Индэр    
2018 оны 10 сарын 5
Зураг
iKon.mn сэтгүүлч

20 тэрбум төгрөгтэй тэнцэх, эзэнгүй 14 мянга гаруй дипломыг яах вэ?

Зураг

Дээд боловсрол эзэмших хүсэл эрмэлзэлтэй сурагч, оюутныг төрөөс дэмжих бодлогыг хэрэгжүүлэхээр 25 жилийн өмнө “Сургалтын төрийн сан”-г байгуулж байсан түүхтэй.

Харин одоо Боловсролын зээлийн сан болж зохих журмын дагуу санхүүгийн дэмжлэг, суралцагчийн тэтгэлэг, сургалтын төлбөрийн зээл олгох, зээлийг эргэн төлүүлэх ажлыг зохион байгуулах ажлыг хэрэгжүүлэхээр гадаад, дотоодын их дээд сургууль, коллежид суралцаж буй оюутнуудад 20 гаруй төрлийн хөтөлбөр хэрэгжүүлж, жил бүр дунджаар 80 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олгодог байгууллага болжээ.

Гэтэл Монгол дахь их, дээд сургуулиудад 1995 оноос хойш боловсролын зээлээр суралцсан оюутнуудын эзэнгүй 14,000 гаруй бакалаврын зэргийн диплом Боловсролын зээлийн санд хадгалагдаж байна. Өөрөөр хэлбэл, төрөөс зээл авч сургуульд сурчихаад зээлээ эргүүлж төлөөгүй 14,000 гаруй хүн байна гэсэн үг юм. Энэ нь өнөөдрийн байдлаар 20 гаруй тэрбум төгрөгтэй тэнцэж байгаа ажээ. 

Дипломтой холбоотойгоор Засгийн газрын хоёр тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Эхнийх нь 2004 оны нэгдүгээр сарын 29-ны өдрийн 22 дугаар тогтоол юм.

Энэхүү тогтоолоор 2003 оноос өмнөх сургалтын төрийн сангийн зээлээр суралцаж төгссөн төгсөгчдийг зээлээс бүр мөсөн чөлөөлөх шийдвэр гарч дипломуудыг суралцагчдад олгож байгаа юм.

Үүний дараагаар мөн 2008 оны тавдугаар сарын 14-ний өдрийн 178 дугаар тогтоол гарч өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. 

Тус тогтоолоор 2004-2007 онд сургалтын төрийн сангийн зээлээр суралцаж дипломын болон бакалаврын боловсрол эзэмшсэн төгсөгчид мэргэжлээрээ хоёр жил ажилласан, 2.8-аас дээш голчтой тохиолдолд мөн сургалтын төлбөрийн зээлээс чөлөөлөх шийдвэрийг гаргаж, дипломыг олгож байгаа аж. 

Энэхүү асуудлаар Боловсролын зээлийн сангийн төсгөгчдийн асуудал, диплом хариуцсан мэргэжилтэн Л.Базардаргиатай ярилцлаа.

 

-Төгсөгчид сургуулиа төгсөөд дипломоо авахгүй байх, сургалтын зээлийн төлбөрөө эргэн төлөхгүй байгаагийн гол шалтгаан нь юу бэ?

-Төгсөгчид дипломоо авахгүй байгаа гол шалтгаан нь шинэ ажлын байранд ороход дипломын эх хувилбарыг шалгадаггүй, хуулбарыг нь үзүүлчихдэг хандлагатай байгаагаас үүдэлтэй гэж бид харж байгаа. 

Мөн боловсролын зээлийн сан төгсөгчдөд зээлийн сангийн тэмдэг, тэмдэглэгээ дарагдсан дипломын хуулбарыг олгож, нотариатаар батлуулж өгдөг байсан. Энэ нь дипломын эх хувьтай дүйцдэг тул дипломын хэрэг бараг байхгүй болчихож байна гэсэн үг юм.

Эдгээр шалтгааныг авч үзэн зээлийн эргэн төлөлтийг нэмэгдүүлэхийн тулд өнгөрөгч есдүгээр сарын 20-ний өдрийн боловсролын зээлийн сангийн захирлын А-22 тоот тушаалаар дипломын хуулбарыг олгохыг зогсоосон. Тус шийдвэрийг гаргаад арав гаруй л хоног өнгөрөхөд л зээлийн эргэн төлөлт нэмэгдэх хандлагатай байна.

- 1995 оноос хойших сургууль төгсөгчдөд сургалтын зээл олгосон гэж байсан. Тэр үетэй харьцуулахад одоо үеийн мөнгөний ханш ч мөн чангарсан нь мэдээж. Тухайн үеийн оюутнуудад хэр их хэмжээний тусламж үзүүлдэг байсан бол?
- Мэдээж тэр үед олгож байсан зээлийн төлбөрийг бодож үзэхэд одоо үеийн нэг семестрийн талтай нь тэнцэх мөнгөн дүнгийн зээлийг олгож байсан.

1995 оноос хойш зээлүүдийг мэргэжлийн индексээр олгодог байсан. Тухайлбал, инженер, анагаахын ухааны чиглэлээр 620,000 төгрөг, багш боловсролын байгууллагын мэргэжилд 520,000 төгрөг, нийгмийн ухааны чиглэлээр 350,000 төгрөг зэрэг мэргэжлийн индексээр олгодог байсан. Үүнээс харахад дунджаар 300-600 мянган төгрөгийн хүүгүй зээлийг олгодог байсан юм.

Гэтэл төгсөгчид энэ олон жил зээлээр сурчихаад дипломоо авахгүй байгаа нь манай байгууллагатай хийсэн гэрээгээ зөрчиж байна гэсэн үг юм.

Мөн өмнө дурдсанчлан ажил олгогчид боловсон хүчнийг ажлын байранд авахдаа дипломыг эх хувиар нь үздэггүй асуудлаас болж зээлээ эргэн төлж, дипломоо авах асуудал удааширч байна гэж хэлж болно.

- Зээлийн эргэн төлөлтийг нэмэгдүүлэхээр ямар арга хэмжээ авч байна вэ?
- Үүнтэй холбогдуулан нийслэл, аймаг сумдын засаг дарга нарт энэ асуудлаар хамтран ажиллах албан бичиг хүргүүлсэн байгаа. Засаг дарга нарт ирэх сарын нэгний өдрийн дотор хариуг ирүүлэхээр хүргүүлээд байна. 

Мөн аймаг, нийслэлийн хэмжээнд ажил олгогч нар ажил горилогчдын дипломыг эх хувиар нь үзэж шалгаж байх тал дээр хамтран ажиллах хүсэлтийг мөн явуулаад байгаа юм.

Зээл авсан оюутнууд нэг л их мөнгөний зээл төлнө, яаж төлнөө хэмээн бодоод явж байдаг. Гэтэл эдгээр оюутнууд Засгийн газрын тогтоолоор зээлээс чөлөөлөгдөж, дипломоо авах эрхтэй болсноо хүртэл мэдээгүй явж байдаг. 

- Ер нь зээл авдаг оюутнуудын дийлэнх нь ямар шалтгаанаар зээл авдаг юм бол?
- Засгийн газрын тогтоолд нэн ядуу өрхийн болон хагас өнчин бүлэгт хамрагдаж буй оюутнуудад зээл олгох гэсэн заалтууд байдаг. 

Үүнтэй холбогдуулан зээл авч буй оюутнуудын дийлэнх нь нэн ядуу өрхийн, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой бүлэгт хамрагдаж буй айл өрхийн хүүхдүүд байдаг.

- Одоогийн сургалтын зээлийн төлбөрийг ямар хэлбэрээр олгож байна вэ? Мөн цаашид оюутнуудын буцаан төлөлтийг нэмэгдүүлэх тал дээр ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?
- Одоогийн оюутны хөгжлийн зээл тухайн оюутны сургалтын төлбөрийн хэмжээгээр 100 хувиар олгогдож байна. 

Харин төлөгдөөгүй зээлийг төлүүлэх тал дээр аймаг, дүүргийн засаг дарга нартай л хамтран ажиллах нь илүү үр дүнтэй байх болов уу гээд бид хамтран ажиллахаар хүсэлт гаргасан.

Мөн манай боловсролын зээлийн сангийн захирлын гаргасан дипломын хуулбарыг олгохоо больсон шийдвэр зээлийн эргэн төлөлтөд эерэг нөлөө үзүүлж, үр дүнд хүрнэ гэж бид харж байна.

- Жилд ер нь хэдэн дипломыг сургуулиудаас хүлээн авч байна вэ?
- Жилд 240 орчим зээл нь эргэн төлөгдөөгүй дипломыг бид хүлээж авдаг. Цаашид жил ирэх тусам энэ тоо багасах болно гэж бид харж байгаа.

- Зээл олгосон оюутнуудтай хэрхэн холбоо тогтоож, шаардлагыг хүргүүлэх үйл ажиллагааг явуулдаг бэ?
- Сургууль бүрээс хүлээн авсан төгсөгчдийн диплом дээр оюутны аймаг, дүүрэг нь тодорхойгүй байдаг тул бидэнд аймаг, дүүргээр нь хувааж ангилахад хүндрэлтэй байдаг.

Тийм ч учраас бид сургуулиудын сургалтын албаар дамжуулан цаг тухайд нь мэдээллийг оюутнуудад өгч явдаг. 

Оюутныг сургуулиа төгсөхөөс нь өмнө оюутанд зээлийн талаар мэдэгдэж, хуулбар дипломтой төгсөж, сэтгэл зүйд нь сөргөөр нөлөөлөхөөс сэргийлж хонхны баяр болохоос нь өмнө зээлийг нь төлүүлж, санаа амар сургуулийг нь төгсгөх санаатайгаар холбогдож ажилладаг. Гэвч санхүүгийн боломжгүйгээс болж тэр бүр цаг тухайд нь төлдөггүй тохиолдол их гардаг.

Мөн ихэнх оюутнууд авсан зээлийнхээ талаар тодорхой ойлголтгүй байдаг. Анх зээл өгөхөд бид оюутнуудтай гэрээ байгуулдаг ч оюутнууд гэрээгээ ойлгоогүй, төгссөний дараа зээлээ хэрхэн төлж, яах ёстойгоо мэддэггүйгээс болж зээл эргэн төлөгддөггүй асуудал гарч байна гэж хэлж болно.