Индэр    
2019 оны 2 сарын 27
Зураг
Эдийн засаг - Хөгжлийн тухай ярилцъя

Эрчим хүчийг цогцоор нь харцгаая! Өртөг зардлаа бууруулах боломж байна

Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Алсын хараа, ирээдүйн зорилгоо тодорхойлоход одоогийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж хаана ямар асуудал, хүндрэл бэрхшээл байгааг цогцоор нь харж, зөв оношлох нь хамгийн чухал. Энэ ч үүднээс эхлээд Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн томоохон оролцогч талуудын 2018 оны үйл ажиллагааны ашиг алдагдлын талаарх бодит тоо баримтыг харцгаая.

 

Тоон үзүүлэлтээс харахад төвийн бүсийн эрчим хүч үйлдвэрлэгчдийн нүүрсний хэрэглээний дийлэнх хувийг хангадаг “Багануур” ХК 2018 онд 2.7 тэрбум, “Шивээ-Овоо” ХК 531 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ.

Мөн Улаанбаатар төмөр зам зөвхөн эрчим хүчний нүүрс тээврээс 8 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн бол ДЦС II, III, IV нийт 1.8 тэрбум төгрөгийн, Диспитчерийн үндэсний төв 384 сая төгрөгийн, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани 1.6 тэрбум төгрөгийн, Улаанбаатар дулааны сүлжээ компани 6.1 тэрбум төгрөгийн алдагдал хүлээв. 

Харин Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компани л 11.3 сая төгрөгийн ашигтай ажилласан байна. Бодит байдал ийм байгаа нь алдагдлыг аль нэг уурхай эсвэл компанид хамаатуулах нь учир дутагдалтай бөгөөд санхүүгийн хүндрэл бэрхшээл нь нийт системийг хамарч байгаа нь илэрхий байна. Тиймээс хүндрэл бэрхшээлийг даван туулах бодлого системийг бүхэлд нь хамарсан харилцан уялдаатай байх ёстой гэдэг нь харагдаж байгаа юм.

Миний хувьд энд “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг эзэмшигч “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Бизнесийн стратеги хариуцсан дэд захирлын хувьд энэ асуудлыг хөндөж байна. Багануур, Шивээ-Овоогийн уурхайнуудын алдагдал, санхүүгийн хүндрэл бэрхшээлийн үндсэн нэг шалтгаан нь эдгээр уурхай олборлосон нүүрсээ өртөгөөс нь доогуур үнээр борлуулдагтай шууд холбоотой.

УИХ-аас 2010 онд 72 дугаар тогтоол гаргаж нүүрсний үнийг үе шаттайгаар чөлөөлж, зах зээлийн зарчимд нь нийцүүлэх шийдвэр гаргасан ч хэрэгжихгүй байна. Нүүрсний үнийг чөлөөлөх асуудал яригдахад дагаад цахилгаан дулааны үнийг чөлөөлөх шаардлага үүснэ. Олон улсын жишгээр эрчим хүчний бизнест тогтдог аливаа үнэ нь “pass through” буюу гинжин хамааралтай байдаг. Энгийнээр хэлбэл уурхайгаас олборлоод борлуулж буй нүүрсний хэд байх нь хэрэглэгчдэд нийлүүлж буй дулаан цахилгааны үнэ хэд байхтай шууд холбоотой буюу нэг нь хөдлөхөд дагаад нөгөөдөх нь хөдөлдөг.  

Хэрэглэгчдийн төлж буй цахилгаан дулааны үнэ тарифыг огцом нэмэгдүүлэхгүйгээр тогтвортой барих нь нэг талдаа хэрэглэгчдэд таатай боловч нөгөө талдаа үйлдвэрлэгчдэд санхүүгийн хүндрэл бэрхшээл, алдагдал үүсгэж байгааг зайлшгүй анхаарах ёстой.

Монгол Улсад хэрэглэгчдэд хүрч буй эрчим хүчний үнэ ямар байгааг бусад оронтой харьцуулж үзье. 

 

ААН, 1 KвТ/ц/цент

Айл өрх, 1 KвТ/ц/цент

Нэг хүнд ногдох ДНБ, ам.доллар

Монгол

6.55

4.63

                3,640

Aзийн орнууд

Сингапур

20.3

14.01

             57,713

Япон

22.51

16.19

             38,448

Өмнөд Солонгос

15.54

7.4

             29,938

Филиппин

18.36

14.52

                2,976

Тайланд

10.36

7.43

                6,590

БНХАУ

9

8.79

                8,643

Бусад орон

Дани

36.42

9.79

             56,630

Англи

21.13

15.16

             39,800

Герман

36.42

18.15

             44,769

АНУ

11.88

10.09

             59,792

Франц

20.18

11.82

             39,932

Словак

17.19

13.73

             17,655

Унгар

13.49

8.84

             14,209

Польш

17.43

10.51

             13,821

Румын

14.33

9.19

             10,785

ОХУ

14

8.5

             10,955

Эндээс үзэхэд Монгол Улсад хэрэглэгчдэд борлуулж буй эрчим хүчний үнэ нь бусад оронтой харьцуулбал үнэмлэхүй хямд байгааг харж болно. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр манай улсаас доогуур болон ойролцоо Азийн улс орнуудын эрчим хүчний үнэ тариф нь манайхаас өндөр байна. Эрчим хүчний үнэ тариф хямд байгаа нь зах зээлийн зохицуулалт биш бөгөөд төрийн зохицуулалтаас шууд хамаарч байна. Ийм зах зээлийн бус төрийн зохицуулалтаас үүдэж нийт системийг хамарсан алдагдлын хэлхээ үргэлжилсээр байгаа.

Эрчим хүчний үнэ тарифыг чөлөөлөх шийдвэрийг гаргах нь эрх баригчдад хүндхэн байдаг нь ойлгомжтой ч нүүрс олборлолтын өртөг, инфляц, валютын ханшийн өөрчлөлттэй уялдаж дээш доошоо хөтөлдөг уян хатан үнийн бодлогыг нэвтрүүлэх чиглэлд зайлшгүй анхаарах ёстой. Нөгөө талаас эрчим хүчний системд үйл ажиллагаа явуулж буй аливаа аж ахуйн нэгж, байгууллагууд ч өртөг зардлаа бууруулах чиглэлээр ажиллах ёстой. 

Уурхайнууд хэдийгээр алдагдалтай үнээр нүүрсээ борлуулж байгаа ч дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр найдвартай хангах үүргээ биелүүлсээр ирсэн. Дотооддоо өртөг зардлаа хэрхэн буулгах боломж байгааг ч цаг үргэлж эрэлхийлсээр байна. Тухайлбал, дэвшилтэт технологид суурилсан туузан дамжуурга нэвтрүүлэх, хөрс хуулалт, нүүрс гаргалтын технологийг оновчлох, хөрс хуулалтыг коэффициентийг бууруулах чиглэлээр ажилласаар байна.

Цаашид уурхайд ажиллах техникүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, эвдрэл гэмтлийг багасгах, хүний нөөц, санхүүгийн удирдлагыг боловсронгуй болгох зорилгоор ухаалаг систем /Блокчэйн/ буюу ERP cистемийг Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд нэвтрүүлнэ. Нэгэнт л төрийн зохицуулалттай бизнесийн орчинд ажиллаж байгаа  учир хаа хаанаа өртөг зардлыг бууруулах чиглэлд онцгой анхаарахаас аргагүй байна.

Эрчим хүч үйлдвэрлэгч болон хэрэглэгчийн дундах шат дамжлагуудын өртөг зардлыг бууруулах талаар ч холбогдох байгууллагууд нь анхаарч ажиллаасай.

Орчин үед эрчим хүчний үйлдвэрлэл, цахилгаан түгээлт, хэрэглэгчийн хэрэглээг блокчэйнд суурилсан ERP системийн тусламжтайгаар өртөг зардлаа бууруулах боломжтойг олон улсын жишээ харуулж байна бид ч энэ хөгжлийн зам руугаа орох хэрэгтэй байна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.75.150] 2020/8/14
Уурхай дээр цахилгаан станц барих нь хэмнэлттэй
0 | 0 Хариулах
иргэн [202.131.236.138] 2019/2/27
Дэвшүүлж буй асуудал чинь угтаа бол зөв боловч Төрийн өмчит компаниуд яагаад алдагдалтай ажиллаад байна вэ гэдгийг арай өөр өнцгөөс харвал бас дэвшүүлж болох өөр асуудлууд харагдаад л байгаам. Эрчим хүчний үнийг хэдийгээр чөлөөлөөгүй боловч Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ компанийг "МАНАН"-н томоохон санхүүжүүлэгчдийн нэг Цэнгэл гэх "сайд" байсан нөхөр хувьчлаад авсан. Ашигтай ажиллаж байгаа. Яаж ашигтай ажиллаад байна. Судлаж үзсэн үү. Төрийн өмчит нэртэй компаниудад хаана хаанаа төрийн эрх мэдэлтэй нөхдүүдийн "шахааны бизнес" цэцэглэдэг. Үүнийг та бодож үзсэн үү. Хэрэгтэй хэрэггүй өндөр үнэтэй бараа бүтээгдхүүн, үйлчилгээг дэлхийн хаана ч байхгүй өндөр үнээр шахдаг. Иймэрхүү үр ашиггүй, үрэлгэн зардлууд дээрхи алдагдлын багагүй хувийг эзлэж буйг тооцоолж үзсэн үү. НББОУС-ын дагуу ня-бо бүртгэлийн шинэ, шинэлэг арга хэрэгслүүдийг нэвтрүүлснээр өртөг, зардлыг тодорхой хэмжээнд бууруулах боломжуудыг судлаж үзсэн үү.
3 | 0 Хариулах
Иргэн [202.21.97.46] 2019/3/1
Олон юм ярилгүй эхний ээлжинд энэ ЭХ-ний салбараа улс төр, мангасуудаас салгах зүйтэй. Сонгууль болоод л нэг шинэ мэрэгжлийн бус "идэж уугсадын" баг ирүүлдэгээ эхлээд шийдэх хэрэгтэй
1 | 0 Хариулах
Зочин [66.181.164.135] 2019/2/27
Төрийн өмчит Шивээ-овоо Багануур хоёор олборлож буй 1тонн нүүрсний өртөг зардлаа хувийн том уурхайтай харьцуулаад үзээрэй, бараг 2-3 дахин өндөр гардаг. Цахилгаан станцуудын кв/ц тутмын өртөг зардал бусад улсын ижил станцынхаас мөн өндөр гардагаа. Энэ эрчим хүчний систэм 100% төрийн өмч байгаа цагт өртөг зардал зөвхөн өснөө. үнэ нэмсэн ч өснө нэмээгүй ч өснө
1 | 0 Хариулах
Зочин [66.181.164.135] 2019/2/27
Төрийн өмчит нь бүгд алдагдалтай байхан хувийн өмчийн Шарын Голын станц ашигтай ажлаад болоод байгаа. Шарын Гол адилхан л станцуудад нүүрсээ нийлүүлдэг. Төрийн өмчит гэдэг нь хэний ч биш өмч, очсон дарга/баг болгон асар их цавчаа хийн худалдан авалтуудаа нугалан өсгөж зардлаа хиймлээр өсгөдөг. Энэ байдал нүүрсний уурхай, цахилгаан станц, түгээх сүлжээ гээд системийг бүрэн хамарсан, тэнд илүү орон тоо, сул цалин урамшуулал, нугалсан худалдан авалт гээд хулгалж, цавчиж, кармаалж болох бүх аргыг нийтээрээ эв найртайгаар өдөр бүр хийцгээж байгаа. Энэ байдлаа өөрчлөхгүйгээр үнэ нэмээд ялгаа гарахгүй. Үнэ нэмэн орлого өсөхөө дагаад зардал нь өснөө, тэрийгээ баахан инженерүүд "тог тасранаа" гэж айлгаж тулгана
3 | 1 Хариулах
Зочин [66.181.180.123] 2019/2/27
3 4 - р станцын зуухыг яаралтай шинэчлэхгуй бол наад алдагдал гээд байгаа монго идэлт чинь жилээс жилд нэмэгдэнэ. 3 - Р ТЭЦ - ын 250 мвт орготголийг хийгээчээ. шуналын тулам ц.Даваасурэнг яаралтай эрчим хучний салбараас зайлуулахгуй бол бух ажлыг гацаалаа. ТТДЦС наашаа ч биш цаашаа ч биш гацсан. 51 % ОТ гаргаад 49 % - д нь хоронго оруулагч олох юм гэнэ хол очиж хуцаарай
1 | 0 Хариулах