт багатай байгаагийн шалтгаан нь Голланд өвчин хэмээн Дэлхийн банк оношилжээ. 

График2. Түүхий эдийн экспорт болон эдийн засгийн өсөлтийн хамаарал

 

Баялгийн экспортоос орж ирэх валютын урсгал эрчимжиж тэр үед дотоод валютын ханшаа чанга хэвээр хадгалснаар зардал нэмэгдэж, халамж өсөж, популист амлалт газар авч, уул уурхайгаас бусад салбарын өрсөлдөх чадвар унадаг жамтай. Энэ цикл таваас дээш жил үргэлжилснээр баялгийн хараал утгаараа нүүрлэнэ. 

Тэгвэл үүний эсрэг хийж чадах нэг амжилттай туршлага нь дээр дурдсан дотоод ханшаа сулруулах ажээ. Тодруулбал, инфляцийн өсөлтийн хэмжээгээр доллар, юанийн ханш чангарахыг зөвшөөрснөөр эдийн засгийн төрөлжилт, экспортыг дэмжих, үйлдвэрлэл эрхлэгчдээ хүрээгээ тэлэхэд нь түшиц болдог байна. 
Энгийнээр жишээ татъя. Дотоодод үйлдвэрлэсэн оймс 1,500 төгрөгийн үнэтэй байхад валютын ханш сул байвал иргэд импортын бараа авахыг илүүд үзнэ. Яагаад гэвэл урдаас авчирсан оймсыг 1,000 төгрөгөөр авах боломжтой учраас. Энэ нь үндэсний үйлдвэрлэгчдэд үйл ажиллагаагаа өргөжүүлэх хүсэл төрүүлэхгүй байх шалтгаан болно. Харин эсрэгээрээ төгрөгийн ханш сулраад, урд хөршийн оймс 1,500 төгрөг ба түүнээс дээш үнэтэй болчихвол дотоодын үйлдвэрлэгчдийн борлуулалт сайжирна. Бүтээгдэхүүнээ экспортолдог бол бүр ч ашигтай болно гэсэн үг. 

Монгол Улсын импорт 2012-2016 онд 40 хувиар агшсан байдаг. Хэрэв та санаж байгаа бол яг тэр үед дотоодын үйлдвэрлэл эрчимтэй тэлж, монголчууд анх удаа цементийн хэрэгцээгээ бүрэн, хүнсний бүтээгдэхүүнийхээ нэлээд хувийг дотоодоосоо хангадаг болж байсан. Тухайн үед дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлого явуулсны бас нэг үр дүн бөгөөд төгрөгийн ханш суларч байсан тэр жилүүдэд олон үйлдвэрлэгч хөл дээрээ бат зогсож, ашиг орлогоо нэмэгдүүлсэн түүх байдаг. Тухайн жилүүдэд үйлдвэрлэл хэрхэн өссөнийг доорх графикаас харж болно.  

График3. ДНБ-ий бодит өсөлтөд салбарын нөлөө

 
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Дотоодын үйлдвэрлэл хэрхэн тэлснийг дараах хүснэгт илүү тодорхой харуулна.

Хүснэгт. ДНБ салбараар

 
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Тэгвэл яг одоо дотоодын үйлдвэрлэгчдийн хөдлөх цаг ирээд байна. Америк долларын ханш цаашид буурах найдвар тун бага байна. Учир нь БНХАУ-ын импортоо хязгаарлах шийдвэр хэр удаан хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байгаа. АНУ бодлогын хүүгээ он гараад дахин гурван ч удаа нэмэх хүлээлттэй байна. Ийм байхад зөвхөн уул уурхайн салбартаа найдах нь маш эрсдэлтэй. 

Баялагтай орнуудын уул уурхайн салбар өөрийгөө аваад явах чадвартай байдаг ч бусад салбар нь өрсөлдөх чадвараа алдаж байдаг гэдгийг Азийн хөгжлийн банкны эдийн засагч Л.Амар сануулав.

Хөдөлмөрийн зах зээлийн 4%-ийг бүрдүүлдэг ганц салбарт найдах аргагүй

Манай улсын хувьд уул уурхайн салбар нийт экспортын 90 орчим хувийг дангаараа бүрдүүлж, ДНБ-ий 20 гаруй хувийг үйлдвэрлэдэг ч хөдөлмөрийн зах зээлийн ердөө дөрөвхөн хувийг эзэлдэг учраас ерөнхийдөө хүртээмжтэй биш гэж болно.

Тиймээс гадаад валютын ханш чангарч буй энэ үед ажлын байр хамгийн ихээр бий болгодог хувийн салбаруудынхаа өрсөлдөх чадварыг сайжруулахад илүүтэй анхаарах цаг ажээ. Ийм л үеийг ашиглаж, дотоодын үйлдвэрлэгчдээ өөд нь татаж, иргэдийнхээ хэрэгцээг өөрсдөө хангах чиглэлд санаа тавихгүй бол эдийн засаг улам эмзэг, гадна орчноос илүү хамааралтай болж, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн ханшийн савалгаанд үргэлж сэгсчүүлсээр байна гэсэн үг.  

Зимбабве, Нигери шиг болохгүйн тулд экспортын орлогынхоо 96 хувийг тусдаа санд төвлөрүүлж, хэт их валютын урсгалаас зах зээлээ хамгаалдаг Норвегийн замаар явах сонголт бий. Тус улс газрын тосны баялгаа аажим аажмаар баялаг болгож ирснийг доорх график харуулж байна. 

График3. Норвегид газрын тосноос олгосон баялгийг олон улс дахь санхүүгийн баялаг болгож хувиргаж буй байдал

 
Эх сурвалж: Азийн хөгжлийн банк

Уг нь Монгол Улс Төсвийн тогтвортой байдлын сан, Ирээдүйн өв сан гэсэн хоёр ч сан байгуулсан. Энэ сангуудын нэг нь дунд хугацаанд түүхий эдийн үнэ өндөр байхад хуримтлал үүсгэж, үнэ буурсан үед хадгалсан мөнгөө хэрэглэж, эдийн засгаа тогтвортой авч явах боломжийг хангах зорилготой бөгөөд хангалттай нөөц хуримтлуулах шаардлагатай. Харин Ирээдүйн өв сан бол урт хугацааны баялгийн хараалаас сэргийлэх, тэгш шударга байдлыг хангах зорилготой. Хэт их валютын урсгал орж ирэхэд хэт инфляц үүсгэж, эдийн засгийн халалтаас сэргийлэх зорилготой. Гэвч одоо хэр нь “ажиллахгүй” хэвээр байна.

Тиймээс ядаж дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих бодлогыг хэрэгжүүлэх боломжийг ашиглах хэрэгтэй болов уу. Монгол Улсын дундаж давхарга өөрсдөө бараагаа үйлдвэрлээд, түүнийгээ хэрэглэдэг, гадаадад экспортолдог болохын хэрээр эдийн засаг тогтвортой хөгжинө хэмээн эдийн засагчид үргэлж хэлдэг. 

“Голланд өвчнөөс сэргийлэх гол арга нь дотоод валютын хэт чангаралтаас хамгаалах. Инфляц өсөөд байхад ханш тогтвортой байгаад байвал дотоод валютын бодит ханш чангараад байна л гэсэн үг. Төгрөг чангараад байвал хэрэглээг дэмжээд байна гэж харах хэрэгтэй. Үүнээс л сэргийлэх нь баялагтай орны хувьд чухал” гэдгийг Л.Амар онцолсон юм.