2020 оны 4 сарын 20 -ноос 27 ны хооронд
Онцлох үйл явдлууд
Газрын тосны үнэ сөрөг болтлоо унав
EIA мэдээлснээр Cushing дахь түүхий газрын тосны нөөц өнгөрсөн долоо хоногт 60 сая баррельд хүрсэн байна. Шинжээчид Кушинг дахь болон бусад олон хадгалалтын танкуудыг 3-4 долоо хоногийн дотор бүрэн дүүрнэ гэж таамаглаж байна.
Oklahoma мужийн Cushing хотод Америкийн хамгийн чухал газрын тос хадгалах савны цогцолбор байрладаг. Cushing терминал нь санхүүгийн зах зээл дэх хамгийн идэвхтэй арилжаалагддаг түүхий эдийн фьючерс болох West Texas Intermediate түүхий нефтийн фьючерсийн хүргэх цэг юм.
Коронавирусын хөл хорион арга хэмжээтэй холбоотойгоор түүхий эдийн эрэлт огцом унаж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт нефть боловсруулагчид өдөрт ердөө 12.5 сая баррель авч байсан нь жилийн өмнөхөөс 25 хувиар багассан үзүүлэлт юм. Газрын тосны үнэ унаснаар үйлдвэрлэгчид саяхнаас л олборлолтыг бууруулж эхэлж байна. Нийлүүлэлт хэдий багаслаа ч эрэлт өсөхөөс нааш хадгалалтын асуудал шийдвэрлэгдэхгүй бөгөөд, улмаар энэ нь газрын тосны үнэнд дарамт учруулсаар байх болно.
Газрын тос олборлогчдын зээлийн хэмжээ ихэссээр...
Тавдугаар сард хүргэгдэх WTI баррель газрын тосны үнэ тэгээс доош унасан нь түүхий эдийг хадгалах орон зай байхгүй байгааг харуулж байна.
Даваа гаригт АНУ-н WTI тавдугаар сард нийлүүлэх баррель газрын тосны үнэ -37.63 долларт хүрч унасан нь худалдаачид болон олборлогчид мөнгө төлж баррель тосыг зарах сонирхолтой нөхцөл байдалд хүргэсэн байна. Вирусийн тархалтыг хязгаарлах зорилгоор дэлхийн өнцөг булан бүрд хэдэн тэрбум хүн хөл хорионд орсноор газрын тосны эрэлт эрс багасаж, газрын тос боловсруулах үйлдвэр, хадгалах байгууламж, дамжуулах хоолой, тэр ч байтугай далайн танкууд ч хурдан дүүрч эхэлсэн байна.
Cushing дэх газрын тосны багтаамж дүүрээд байна
Royal Dutch Shell, ВР зэрэг томоохон газрын тос олборлогч компаниуд коронавирусийн хямралын өмнө ч илүү үр өгөөжтэй ажиллах, өндөр маржинаар газрын тос, шатахуун үйлдвэрлэх, өр төлбөрөө төлөх, ногдол ашгаа нэмэгдүүлэх, мөн цэвэр эрчим хүчний бизнес болж шилжих зэрэг амлалтуудын дунд хүндхэн байдалтай байсан билээ.
Харин коронавирусийн хямралын улмаас уг компаниуд хөрөнгийн зардал, үйл ажиллагааны зардлыг бууруулж, хувьцаагаа эргүүлэн авах хөтөлбөрөө зогсоон, төслүүдийнхээ батлах хугацааг хойшлуулж, шинэ зээлийн шугамыг хайх болсон байна.
Олон улсын газрын тосны маркер болох Brent маркийн нефть 1-р сараас хойш бараг 70 хувиар уналаа. Shell, BP, Францын Total, Италийн Eni, АНУ-н ExxonMobil зэрэг компаний хувьцааны ханш 40 орчим хувиар буурсан бол Chevron-ий ханш 30 хувиар буурчээ. Эдгээр компаниудад хямралын эсрэг авч чадах арга хэмжээ нь 2014-16 оны газрын тосны ослын үеийнхээс хамаагүй хязгаарлагдмал байгаа бөгөөд энэ бүгд нь газрын тос үйлдвэрлэгчдийг ногдол ашгаа тараах чадваргүй болтол санхүүгийн хүндрэлд оруулаад байна.
Дэлхий даяар коронавирусын халдварын нийт 2.85 сая гаруй тохиолдол батлагдаж, 188,400 гаруй хүн уг өвчнөөр нас барсан байна. АНУ-д хамгийн олон шинэ халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт л гэхэд халдвар авсан хүний тоо 100,000 давсан байна. Харин Европын зарим оронд шинээр батлагдсан халдварын өсөлт царцаж, Италид буурч эхэллээ.
COVID-19 тахал өвчний улмаас эдийн засаг нь түр хугацаанд царцсан байгаа хэд хэдэн улс, тэр дундаа хамгийн их хохирол амссан улс орнууд ч эдийн засгаа нээх талаар ярилцаж эхэллээ. Коронавирусын тархалтыг эрчимтэй хянах, иргэдээ тестэд хамруулах зэргээр эртнээс уг халдварын сөрөг нөлөөллийг хязгаарлах арга хэмжээг идэвхтэй авч байсан Япон, Сингапур зэрэг улсууд ч одоог хүртэл хөл хорион арга хэмжээг авсаар байгаа нь энэхүү халдвартай тэмцэх ажил тийм ч амаргүй гэдгийг сануулж байна. Тиймээс вакцин гарах эсвэл хүн амын ихэнх нь уг халдвараар өвчилж дархлаа суух хүртэл COVID-19 халдварт өвчний хямрал үргэлжилж магадгүй юм.
Худалдан авагч менежерүүдийн индекс, хувийн хэвшлийн эдийн засгийн гаралтын хэмжигдэхүүн
АНУ, Европ, болон Япон дахь бизнесийн идэвхи байдал 4-р сард засгийн газрууд коронавирусын тархалтыг хязгаарлахад чиглэсэн хөдөлгөөн, нийгмийн харилцан үйлчлэлд хязгаарлалт тавьсан зэргээс болж гүн уналтад орсон байна.
Үйлчилгээний салбарын үйл ажиллагааны бууралт нь дэлхийн санхүүгийн хямралын үеийнхээс ч илүү ноцтой байсан бол үйлдвэрлэлийн үйл ажиллагааны хувьд мөн адил буурсан үзүүлэлттэй ч бууралтын хэмжээ харьцангуй бага байна.
IHS Markit мэдээллийн фирмийн мэдээлснээр АНУ дахь хувийн хэвшлийн үйл ажиллагааны гол хэмжүүр болсон худалдан авалтын менежментийн индекс 3-р сард 40.9 байсан бол 4-р сард 27.4 болж унасан байна. 50.0-с доош үзүүлэлт нь үйл ажиллагаа буурч байгааг харуулж байгаа бөгөөд багасах тусам бууралтын хэмжээ ихсэх болно. Дөрөвдүгээр сарын үзүүлэлт нь 2009 оны 10-р сараас хойших хамгийн муу үзүүлэлт боллоо.
Евро бүсэд индекс 4-р сард 13.5 болж, 3-р сарын 29.7-с буурсан нь 1998 оны 7-р сараас хойших хамгийн доод үзүүлэлт байв.
Конгрессын Төсвийн Алба АНУ-н төсвийн алдагдал 1940-өөд оноос хойших хамгийн дээд түвшинд хүрч эдийн засаг нь хамгийн огцом уналтыг үзүүлнэ гэж таамаглажээ. Улсын төсвийн алдагдал энэ санхүүгийн жилийн эцэст буюу 9-р сар гэхэд 3.7 их наяд америк долларт хүрч 3-р сар хүртэлх 12 сарын нийт алдагдал болох 1 их наяд америк доллараас даруй 3 дахин ихсэх төлөвтэй байна гэж Конгрессын Төсвийн Алба (КТА) мэдэгдлээ. АНУ цар тахлын тархалтаас үүдсэн эдийн засгийн хямралыг хязгаарлаж бизнесүүдээ дэмжих зорилгоор төсвийн зардлаа эрс нэмэгдүүлээд байгаа билээ.
Төв банкнуудын дэмжлэг
Засгийн газрын нийт өр нь 2019 оны санхүүгийн жилийн эцэст дотоодын нийт бүтээгдэхүүний 79 хувьтай тэнцэж байсан бол энэ санхүүгийн жилийн эцсээр 101 хувьд хүрэх төлөвтэй байна. Хэдий засгийн газар өр зээлийн хэмжээ хурдацтай нэмэгдэж байгаа ч зээлийн хүү буурч байгаатай холбоотойгоор цэвэр зээлийн өртөг нь мөн буурах хандлагатай байна. КТА АНУ-н 10 жилийн хугацаатай засгийн газрын бондын өгөөжийг энэ жилийн хоёрдугаар хагас болон 2021 онд 0.7 хувьтай байх болно гэж үзжээ. Эдгээр таамаглалууд нь засгийн газар ойрын саруудад коронавирусийн тархалтыг хэрхэн хяналтандаа авах болон цар тахлын хоёрдугаар давлагаа эхлэх үгүй зэрэг асар их хэмжээний тодорхойгүй байдлаас шалтгаалан өөрчлөгдөх боломжтой гэдгийг КТА санууллаа.
Түүнчлэн АНУ-н төсвийн алба ДНБ 2020 онд өмнөх оныхоос 5.6 хувиар агшин 2021 онд 2.8 хувиар сэргэх ба ажилгүйдлийн түвшин энэ оны 3-р улирал хамгийн дээд цэгтээ буюу 16 хувьд хүрч улмаар 2021 оны сүүлчээр 9.5 хувьтай байна гэсэн таамаглалыг дэвшүүлээд байна. Тэд энэхүү таамаглалаа гаргахдаа зөвхөн ажил идэвхтэй хайж байгаа иргэдийг тооцсон учир бодит ажилгүйдлийн дүн энэ тооноос өндөр байх магадлалтайг анхааруулав. Ойролцоогоор АНУ-н зургаан ажилчин тутмын нэг нь сүүлийн таван долоо хоногт ажилгүйдлийн тэтгэмж хүсжээ.
Энэ долоо хоногт Италийн 10-жилийн засгийн газрын бондын өгөөж 2 хувиас дээш болж өссөнөөр, Герман болон Италийн засгийн газрын бондын өгөөжийн зөрүү гэгдэх Евро бүсийн эрсдэлийг хэмжих чухал хэмжүүр 2.6 пунктээр өслөө. Энэ нь тахал өвчинтэй тэмцэх ажлыг санхүүжүүлэхийн тулд Италийн засгийн газар хэт их хэмжээний зээл авч байна гэсэн хөрөнгө оруулагчдын айдсаас үүдэж байна.
Хэрэв энэхүү засгийн газрын бондын өгөөжийн зөрүү 3-р сарын оргил үе болох 2.8 пунктээс дээш гарвал хөрөнгө оруулагчид Италийн эдийн засгийн сэргэлтэд итгэл найдвараа алдаж эхлэхээр болоод байна. Европын төв банкны ерөнхийлөгч, Christine Lagarde, өөрийнхөө блог нийтлэлдээ “Орчин үеийн макро эдийн засгийн хамгийн том катаклизмийн үед банк санхүүжилтийн нөхцөлийг чангатгахыг бид тэвчихгүй” хэмээн мэдэгджээ. 750 тэрбум еврогийн бондын буцан авалтын програм хэрэгжүүлж эхэлснээс хойш ECB нийт худалдан авсан дүнгийн 40%, Италийн хөрөнгө оруулалтын хэмжээнээс 2 дахин их хэмжээний буюу 30-40 тэрбум еврог, Италийн засгийн газрын бондыг худалдан авахад зориулаад байна гэж Goldman Sachs-н шинжээчид мэдэгджээ. Италийн засгийн газрын бондын өгөөж сүүлийн хэдэн долоо хоног өссөн ч Европын өрийн хямралын үеийнхээсээ доор хэвээр байна.
Герман улс вирусийн эдийн засгийн үр дагаврын эсрэг тэмцэхэд хамгийн их хохирол амссан бөгөөд хамгийн өндөр санхүүжилтийн өртөгтэй Итали болон Испани улсуудаас ч илүү их мөнгө зарцуулсан байна. Хойд Европын олон улс орнууд нэгдсэн бонд гаргаж, тусламж хэрэгтэй байгаа гишүүн орнуудад буцалтгүй тусламж хэлбэрээр мөнгө олгохыг эрс эсэргүүцэж оронд нь зээл олгохыг илүүд үзэж байна. Даваа гарагт Испанийн банк Евро бүсийн дөрөв дэх том эдийн засаг COVID-19-н хязгаарлалтын арга хэмжээ хэр удаан үргэлжлэхээс хамааран энэ жилийн өсөлт 13.6 хүртэл хувиар агшиж магадгүйг санууллаа. Түүнчлэн тус улсын өр ДНБ-ий 100 хувиас 120 хувь хүртэл өсөж магадгүй хэмээн анхааруулав.
Евро бүсийн энэ жилийн санхүүгийн байдал маш муу байна
Цар тахал нь Евро бүсэд нийтлэг асар том цочролуудыг бий болгож байна. Томоохон гишүүн орнуудын дундаас энэхүү тахлын улмаас хамгийн их хэмжээний хохирол амссанд Итали, Испани болон Франц улсууд тэргүүлж байна. ОУВС-гийн мэдээлснээр энэ онд Евро бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүн 7.5 хувиар, Германы ДНБ 7 хувиар, харин Италийн ДНБ 9.1 хувиар тус тус буурна. Харин уг сангийн Төсвийн Хяналтын таамаглалаар Евро бүсийн төсвийн алдагдал 7.5 хувь, Герман 5.5 хувь, Итали 8.3 хувь хүрэх төлөвтэй байна.
Зээлийн хүү бага хэвээр байгаа бөгөөд ECB-ийн дэмжлэг байгаа тохиолдолд өрийн хэмжээ хэчнээн ихэслээ ч тогтвортой байх боломжтой юм. Тогтвортой байдлыг тодорхойлох гол хүчин зүйл нь зээлийн түвшин биш зээлийн өртөг болоод байна.
Хятад улсын жишээг харвал 2020 оны сүүлийн хагаст нийлүүлэлтийн хязгаарлалт болон доголдлууд буурах хэдий ч эрэлтийн өсөлт харьцангуй удаан байх төлөвтэй байна. Тиймээс 2021 оны сүүлээс л дэлхийн эдийн засаг COVID-19 цар тахлын өмнөх үеийн түвшиндээ хүрнэ хэмээн Vanguard-ийн шинжээчид үзэж байна. Хятадад анх хөл хорио эхлүүлснээс хоёр сарын дараа гэхэд бизнесийн үйл ажиллагаа нь сэргэж коронавирусийн хямралын өмнөх үеийнхээ 90 хувьд нь хүрсэн гэх мэдээлэл байгаа ч гол худалдааны хамтрагч улсуудад нь хөл хорио, эдийн засгийн хаалт эд үргэлжилж байгаа нь Хятадын эдийн засгийн сэргэлтийг удаашруулж байна.
COVID-19 -н Хятадын эдийн засагт үзүүлж буй нөлөө
БНХАУ-н ДНБ эхний улиралд уналттай гарсан нь 1992 онд бүртгэл эхэлснээс хойших хамгийн анхны уналт болсон. Vanguard 2020 онд Хятад улсын эдийн засгийн өсөлт дөчин жилийн буюу уг улс зах зээлээ нээснээс хойших хамгийн тааруу үзүүлэлттэй байх болно хэмээн таамаглаж байна.
Энэ сард судалгаанд хамрагдсан 56 эдийн засагчдын үзэж буйгаар 2020 оны Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн өсөлтийн голч дүн 3-р сард 3.7 хувь байсан бол энэ сард 1.8 хувь болж буурчээ. Хятадын эдийн засаг эхний улиралд түүхэн агшилт авч, дотоодын нийт бүтээгдэхүүн нь өмнөх оны мөн үеэс 6.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Долоо хоногийн онцлох хувьцаа
Хөл хорио тавигдаж, гэртээ байх заавар зөвлөмж гарсан энэ үед хэрэглэгчдийн онлайн контентийн үйлчилгээ авах нь эрс нэмэгдсэнээр Netflix Inc. компани 1-р улирлын эцэст 16 сая шинэ хэрэглэгч нэмж татсан байна.
Ингэснээр Netflix нь дэлхий даяар нийт 182.9 сая хэрэглэгчтэй болжээ. Хэдийгээр шинэ захиалагчдын тоо нэмэгдэж байгаа нь сайн мэдээ ч Netflix компани хэдэн долоо хоногийн турш киноны үйлдвэрлэлээ бүрэн зогсоосонтой холбоотой дараагийн гурван сарын хугацаанд шинэ уран бүтээл гаргахгүй нь ирээдүйн мөнгөн урсгалд нь сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Өнөөдрийн байдлаар хувьцаа нь он гарснаас хойш 34 хувийн өсөлттэй байгаа нь уг компанийг коронавирусын хямрал эхэлснээс хойш хувьцаа нь өссөн цөөн хэдхэн компаниудын нэг болгож байна.
Судалгаа, анализын эх сурвалж: Ард Секюритиз ҮЦК