Индэр    
2018 оны 11 сарын 6
Зураг
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор

Хууль дээдлэх ёсны баталгаа болсон Хуульчдын холбоог татан буулгах гэж үү?

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан Өмгөөллийн тухай хуулийн төслийг 2018 оны 10-р сарын 31-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн гэж мэдээлжээ. Сүүлийн хоёр жилд Өмгөөллийн тухай хуулийн төслийн хоёр хувилбарыг тус яам дээр боловсруулаад байсан юм. Эхний хувилбар нь Монголын Хуульчдын холбоотой зэрэгцүүлэн Өмгөөлөгчдийн холбоо гэж байгууллага хуулиар байгуулах агуулгатай байсан. Хоёр дахь хувилбар нь Хуульчдын холбооны талаар огт дурдалгүйгээр Өмгөөлөгчдийн холбоог байгуулах, Хуульчийн шалгалтын тухай хууль байх талаар заасан байсан.

Хэдийгээр Засгийн газрын хуралдаанд төслийн энэ хоёр хувилбарын аль нь хэлэлцэгдэж дэмжигдсэн нь тодорхойгүй ч тус хуулийн төслийн ажлын хэсгийн сүүлийн хуралдаануудаар хоёр дахь хувилбарыг хэлэлцсэн учраас түүнийг Засгийн газрын хуралдаанд оруулсан байх магадлалтай. Өмгөөллийн тухай хуулийн төслийн энэ хувилбар хуульч-өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм батлах, түүнийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг чиг үүргийг Хуульчдын холбооноос Өмгөөлөгчдийн холбоонд шилжүүлэх, хуульчийн шалгалт авах чиг үүргийг Хуульчдын холбооноос хасах агуулгатай учраас уг хууль үйлчилсэн даруйд эсхүл урт хугацаандаа Хуульчдын холбоог сулруулах, татан буулгах үр дагавартай юм. 

Энэ нийтлэлээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан шалтгаан болон уг хуулийн дагуу байгуулагдсан Хуульчдын холбооны чиг үүрэг, ач холбогдлыг танилцуулна. Хэрэв Өмгөөллийн тухай хуулийн төслийг баталж Өмгөөлөгчдийн холбоог байгуулбал Хуульчдын холбооны хүчийг сарниулж эсхүл устгах аюултай учраас энэ нь хараат бус, бие даасан, хариуцлагатай хуульчийн мэргэжлийг төлөвшүүлэх замаар хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэх үр дүнтэй тогтолцооноос ухарсан алхам болно гэдгийг мөн харуулах болно. 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан шалтгаан

2008-2012 онд ажилласан УИХ-ийн бүрэлдэхүүн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2012 оны 3-р сарын 7-ны өдөр баталсан. Миний хувьд энэ хуулийг боловсруулах, батлах үед Монголд байгаагүй. Гэхдээ, энэ хуулийг батлах хоёр шалтгаан байсан болов уу. Нэгдүгээрт, Монголд хууль дээдлэх ёс хангалттай хэрэгжихгүй байна гэж шүүмжлэгдэж ирсэн. Олон улсын "Транспаренси Интернэшл"  байгууллагын авлигын төсөөллийн индексээр Монгол Улс нь 180 орчим улсаас 100-120-д буюу авлига ихтэй улсын тоонд байнга орсоор ирсэн. 2000-аад онд авлигад хамгийн их автсан төрийн байгууллагуудын эхний тавд шүүх, хуулийн байгууллага багтаж байв. Шүүх хараат бус, хариуцлагатай ажиллахгүй байна гэх шүүмжлэл нь зарим талаараа хуульчидтай холбоотой. Яагаад гэхээр хууль өөрөө амь ороод засаглахгүй, харин хүнээр дамжиж хэрэгждэг.

Хууль дээдлэх ёс хэрэгжихгүй, авилга ихтэй байна гэдэг бол нийт хуульчдын нэр хүнд төдийлөн өндөр биш, хуульчид мэргэжлийн үүргээ хангалттай сайн биелүүлэхгүй гэдгийг харуулж байсан. Хоёрдугаарт, Монголд Хуульчийн өөрөө удирдах ёс бүрэн утгаараа хэрэгжихгүй байсан. Жишээлбэл, 2012 оноос өмнө Өмгөөлөгчдийн холбоо гэж байсан боловч тэр холбооны хувьд улс төрөөс бүрэн хараат бус байсан гэдэг нь эргэлзээтэй. Яагаад гэвэл өмгөөлөгчийн зөвшөөрлийг олгох, хүчингүй болгох асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд шийддэг байсан. Мөн энэ байгууллагын гишүүнчлэл нь зөвхөн өмгөөлөгчийг л багтаадаг байсан ч хуульчийн зөвшөөрөлтэй бусад хүмүүс багтаадаггүй явцуу байсан. Бүх хуульчийг нэгтгэсэн, хуульчийн нэр хүнд, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр ажилладаг, бие даасан мэргэжлийн холбоо байсангүй. 

2012 оны Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг харвал нэг талаас хуульчийн эрх зүйн байдал, эрх, үүрэгтэй холбоотой харилцааг, нөгөө талаас хуульчийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу Хуульчдын холбооны талаар зохицуулсан. Энэ хоёр зохицуулалтын аль алины хүрээнд ахиц дэвшил гарсан. Энэ нийтлэлийн хүрээнд Хуульчдын холбоон дээр төвлөрч ярья (мөн хуулиар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны стандартыг өндөрсгөж, үүнийг зөрчсөн хуульчид хариуцлага зайлшгүй хүлээлгэх тогтолцооны суурь тавигдсан талаар  дараагийн дугаарт нийтлэх болно). 

Хуульчдын холбоог хоёр ангилдаг. Юуны өмнө, хуульчийн зөвшөөрөлтэй этгээд сайн дураараа нэгддэг холбоод байдаг. Хуульч нь энэ холбооны гишүүн биш байж болдог. Манайд Монголын Хуульчдын нийгэмлэг, Хуульч эмэгтэйчүүдийн холбоо, Шүүгчдийн холбоо, Прокурорын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо гэх мэт хуульчид сайн дурын үндсэн дээр нэгдсэн холбоод өнөөдөр ажиллаж байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар байгуулагдсан Хуульчдын холбоо бол заавал гишүүнчлэлтэй гэдгээрээ сайн дурын холбоодоос арай өөр юм. Үүнийг “unified bar association” гэж хэлдэг.

Монголын Хуульчдын холбоо бол сайн дураараа нэгдсэн төрийн бус байгууллага биш харин бүх хуульчдыг нэгтгэсэн, нийтийн эрх зүйн хуулийн этгээд юм. Яагаад гэвэл хуульчийн мэргэжилтэй холбоотой, өмнө нь төрд байсан зарим чиг үүргийг Хуульчдын холбоонд шилжүүлж өгсөн. Мэргэжлийн хамт олон нь эдгээр чиг үүргийг хараат бусаар, илүү сайн хэрэгжүүлнэ гэсэн бодлогын үүднээс эдгээрийг Хуульчдын холбоонд шилжүүлж өгсөн. Энэ холбоонд хуульчийн зөвшөөрөлтэй бүх хүмүүсийг нэгдэхийг хуулиар шаарддаг бөгөөд ийм холбоо нь хуульчийн мэргэжлийн нийгэмд хүлээх үүргийг хариуцаж, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад зориулагдсан. 

Монголын Хуульчдын холбооны чиг үүрэг ба хараат бус байдал

Хуульчдын холбоонд байгаа үндсэн чиг үүргийг ерөнхийдөө тав ангилж авч үзэж болно.

Нэгдүгээрт, хуульч болох хүмүүсийг анхнаас нь хэрхэн бэлтгэх вэ, дадлага яаж хийлгэж туршлагажуулах вэ, хэрхэн шалгаруулж авах вэ гэдгийг Хуульчдын холбоонд хариуцуулсан. Хуульчдын холбоо сүүлийн гурван удаа хуульчийн шалгалтыг амжилттай зохион байгуулсан. Хуульчдын холбоо нь 2016 онд анх удаа бие даан хуульчийн шалгалтыг зохион байгуулж, тус шалгалтад нийт 1,325 эрхзүйч хамрагдсанаас 154 нь тэнцэж хуульчийн зөвшөөрлөө авчээ. 2017 оны хуульчийн шалгалтад нийт 1,083 эрх зүйч хамрагдсанаас 229 нь шалгалтад тэнцэж хуульчийн тангаргаа өргөсөн бол 2018 оны Хуульчийн шалгалтад 1,143 эрх зүйч хамрагдаж 240 эрх зүйч хуульч болох шаардлагыг хангажээ.

Хуульчдын холбоо нь хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх чиг үүрэгтэй болсон. Хуульчдын холбоогоор магадлан итгэмжлэгдээгүй сургуулийг төгссөн хүн хуульчийн шалгалтад орох эрхгүй гэж хуульчилсан. Олон жилийн судалгааны үр дүнд тулгуурлан боловсруулсан Хууль зүйн сургуульд тавих нэгдсэн шаардлага болон Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх журмыг Хуульчдын холбооны зөвлөл 2017 онд батлаад байна. Ингэснээр хууль зүйн сургуулиуд илүү сайжрах, шинэчлэгдэх суурь тавигдсан. Залуу хуульчдын мэдлэг, ур чадварын талаар 2013 онд хийсэн судалгаа бий. Үүний дагуу 194 залуу хуульчаас өөрсдийнх нь мэдлэг ур чадвар хангалттай юу гэж асуухад 54.3 хувь нь “хангалтгүй” гэж хариулсан байдаг. Мөн оюутнуудын олонх ч өөрсдийгөө доогуур үнэлсэн байна.

151 удирдах ажилтнаас хуульчийн ур чадварын 10 багц асуудлаар өөрсдийнх нь удирдлагад ажилладаг залуу хуульч, эрх зүйчдийн ур чадварыг үнэлүүлэхэд 37.6 хувь сайн, 62.4 хувь дунд болон түүнээс доош гэжээ. Тэд “Сургууль төгссөн хүүхдүүд, шинэ залуу хуульч нар мэргэжлийн ур чадвар дадлага дутуу байна. Наад зах нь нэхэмжлэл яаж бичих, гэрээ яаж байгуулахыг сайн мэдэхгүй, анхнаас нь сургаж байна” гэж үзсэн байна. Мөн хуульчийн шалгалт өгсөн хүмүүсийн 15-20 орчим хувь нь л тэнцдэг. Энэ бүхнээс хууль зүйн сургуулиуд төдийлөн сайн ажиллахгүй байна гэдгийг дүгнэж болно. Тиймээс үүнийг шийдэх, сайжруулах үүднээс Хуульчдын холбоонд магадлан итгэмжлэх чиг үүргээр өгсөн. 

Хоёрдугаарт, нэгэнт хуульч болчихсон хүмүүсийг мэргэжлийн өндөр төвшинд, хариуцлагатай ажиллах нөхцөлийг бий болгох чиг үүргүүд Хуульчдын холбоонд байна. Юуны өмнө, тус холбоо хуульчийн үргэлжилсэн сургалтыг зохион байгуулж байна. Нийгмийн харилцаа асар хурдан хөгжиж байгаа энэ үед хуульчид өөрийгөө байнга хөгжүүлж хэрэгцээ байна. Хуульчийн үргэлжилсэн сургалтад хуульчид жил болгон заавал хамрагдаж, тодорхой багц цаг хангах ёстой. Үүнийг хариуцсан тусгайлсан хороо ажиллаж, сургалтын бодлого, хөтөлбөр ямар байх вэ, хэнээр хичээл заалгах вэ гэдгийг шийдвэрлэж, хөгжүүлэх боломжтой болсон.

Тэр боломжийг бүрэн утгаар нь хуульчдын өөрсдийнх нь гарт өгсөн. 2014-2018 онд Хуульчдын холбоо 96 хөтөлбөрийн дагуу 94 удаагийн сургалтыг 11,313 хуульч (давтагдсан тоо)-д Улаанбаатар болон 21 аймагт зохион байгуулжээ. Хуульчийн үргэлжилсэнсургалтад зориулсан видео хичээлүүдийг цахим хуудаст байршуулсан бөгөөд зайны сургалт болон аудио сургалтын хэлбэрийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байгаа аж.Ингэснээр хуульчидорон зай, цаг хугацааны саадгүйгээр үргэлжилсэн сургалтын багц цагаа тооцуулах боломжтой болжээ.

Мэргэшсэн хуульч гэдэг ойлголт Монгол Улсад анх удаа 2012 онд нэвтрүүлсэн. Өмнө нь хуульчид өөрийгөө хүссэнээрээ мэргэшсэн гэж нэрлээд явчихдаг байсан ч зарим тохиолдолд тэр төвшинд хүрч үйлчилж чаддаггүй байсан. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар мэргэшсэн хуульч нэршлийг хэрэглэх тусгайлсан шалгуурыг тогтоох, нарийвчлан хөгжүүлэх, шалгах чиг үүргийг Хуульчдын холбоонд өгсөн нь олон нийтийн хуульчдад итгэх итгэлийг хамгаалахад тустай.

Жишээ нь, мэргэшсэн хуульч гэх нэр хэрэглэхийн тулд тухайн чиглэлийн хуульчийн үргэлжилсэн сургалтад гурваас доошгүй жил хамрагдсан байх, тэр чиглэлээрээ түлхүү өмгөөлөл хийдэг байх гэх зэрэг объектив шалгуурыг тавьж өгсөн. Түүнчлэн, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах ямар зарчим, стандарт байх вэ гэдгээ хуульчид өөрсдөө хамтран тогтоох, тэрийг зөрчсөн эсэх асуудлыг бие даасан хороо-Мэргэжлийн хариуцлагын хороогоор шийдвэрлүүлэх зохицуулалт орсон. Энэ бүхнээс харахад Хуульчдын холбоо бол хуульчдыг илүү мэдлэг, ур чадвартай, өндөр хариуцлагатай ажиллуулдаг болгох тогтолцоо юм. 

Гуравдугаарт, шүүх эрх мэдлийн хараат бус, хариуцлагатай байдлыг хангахтай холбоотой бүрэн эрхийг Хуульчдын холбоо хэрэгжүүлдэг. Тухайлбал, Хуульчдын холбоо Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэг гишүүнд нэр дэвшүүлдэг. Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангах, хуульчдаас шүүгчдийг шилж олох чиг үүрэгтэй. Тэгэхээр бүх хуульчдын төлөөлөл Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд орно гэдэг бол уг зөвлөл дурдсан зорилгоороо ажиллахад тустай. 2013 онд шүүгч Б.Сарантуяа, 2017 онд хуульч В.Оюумаа Хуульчдын холбооноос нэр дэвшин Ерөнхийлөгчийн зарлигаар тус зөвлөлийн гишүүнээр томилогдсон. Мөн, шүүгчид тавигдах болзол, шаардлагыг нэр дэвшигч хангасан эсэх үнэлгээ өгөх чиг үүрэгтэй Мэргэшлийн хорооны есөн гишүүнийг бүгдийг нь Хуульчдын холбооноос санал болгосноор Шүүхийн ерөнхий зөвлөл томилдог.

Түүнчлэн, Хуульчдын холбоо шүүгчид нэр дэвшигч бүр дээр мэргэжил, ур чадвар, нэр хүндийн талаар дүгнэлт гаргах ажлыг хийдэг. Энэ дүгнэлт нь Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн мэргэшлийн хорооны шалгалтад тэнцсэн нэр дэвшигчдээс сонгож Ерөнхийлөгч рүү нэрийг нь явуулахад харгалзаж үзэх бас нэг бие даасан эх сурвалж болж байна. Учир нь, шүүгчид нэр дэвшигч нь шүүгчээр ажиллах мэдлэг, ур чадвар, зан төлөвтэй юу гэдгийг хамгийн сайн мэддэг хүмүүс нь бусад хуульчид нь байдаг.

Хуульчдын холбооны зөвлөл нь Ёс зүйн хороо болон Шалгалтын хорооны саналд үндэслэннийт 22 удаагийн хурлаар хэлэлцүүлж, давхардсан тоогоор нийт 852 шүүгчид нэр дэвшигчийн талаар холбогдох дүгнэлтийг гаргажээ. Өнгөрсөн хугацааны сургамж, хуульчдын санал шүүмж, бусад орны сайн туршлагад үндэслэн “Шүүгчид нэр дэвшигчийн талаар дүгнэлт гаргах журам”-ын төслийг шинэчлэн боловсруулсныг Хуульчдын холбооны зөвлөл 2018 оны 10 сард эхний удаа хэлэлцээд байна. Түүнчлэн, Шүүхийн ёс зүйн хорооны есөн гишүүний гурвийг Хуульчдын холбооноос нэр дэвшүүлж байгаа нь шүүгчийн хариуцлагатай байдлыг хангахад хуульчийн мэргэжлийн оролцоог хангасан хэрэг. 

Дөрөвдүгээрт, хууль тогтоох ажиллагаанд шинжээчээр оролцох, хуулийн төсөл, бодлого боловсруулахад санал зөвлөмж гаргах чиг үүрэг Хуульчдын холбоонд бий. Хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг Хуульчдын холбооны Тамгын газар, чиг үүргийг болон сайн дурын хороод байнга санаачлан зохион байгуулж ирсэн. 2015-2018 онд тус холбоо Зөрчлийн тухай хууль, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт зэрэг 25 хуулийн төслийн талаар судалгаа хийж, хэлэлцүүлэг зохион байгуулсны үндсэн дээр Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүйн яам, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, УИХ дахь нам, эвслийн бүлэгт хүргүүлжээ.

Үүнээс гадна зөвхөн хууль тогтоох хүрээнд биш хуулийг хэрэгжүүлэх хүрээнд гарч байгаа тулгамдсан асуудлаар байнга хэлэлцэж, зөвлөмж гаргаж ирсэн. Жишээлбэл, Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулийг ноцтой зөрчих замаар 13 шүүгчийг чөлөөлсөн (дахин томилоогүй), нэр бүхий 34 шүүгчийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр шүүх рүү шилжүүлсэн, Цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилгүй гурван хүнийг нэр дэвшүүлж томилсон зэрэг тулгамдсан асуудал дээр хуульчдын нэгдсэн дуу хоолой урд өмнө байгаагүйгээр хүчтэй гарч, шийдвэр гаргагчид болон олон нийтэд хүрсэн.

Мөн, Засгийн газраас шүүгчдийн цалин бууруулах төслийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулж, Хуульчдын холбооны зүгээс “шүүгчийн цалинг бууруулах нь шүүгчийн хараат бус байдалд халдаж буй хэрэг” гэсэн агуулга бүхий уриалгыг УИХ-д хүргүүлж танилцуулсан. Түүнчлэн, Захиргааны хэргийн шүүхийн хяналтаас Засгийн газрын захиргааны үйл ажиллагааг гаргаж хууль дээдлэх ёсны хэрэгжилтэд ухралт авчруулах хуулийн төслийг эсэргүүцсэн хэлэлцүүлгийг Хуульчдын холбоо хэд хэд зохион байгуулсан билээ. 

Хуульчдын өдрийг тохиолдуулан Хуульчдын холбооноос “Хуульчийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, чиг хандлага” сэдэвт “Хуульчдын форум 2017”-г зохион байгуулж, 253 хуульч хамруулсан бол 2018 онд “Тогтвортой хөгжлийн зорилтууд-Хуульчдын оролцоо” сэдэвт “Хуульчдын форум 2018”-г зохион байгуулж 451 хуульч, төлөөлөгчийг нэгэн дор цуглуулж хуралдуулжээ. Энэ форумаар хууль зүйн салбарын хамгийн тулгамдсан асуудлуудыг нэгдсэн болон салбар хуралдаануудаар хэлэлцсэний үндсэн дээр гаргасан дэлгэрэнгүй зөвлөмж, саналыг төрийн эрх барих дээд болон гүйцэтгэх байгууллагууд, салбарын мэргэжлийн байгууллага, олон нийтийн байгууллага, хуульчдад тусгайлан хүргүүлдэг болоод байна. Энэ мэтчилэн хуулийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хуулийн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар хууль зүйн мэргэжлийн өөр өөр ажил хийдэг хүмүүс тал талаасаа уулзаж, хэлэлцэж, шийдэл дэвшүүлж байна. 

Тавдугаарт, Хуульчдын холбоо нь хуульчдын сайн дурын оролцоонд тулгуурлаж,төлбөрийн чадваргүй иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах,хууль зүйн туслалцаа,өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулж, боловсронгуй болгох ажил хийдэг. Тухайлбал, 2014 оноос хойш хандсан 649 иргэнд өмгөөлөгч томилох ажлыг зохион байгуулжээ. Мөн, Хуульчдын холбоо Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай “Санамж бичиг” байгуулж 2018 оны 06 сараас хойш хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөөг Драгон, Мишээл экспо, Дүнжингарав, 6-н буудал зэрэг үйлчилгээний төвүүдээр дамжуулан иргэдэд өгч эхлээд байна. Энэ богино хугацаанд нийт 424 хүнд эрүү, иргэн, захиргааны эрх зүйн чиглэлээр хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгчээ. 

Хуульчдын холбооны хэрэгжүүлж байгаа чиг үүргүүд нь өмнө нь төрийн өөр өөр байгууллагад, эсвэл ямар нэг зохицуулалтгүй байсан. Эдгээр чиг үүрэг бол бүх хуульчдын санаа зовох нийтлэг ашиг сонирхол учраас эдгээрийг нэгдсэн байдлаар хуульчид өөрсдөө хэрэгжүүлэхээр итгэж шилжүүлсэн. Энэ нь хуульчийг бэлтгэхээс эхлээд хариуцлагатай ажиллах, хууль дээдлэх ёс болон хараат бус, хариуцлагатай шүүх эрх мэдэл бэхжихэд хуульчид хувь нэмрээ оруулна гэсэн философи дээр тулгуурласан. 

Хуульчдын холбооны дээрх чиг үүргүүд бүгд нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгдэг. Нэг талаасаа бүх хуульчдыг нэгтгэж байгаа учраас бүх хуульч тэгш эрхтэй оролцоно, хэрэгжилтэд нь хяналт тавина, бүгд санаачилга гаргаад оролцох, хуульчдын санал шүүмжлэлийг сонсох боломжтой. Нөгөө талаас энэ холбоо нь улс төр, төрийн байгууллага, аливаа этгээдээс хараат бус. Төрийн байгууллага, албан тушаалтантай холбоотой маргааныг шүүх шийддэг. Энэ маргааныг шийдэхэд хуульчид мэргэжилтнийхээ хувьд оролцдог. Энэ мэргэжилтнүүдийн холбоо нь өөрөө төр, улс төрөөс хараат бус байж, аль нам парламентад олонх болж, засгийн эрх барьж байгаас үл хамаараад чиг үүргүүдээ тууштай хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж эхэлсэн.

Мөн, Хуульчдын холбоо төрд байсан чиг үүргүүдийг хэрэгжүүлэх төсвөө өөрөө хариуцдаг тул эдийн засгийн хувьд бие даасан байгууллага. Гишүүдийнхээ татвараар санхүүждэг учраас өөр аливаа этгээдээс санхүүгийн хувьд хамааралгүйн зэрэгцээ гишүүд нь төлсөн татвараар нь Хуульчдын холбоо хэр ажиллаж байна вэ гэдэгт хяналт, шаардлага байнга тавьж байдаг. Ерөнхий дүр зургаараа хуульчийг бэлтгэх, хуульчийг нэр хүндтэй, хариуцлагатай байлгах, хараат бус шүүхийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах, Хуульчдын холбооны чиг үүргээ бие даан хэрэгжүүлэх орчин бол одоогийн хуулиар бүрдсэн. Манайд тодорхой хэмжээнд хэрэгжээд эхэлсэн учраас энэ тал дээр ахицтай явж байгаа. 

Бие даасан Хуульчдын холбоо нь хууль дээдлэх ёсны нэг чухал баталгаа гэж үздэг учраас ийм холбоог бэхжүүлэх нь маш чухал байдаг. Чиг үүргээ сайн хэрэгжүүлж байгаа Хуульчдын холбоо нь хуульчдынхаа нийгэмд нэр хүндтэй, хариуцлагатай байх тодорхой хэмжээний баталгаа болдог. Тодруулбал, нийгмийн өмнө хуульчийн мэргэжлийг өндөр хариуцлагатай байлгах үүргийг хүлээж байгаа юм. Дэлхийн улсуудад манай Хуульчдын холбоонд байдаг шиг чиг үүргүүдээс хэрэгжүүлдэг холбоод нэлээд олон бий.

Тухайлбал, хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх, үргэлжилсэн сургалт зохион байгуулах, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа, ёс зүйн стандартыг тогтоох, зөрчсөн эсэхийг шийдвэрлэг зэрэг чиг үүргүүдийг Хуульчдын холбоондоо өгсөн улсууд бий. Манайхтай адилхан бусад пост комунист улсад хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхэд хараат бус мэргэжлийн Хуульчдын холбоог байгуулах хэрэгтэй гэсэн зөвлөмж, судалгаа байдаг.

Хуульчдын холбооны хэрэгжүүлж буй бүх чиг үүрэг дээр олон улсын сайн туршлага ярьж болох ч энэ удаа зөвхөн хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх талаар нь дурдъя. Хуульчдын холбоо хууль зүйн сургуулийг магадлан итгэмжилдэг чиг үүрэг анх АНУ-д одоогийн утгаар үүсэж хөгжсөн. 100 гаруй жилийн өмнө Америкийн хуулийн сургуулиуд чанарыг хойш тавьж мөнгөний хойноос хөөцөлддөг байж. Америкийн хуульчдын холбоо гэх байгууллага хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх чиг үүргийг хэрэгжүүлж, тэгээд муж улсууд нь тус холбоогоор магадлан итгэмжлэгдээгүй хууль зүйн сургууль төгссөн бол хуульчийн шалгалт өгөх эрхгүй гэдэг зохицуулалтыг аажмаар хийж өгсөн.

Энэ явцдаа Америкийн хуульчдын холбоо нь хууль зүйн сургуулийг төгсөгч ямар ур чадвартай төгсөх вэ, ямар үр дүн гарах вэ, үүний тулд хичээлийн ямар хөтөлбөр байх, багшлах бүрэлдэхүүн ямар байх вэ, оюутнаа яаж элсүүлэх вэ гэх мэт стандартыг тогтоож, хууль зүйн сургуулиудыг магадлан итгэмжилдэг болсон. Энэ урт хугацаанд Америкийн хуульчдын холбоогоор магадлан итгэмжлэгдсэн сургуулиудын төгсөгчид мэдлэг, ур чадвараараа Америктаа төдийгүй дэлхийд үнэлэгддэг болж төлөвшсөн байна. Хуульчид чухал асуудлаа өөрсдөө хариуцаад, сайжруулаад, хэрэгжүүлээд явсан ийм сайн жишээ олон бий.  

Өмгөөлөгчдийн холбоог байгуулах агуулгатай Өмгөөллийн хуулийг батлах шаардлага байхгүй

Өмгөөлөгчдийн холбоог байгуулах агуулгатай Өмгөөллийн хуулийн төслийг батлах шаардлага байхгүй. Өмгөөлөгчийн хараат бус байдал, баталгаа алдагдсан учраас ийм хууль хэрэгтэй гэж зарим хүн хэлдэг. Гэвч, Өмгөөллийн хуулийн төслийг харвал өмгөөлөгчийн үйлчилгээний баталгаа, нууц, өмгөөлөгчид хориглох зүйлс, түүний хүлээх үүрэг зэрэгтэй холбоотой хэсэг нь одоогийн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд байгаатай бараг адилхан байгаа юм. Шинэ зүйл нэмж тусгах шаардлагатай гэвэл одоогийн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад явах бүрэн боломжтой. 

Хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх явцад тус тусын процессын хуулийг чанд баримталдаг учраас бусад хуульд хэчнээн сайхан заалт бичээд процессын хуульд ороогүй бол ямар ч үр дүнгүй. Өмгөөлөгчийн хараат бус байдал, үйл ажиллагааны баталгааг хангахын тулд тусдаа хууль байхаасаа илүүтэй процессын хуулиудад нарийвчилсан заалт суулгах өгвөл зохино. Жишээлбэл, манай Үндсэн хуулиар хүний биед болон орон байранд үзлэг, нэгжлэг хийх зөвшөөрлийг хөндлөнгийн, хараат бус шүүгч өгөх ёстой байтал одоо мөрдөн шалгах ажиллагааг удирдан чиглүүлэгч, босоо удирдлагатай прокурор уг зөвшөөрлийг өгдөг. Ийм ажиллагаагаар хүний хувийн халдашгүй байдал руу халдах зайлшгүй шаардлага бий эсэхийг шүүх хянаж зөвшөөрөл өгдөг болох ёстой.

Франц зэрэг маш олон улсад өмгөөлөгчийн орон байранд нэгжлэг хийх бол шүүгчийн зөвшөөрлөөс гадна Хуульчдын холбооны ерөнхийлөгчийг нь байлцуулж илүү өндөр хамгаалалтаар хангадаг. 2002 оны болон 2017 оны эрүүгийн процессын хуулиар өмгөөлөгчөөс зөвхөн эрүүгийн хэрэгтэй нь холбоотой мэдүүлэг авахыг хориглодог. Эрүүгийнхээс бусад буюу иргэний болон захиргааны хэргийн өмгөөлөгчөөс өмгөөллийн ажилтай нь холбоотой мэдүүлэг авч, үйлчилгээнийхээ нууцыг хадгалах эрхийг нь зөрчих эрсдэл үүсгэж байна. Мөн, АТГ болон ТЕГ-ийн харьяаллын болон бусад томоохон хэрэг, маргаанд өмгөөлөгчөөр ажилладаг хүмүүс өөрсдийг нь тагнаж чагнадаг хэмээн хэлдэг. Ийм явдал гарах эрсдэл бүхий эрх зүйн орчин байна. Эрүүгийн процессын явцад нууцаар тагнаж чагнах, шалгах, өмч хөрөнгө хураах ажиллагааг шүүхийн хяналтад оруулаагүй, нарийвчлан зохицуулаагүй байгаа нь жирийн иргэний хувийн халдашгүй байдал төдийгүй өмгөөлөгчийн үйл ажиллагаа явуулах баталгааг эрсдэлд оруулж байна. Энэ мэт зүйлийг процессын хуулиудад нь тусгаж өгч байж өмгөөлөгчийн эрх зүйн байдал дээрдэнэ. Түүнээс биш Хуульчийн эрх зүйн байдлын хуультай агуулга ижил өөр нэг хууль гаргаснаар зарим нэг хүний явцуу сонирхлыг хангахыг эс тооцвол юу ч сайжрахгүй. 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу хуульчийн шалгалт өгч зөвшөөрөл авсан хүн шүүхэд төлөөлөх эрх нээлгэхээр Улсын дээд шүүхэд бүртгүүлж өмгөөлөгч болдог болсны улмаас өмгөөлөгчийн нэр хүнд унасан, эрх зүйн байдал дордсон гэж зарим хүн ярьдаг нь үндэслэлгүй. Яагаад гэхээр хуульч болохын тулд дийлэнх ардчилсан улсад нэг л шалгалтыг шударгаар, хараат бусаар, сайн зохион байгуулж авдаг. Жишээлбэл, АНУ-д мужийн хуульчийн шалгалтыг давсан хүн тухайн мужийн болон холбооны түвшинд шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр ажиллах боломжтой болдог бөгөөд өмгөөлөгчөөр ажиллахын тулд тусгайлсан шалгалт нэмж авдаггүй. ХБНГУ-ын хувьд улсын нэг болон хоёрдугаар шалгалт өгч тэнцсэн хүн шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр ажилладаг. Хуульчийн шалгалтад тэнцсэн хүмүүст өмгөөлөгчийн ажлыг хийх эрх нээгддэг. 

Манай одоогийн хууль дэлхийн тэр жишгээр л явж байгаа. Түүнээс биш хуульчийн шалгалт авчхаад дахиад өмгөөлөгчийн шалгалт авдаг жишиг маш ховор. Өмгөөлөгчийн шалгалт авахаа больсноор хуульчдын чанар уначихлаа гэдэг бол батлагдахгүй л байгаа. 2013 онд батлагдсан Хуульчийн мэргэжлийн дүрэмд хуульч өмгөөллийн ажлыг хийх мэдлэг, ур чадвартай байх, хичээл зүтгэл гаргах ёстой гэсэн үүрэг байдаг. Шинэ өмгөөлөгчид ажлаа хийж чадахгүй байна гэж яриад байгаа хүмүүс тэднийг эдгээр үүргээ зөрсөн гэж Мэргэжлийн хариуцлагын хороонд мэдээлэл өгөх ёстой. Одоогоор ийм мэдээлэл өгсөн гэж дуулаагүй. Дээрээс нь, Мэргэжлийн хариуцлагын хорооноос хариуцлага хүлээлгэсэн өмгөөлөгчдийг харахаар бүх л үеийнхэн байдаг. Шийтгүүлсэн өмгөөлөгчдийн зарим нь настай, зарим нь дунд үеийнх, зарим нь залуу байна. Зөвхөн залуу өмгөөлөгч ёс зүйн зөрчил гаргаад байгаа гэдэг бол хэт өрөөсгөл, бодитой биш дүгнэлт.

Өмгөөллийн тухай хуулийн талаас илүү хувьд нь Өмгөөлөгчдийн холбооны шинэ бүтэц бий болгохоор байгаа юм. Өмгөөллийн хуулийн төслийн хоёр дахь хувилбараар бол Монголын Хуульчдын холбоо бараг татан буугдах үр дагавартай гэж ойлгогдож байгаа. Харин, тус төслийн эхний хувилбарт Өмгөөлөгчдийн холбоог Хуульчдын холбоотой зэрэгцүүлэн байгуулах агуулга бий. Ийм давхардсан бүтэц бий болсноор өмгөөлөгчдийн эрх зүйн байдал дээрдчихгүй. Харин ч бүр эдийн засгийн хувьд өмгөөлөгчид хоёр дахин их зардал төлөхөөр байгаа юм. Одоогийн Хуульчдын холбоо 37 ажилтантай, жилд 300 гаруй сая төгрөг зарцуулдаг гэсэн.

Тэгэхээр дахиад ийм хэмжээний санхүүжилт шаардсан бүтэц бий болгох шаардлагатай юу? Өмгөөлөгчид сар бүр хоёр газар 20, 20 мянгын татвар төлөх хэрэгтэй болно. Тэгснээрээ одоогийн байдал дээшлэх үү гэдэг нь эргэлзээтэй. Зарим нь татвараа хоёр хуваачихъя гэж байна. Татвараа хоёр хуваалаа ч захиргааны зардал нь хоёр дахин өснө. Хоёр талд захиргааны зардалд жилд ойролцоогоор 600 сая төгрөг зарцуулахын зэрэгцээ тус тусдаа байрны түрээс, урсгал зардал төлнө.

Ер нь бол 5,500-хан гишүүнтэй хуульчийн мэргэжил (Хуульчдын холбоо)-ийг хоёр хуваах гээд байна. Ингэвэл хүч тарамдаж Хуульчдын холбоонд буй одоогийн чиг үүргүүд бүрэн хэрэгжиж чадахгүй. Хуульчдын холбоонд шалгалт авах, сургалт зохион байгуулах, мэргэжлийн хариуцлагын дээшлүүлэх зэрэг нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чухал чиг үүргүүд бий. Эдгээр нь хуульчдын идэвхтэй оролцоогүйгээр хэрэгжиж чадахгүй. Мөн, Хуульчдын холбоон дээр байгуулагдсан сайн дурын хороодод өөр өөр ажил эрхэлж буй хуульчид нэгдэж тухайн чиглэлийн асуудлаа шийдвэрлэх, эрх зүйг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байна. Захиргааны эрх зүйн хороо, Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүй туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх хороо сайн ажиллаж байна.

Эдгээр хороодод шүүгч, прокурор, өмгөөлөгчид, хуулийн зөвлөх гээд бүгд салбарын асуудлаа шийдвэрлэх гээд л хамтран ажиллаж байна. Гэтэл, Өмгөөлөгчдийн холбоон дээр дахиад ийм сайн дурын хороод бий болчихвол идэвхтэй хуульчид хаа хаана аа хүрэлцэхгүй, улмаар хамтын ажиллагаа унтарна. Өмгөөлөгчдийн холбоо гээд бүтэц үүсгэж, 5,500 хуульчийг хоёр хувааж, хоёр тийшээ харах, үргүй зардал гаргах хэрэгтэй юу, үгүй юу? Ийм их үргүй зардал гаргах зэрэгцсэн бүтцүүд бий болгохын оронд 5,500 хуульчдыг нэгтгэсэн Хуульчдын холбоогоо бэхжүүлэх, хуульчдаа хөгжүүлэхэд зарцуулж болно шүү дээ. 

Хууль дээдлэх ёс нь шинээр бий болгосон тогтолцоог тууштай хэрэгжүүлж, үр дүнг нь үзэхийг шаарддаг. Бүх хуульчдыг нэгтгэсэн, нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэгтэй Хуульчдын холбоог байгуулж ажиллуулаад тавхан жил болчхоод орвонгоор нь өөрчлөх нь энэ шаардлагад үл нийцнэ. Өнгөрсөн таван жилд Хуульчдын холбоо урьд өмнө нь байгаагүй олон асуудлаар буюу үндсэн чиг үүрэгтэйгээ холбоотой олон арван дүрэм, журмыг олон улсын сайн туршлага, өөрийн орны онцлогт нийцүүлэн боловсруулан баталжээ.

Мэргэжлийн холбоо хэрхэн яаж ажиллах вэ, ардчилсан нийгмийнхээ үнэт зүйлийг хэрхэн манах вэ гэдэгт суралцаж учраа олж байна. Мэдээж одоогийн тогтолцоог сайжруулах зарим нэг өөрчлөлт байж болох ч төсөлд байгаа шиг сууриар нь өөрчилж болохгүй. Ямар ч тогтолцоог авчхаад байн байн өөрчлөөд байвал хэзээ ч үр дүнг нь үзэж чадахгүй. 

Хуульчийн мэргэжлийн өөрөө удирдах байгууллага буюу Хуульчдын холбоог бэхжүүлж чадахгүй бол хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байх эрх, хууль дээдлэх зарчим хэрэгжиж чадахгүй хэвээр байх болно.