Индэр    
2018 оны 6 сарын 25
Зураг
МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, "Сэтгүүл зүйн тухай ярилцъя"

ХЭВЛЭЛИЙН ҮНЭМЛЭХТЭЙ РОБОТУУД

Artificial Intelligence буюу хиймэл оюун ухаан (ХОУ) гэдэг үг сэтгүүл зүйн салбарынханд хэдийнээ танил болсон. ХОУ-ыг ашиглагчид, бүтээгчид ирээдүй энд бий болж байна гэж ярьдаг. Харин олон нийт энэ үгийг сонсоод робот, алуурчин роботууд, терминаторыг төсөөлөх нь бий. Эдгээр үзэл бодлын зөрүүг тунгаасан “Хэвлэлийн үнэмлэхтэй роботууд” гэх сүрдмээр сэдэвтэй хурал ХБНГУ-ын “Дойче Велле” агентлагаас зохион байгуулсан “Глобаль медиа форум”-ын үеэр болсон юм.  

Бид роботуудын талаар бодитоор төсөөлж чадаж байна уу? ХОУ мэдээллийн орон зай, сэтгүүл зүйд ямар боломж, эрсдэл авчирч байна вэ? ХОУ мэдээллийн эко системийг бүрдүүлэхэд хэрхэн нөлөөлж байна вэ? зэрэг асуудлыг энэ хурлаар хэлэлцлээ. 

Манай улсад ХОУ-ны нэг хэсэг болох алгоритм, чатбот зэргийг чадамгай ашиглаж буй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тоо нэмэгдэж байгаа. Гэвч сэтгүүл зүйн салбарын хурал дээр нэгэн сэтгүүлч ХОУ гэгч нь гараад ирэхээр манай салбар устана гэсэн үнэн үү гэж асуусныг санаад, хэвлэл мэдээллийнхэн энэ талаар тэгш ойлголтгүй байна гэсэн бодол тээж энэ хэлэлцүүлэгт оролцсон тэмдэглэлээ хуваалцая.  

ХОУ-ЫГ АШИГЛАХАД АЛДАХААСАА ИЛҮҮ ХОЖНО 

 
Зүүн гар талаас хөтлөгч “Аспен Институт”-ын Герман дахь хөтөлбөрийн захирал Тайсон Баркер; илтгэгч- дижитал инновацийг сурталчлагч “Оптик нэтворк”-ийг үүсгэн байгуулагч Эрик Салобир нар ХОУ-ны талаар ярилцаж байна. ХБНГУ, Бонн хот, Дэлхийн хурлын төв. 2018.06.12. Зургийн эх сурвалж: Дойче Велле агентлаг.

Сүүлийн жилүүдэд эрчимтэй яригдах болсон ХОУ-ыг “Фэйсбүүк”, “Гүүгл”, “Амазон” зэрэг технологийн магнатууд ашиглаад эхэлсэн. ХОУ хүмүүсийн нийгэм болон сэтгүүл зүйд үзүүлж буй үр нөлөөний тухай асуудлаар хэлэлцүүлэг эхэлсэн юм. Энэ талаар Эрик Салобир “Хиймэл оюун ухаан бүхэлдээ нийгмийг өөрчлөх тухай ярих цаг үе нь хараахан болоогүй байна. Харин тэдний хүчин чадлыг хэсэгчлэн үр өгөөжтэй ашиглах тухай ярьж байгаа. Тухайлбал эрүүл мэндийн салбарт, тэр дундаа физик оношлогооны тасагт роботууд, хиймэл оюун ухааныг байршуулж болно. Тэд эмч хүний нүдээрээ харж чадахгүй нарийн шинж тэмдгүүдийг илрүүлж болох юм. Энэ бол технологийн эко систем бүрдэж буй процесс. Ямар ч байсан энэ процесст авах нь өгөхөөсөө илүү гэж харж байна” гэв.  

Сэтгүүл зүйн салбарынхан зар сурталчилгааны зорилгоор ХОУ-ыг илүү их ашиглаж байна гэж хардаг. Гэтэл энэ нь зөвхөн нэг салбарын зорилгоос хамаарахгүй, харин ХОУ-ны мөн чанартай холбоотой хэмээн Эрик Салобир тайлбарлав. Тэрээр “Би дата ХОУ-ыг удирддаг гэж харж байгаа. Тэд хэрэглэгчдийнхээ датаг маш сайн цуглуулдаг бөгөөд тэрхүү сан дээрээ үр өгөөжтэй ажиллахыг илүүд үзэж байгаа юм. Их дататай байх тусам илүү олон сурталчилгааг бүтээх, хүргэх боломжтой. Миний бодлоор хиймэл оюун ухаан эрүүл мэндийн салбарт нэвтэрсний дараа батлан хамгаалах болон бусад салбаруудад нэвтрэх нь зүйтэй гэж боддог. Учир нь хамгийн чухал асуудал бол хиймэл оюун ухааныг олон нийт хүлээн зөвшөөрдөг болох, хэрэглэхийг дэмжих тухай асуудал юм. Гэхдээ ямар аргаар, хэрхэн ашиглах вэ гэдгийг сайтар хэлэлцэх хэрэгтэй” хэмээн сануулав.  

Тэрбээр ХОУ-ны хөгжилд тулгарч буй асуудлыг хүн чанар хэмээн тодорхойлсонтой олон оролцогч санал нийлж байсан юм. “Машины сурах процесс хүн чанарыг одоохондоо ойлгоогүй байгаа. Тухайлбал робот машинд явган зорчигчийг дайрч болохгүй гэж зааж өгч болно. Гэвч яагаад гэдгийг роботууд ойлгохгүй. Учир нь тэдэнд хүний амь чухал гэдгийг зааж сургах боломж хомс. Магадгүй үүнийг технологийн дараагийн үеийнхэн хийх байх. Нөгөө талаас хүмүүс хиймэл оюун ухаанаас хэтэрхий их зүйл хүсч байгаа. Хэрвээ тэд машин робот бол өөрсдөөс нь сайн жолоодохыг, шүүгч робот бол ямар ч алдаагүй шийдвэр гаргахыг шаардана. Гэтэл хүний харилцаа илүү давамгайлдаг салбаруудад хүнээс илүү ажилладаг робот бүтээнэ гэдэг амаргүй. Үүнийг шүүмжлэлтэй өнцгөөс харвал хүнээс дээш гарах зүйлгүй бол тэднийг бүтээх хэрэг байна уу, хүнийг роботоор солих хэрэг байна уу ч гэсэн асуудал яригдаж болно” гэв.  

ХОУ БҮТЭЭЛЧ БИШ СЭТГҮҮЛЧДИЙГ ОРЛОНО 

 
Эрик Салобирийн эрхэлдэг “Оптик нэтворк” нь нийгэмд нөлөөлж буй технологийн үр нөлөөг судалдаг компани юм. Тухайлбал блокчэйн, робот, нано технологи дээр ажилладаг бөгөөд тэдгээр нь хүний нийгэмд хэрхэн үр ашиг өгөх болон эрсдэл авчрах нөлөөг тооцоолдог байна. ХБНГУ, Бонн хот, Дэлхийн хурлын төв. 2018.06.12. Зургийн эх сурвалж: Дойче Велле агентлаг.

“Америк болон Европт STEM (Science, technology, engineering, math) салбарт илүү ач холбогдол өгч байгаа.  Тухайлбал, тэрбумтан Жэк Ма “Бие биеэсээ хамааралтай STEM салбаруудад хүний орон зайг хиймэл оюун ухаан орлох нь гарцаагүй тул хүн чанарын, хүн байх асуудалд анхаарах ёстой” гэж ярьсантай санал нийлэх үү?” гэхэд Эрик Салобир “Зарим талаар л” гэж хариулав. Тэрбээр “Хүний ажлын байрыг роботууд орлоно гэдгийг эерэг утгаар нь харах хэрэгтэй. Энэ санааг аль зуун жилийн өмнө Нобелийн шагналтнууд дэвшүүлж байсан юм. Хоёр зүйлийг л орлуулахад маш хэцүү. Эдгээр нь бүтээлч байдал болон хүмүүсийн харилцаа. Хүний ажлыг ХОУ хийнэ гэдгийн үндсэн нэг санаа нь зардал хэмнэх шүү дээ. Тиймээс хямд зардлаар нийтлэл хурдан бичдэг роботоос тийм зүйлийг л хүсэх боломжтой. Харин бүтээлч байдал буюу олон төрлийн уншигчдад зориулан хямд зардлаар хурдан бич гэж шаардах боломжгүй. Тэгэхээр ХОУ-аар хүний ажлыг орлуулна гэхийн оронд үр өгөөжийг нэмэгдүүлэх байдлаар ашиглах хэрэгтэй. Тухайлбал, шүүх системд шүүгчдийг роботуудаар солих тухай биш прокуроруудад зөв асуулт асуухыг санал болгодог робот байвал үр ашгийг нэмэгдүүлнэ гэсэн үг. ХОУ хүнийг орлох биш түүний сул талыг нөхөх боломжтой” гэв. 

“Жишээ нь “Вашингтон пост” хиймэл оюун ухааныг ашиглан спорт, сонгууль, эрх зүйн том том нийтлэлүүдээ бичүүлж байна. Энэ нь хүнийг орлоод байгаа юм биш үү?” хэмээн хөтлөгч асууснаар хэлэлцүүлгийн том маргаан өрнөсөн юм.  

Эрик Салобир “Дээр хэлсэн санаагаа дэлгэрүүлэн яримаар байна. Энэ бол бүтээлч бус байгаагаас болж буй хэрэг гэж би үздэг. Сэтгүүлчид спорт, сонгууль, эрх зүйн том том асуудлуудыг бичиж чадна. Гэвч яг ижил буюу мэдээллийн багтаамжийн давталт маш их явагдаж байдаг. Өөр өөр өнцгөөс бичиж байгаа боловч арга нь нэг ижил, асуудал агуулга нь дийлэнхдээ давтагдсанаар уйтгартай болдог. Тиймээс л хиймэл оюун ухаанаар сэтгүүлчдийг оруулахыг оролдож байна. Өөрөөр хэлбэл үргэлж ижил зүйл хийж байгаа сэтгүүлчдэд бүтээлч байдал дутагдаж байна. Сэтгүүлч та бүтээлч биш л бол машинаар орлуулах боломжтой” гэв. 

 
Хэвлэлийн үнэмлэхтэй роботууд ирээдүйд олноор бий болох нь үнэн аж. Тэдний ёс зүйн асуудлыг одооноос ярьж байна. Тэгэхээр сэтгүүл зүй юуг роботоор хийлгэх вэ, юуг өөрсдөө хийх вэ гэдгээ шийдэх хэрэгтэй. Харин сэтгүүлчид бүтээлч, хүнлэг байдлаараа тэднээс үнэд хүрнэ гэдгийг энэхүү хэлэлцүүлэг онцлов. ХБНГУ, Бонн хот, Дэлхийн хурлын төв. 2018.06.12. Зургийн эх сурвалж: Дойче Велле агентлаг.

Хэлэлцүүлэгт оролцсон сэтгүүлчид энэ байр суурьт маргаантай хандсан бөгөөд сэтгүүлчийн мэдээлэл боловсруулах туршлага, мэдрэмжийг ХОУ нөхөж чадахгүй хэмээн ярьж байлаа. Үүнтэй холбогдон ХОУ-ыг сэтгүүл зүйд ашиглахад үүсэх эрсдлийн тухай асуудлууд хөндөгдсөн юм. 

Сэтгүүл зүй бол мэдээллийг баталгаажуулж олон нийтэд түгээх үйл ажиллагаа. Хиймэл оюун ухаан мэдээ бичиж, түүнийгээ дэлхий нийтэд хүргэж болно. Гэвч түүнд дэлхийн улс орнуудын соёлын ялгаа, мэдрэмж байхгүй шүү дээ. Бас хэрвээ робот буруу зөрүү мэдээлэл бүтээж тараасан бол яах вэ? Хэн хариуцлага хүлээх вэ, хаана гомдол гаргах вэ?” хэмээн Германы сэтгүүлч асуусан нь чухал байр суурь байв.  

“ХОУ бүхий технологийн ашиг массад хүрсэн тохиолдолд гарна. Бүх нийтийн хэрэглээ болоход хол байгаагаар барахгүй роботууд тийм ялгааг мэдэрч чадахгүйд бурханд талархах хэрэгтэй. Ялгадаг болчихвол бүх нийтийн хэрэглээ болно гэсэн үг. Буруу ташаа мэдээлэл түгээвэл хариуцлага хүлээх тухай асуудал одоогоор шийдэгдээгүй. Мэдээ бичиж буй хиймэл оюун ухаанууд маш олон баримтыг ухаж, уялдаа холбоог нь олж шинэ гаргалгаа, өнцөг гаргаж ирж байгаа нь сайшаалтай. Гэхдээ тэдний ухаж буй мэдээлэл дунд чанаргүй мэдээ багтаж болох бөгөөд робот түүнийг мэргэжлийнхний бүтээлээс ялгахгүй гэдгийг үгүйсгэх аргагүй юм” гэлээ.