Индэр    
2018 оны 11 сарын 14
Зураг
Эдийн засагч, шинжээч

Жинхэнэ ЖДҮ ямар дүр төрхтэй байна вэ?

Зураг
Гэрэл зургийг Mpa.mn
Жинхэнэ ЖДҮ-г яагаад хөгжүүлэх хэрэгтэй байдаг вэ?

2018 онд Монголчууд бензиний үнэ, ханшийн өсөлт, ЖДҮ гэх мэт олон асуудлаар амьсгалсаар 2019 онтой золгох нь.

Тэгвэл Жинхэнэ ЖДҮ яагаад улс оронд чухал байдаг, жинхэнэ ЖДҮ өнөөдөр ямар нөхцөл байдалтай байгааг хөндье.

Жинхэнэ ЖДҮ – ямар ач холбогдолтой вэ?
  • Нийгэмд ужиг болсон ЯДУУРАЛ, АЖИЛГҮЙДЛИЙН ТҮВШИНГ бууруулах гол аргуудын нэг нь ЖДҮ-н хөгжил байдаг. Өнөөдөр статистикийн хорооны ажилгүйдлийн түвшинд итгэж сэтгэлээ дэвтээлгүй, аймгуудаар яваад л үзэхэд жинхэнэ ажилгүйдлийг бид нүдээрээ харах болно. ЖДҮ-г хөгжүүлснээр дотоодын ажлын байр нэмэгдэж, өнөөх аймаг суманд ажилгүй байгаа залуучууд ажилд орж, улмаар өрх орлоготой болно гэсэн үг. 
  • Эдийн засаг өслөө л гэнэ мань мэтийн карманд мэдрэгдэж байна уу? тэр өсөлт. Чулуунаас олсон бялууны 90 хувийг эрх баригчид, 10 хувийг ард түмэн авахгүйгээр хооронд нь ТЭГШ ХҮРТЭЭМЖТЭЙ бялуугаа хуваах боломжийг ЖДҮ-г хөгжүүлснээр бий болгож болдог.
  • Үндэсний үйлдвэрлэл өсч, бойжиж хөгжсөнөөр 2 чулуунаас хамааралтай, импортоор өсч буурдаг эдийн засгаа төрөлжүүлэх боломжийг олгодог. Магадгүй олон улсад бүтээгдэхүүнээ гаргасан нөхцөлд АМ.ДОЛЛАРЫН орох урсгал нэмэгдэж, зөвхөн гадаадын шууд хөрөнгө оруулалт харж суудаг үе өнгөрнө.

Харин хуурамчид нь(улс төрчид, эрх баригч) яадаг гэвэл бага хэмжээтэйгээр авсан зээлээсээ олсон их орлогоо далд эдийн засаг руу шингээж, улс төрийн хээл хахуульд зарцуулдаг учраас энэхүү мөнгө нь тухайн үйлдвэрлэлээ өргөжүүлэх, ажилчдын цалинг нэмэгдүүлэх зэрэгт зарцуулагдахгүй. ЁС СУРТАХУУНЫ ХУВЬД Ч БУРУУ, ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД Ч ҮР АШИГГҮЙ болохыг харлаа. ЖДҮ-н энэ сан ч гэлтгүй. Хөгжлийн банкны маш их хэмжээний бондуудын мөнгө ихэнх нь л ийм замаар явж, ийм хувь тавиланг туулсан. Харин өнөөдөр иргэд, ААН энэ мөнгийг нь хамтдаа төлөөд л явж байна.

Төр энэ мөнгөөр ч зогсолтгүй өөр олон аргаар Жинхэнэ ЖДҮ-д саад болж байдаг.

Нэг талаас төр зөвхөн санхүүжилтийн боломжийг нь хааж ЖДҮ-г дэмжих сангийн мөнгийг хулгайлж байгаа боловч нөгөө талдаа төсвийн буруу бодлого, төсвийн алдагдал нь макро эдийн засгийн орчныг муутгаж улмаар 3 төрлөөр ЖДҮ-д нөлөөлдөг. 

Нэгдүгээрт мэдээж татвар, хураамж байдаг. Төсвийн алдагдлаа нөхөх зорилгоор татвараа нэмэгдүүлдэг.

Хоёрдугаарт төсвийн алдагдлаа нөхөх зорилгоор гаргасан өндөр хүүтэй бонд нь хадгаламжийн хүүтэй өрсөлдөж, улмаар зээлийн хүү өндөр тогтдог. Мөн зээлжих зэрэглэл муу зэрэг нь гадаад эх үүсвэр татах өртөг нэмэгдүүлж, зээлийн хүү өндөр болдог.

Гуравдугаарт төсвийн алдагдлаа санхүүжүүлэх зорилгоор эсвэл хувааж идсэн бондоо эргэж төлөхийн тулд зах зээлээс доллар цуглуулж, долларын огцом савлагааг бий болгодог. Энэ нь ЖДҮ-н түүхий эдийн зардлыг нэмэгдүүлж улмаар зардалд сөргөөр нөлөөлдөг.

График 1.

 
ЖИНХЭНЭ ЖДҮ-Н ӨНӨӨГИЙН ДҮР ТӨРХ ТООНЫ НҮДЭЭР ЯМАР БАЙНА ВЭ?

Жинхэнэ ЖДҮ-чдийг энэхүү судалгаанаас ялгаж харахын тулд бид борлуулалтын орлогыг нь харах боломжтой. График 2-оос харвал ердөө жилийн 50 сая хүртэлх борлуулалтын орлоготой ЖДҮ-д 77 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл 50 саяын цаг зүүдэг улс төрчдөд энэ бизнесийн орлого дэндүү бага шүү дээ. Тэгэхээр тус судалгаанд жинхэнэ ЖДҮ-чид хамрагдсан болохыг баталж болохоор байна.

График 2.

 

График 3, Жинхэнэ ЖДҮ-чид маань бизнесийн анхны хөрөнгө оруулалтаа хаанаас бий болгодог вэ? гэсэн асуултад 57 хувь нь өөрийн хөрөнгөөр бий болгожээ. Харин хөнгөлөлттэй ямар нэгэн зээлээр дөнгөж 1 хувь нь л бизнесээ эхлүүлсэн байна.

 

График 4, Жинхэнэ ЖДҮ-чид санхүүжилтийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ? судалгаанаас банкны зээлээр 81 хувь нь шийддэг байх нь. Харин хөнгөлөлттэй зээлд нийт ААН-н 6 хувь нь л хамрагдаж чадсан байна. Ер нь жинхэнэ ЖДҮ-чид тэрбум тэрбумаар нь зээл хүсээгүй. Тав хүртэлх жилийн хугацаатай, 10-50 сая төгрөгийн санхүүжилт авах сонирхолтой нь давамгайлж байгаа юм. 

 

2015, 2016 он бол жинхэнэ ЖДҮ-дын хувьд хатуу жил байсан. Учир нь банкууд зээлийн нөхцөлөө чангалж, эрсдэлээ хараад иргэд рүү чиглэсэн зээл олгож эхэлсэн. Бизнесийн зээл хумигдах шалтгаан болсон. Харин Монголбанк 2019 онд иргэдийн зээлийн хэмжээ болон авах хугацааг нь хязгаарласнаар зээлийг илүү бизнесийн байгууллага руу чиглүүлэх хөшүүрэг бий болгосон. 

График 5, Мэдээж банкнаас санхүүжилт авч байгаа учраас зээлийн хүүний зардал нь хамгийн хүндрэлтэй байгааг бас дурджээ. Түүний дараагаар татвар, хураамжийг зардалд хамгийн хүндрэлтэй гэж тооцсон байна. Төрийн нэрээр түрүү барьсан хулгайчид санхүүжилт өгч, дэмжиж чадахгүй мөнгийг нь булааж идчихээд дээрээс нь татвар бас нэхнэ.Энэ их мөлжлөг, энэ их дарамт чинь эргээд энэ улсыг хэзээ ч сэхэхээргүй болгоход ойрхон байна. 

 

Жилийн 3 болон 20 хувийн хүүгийн хооронд асар том ялгаа бий. 20 хувийн хүүтэй зээл авч байгаа бизнес өсч, бойжиж томорно гэдэг бараг л худал. Тэд дөнгөж л эргэлтийн хөрөнгөө нөхөх хэмжээний л үйл ажиллагаагаа явуулж байна. Жинхэнэ ЖДҮ-дэд тулгамдаж буй асуудлыг доорх зургаас харж болно. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид доорх асуудлуудад маш муу гэсэн үнэлгээ өгчээ.

ЖИНХЭНЭ ЖДҮ-Д ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД

Ядуурал, ажилгүйдэл, худалдан авах чадвар муу нь борлуулалтад сөргөөр нөлөөлж байна. Иргэдийн худалдан авах чадвар багатай, ажилгүйдэл, ядуурал их байгаа нь тэдний борлуулалтад сөргөөр нөлөөлдөг. Ядуурлын түвшин 30 хувьтай улсад худалдан авах боломж бага байх нь гарцаагүй. Дээр нь ядуурал, ажилгүйдлийг бууруулахын тулд ЖДҮ-г хөгжүүлэх хэрэгтэй гээд томьёолчихсон байдаг. Гэтэл төр нь дундаас нь мөнгийг нь хулгайлаад байхаар ЖДҮ- нь ч хөгжихгүй, ядуурал нь ч буурахгүй.  

Хээл хахууль их, хөнгөлөлттэй зээлийн хүртээмж бага. Харин дараагийн асуудал бол өнөөх л хээл хахууль, улс төрийн тогтворгүй байдал орж байна. Сайхан нэртэй сангуудад төслөө өгч, хамаг бизнесийн санаагаа ил дэлгээд тэдэнд материалаа өгдөг. Харамсалтай нь тэд инээж аваад, бизнес төслийг нь өөрсдөдөө ашиглан, өнөөх эзнийг нь зээл өгөх боломжгүй гээд явуулчихдаг. Ингээд л хөнгөлөлттэй зээл ч үгүй. Дээр нь төрийн нэрээр баг зүүсэн өрсөлдөгч нартаа хамаг бизнесийн ашиг, орлого нууцаа дэлгээд өгчихдөг. Өнөөх этгээдүүд нь илүү их мөнгөөр, илүү далайцтайгаар тэрхүү бизнесийг нь эхлүүлж, улмаар өөрийг нь бизнесээс нь шахан гаргаж улмаар дампууруулдаг.

График 6, Банкны зээлийн хүү өндөр учраас бүтээгдэхүүн нь ч өртөг өндөртэй болдог. Тэд банкнаас 20 хувийн хүүтэй зээл авч түүнийхээ өртгийг бүтээгдэхүүндээ шингээж зарахад мэдээж 3 хувийн хүүтэй зээл авч буй бүтээгдэхүүний өртгөөс өндөр гарах нь гарцаагүй. Мөн түүхий эдээ ихэвчлэн гаднаас авдаг учраас валютын ханшийн эрсдэлд байнга өртөж байдаг.