Индэр    
2018 оны 8 сарын 2
Зураг
Эдийн засаг - Хөгжлийн тухай ярилцъя

Хутагтын наадам

Зураг

- Тэмдэглэл -

Говийн ноён хутагт Данзанравжаагийн 215 жилийн ойг Дорноговь аймгийн Сайншанд суманд өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрүүллээ. Ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж ирэв үү гэлтэй өргөн дэлгэр наадам болсон доо. 26 жилийн тэртээ Дорноговь аймгаас гаралтай хэсэг сэхээтэн нутаг орноо дуурсгах сайхан шүтээнтэй болгох талаар санал, санаачилга гаргажээ. 

Тэд Говийн ноён хутагт Данзанравжаагийн бүтээл, сүм хийдийг сэргээх, тахилчийн нууж авч үлдсэн эд зүйлсээр музей байгуулах, шүлэг дуу, аман зохиол, домог, хууч яриаг эвлүүлэн нэгтгэж, түүний агуу их авъяас билигтэн, соён гэгээрүүлэгч байсан түүхэн үйлсийг олон түмэнд хүргэхээр шийдвэрлэсэн юм. Эдүгээ ажил хэрэг болж, Равжаа хутагтын үйл хэрэг бодитоор олон түмэнд хүрснийг түмэн олноороо мэднэ. 

Тэр байтугай ЮНЕСКО-д Дулдуйтын Равжаагийн зохиол бүтээлийг бүртгэн авсан билээ. Энэ бүхэнд нутаг сэтгэлтэй Дорноговийн иргэн бүр итгэл зүтгэлээ зориулсныг дурдахгүй өнгөрч болохгүй. Мэдээж түүний нэг нь миний аав Лувсангийн Одончимэд. 

Сониноос аав маань Равжаа судлалаар л Соёлын гавъяат зүтгэлтэн болсон юм шүү дээ. 

Энэ ажлын эхлэл болгож 25 жилийн тэртээ буюу 1993 оны тарчигхан эдийн засагтай үед, аав минь Дорноговь аймгийн засаг дарга байхдаа нутгийн эрдэмтэн зохиолчид, Түдэв тахилчийн ач СГЗ Алтангэрэлтэй хамтран хутагтын 190 жилийн ойг тэмдэглэхээр хоёр жил гаруй хөөцөлдөж байж, Засгийн газрын тогтоол гаргуулан, олон түмний хандиваар уг наадмыг зохион байгуулсан юм билээ.

Анхны наадмын талаар наадам дээр уулзсан хүн бүхэн хэрхэн хамтран ажиллаж, Равжаагийн соёлын өвийг бүтээлцэж байсан тухайгаа ярихын зэрэгцээ  аавын тухай олон сайхан дурсамж хөвөрсөн энэ өдрүүд миний хувьд хамгийн том, сонин сайхан бэлэг байлаа. Аавынхаа хамтран зүтгэгч, ном зохиолынх нь гол дүрүүд эмч бизнесмэн Ш.Очирсүх, Алтанширээгийн Ц.Гочоо, Айргийн Б.Рагчаа, хүний гавьяат эмч Б.Хэнмэдэх эгч нартай уулзаж сэтгэлийн үгийг нь сонслоо. Товчхондоо сэтгэл хөдлөлөөр дүүрэн өдрүүд байв. 

Аавынхаа сүүлчийн хоёр боть номын дээжийг найз нөхөд сумынханд нь бэлэглэж номын мөрийг нь цаашид олон түмэнд хүргэх ажлаа эхлүүллээ.

 
 

Миний хувьд ах О.Одхүүгийн хамт гэр бүлээ төлөөлөн нутгийн хүүгийн хувиар  багын найз нартайгаа уулзаж, хүүхэд насны хөгжилтэй явдлуудаа дурсан,  “Дэлгэрэх” сумын  “Тайж”-ийн хурд морин уяачдын гал дээр өнжиж өнгөрөөлөө.  Хамаатан садан, ах дүү нартайгаа зургаан насны морь уяж, говийн бүсийн наадамд  сойлоо. Манай уяанаас соёолон насны уралдаанд О.Батжаргалын хүрэн морь дөрвөөр айрагдаж, тайж адууны хурдыг баталлаа.

Энэ жил Дорноговь аймагт зун хэдийгээр оройтсон ч бороо хуртай, ногоо сайхан ургасан, мал, малчин түмний нуруу амарсан сайхан зун болж байна.

 Хутагтын ойтой жил зуншлага онцгой гойд байдаг талаар нутгийхан ярих нь үнэний хувьтайг энэ жилийн зуншлагаас харагдлаа.

Наадмаар “Хамарын хийд”-ийг дахин сэргээхэд оюун ухаан, бие сэтгэл, нөр их хөдөлмөрөө зарцуулсан СГЗ Алтангэрэлтэй уулзъя гэж хайгаад олоогүй бодвол хүмүүсийн хөлд дарагдаад завгүй байсан байх даа.

Надад байгаа мэдээллээр “Хамарын хийд” рүү жилд 120 мянга орчим дотоодын аялагчид зорчиж, хийдэд мөргөж “Хүслийн уул”-нд гардаг юм. 

Энэхүү тоо цаашид өсч нутгийн аялал жуучлалаар бизнес эрхлэгч нарт ашиг тусаа өгөх нь дамжиггүй гэж бодож байна.

Эцэст нь хэлэхэд, энэ наадмыг зохион байгуулахад сэтгэл гаргаж ажилласан Аймгийн ЗДТГ, ИТХ-ын дарга С.Түмэнбаяр Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нарт нийт Дорноговьчууд, Равжаа хутагтыг шүтэн бишрэгч сүсэгтэн олны өмнөөс баярласнаа үүгээр уламжилж байна.