Зураг
Зураг
Индэр    
2018 оны 6 сарын 26
Зураг
МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, "Сэтгүүл зүйн тухай ярилцъя"

ГЛОБАЛЬ МЕДИА ФОРУМ: Худал хуурмагтай тэмцэж буй шилдэг дөрвөн туршлага

Хуурамч мэдээ, худал хуурмаг дэндсэн тухай ярьсаар л суух уу? Ер нь хуурамч мэдээллийн эсрэг хэн тэмцэх ёстой вэ? Эрх баригчид уу, сошиал медиа хэрэглэгчид үү, хэвлэлийнхэн үү? 

Сэтгүүл зүй, боловсролын салбарт ажиллаж буй дөрвөн залуу үнэний төлөө, худал хуурмагийн эсрэг бүтээлч, зарим талаар уламжлалд харш байдлаар дөрвөн өөр аргаар тэмцэж байна.  Дөрвөлийн тэмцэл өдөр бүр зөрчил мөргөлдөөн болж буй Украинд, эсрэгээрээ амар амгалан, асуудал багатай Германд ч өрнөж байна. “Дойче Велле” агентлагаас зохион байгуулсан “Глобаль медиа форум”-ын үеэр тэд өөр хоорондоо эрс тэс ялгаатай нийгэм, соёл, хүлээн авагчдын төлөө хэрхэн ажиллаж буйгаа хуваалцсан юм.   

 

Тэд санаатайгаар худал хуурмаг мэдээлэл бүтээж, түгээж улс төр, эдийн засгийн зорилгоор олон нийтэд нөлөөлж, төөрөгдүүлж буй явдалтай тэмцэгчид. Зүүн гар талаас Тило Жунг (“Politics for the Indifferent”-ийн сэтгүүлч, Герман), Жулиан вон Репперт-Бисмарк (“Lie Detectors”-ийн үүсгэн байгуулагч, Герман), Юте Шаеффер (“DW Akademie”-ийн Захирлын үүрэг гүйцэтгэгч-панелист, Герман), Эндрью Юричко (Украины “Хэвлэлийн академи”-ийн сэтгүүлч, сургагч багш, Украин), Сумайя Омар (“Hashtag our Stories”-ийн үүсгэн байгуулагч, Өмнөд Африк). “Худал хуурмагтай тэмцэгч дөрөв” нэгдсэн хурал. Глобаль Медиа Форум, 2018.06.13. Зургийн эх сурвалж “Дойче Велле” агентлаг. 

ХБНГУ: Улс төрчдийг хянаж олон нийтээс дэмжлэг хүртэгч 

 

Тило Жунг (“Politics for the Indifferent”-ийн сэтгүүлч, Герман) хүмүүсийг улс төрийн PR, ухуулга сурталчилгаанд итгэх эсэхдээ шүүмжлэлтэй ханддаг болгосноор тэд зөв шийдвэр, зөв сонголт хийнэ гэж итгэдэг.  Глобаль Медиа Форум, 2018.06.13. Зургийн эх сурвалж “Дойче Велле” агентлаг. 

Өмнө нь сэтгүүлчээр ажиллаж байсан Тило Жунг одоо илүү их нөлөөтэй буюу улс төрчдийн болгоомжилдог хүмүүсийн нэг болжээ. Тэрээр Германы ард түмнийг эрх баригчид, шийдвэр гаргагчдын өгч буй мэдээлэлд илүү шүүмжлэлт сэтгэлгээгээр ханддаг болгохыг зорьж байгаа. Ингэхдээ хэвлэл мэдээллийн боловсролын талаар заадаггүй, харин улс төрчдийн тарааж буй мэдээллийг нягталдаг. Тухайлбал, ажилгүйдэл буурсан тухай мэдээлэлд буруу статистик ашигласан байх юм бол яагаад буруу болохыг нягталж болон нийтэд хүргэдэг. Мөн тэрхүү хуурамч мэдээний талаар холбогдох эх сурвалжуудтай ярилцлага хийж олон нийтэд түгээдэг байна.  

Мэдээллийг нягтлах, бүтээх, хяналт тавихад цаг хугацаа, тодорхой хэмжээний зардал гардаг ч бид хангалттай цалинтай хэмээн Тило Жунг ярив. “Бид санхүүгийн эх үүсвэрээ олон нийтээс босгодог ч компанийнхаа тухай сурталчлахыг хичээдэггүй. Сайт дээрээ зөвхөн “Хэрвээ та бидний хийж буй ажлыг чухал гэж бодож байвал хандивлана уу” хэмээн санал болгодог” гэлээ. Тэрээр энэ төслийг 4 жилийн өмнө эхлүүлэхдээ ийм хугацаанд ийм хэмжээний санхүүжилт босговол бид цаашдаа ажиллаж чадна гэж төлөвлөж байж. Гэтэл эхний сард л хангалттай хандив цуглуулсан бөгөөд ажлаа илүү тогтвортой, өөр хэвлэл мэдээллийн хэрэгслээс хараат бусаар ажиллах боломжтой болсон байна.  

ХБНГУ: Хэвлэл мэдээллийн боловсролыг тогтвортой, сонирхолтой аргаар түгээгч  

 

Жулиан вон Репперт-Бисмарк (“Lie Detectors”-ийн үүсгэн байгуулагч, Герман) хэвлэл мэдээллийн боловсролыг зугаатай, үр дүнтэй аргаар олгохыг зорьж байна. Глобаль Медиа Форум, 2018.06.13. Зургийн эх сурвалж “Дойче Велле” агентлаг. 

Жулиан хийж буй ажлынхаа чухлыг тайлбарлахдаа “Би өнөө өглөө хүртэл хуурамч мэдээ уншсан. Тайландад нэгэн эрэгтэй тэжээдэг могойтойгоо хуримласан тухай. Хэдийгээр утгагүй хуурамч өгөгдөхүүн байсан ч хайж үзэхэд сошиал медиад маш олон хэлээр гарсныг хараад аймшигтай санагдсан. Хүүхдүүд битгий хэл томчууд ч энэ түүхэд итгэж байсан. Ийм байдлаар бидний ирээдүй зөв сонголт хийх чадваргүй болно” хэмээн ярив. 

Тэрээр эхэндээ Европын орнуудын хэвлэл мэдээллийн боловсролын харьцуулсан судалгааг хийхээр болж олон үндэстэнтэй улсын хувьд Бельгиэс ажлаа эхэлжээ. Гэтэл Германы судалгааны дүн нь хэвлэл мэдээллийн боловсрол нийгмийн үе хооронд маш ялгаатай байгааг харуулсан байна. “Модон тоглоомоор тоглож өссөн бидний үеийнхэн ЛинкэдИн, Фэйсбүүк, Инстаграмыг маш бага ашиглаж байхад хүүхдүүд хэрээс хэтэртлээ ашиглаж байгаа ялгаа харагдсан. Амьдралын боломж, баян, ядуу ялгаагүй их хэрэглээтэй байсан. Гэтэл өнөө үеийн томчууд хүүхдүүдийн ийм байдлыг байх ёстой үзэгдэл, тэд бол шинэ үеийнхэн, ийм байх нь аргагүй гэсэн хандлагаар харж тоохгүй байсан нь эцэг эхчүүдийн хариултуудаас батлагдаж байлаа” хэмээн Жулиан ярив. Тэрээр хэвлэл мэдээллийн боловсролыг албан бус аргаар түгээхийг хүсдэг. Өөрөөр хэлбэл Германы бүх багш нарыг хэвлэл мэдээллийн боловсролд анхаардаг, энэ талаар өдөр бүр ярьдаг болгохыг зорьж байна. Зөвхөн сонгуулийн үеэр биш, заавал баримт нягталдаг вэб сайт, мэдээллийн боловсролын хөтөлбөрөөр биш. Харин тоглоомчлол, харилцан ярианы аргаар хэвлэл мэдээллийн боловсрол олгож ирээдүй үеэ зөв төлөвшүүлэхийг зорьж байгаа аж. 

Түүний байгууллага хэвлэл мэдээллийн боловсролын заахдаа багш нар, сурагчдаас эхэлье гэж төлөвлөжээ. Гэтэл сурагчид лекц сонсох дургүй, тоглох дуртай; багш нар онол сонсох дургүй хандлагатай байж. Тиймээс төслийг хэрэгжүүлэгчид багш нартай хамтран хэвлэл мэдээллийн боловсрол олгох тоглоомыг хүүхдүүдэд зориулан бүтээх болжээ. Энэхүү арга барил нь зорилтод хоёр бүлэгт хоёуланд нь харилцан ашигтай, үр өгөөжтэй хувилбар болжээ.  

Өмнөд Африк: #OurStories-Худал хуурмагийн эсрэг эгэл иргэдийн шийдэл   

 

Сумайя Омар (“Hashtag our Stories”-ийн үүсгэн байгуулагч, Өмнөд Африк) худал хуурмагийн эсрэг хамтын оролцоог бий болгон тэмцэгч. Глобаль Медиа Форум, 2018.06.13. Зургийн эх сурвалж “Дойче Велле” агентлаг. 

Тэрээр Энэтхэг болон Өмнөд Африкт нийгмийн тодорхой бүлгүүдийг өөрсдөө контент бүтээхэд идэвхжүүлэх төслөө хэрэгжүүлж байна. Их сургууль, сургууль гэхээсээ илүү мэдээлэл бага хүрдэг нийгмийн бүлгүүдэд анхааран ажилладаг.  

Эхлээд оролцогчдыг сургаж, дараа нь тэдэнтэй хамтран ажиллах замаар хуурамч мэдээлэлтэй тэмцэгч нэгэн.   

Төсөлд оролцогчдод контент бүтээхээс эхлээд мэдээллийг баталгаажуулах, эргэх холбоо бий болгох зэрэг өөрсдөө мэдээ бүтээхэд хэрэгтэй бүхий л алхмыг заадаг гэлээ. Үүнд хуурамч мэдээг хэрхэн илрүүлэх, мэдээг түгээхээсээ өмнө яагаад бодох ёстой вэ зэрэг ерөнхий агуулгууд ч багтдаг байна.  

Үүний дараа иргэдтэй хамтарсан контент үйлдвэрлэж эхэлнэ. Сургалтад хамрагдсан группүүд сошиал медиад вирус шиг тархаж байгаа мэдээллүүдийг Фэйсбүүк групптээ түгээж бүртгэнэ. Хамтдаа хамгийн ноцтой хуурамч мэдээллүүдийг нягталж баталгаажуулаад энэ хуурамч шүү гэсэн анхааруулга бүхий мэдээллийг бий бэлтгэж олонд түгээдэг аж.  

Сумайя Омар “Бидний худал хуурмагийн эсрэг тэмцлийн онцлог нь шийдэлд хүрч байгаа явдал. Бид зөвхөн энэ мэдээ яагаад хуурамч болохыг хэлээд л орхидоггүй. Харин хуурамч эсэхийг нь шалгаж болдог гэдгийг ойлгуулж, ийм зуршлыг бий болгож байгаа. Хуурамч гэдгийг нь баталгаажуулсан мэдээгээ түгээлт сайн авахаар форматад буюу богино хэмжээний видео хэлбэрт оруулаад түгээдэг. Ингэснээр худал хуурмагийг анхааруулсан мэдээ бараг хуурамч мэдээтэйгээ ижил хэмжээнд шэйрлэгдэж үр өгөөжөө өгч байгаа” гэлээ.  

Тэдний хаштаг ажиглаж буйн өөр нэг шалтгаан нь сэтгүүл зүйд шүүмжлэлтэй хандаж буй байр суурь гэнэ. Өөрөөр хэлбэл хэвлэлүүд Трамп, Брексит гэх мэт том асуудлуудад анхаарч, ингэхдээ мэргэжилтнүүдийг байр суурийг сонсох гэсээр ард иргэдийнхээ амьдралд нийцэх мэдээ нийтлэл ховор бэлдэж байгаа гэж үзжээ. Тиймээс тэд тэнгэрийн асуудлуудыг биш ард иргэдийнхээ хөлд уяатай асуудлуудыг олон нийтэд хүргэх, энэ талаар бичүүлэх зорилгоор “бидний түүхүүдийг таг-лаач” хэмээн уриалдаг байна.  

Украин: Мөргөлдөөнийг сурвалжилж буй сэтгүүлчдийг давтан сургагч  

 

Эндрью Юричко (Украины “Хэвлэлийн академи”-ийн сэтгүүлч, сургагч багш, Украин) мэргэжил нэгтнүүдээ худал хуурмагт өртөхөөс хамгаалдаг. Глобаль Медиа Форум, 2018.06.13. Зургийн эх сурвалж “Дойче Велле” агентлаг. 

Эндрью Юричко худал хуурмагийн эсрэг төслөө ухуулга сурталчилгаа, зөрчил мөргөлдөөн бүхий Украины сэтгүүлчдэд анхааран хэрэгжүүлж байна. Тодруулбал, мөргөлдөөний гол бүс болох Зүүн Украйнд сэтгүүлчээрээ үргэлжлүүлэн ажиллаж байгаа хүмүүстэй ажилладаг.  

Тэрээр “Зүүн Украинд ажиллаж буй сэтгүүлчид Киев болон тэнд амьдарч буй хүмүүсийн талаар бичиж болно. Гэвч үзэл бодол болон мэдээлэлтэй болгоомжтой хандахгүй бол маш аюултай. Тиймээс бид сэтгүүлчдэд хэрхэн сайн нийтлэл бичих, сайн нотолгоонууд олох, ямар эх сурвалжийг ашиглаж болох, болохгүй тухай заадаг. Цэрэг армитай холбоотой мэдээлэл битгий хэл тэнд оршин суугаа жирийн иргэнд тохиолдсон явдлыг бичихдээ ч маш хянуур байхгүй бол асар том асуудал үүсгэх эрсдэлтэй байгаа” хэмээн сэтгүүлчдийг боломжит худал хуурмагаас хамгаалж буй төслөө танилцуулав.  

Хуралд оролцогчдын зүгээс худал хуурмагтай тэмцэхэд заавал эрх зүйн орчин бүрдүүлэх ёстой гэсэн санаа гарч байв. Палестины нэгэн сэтгүүлч “Би Израйльд машин барихдаа дүрмээ маш сайн дагаж суудлын бүсээ зүүж, утсаар огт ярьдаггүй. Харин Палестинд эдгээр дүрмийг дагахгүй явж байгаад цагдаа зогсоовол “Уучлаарай, цагаан даашинзыг маань муухай болгох гээд байсан учир суудлын бүсээ зүүсэнгүй” гэж хэлээд мултарч чадна. Энэ харьцуулал худал хуурмагтай юугаар холбоотой гэж үү? Учир нь Израйльд хууль маш чанга учраас заавал дагаж мөрдөж байгаа. Харин Палестинд тийм ч чанга биш. Тиймээс худал мэдээлэл бэлтгэсэн хүмүүст хариуцлага хүлээдэг хуультай болвол энэ асуудал шийдэгдэнэ” хэмээн ярив.  

Дашрамд дурдахад ХБНГУ худал хуурмагтай тэмцэх болон хэвлэлийн боловсролын төслүүдийг энэ салбарын бусад төслүүдээс илүү дэмжихээр төлөвлөжээ. Хөгжлийн яам нь “Дойче Велле” агентлагтай хамтран ажиллаж буйн хүрээнд арван орны 8,000 гаруй хүнд хэвлэл мэдээллийн боловсрол олгосон гэлээ. Тэдгээр орнуудаас Камбож, Мяньмарт хэвлэл мэдээллийн боловсролын хөтөлбөр албан ёсоор сургалтын хөтөлбөрт орсныг бодит үр дүн хэмээн онцолж байлаа.