Индэр    
2018 оны 10 сарын 10
Зураг
iKon.mn сэтгүүлч

10,000 гаруй номыг монголын багачуудад хүргэсэн тэмдэглэлээс

Зураг

Хүүхдийн тархи төрснөөс хойших эхний таван жилд хамгийн соргог, мэдээллийг хамгийн хурднаар хүлээн авч боловсруулдаг тул тэр үед нь эцэг эхчүүд аль болох их ном уншиж өгч, насанд нь тохирсон шинэ соргог зүйлээр хүүхдийн тархийг цэнэглэх нь өндөр ач холбогдолтой гэдгийг олон улсын эрдэмтэн, судлаачид зөвлөдөг.

Мөн хүүхэд гуравдугаар анги хүртлээ унших чадвараа хангалттай авч, эзэмшиж чадахгүй бол түүнийг цаашид нөхөхөд хүндрэлтэй байдгийг судлаачид тэмдэглэсэн байдаг.

Аливаа улсын ерөнхий боловсролын сургуульд хэрэглэж, сурч буй сурах бичгүүдийн дийлэнх нь текст ихтэй, ялангуяа бага ангийнхны анхаарлыг татах зүйл харьцангуй бага байх нь нийтлэг байдаг. Тийм ч учраас хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, төсөөлөн бодох болон сэтгэн бодох чадварыг нь дээшлүүлэхийн тулд уран зохиолын болоод танин мэдэхүйн зэрэг олон төрлийн номыг хүүхдүүдэд сургуулийн орчинд унших боломжийг бий болгох нь чухал юм.

Тэгвэл монгол хүүхдийн унших чадвар болон сурах бичгээс гаднах уран зохиол, танин мэдэхүйн мэдлэг болон бага насны хүүхдийн боловсролыг дээшлүүлж, дэмжих зорилготой нэгэн сонирхолтой төсөл орон даяар үргэлжлэн хэрэгжиж байна.

Нарлаг Улаанбаатар Ротари клубын санаачилсан “Хамтдаа уншицгаая” бага насны хүүхдийн боловсролын төсөл нь нийслэлийн болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудад ном хандивлах, номын санч, багш, сурган хүмүүжигчид болон эцэг эхчүүдэд зориулсан сургалтыг зохион байгуулах гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдсэн төсөл энэ оны 9-10-р сарын хооронд амжилттай хэрэгжүүллээ.

 

Тус төслийн энэ удаагийн аяныг АНУ-ын Даблин-Вортингтон Ротари клуб, АНУ-ын Охаёо мужийн Вортингтон хотын номын сан, Боловсролын Хамтын ажиллагааны Нийгэмлэг, Нүүдлийн зурган өгүүлэмж Сан, Хүрээ, Нийслэл Ротари клуб, Цэцээ Гүн, Туул Ротаракт клуб хамтран зохион байгуулж мөн Монгол Банк дэмжин оролцлоо.

Төслийн хүрээнд Монголын хөдөө, орон нутгийн 3,800 километрийн аяллыг МТ Бридж аяллын компанитай хамтран зохион байгуулжээ.

Гурав дахь жилдээ ийнхүү хэрэгжиж буй төслийн хүрээнд энэ удаа Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийн нийт 41, Улаанбаатар хотын нийт 34 сургууль болон номын санд нийт 10,000 гаруй англи, монгол хэл дээрх номыг хандивлаад байгаа аж.

Хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн аймаг, орон нутгийн сургуулиудыг сонгосон нь хөдөө орон нутгийн, алслагдсан аймаг, сумдын сургуулиудыг нийслэлийн сургуультай харьцуулахад ном, сургалтын хэрэгслийн хүрэлцээ хангамж тааруу байх хандлагатай байдаг аж.

Энэ талаар Нарлаг Улаанбаатар Ротари клубийн 2016-2017 оны Ерөнхийлөгч Х.АриунгооМонголын ерөнхий боловсролын сургуулиудын төсвөөс нь харахад номын сангийн фондыг шинэчилж, баяжуулахад төсөвлөдөг мөнгө нь маш бага байдаг нь харагдсан.

Жишээлбэл, бидний очсон нийслэлийн 22-р сургууль 4-5 жилийн өмнө л цөөн тооны уран зохиолын ном худалдаж авсан байх жишээтэй. Үүнээс харахад хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, сониуч занг өдөөх төрлийн эсвэл хүүхдийн хөгжилтэй холбоотой номын нийлүүлэлт хомс байдаг нь харагдаж байна” гэсэн юм. 

 

Төслийн аяллын багийн нэг гишүүн Нүүдлийн Зурган Өгүүлэмж сангийн менежер А.Буяннэмэх "Орон нутгийн сурагчдын хувьд нийслэлийн сургуулийн сурагчидтай харьцуулахад суралцах орчинтой холбоотой ном, сурах бичгийн хэрэгцээ шаардлага их байдаг нь анзаарагдсан.

Биднийг аймгуудын сургуулиуд дээр очиход хөдөө, орон нутгийн хүүхдүүд бидний бэлдсэн хөтөлбөрийн танилцуулгыг хүртэл булаацалдан авч, ихэд сонирхож байсан нь шинэ соргог мэдээллийн эх сурвалж, хүүхдэд зориулсан контент хэр их хэрэгцээтэй байгааг харуулж байгаа юм.

Эдгээр хүүхдүүдийн мэдээлэл авч буй суваг маш нарийн, зөвхөн сургуулийн багш, гэр бүл болон эцэг эхээрээ дамжуулан мэдээлэл авдаг тул тэдэнд илүү сонирхолтой, танин мэдэхүйн, уран зохиолын ном сурах бичгээр дамжуулан шинэ соргог мэдээллийг хүргэх шаардлагатай байна. 

Хүүхдүүдтэй уулзаад Бумбардайг мэдэх үү? Гэж асуухад ихэнх нь мэднэ телевизээр үзэж байсан гэж хариулсан. Манай Бумбардай төслийн хувьд Монголын Үндэсний өв соёл, нүүдэлчдийн ахуй амьдралыг ирээдүйн хойч үеийнхээ хүүхэд, залууст өвлүүлэн үлдээх зорилгынхоо хүрээнд Нарлаг Улаанбаатар Ротари Клубынхэнтэйгээ хамтран Бумбардай цувралаа брайль болгох, Бумбардайн хөдөлгөөнт комикоо дохионы хэл дээр гаргахаар ажиллаж байна “ гэлээ.

 

Энэ удаагийн номын хандивын үйл ажиллагаанд:

  • АНУ-ын Охаёо мужаас англи хэл дээрх 8,000 гаруй ном
  • Боловсролын Хамтын ажиллагааны Нийгэмлэг сурган хүмүүжүүлэгчдийн бүтээсэн 150 гаруй зурагт ном
  • Монгол Банк санхүүгийн боловсролын 1,200 комик цуврал ном
  • Нүүдлийн зурган өгүүлэмж сан “Бумбардай” комик цувралаас 100 номыг тус тус хандивлажээ.

Ерөнхий боловсролын сурагчдад ном хандивлах тус хөтөлбөр нь гурав дахь жилдээ ийнхүү хэрэгжиж байгаа юм. Өмнөх жилүүдэд ч мөн олон улсын Ротари клубын төлөөллүүд ирж монгол хүүхдүүдэд ном хандивлаж байсан удаатай.

Даблин-Вортингтон Ротари клубын төлөөлөл Тимоти Шийр “Би Монголд анх 1998 онд ирж байсан. Тэр үеийн нөхцөл байдалтай харьцуулахад олон зүйл өөрчлөгдсөн нь харагдаж байна. 

Сургуулиудын анги танхим, сандал ширээ, ном сурах бичиг гэх мэт зүйлс тэс өөр болсон байна. Мөн 2017 онд би энэ төслийн ажлаар Монголд ирж 800 гаруй номыг сургуулиудад хүргэж байсан. Тухайн үед эрэгтэй сурагчид “Хүн аалз, Бэтмэн” гэх мэт өнгөт, уран зохиолын, комик номонд илүү сонирхолтой байсан санагдаж байна. Харин охидууд гүнжтэй үлгэрийн номонд илүү сонирхолтой байсан. 

Энэхүү хөтөлбөрийг хэдэн жилийн хугацаанд хэрэгжүүлэх явцад ажиглагдсаг зүйл бол монгол хүүхдүүд англи хэлийг багаасаа суралцах эрмэлзэлтэй байдаг нь надад харагдсан. Үүнд бидний хандивлаж буй англи хэл дээрх номнууд тус нэмэр болж, эерэгээр нөлөөлөх болно гэж бид найдаж байна “гэлээ. 

Сургалт хийж байхад сургуулиуд дотор ээлжээр хичээллэдэг сургуулиуд ч байсан. Анги танхимын хүрэлцээ хангамж муу зэрэг нь унших боломжид хэрхэн нөлөөлдөг тухай:

 

Нарлаг Улаанбаатар Ротари клубын Х.Ариунгоо “Бид цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 50 хүүхэд, эцэг эхчүүдэд зориулан сургуульд бэлдэх сургалтыг Ротаригийн олон улсын 3450 дүүргийн дэмжлэгтэйгээр энэ хавар Улиастайд байрлах 120-р сургуульд амжилттай зохион байгуулсан.

Энэ сургууль одоо гурван ээлжээр хичээллэдэг, хүчин чадал нь хэтэрсэн байсан тул тус сургуулийн номын сан зориулалтын дагуу ашиглагдаж чадахгүй байдалд хүрчээ. 
Иймээс хүүхдүүдэд ном унших боломжийг бий болгохын тулд номын санч эсвэл багш нар нь хайрцганд хийсэн номуудыг авчирч ангиудад хүргэж өгдөг болсон хэдий ч төслийн хүрээнд номнууд хүлээж авахдаа баяртай байгаа тухайгаа сургуулийн захиргаа сургалт дээр ярьж байв" гэлээ.

Энэхүү нөхцөл байдлыг харсан Вортингтон хотын номын сангийн захирал Чак Гибсон “Жишээ нь АНУ-ын сургуулийн номын санг тусад түр ашиглах боломжгүй буюу өргөжүүлэх шаардлагатай үед тусад нь барьсан байшинд оруулж, үйл ажиллагааг нь явуулдаг. 

Монголд ийм хувилбарыг Улиастайд байрлах 120-р сургууль Монгол гэрээр дамжуулан хэрэгжүүлж, жижиг номын санг ажиллуулахыг оролдсон ч гэрийг гэрэлтэй, аюулгүй, өвлийн хүйтэнд дулаан байлгах гээд зардал, анхаарал маш их шаардах тухай бид сонссон” гэлээ.

“Хамтдаа уншицгаая” төслийн хүрээнд нийслэл орон нутгийн бага насны хүүхдүүдэд англи, монгол хэл дээрх сонирхолтой номуудыг тараахаас гадна багш, номын санч багш сургуулийн захиргаа болон эцэг эхчүүдэд нийт долоон удаагийн сургалт, семинарыг зохион байгуулсанаараа онцлогтой.

Нийт 240 гаруй хүнийг хамруулсан семинарыг зохион байгуулж, бага насны хүүхдийн унших чадвар, номын сангийн үйлчилгээ зэрэг сэдвээр АНУ, Монгол Улс дахь туршлагаасаа хуваалцсан юм.

Сургалтыг Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг байгууллагын Гүйцэтгэх Захирал Б.Батжаргал, Вортингтон хотын номын сангийн захирал, Ротаригийн гишүүн Чак Гибсон нар голчлон явуулж, оролцогч нартай халуун дулаан яриа өрнүүлж, туршлагаасаа солилцжээ.

Эдгээр сургалтыг багш, номын санч нарт хүргэж байх явцад хөдөө орон нутгийн зарим сургууль, эцэг эхчүүд хамтран хүүхдийнхээ бүтээлчээр унших чадварыг сайжруулж, олон төрлийн ном, танин мэдэхүйн бүтээлийг хүргэх сонирхолтой байсан, бүтээлч байдлыг дэмжсэн нь төслийнхөнд анзаарагдсан талаар хуваалцаж байлаа.

 

Чак Гибсон “Өмнө дурдсанчлан Монголын сургуулиудын номын сан нь сургуулийн дотроо байрладаг эсвэл бүр номын сангийн хүрэлцээгүй ч сургуулиуд байна. Мөн номын сантай байлаа ч номыг хадгалж буй арга барил нь учир дутагдалтай байсан нэг гал гарахад эсвэл байгалийн ямар нэгэн аюулт үзэгдэл гарахад л бүх ном, сурах бичгүүд устаж үгүй болох аюултай, хэврэг, зориулалтын бус хадгалах сав, тавиурууд дээр хадгалж байлаа.

Учир нь жишээ нь түүх, соёлын үнэт өвүүд хадгалагдаж буй улсын төв номын санд энэ асуудал мөн адил хурцаар тавигдаж буй нь мөн хайран санагдаж байсан” гэв.

Тимоти Шийр “Бид хоёр дахь жилдээ номыг монголын багачуудад хандивлаж түгээж байна. Ингэхдээ бид зүгээр нэг номуудыг сургуулиуд дээр очоод тараагаад орхих бус цаашид хүүхэд багачууд хэр зэрэг уншиж, сургууль хэр зэрэг хэрэглээнд нэвтрүүлж буй талаар мөн хяналт тавиад ажиллана гэж бодож байна.

"Англи хэл дээрх номыг тарааснаар ирээдүйн Америк-Монгол хүүхдийн харилцааны нэг төрлийн гүүрийг бид барьж байна"

Мөн бидний хойч, цаашдын ирээдүй болсон хүүхдүүдийн хамтын ажиллагааг бий болгох үндсийг тавьж байна гэж бодож байна” хэмээн хуваалцлаа.

Хүүхэд, багачуудынхаа боловсролд анхаарал ихээр хандуулдаг АНУ-ын хувьд хүүхэд багачуудын боловсрол, хүний хөгжлийн асуудлаар судалгааны ажлууд ихээр гүйцэтгэдэг. 

Тус улсын хувьд хүүхдийн боловсролд хөрөнгө оруулж буй нэг ам.доллар тутам ирээдүйд 12-17 ам.доллартай тэнцэх үр шимийг эцэг, эхчүүдэд өгдөг гэсэн судалгаа гарсан талаар төслийн мэргэжлийн хамтрагч Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг дурдаж байлаа.

Тийм ч учраас бага хүүхдийг бага байхаас нь ном уншуулдаг болгож, зөвхөн сурах бичгийн номоор хангаад зогсохгүй, танин мэдэхүй, уран зохиолын зэрэг сонирхолтой номоор хангах нь ирээдүйд бүтээлч болон шүүмжлэлт байдлаар сэтгэх бодох чадварыг нь хөгжүүлж, нийгэмд өөрийгөө авч явах чадвартай иргэн болоход тусалдгийг олон судалгаа, мэргэжилтнүүд нотлоод байна

Дижитал, техник технологийн өндөр хөгжлийн эрин үед хүүхэд багачуудыг интернэт, дижитал ертөнцөөс аль болох хол байлгах сорилт эцэг, эхчүүдийн өмнө тулгараад байгаа билээ.

Энэ тухайд Вортингтон хотын номын сангийн захирал Чак Гибсон “Вортингтон хотын хувьд нийт 60,000 гаруй хүн амтай ба тэдний нийтийн номын сан нь 70,000 гаруй бүртгэлтэй уншигчтай байдаг ба ойр орчмын хотуудаас уншигч нар ирж ихээр үйлчлүүлдэг. 

Дижитал эрин үед бид дижитал болон уламжлал болсон хэвлэмэл эх дээр аль алин дээр нь төвлөрөн ажиллаж байна. Цахим орчинд буй дижитал хэлбэрийн номыг илүүтэй унших ч хүмүүс байна, хэвлэмэл эх хувиар нь унших дуртай хүмүүс ч байна. 

"Интернэт, цахим орчин хөгжиж, дэлхийн ихэнх газар интернэтэд хүрэх болсон энэ үед дижитал хэлбэрээр гаргасан ном илүү олон хүнд хүрэх хандлагатай болсон"

Ийнхүү анх бага насны хүүхэддээ ямар ном уншиж буй талаар ярилцсан эцэг эхчүүдийн ярианаас эхэлсэн тус төсөл өдгөө улсын хэмжээнд олон цэцэрлэг, сургууль, боловсролын байгууллагуудаар дамжуулан олон хүүхэд, багш, эцэг эхчүүдэд хүрээд байна.

Төслийг хэрэгжүүлэх явцад хүүхдийн зурагт ном бүтээх, багш нар эцэг эх, гэр бүлүүдэд хүүхэд хөгжилтэй холбоотой сургалт, арга хэмжээг орон нутагт зохион байгуулж ирснээс гадна харааны болон сонсголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан брайль, дейзи болон дохионы хэлтэй видео бүхий номнууд бүтээх, сургалтын тусгай орчныг бий болгох, ном сургалтын хэрэгсэл хандивлах зэрэг олон тооны ажлыг хийж гүйцэтгээд байгаа аж.

Төслийг анх санаачилсан Нарлаг Улаанбаатар Ротари клуб нь таван жилийн түүхэндээ боловсрол, эрүүл мэндийн чиглэлийн арав гаруй төслүүдийг дотоод, гадаадын олон байгууллага, хувь хүмүүстэй хамтран амжилттай хэрэгжүүлээд байна.

“Хамтдаа уншицгаая” төслийн хамтын ажиллагааны эхийг тавьж, төслийг дэмжин ажилласан Ротарийн олон улсын 3450 дугаар дүүргийн Монгол, Хонг Конг, Макаогийн Ротари клуб, АНУ-ын Ротарийн олон улсын 6690 дугаар дүүрэг болон Охаёо мужийн Ротари клуб, Ротарийн олон улсын 2590 дугаар дүүргийн Японы Кавасаки Минами Ротари клуб, Нийслэл Ротари клуб болон нийт дэмжин ажилласан байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийллээ.

Видео:

Бага ангийн хүүхдийн номын сонголтын талаар эцэг, эхчүүдэд...