Зураг
Зураг
Индэр    
2018 оны 11 сарын 20
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Он гарснаас хойш 40 гаруй хувь нэмэгдчихээд байгаа шатахууны үнийг цаашид хэд хүртэл өсгөх вэ?

Зураг
Шатахууны үнэ он гарснаас хойш 43 хувиар нэмэгдэв. Өнөөдөр дэлхийн зах зээл дээрх нэг баррель газрын тосны үнэ 70 орчим, дизель түлш 700 гаруй ам.долларын ханштай байгаа. Харин Монголд нэг литр АИ-92 1,980, дизель түлш 2,380 төгрөгийн үнэтэй байна.  

Тэгвэл 2013 онд буюу дэлхийн зах зээл дээрх баррель тосны үнэ 100, дизель түлш 1,360 ам.долларын ханштай байхад иргэд литр шатахууныг 1,530, дизель түлшээ 1,900 төгрөгөөр худалдан авч чадаж байсан нь өнөөг хүртэл адлуудаад буй “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг улам тодруулж байх шиг.

Тухайн үеийн нөхцөл байдлыг товчхон сануулбал, Оросын зүүн хязгаарт болсон үерийн улмаас нийлүүлэлт хязгаарлагдсаны дээр тус улс 2012 сүүл, 2013 оны нэгдүгээр сард үнээ 30 хувь хүртэл өгсөөд байсан юм. Тухайн үед Монгол Улсын инфляц 14 хувьтай байв. Ийм инфляцитай эдийн засагт 30 хувь хүртлээ хуримтлагдсан шатахууны үнийн өсөлтийг шууд нэвтрүүлсэн бол иргэд өвдөг сөхрөх байсан биз ээ. 

График. Шатахууны үнэ, дэлхийн зах зээлийн үнэ 2011 оноос хойших статистик

А-80

Аи-92

Дизель түлш

Шатахууны үнэ бол иргэдийн халаасанд шууд нөлөөлдөг. Манай улсын нийт импортын 18-19 хувь нь нефтийн бүтээгдэхүүн буюу гадагшаа төлж байгаа нийт валютын ийм хувийг эзэлдэг гэсэн үг. Тиймээс инфляцад шатахуун дангаараа 10 орчим хувийн нөлөөлөл үзүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, инфляц 8% байхад түүний нэг хувийг бензиний үнийн өсөлт эзэлдэг. Гэхдээ энэ нь хэрэглээний сагс дахь нэг төрлийн бүтээгдэхүүний үнийн нөлөөлөл. Хэрэв сагсан дахь бусад бүтээгдэхүүнийг авч үзвэл бүх бараа, үйлчилгээний үнэ шатахуунаас хамаардаг. Тийм учраас энэ нь яах аргагүй онцгойлон анхаарах ёстой бүтээгдэхүүн.  

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны ханш 100 ам.доллартай байсан тэр үед Засгийн газар өнөөдрийнх шиг “Үнийг барьж чадахгүй ээ” гээд сууж байсан бол шатахууны үнийн өсөлт жижиглэнгийн үнэд нөлөөлж, инфляц тэрхүү 2-3 сарын дотор 20-30% болтлоо өсөх маш том эрсдэл байсан гэж үздэг.

2018-01, 1$=2431.5₮

2018-02, 1$=2421₮

Харин ийм үед Засгийн газар, Монголбанк тэрхүү үнийн шокийг сард +50 төгрөгөөр өсгөх орон зайг бий болгох, тэр хооронд ОХУ-аас авдаг шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнээр авдаг болох хэлэлцээр хийж, шатахууны бодит нөөцтэй болох зорилгоор “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн байдаг. Угаас иргэдэд очих бараа, үйлчилгээний үнийг тогвортой байлгах нь дэлхийн бүх төв банкны үндсэн үүрэг.

"ХАМГИЙН ГОЛ НЬ ЭНЭ АЧАА ИРГЭДЭД ОЧООГҮЙ" 



ОХУ-ын хэлсэн үнээр биш, дэлхийн зах зээлийн ханшаар шатахуунаа авах Тогтвортой байдлын гэрээг ахалж ажиллаж байсан АМГТГ-ын Газрын тосны газрын дарга асан Г.Өлзийбүрэнгээс тухайн үеийн нөхцөл байдлын талаар тодруулав.

-Тогтвортой байдлын гэрээг ямар аргачлалаар хийж байсан бэ. Шатахууны үнэ тогтворжуулах хөтөлбөр гэж ямар ч хэрэггүй хөтөлбөр хэрэгжүүлж, мөнгө хэвлэж, эдийн засгийн хямралын суурийг эхлүүлсэн гэх ярианд та тайлбар өгөхгүй юу?

-Энэ бол амар хэлэлцээр байгаагүй. Бүтэн хоёр жил үргэлжилсний үр дүнд гарын үсэг зурж, Монгол Улс шатахуунаа анх удаа дэлхийн зах зээлийн үнээр авах боломж бүрдсэн.

Банкны жилийн хүү 27-32 хувьтай байхад 4%-ийн хүүтэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулан зөвхөн шатахууны жижиглэнгийн худалдаанд оролцдог компаниудад олгосон

Тухайн үед эхний ээлжинд нийлүүлэлтийн хомсдлыг арилгахын тулд олон эх үүсвэрээс шатахуун нийлүүлэх хэрэгтэй бөгөөд ОХУ-аас шатахуун худалдаж авахдаа баг болж ажиллавал үр дүнтэй гэж үзсэн. Ингээд Засгийн газар, УИХ-аар яриад Монголбанк дэмжсэн. Банкны хүү жилийн 27-32 хувьтай байсан. Тиймээс 4%-ийн хүүтэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулан зөвхөн шатахуун худалдаж авахад, ялангуяа жижиглэнгийн худалдаанд оролцдог компаниудад олгосон. Энийг л үнэ тогтворжуулах хөтөлбөр гэж нэрлээд байгаа шүү дээ. Тэгж байж бид үнийг барьсан.

-Яг ямар зарчмаар хэлцэл хийсэн юм бэ?

-Өмнө нь бид ямар үнээр шатахуун авахаа ч мэддэггүй байлаа. Сар бүрийн 25-даар нэг үнэ ирдэг. Түүнийг нь дагаад улсаараа сандардаг байсан. Харин 2014 оны тавдугаар сарын 20-доор 5 жилийн гэрээ байгуулснаар ОХУ дэлхийн зах зээлийн үнээс 200-300 долларын илүү үнээр шахдаг байсныг зогсоосон. Одоо ч энэ хэлэлцээр өгөөжөө өгч байгаа.

-Удалгүй дэлхийн зах зээл дээрх үнэ буурсан болохоор хөтөлбөрийг хэрэггүй, алдагдалтай  байсан гэж яриад байгаа шүү дээ?

-Дэлхийн зах зээлийн үнэ бага багаар бууж эхлэхэд нь компаниудыг буцаагаад арилжааны зээл рүү нь шилжүүлсэн. Үнэ өсөж, хүнд байх үеүдэд Онцгой албан татвар, НӨАТ-ыг тэглэж, 5% байсан Гаалийн татварыг 1% болгож байсан. Тэгэхгүй бол хамаг юмны үнэ тэнгэрт хадаж, нийгэм доргихуйц үнэхээр хүнд үе тохиосон. Харин дэлхийн зах зээлийн үнэ буурахад нь дагаад үнээ үе шаттай буулгах, онцгой албан татвараа нэмэгдүүлэх ажлыг хийсэн.

2015, 2016 онд тонн бензинээс 400 гаруй мянга, дизелиэс 520 мянган төгрөгийн татвар авч байсан. Ер нь бол Онцгой албан татвар гээд 2010, 2011 оны үед жилийн 20-30 тэрбум төгрөг авдаг байсан. Одоо 100 тэрбумаар нь авч байна. Гэхдээ үнэ өсөж байхад татвараа буулгаж, үнэ буух үед татвараа нэмж тэнцвэрийг хадгалах учиртай. Энийг л төрийн зохицуулалт гээд байгаа.

-Үнэ тогтворжуулах хөтөлбөр үр ашгаа өгсөн гэж үзэж байна уу?

-Засгийн газар, Монголбанкны мөчлөг сөрсөн тэрхүү бодлого зөв хамтын ажиллагаа байсан. Үр дүнгээ ч өгсөн. Эргээд зах зээлийн үнэ унах мөчлөг дээр аж ахуйн нэгжүүд зээлээ эргэн төлчихөөд дарамт багатайгаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломж бүрдсэн.

Хөтөлбөрийн эрсдэл, алдагдлыг Монголбанк, Засгийн газар үүрсэн. Гэхдээ олгосон хөнгөлөлттэй зээлүүд сая хэлсэнчлэн бүрэн төлөгдөж, улс ч татвараа нөхөж авч чадсан. 2015, 2016 онд бүр 1 их наяд төгрөгийн татвар авсан шүү дээ.

Хамгийн гол нь энэ ачаа иргэдэд очоогүй явдал юм. 

 
ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД ЭЕРЭГ БАЙГАА Ч ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭГДСЭЭР...


АМГТГ-ын хамгийн сүүлд гаргасан тооцоогоор Монгол Улс жилд 1.3 сая тонн шатахуун импортолж байна.

Нийт импортолж буй шатахууны 60 хувь нь уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт ашиглагддаг бол 40 орчим хувь нь жижиглэнгээр борлогдож, иргэдийн хэрэгцээг хангадаг байна. Хэрэв литр шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгдэхэд л иргэдийн халааснаас зөвхөн нэг сард 5 тэрбум төгрөг урсдаг болохыг Г.Өлзийбүрэн тодотгосон. 

Харамсалтай нь одоогийн Засгийн газар, Монголбанкнаас үнийг тогтвортой байлгах хүсэл эрмэлзэл үнэртэхгүй байна.

Ямартай ч эдийн засгийн өсөлт хурдацтай тэлж, төсвийн орлого нэмэгдэж, төв банкан дахь валютын нөөц нэмэгдэж байгаа ч төгрөг улам суларсаар, бензин улам үнэд орсоор, инфляц сүүлийн хоёр жилийн хугацаанд нэмэгдэж, иргэдийн бодит орлогыг үнэгүйдүүлсээр...