Индэр    
2020 оны 5 сарын 7
Зураг
Эдийн засаг - Хөгжлийн тухай ярилцъя

COVID-19 ба Монголын эдийн засаг

Зураг
 
 
 

 

COVID-19 МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЖ БУЙ НӨЛӨӨЛӨЛ

COVID-19 цар тахал нь хэд хэдэн сувгаар дамжин Монголын эдийн засагт нөлөөлж буй. Үүнд дотоодын хэрэглээ түр хугацаагаар бууралтад орох, бизнесийн орчин болон аж ахуйн нэгжүүдийн  ирээдүйн талаарх үзэл бодолд өөрчлөлт орж, тодорхой бус байдал бий болсноор хөрөнгө оруулалт багасах, тээвэр ложистик доголдсоноос бараа үйлчилгээний нийлүүлэлтэд хоцрогдол гарах, бэлэн мөнгөний хомстолд орох, аялал жуулчлал болон бизнес аяллын тоо хэмжээ огцом унах, үйлдвэрлэлийн хангамж нийлүүлэлтийн сувгууд ба худалдаа арилжаагаар дамжин эдийн засгийн бусад хэсгүүдэд эрэлтийн цочрол үүсэх мөн эрүүл мэндийн салбарын хэрэгцээ зардал огцом өсөх зэрэг багтана. Цар тахлын тархалтыг хязгаарлах зорилгоор тавьсан хөл хорион арга хэмжээнүүд нь дотоод болон гадаад зах зээлийн эрэлт нийлүүлтэнд цочролыг үүсгэж эдийн засгийг хурдацтай сааруулж байна. Азийн Хөгжлийн Банкны 4-р сард гаргасан тайланд дурдсанаар 2020 онд COVID-19 цар тахлын нөлөөгөөр Хөгжиж буй Азийн улс орнуудын эдийн засгийн өсөлт өмнөх оны 5.2 хувиасаа 2.2 хувь хүртлээ бууж удаашрах, Монгол улсын хувьд 2.1 хувийн өсөлттэй, 2021 онд 4.6 хувь байх таамаглалыг гаргажээ.

 
 
 
  • Коронавирус цар тахлын сөрөг цочрол нь нийлүүлэлтийн цочрол, эрэлтийн цочрол, санхүүгийн зах зээлийн цочролын хослол юм.
  • Улс орнууд COVID-19-ийн тархалтыг хязгаарлахын тулд эдийн засгийн үйл ажиллагааг зогсоосноор 2020 онд дэлхийн эдийн засгийн хямрал тохиох эрсдэл маш өндөр болоод байна.
  • Бидний найдаж буй "V" ба "U" хэлбэрийн сэргэлт нь засгийн газрын тусламжийн цаг хугацаа, болон хэлбэр хэмжээ, аж ахуйн нэгжийн өрийн хэмжээ, болон эрэлт нийлүүлэлтийн тасалдалтай компаниудын хэрхэн ажиллах, хариу арга хэмжээ авах зэргээс хамаарна.
  • Вирусийн дэгдэлт нь үйлдвэрлэлийн хангамжийн сүлжээг тасалдуулж, эрчим хүч, түүхий эдийн эрэлтийг огцом бууруулж байна.
  • Хэрэв нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилж, дэлхийн санхүүгийн зах зээл тогтворгүй хэвээр үлдвэл Монгол улсын дахин санхүүжилтийн өртөг нэмэгдэх эрсдэл өндөр байна.
 
 

Ажилгүйдлийн түвшин

2020 оны эхний 3 сард нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 10.8 хувиар, өмнөх сараас 6.1 хувиар буурсан байна. Гэсэн хэдий ч МҮХАҮТ-н 3-р сарын сүүлд 1504 аж ахуйн нэгжийг хамруулан авсан судалгаагаар судалгаанд оролцогчдын 56% нь ажлын цагийн зохицуулалт хийсэн, 33% нь ажиллагсдаа түр болон бүр мөсөн чөлөөлсөн байна.

Хэрэв эдийн засгийн хүндрэл энэ хэвээр үргэлжилбэл судалгаанд оролцогчдын 30% нь нийт 8,000 тооны ажлын байрыг цомхтгох төлөвлөгөөтэй гэжээ. Засгийн газраас эдийн засгаа эрчимжүүлэх, бизнесүүдээ дэмжих арга хэмжээ авахгүй тохиолдолд 200-250 мянган хүн ажлын байраа алдах эрсдэлтэй байна.

Ажилгүйдлийн даатгалын сангаас 2020 оны эхний улиралд буюу 1-3-р сарын хооронд 5.3 мянган хүнд 12.9 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 3.9 тэрбум төгрөгөөр буюу 43 хувиар нэмэгдсэн дүн юм.

 
 

COVID-19-ийн дэгдэлтээс үүдэн хөл хорио тогтоосноос эдийн засаг удааширч, улмаар иргэд, аж ахуйн нэгжүүд зээлийн болон түрээсийн төлбөрөө зогсоох, царцаах, гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлт шаардлага тавьж байна. Иймэрхүү байдал нь Монголоос гадна хэд хэдэн улс оронд харагдаж байгаа Монголын хувьд COVID-19 цар тахалтай холбож тайлбарлагдахаас гадна сонгууль дөхсөнтэй холбоотойгоор улс төрчид сонгогдохын төлөө иргэдийг халамжилж буй дүр үзүүлж буй хэлбэр гэж таамаглагдаж байна.

Иргэдийн зээлийг тэглэх, мөнгө олгох зэрэг үйлдлүүд нь эргээд иргэдэд ёс зүйн гажуудлыг үүсгэж, дараа нь бас зээл тэглэнэ байх гэсэн алдаатай далд ухамсрыг бий болгосноор эрсдэлийг зөв дүгнэхгүй алдаатай шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлж байдаг байна. Тиймээс цар тахалтай холбоотой эдийн засгийн хүндрэлийг давахад засгийн газраас авах арга хэмжээнүүд ёс зүйн гажуудал гэх ойлголтыг мөн бодлогодоо шингээж өгөх шаардлагатай болоод байна.

2020 оны эхний улиралд нийгмийн халамжийн зардал дотроо эрүүл мэндийн даатгалын сангийн тусламж, үйлчилгээний зардал 85.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 14.0 тэрбум төгрөгөөр буюу 19.5 хувиар өссөн байна.

 
  • Мөнгөний нийлүүлэлт (М2) 2020 оны 3-р сарын эцэст 20.4 их наяд хүрч өмнөх оны мөн үеэс 3.5 хувиар өссөн байна. Үүнд голлох хувийг валютийн хадгаламж болон валютын харилцах тус тус 27.2, 29.5 хувийн өсөлттэйгөөр бүрдүүлжээ.
  • Төгрөгийн хадгаламж 3-р сарын эцэст 10.7 их наяд болж өмнөх оноос 4.2 хувиар, өмнөх сараас 3.4 хувиар буурсан байна.
 
 

АХБ-наас жил бүр нийтэлдэг Азийн Хөгжлийн Төлөв (АХТ) тайландаа COVID-19 цар тахал улам ужгиран гүнзгийрч, нөлөөлөл нь илүү удаан хугацаанд үргэлжлэх тохиолдолд банкны салбарт хөрвөх чадварын эрсдэл бий болж болзошгүй гэжээ. Түүнчлэн, өрхийн өрийн дарамт ужиграх, банк бус санхүүгийн салбарын эрсдэл нэмэгдэх, банкны секторт активын чанар муудахын зэрэгцээ эдийн засгийн үйл ажиллагаанд үлэмж сөрөг нөлөө учруулах зээлийн тасалдлын эрсдэл нэмэгдэж байгааг анхаарах хэрэгтэй хэмээн сануулсан байна.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны 3 дугаар сарын эцэст 1.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх сараас 11.6 хувиар, өмнөх оны мөн үеэс 25.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.7 хувийг эзэлж байгаа нь мөн л  өмнөх оны мөн үеэс 1.5 пунктээр өссөн дүн юм. Ялангуяа COVID-19-н эсрэг арга хэмжээ авч эхэлсэн үе буюу 2-р сараас эхлэн зээлийн чанар мэдэгдэхүйц буурч эхэлсэн байна. Банкнуудын зээлийг 1-р сарын дүнтэй харьцуулж харахад нийт зээлд эзлэх хэвийн зээлийн хэмжээ 2.1 хувиар буурч харин хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 2.6 хувиар ихэссэн байна. Түүнчлэн он гарснаас хойш тэтгэврийн зээлээс бусад зээлийн шинээр олгосон дүн болон эргэн төлөлтийн дүн аль аль нь буурсан байна. Энэ нэг талаараа бизнесүүдэд цар тахлын нөлөөтэйгөөр хүндрэл учирч зээлээ эргэн төлөн чадваргүйд хүрээд байгаа, нөгөөтээгүүр иргэд болон бизнесүүдэд олгосон зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулж ангиллуудыг бууруулахгөи байх боломжтой болгосонтой холбоотой юм.

Банкнуудаас олгосон зээлийн дийлэнх нь буюу 85-с дээш хувь нь иргэд болон бизнесүүдэд очсон байна. Харин иргэдийн авсан зээлийн 40.4 хувийг ипотекийн зээл, 26.6 хувийг цалингийн зээл., 14.7 хувийг жижиг дунд үйлдвэрлэлийн зээл тус тус эзэлж байна. Төрөөс 4-р сарын 3-нд орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг нэг удаа 3 хүртэлх сараар хойшлуулах шийдвэр гаргаж 4-р сарын 10-нд үүнийгээ уртасган 6 сар болгосон байна.

 
 

Үнэт цаасны зах зээл

COVID-19-тэй холбоотой нөхцөл байдлаас үүдэн Монголын хөрөнгийн зах зээлийн идэвхжил буурсан байна. ТОП-20 индексийн үнэ оны эхэн үеэс 15% буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд дэлхийн гол гол индексүүд ч мөн сүүлийн 1 сарын хугацаанд үнийнхээ 25 хувийг алдаад байна. Хөрөнгө оруулагчид цар тахлаас үүдэлтэй эрсдэл тодорхойгүй байдлаас зугтан эрсдэл өндөртэй багцаа худалдаж, хөрвөх чадвар өндөртэй буюу эрсдэл багатай хөрөнгөнд эх үүсвэрээ байршуулж эхэлснээр Монгол улсын засгийн газрын болон компаниудын бондуудын үнэ унаж, өгөөж нь огцом өссөн байна. Хэрэв нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилж, дэлхийн санхүүгийн зах зээл тогтворгүй хэвээр үлдвэл Монгол улсын дахин санхүүжилтийн өртөг нэмэгдэх эрсдэл өндөр байна.

Үнэт цаасны арилжаагаар 2020 оны эхний улирлын дүнгээр 9.6 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж, өмнөх оны мөн үеэс 58.0 тэрбум төгрөгөөр буюу 85.8 хувиар буурсан байна. Харин 3 дугаар сард 3.4 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж, 10.4 сая ширхэг үнэт цаас арилжаалагдсан нь өмнөх оны мөн үеэс гүйлгээ 89.5 хувиар арилжсан үнэт цаасны тоо 90.8 хувиар тус тус буурсан байна.

 
 
 
 
 

Ханшийн хувьд хамгийн их өсөлттэй 5 компанид Хар Хорум Пропертийс тэргүүлсэн нь уг компани үнэт цаасны арилжаагаа жил гаруй хугацаанд зогсоосны эцэст буцаан сэргээсэнтэй холбоотой болов уу. Түүнчлэн уг жагсаалтад цар тахлын үед дархлааг дэмжиж халдвараас сэргийлэх чадвартай чацаргана үйлдвэрлэгчийн хувьцаа 25 хувийн өсөлттэй багтсан байна.Харин алдагдал их хүлээсэн компаниудад аялал жуулчлалаас хамааралтай салбарууд болон барилгын материал үйлдвэрлэгч мөн санхүүгийн байгууллага зэрэг байна.

  • Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 2020 оны 3 дугаар сард 2.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 260.2 тэрбум төгрөгөөр буюу 9.5 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар өссөн байна.
  • Дэлхийн эдийн засгийн уналт болоод үүсээд байгаа тодорхойгүй байдал нь хөрөнгө оруулагчдыг хувьцаанаас гадна эрсдэл ихтэй засгийн газар болон компаниудын бондоос татгалзаж эрсдэл багатай, аюулгүй хөрөнгөнд хөрөнгө оруулалт хийх сэдлийг бий болгож байна. Энэ нь эрсдэл харьцангуй өндөртэйд тооцогддог Монгол шиг хөгжиж буй улс орнуудын хөрөнгийн зах зээлд 2008 оны санхүүгийн хямралаас хойших хамгийн хүнд хэцүү нөхцөл байдлыг бий болгоод байгаа юм.
 
 

Валютын ханш

Монгол Банкнаас зарласан төгрөгийн америк доллартой харьцах сарын дундаж ханш 3-р сарын сүүлд 2770 хүрч өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар, өмнөх сараас 0.5 хувиар суларсан байна.

Гадаад валютын орох урсгал 2020 оны 4-р сарын 8-ны байдлаар өмнөх оны мөн үеэс 22 хувиар буурсан бол гарах урсгал нь зөвхөн 0.1 хувиар буурсан байна. Энэхүү дотоодруу орж ирэх валютын урсгал багассан нь гадаад худалдааны эргэлт буурсантай, тэр дундаа нүүрсний экспорт буурсантай холбоотой.

Нөхцөл байдалтай холбож үзвэл америк долларын ханш харьцангуй тогтвортой байгаа нь Монгол Банкны төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн тогтвортой байдлыг хангах үүднээс он гарснаас хойш цэвэр дүнгээр 389.7 сая америк доллар зах зээлд нийлүүлсний үр дүн юм. Энэхүү интервенц нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 509 сая америк доллараар нэмэгдсэн үзүүлэлт боллоо.

Гадаа худалдаа

2020 оны эхний 3 сард гадаад худалдааны нийт бараа эргэлт өмнөх үеийнхээс 860 сая америк доллар буюу 28 хувиар буурч, экспорт 42 хувиар, импорт 10 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Үүнд түүхий эдийн үнийн уналт болон гадаад улсуудын хил боомтын хязгаарлалт дотоодын болон гадаадын зах зээл дэх эрэлтийн уналт зэрэг нөлөөлсөн болно.

 
 

Гадаад худалдааны тэнцэл 2019 оны эхний улиралд 485.9 сая америк долларын ашигтай гарч байсан бол 2020 оны эхний улиралд 125.8 сая америк долларын алдагдалтай гарсан нь өмнөх оны мөн үеэс 611.7 сая америк доллароор буурсан үзүүлэлт юм.

Монгол улс нь БНХАУ-тай 1.2 тэрбум америк долларын худалдааг хийсэн нь гадаад худалдааны нийт эргэлтэд хамгийн өндөр дүнг буюу нийт бараа эргэлтийн 56.5 хувийг, нийт экспортын дүнгийн 87.3 хувийг эзэлж байна.

Үндэсний Статистикийн Хорооны тооцоолсноор БНХАУ-д гаргасан бараа бүтээгдэхүүний 26.7 хувийг чулуун нүүрс, 38.8 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Их Британи улсад экспортолсон барааны 84.0 хувийг алт, ОХУ-д экспортолсон барааны 91.6 хувийг жоншны экспорт, Сингапур улсад экспортолсон барааны 51.7 хувийг чулуун нүүрс, эзэлж байна.

Экспорт өмнөх оны мөн үеэс 735.9 сая америк доллароор буурахад алтны экспорт 115.6 сая америк доллар, зэсийн баяжмалын экспорт 152.6 сая америк доллар, нүүрсний экспорт 391.3 сая америк доллароор тус тус буурсантай холбогдож байна.

 
 

Вирусийн дэгдэлт нь үйлдвэрлэлийн хангамжийн сүлжээг тасалдуулж, эрчим хүч, түүхий эдүүдийн эрэлтийг бууруулснаар дэлхийн зах зээл дээрх гол түүхий эдүүдийн үнэ огцом уналттай байна.

Экспортын гол түүхий эдүүдийн нэг болох зэсийн үнэ 2019 оны эхний улиралд өндөр өсөлтийг үзүүлж 6,500 америк доллар хүрч байжээ. Гэвч, COVID-19-тэй холбоотой эдийн засгийн тодорхой бус байдлын улмаас зэсийн ханш унаж 3-р сарын сүүлчээр 4,609 америк долларт хүрээд байсан бол сүүлийн 2 долоо хоногт буцан өсөж 5,000 ам долларт хүрсэн билээ. Зэсийн салбар нь Монгол улсын экспортын орлогын 40 хувь, төсвийн орлогын 15 хувийг бүрдүүлдгээрээ улсын стратегийн чухал ач холбогдолтой салбарт тооцогдоно. Харин зэсийн үнэ цар тахлын нөхцөл байдлын улмаас унасаар 4,500 америк доллароос доош орвол Эрдэнэт үйлдвэр алдагдалд орж улмаар улсын экспортын болон төсвийн орлого хурдацтай буурах магадлалтай юм.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Цар тахал намжиж, экспорт сэргэсэн тохиолдолд оны сүүлч гэхэд алдсан цаг хугацаа, ашиг орлогыг нөхөх боломжтой бөгөөд Монгол шиг эдийн засгийн багтаамж харьцангуй багатай орны хувьд экспортоо сэргээсэн тохиолдолд эдийн засаг нь богино хугацаанд эргээд хэвийн горимдоо орох боломжтой.” гэжээ. Нөгөөтээгүүр, Хятадын талаас манайхаас гаргаж чадах хэмжээгээр түүхий эд худалдан авна гэдгээ илэрхийлсэн ч албан ёсоор гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан зүйл одоогоор хараахан байхгүй байна.

 
 

Төлбөрийн тэнцэл

2020 оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр урсгал ба хөрөнгийн дансны тэнцэл 439.7 сая америк долларын алдагдалтай гарсан нь үйлчилгээний худалдааны тэнцэл 217.0 сая америк доллар, анхдагч орлогын данс 192.8 сая америк долларын алдагдалтай гарсан голлон нөлөөлжээ.

2019 оны мөн үед төлбөрийн тэнцэл 182.6 сая америк долларын ашигтай гарч байсан бол энэ жил 265.5 сая америк доллароор буурч 82.8 саяын алдагдалтай гарсан байна.

 

 

Инфляц

АХБ-н тайланд дурдсанаар инфляцын дундаж түвшин 2019 онд 7.3% бол өссөн бол 2020 онд эдийн засгийн идэвхжил үлэмж суларч өсөлт огцом саарахтай уялдан 6.6% болж буурна хэмээн төсөөлжээ.

2020 оны 3-р сарын бодит дүнгээр хэрэглээний бараа үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх сараас 0.7 хувь, өмнөх оны эцсээс 2.9 хувь, өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар өссөн байна. Үүнд голлон нөлөөлсөн хүчин зүйл нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн дүнгийн 10.5 хувийн өсөлт тэр дундаа мах махан бүтээгдэхүүний дэд бүлгийн 20.2 хувийн өсөлт юм.

Харин өсөлтийн хурдны хувьд өмнөх оны энэ үеэс 0.3 пунктээр буурсан байна. Инфляц 6.4 хувьд хүрэхэд импортын барааны үнийн өсөлт 35.9 хувийг эзэлж байна.

COVID-19 цар тахалтай холбоотойгоор тавьсан хорио цээр нь хэрэглээний бараа хүнсний эрэлтийг нэмэгдүүлж, зарим тохиолдолд паник худалдан авалт, үнийн хий хөөсрөлтийг бий болгоод байна. Инфляцын 6.4 хувийн өсөлтийн 26.6 % хувь буюу 1/4-с их хувийг мах, махан бүтээгдэхүүний өсөлт бүрдүүлж байна.

 

Харин аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс өмнөх оны мөн үеэс 10.5 хувиар, өмнөх сараас 8.9 хувиар буурсан байна. Уг бууралтад уул уурхай олборлолтын дэд салбарын өилдвэрлэгцийн үнэ 14.2 хувиар буурсан зонхилон нөлөөлжээ.

 

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний улиралд 3.1 наяд төгрөг болсноор өмнөх оны мөн үеэс 20% буурав. Үүний голлох шалтгаан нь уул уурхай олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 30-д хувиар буурсан юм.

Харин боловсруулах аж үйлдвэрийн салбар 3.3 хувиар, цахилгаан, эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбар 17.2 хувиар өссөн байна. Энэхүү өсөлт нь оюутан сурагчдын хичээл сургууль хойшилж олон тооны хүмүүс хөл хорионд байх, гэртээ их цагийг өнгөрөөх болсонтой холбоотойгоор, тэдгээрийн цахилгаан дулаан, усны хэрэглээ давхар өссөнтэй холбогдож байна.

 

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн 64.4 хувийг уул уурхай, олборлох аж үйлдвэрлэл эзэлдэг. Гэвч тус салбарын энэ жилийн эхний улирлын үйлдвэрлэл гадаадын зах зээл дээрх түүхий эдийн үнэ унасан, гол хэрэглэгч болох Хятад улс цар тахлын улмаас хилээ хаасан, эрэлт огцом унасан зэрэг шалтгааны улмаас, өмнөх оны мөн үеэс 30 хувиар бага үйлдвэрлэл гаргасан бөгөөд үүнд нүүрсний олборлолт 600.7 тэрбум төгрөгөөр буюу 46 хувиар, газрын тос олборлолт 167.6 тэрбум төгрөгөөр буюу 70.4% хувиар, металлын хүдэр олборлолт 91.8 тэрбум төгрөгөөр буюу 7.0% хувиар буурсан голлон нөлөөлжээ.

 
 

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2020 оны эхний улиралд урьдчилсан гүйцэтгэлээр 3.0 их наяд болж, өмнөх оны мөн үеэс 35 хувиар буурсан байна. Гадаад зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний дийлэнх буюу 68 хувийг металлын хүдэр олборлолтын салбарын бүтээгдэхүүн, 26 хувийг нүүрс, 3.6 хувийг газрын тос олборлолтын салбарын бүтээгдэхүүн тус тус эзэлсэн байна.

COVID-19 халдварын үеэр хөл хорио тавьсантай холбоотойгоор хүмүүсийн хүнсний бараа хэрэгслийн хэрэглээ, нөөцлөлт ихсэх тренд бий болж байгаа. Түүний дагуу Монголын жижиглэн худалдааны борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 1,7 хувиар, бөөний худалдааны борлуулалтын орлого 6.2 хувиар тус тус нэмэгдсэн байна.

Харин ачаа тээврийн салбарын хувьд КОВИД-19 эдийн засгийн хямралын хохирлыг хамгийн ихээр амсаад буй салбаруудын нэг юм. Улсын хэмжээн бүх төрлийн тээврээр 10.2 сая тонн ачаа ачсан нь өмнөх оны мөн үеэс 33.4 хувь буурсан үзүүлэлт юм. Бүх төрлийн тээврээр зорчсон зорчигчдын тоо ч мөн ижил хэмжээгээр, 31.4 хувиар буурсан байна. Ийнхүү салбарын нийт орлого өмнөх үеийнхээс 25 хувиар, өмнөх улирлаас 37 хувиар унаад буй. Харин төмөр замын тээврийн орлого өссөн нь уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэлт нэмэгдсэнтэй холбоотой юм.

Аялал жуулчлал цар тахлын тархалтыг хязгаарлах зорилготой арга хэмжээ, албадан хаалт, олон улсууд хилээ хааж нислэг хүлээж авахгүйгээ мэдэгдсэн зэрэгтэй холбоотойгоор хамгийн их хохирлыг амсаж байгаа салбар болоод байна.КОВИД-19 халдвар гарсан холбоотойгоор манай улс 2-р сарын 1-нээс хилээ хаасан Эдгээрийн үр дүнд аялал жуулчлалын зорилгоор хилээр орж ирсэн гадаадын зорчигчид өмнөх оны мөн үеэс 51.6 хувиар цөөрсөн байна.

МОНГОЛБАНК, ЗАСГИЙН ГАЗРААС АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭ

2020 оны 3 сарын 30-наас 4 сарын 7 хооронд

 

Судалгаа анализын эх сурвалж: Ард Секюритиз ҮЦК