Индэр    
2018 оны 6 сарын 6
Зураг
Эдийн засаг - Хөгжлийн тухай ярилцъя

Хятадын КОКСЖИХ НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭ ба тэд Монголыг хэрхэн дүгнэдэг вэ?

Зураг
Credit: Woo He / EPA

Монгол улсын олборлож буй коксжих нүүрсний гол худалдан авагч Хятадын коксжих нүүрсний зах зээлийн чиг хандлагын талаар Хятадын судалгааны байгууллагуудаас гаргасан тайлан мэдээнд дурдсан зарим онцлох тоо, мэдээллийг дүгнэлтийг хүргэж байна. 

НЭГ. Коксжих нүүрсний зах зээлийн төлөв байдал

Хятадын коксжих нүүрсний хэрэглээ 2017 онд 436.27 сая тн ба өмнөх оноос 2.9%-р өссөн байна. Үүнээс ган төмөрлөгийн салбарын хэрэглээ 372.44 сая тн байсан нь коксжих нүүрсний нийт хэрэглээний 85%-г эзэлжээ. 

Байгаль орчныг хамгаалахад чиглэгдсэн хязгаарлагдмал үйлдвэрлэл болон эрэлт нэмэгдсэнээс үүдсэн коксжих нүүрсний нийлүүлэлтийн зөрүү 2017 онд 12.6 сая тн-д хүрсэн нь үнийн хэлбэлзэлд томоохон түлхэц өгсөн. Хятадын дотоодын боомт дээрх коксжих нүүрсний үнэ 2017 оны 12-р сарын 29-ний өдөр 2,300 юань/тн байсан ба оны эхэн үетэй харьцуулвал 12.2 хувиар өссөн байна. Коксжих нүүрсний үнийн хамгийн оргил үе есдүгээр сард 2,410 юань/тн-д хүрсэн ба хамгийн уналттай үедээ 6-р сард 1,680 юань/тн-д хүрсэн байна. 

Хятадын нүүрс, ган төмөрлөгийн салбарын ашиг сайн үзүүлэлттэй гарсанаас шалтгаалан коксжих нүүрсний үнэ хүлээн зөвшөөрөгдөх түвшнээс өссөн. 

Хятадын коксжих нүүрсний импортын хэмжээ 2017 онд 69.90 сая тн ба өмнөх оноос 17.9%-р нэмэгдсэн байна. 2016 оноос хойш дотоодын нүүрсний уурхайн бүтээгдэхүүний гарцад хязгаар тавьсанаас улбаалан дотоодын нүүрсний үйлдвэрлэл мэдэгдэхүйц хумигдсанаас үүдэн импортын хэмжээ эрс нэмэгдсэн. Үүнээс гадна ам.долларын ханш огцом унан Хятадын эдийн засгийн өсөлтийг хүлээгдэж байсанаас илүү хурдан тогтворжуулсан. Юань ам.долларын харьцаа оны эхнээс 6.53-6.94-р өссөн. 2015 оноос хойш хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн. Энэ нь коксжих нүүрсний импортод таатай нөхцөл байдлыг үүсгэсэн байна. 

Байгаль орчны бодлогын хяналтын хэрэгжилтийг хангахын тулд салбарыг эрчимжүүлэх “2+26” бодлогын хүрээнд зөрчил гаргасан томоохон хэмжээний олон үйлдвэрийг хаасан байна. Өндөр чанартай коксжих нүүрсний эрэлт ирээдүйд эрчимтэйгээр өсөх хандлагатай байгаа нь үйлдвэр, аж ахуйн газруудыг байгаль орчны стандартад нийцсэн өндөр чанарын коксжих нүүрсний үйлдвэрлэл явуулах мөн хөгжлийн томоохон суурийг тавьж буй үйл явдал болжээ. 

Хүснэгт 1, Хятадын коксжих нүүрсний эрэлтийн 2018 оны таамаг, 

 

2017 он

2018 он

Өөрчлөлтийн хувь

Төмөрлөг үйлдвэрлэх хэмжээ

710.76

707.11

-0.5

Кокс

5.24

5.20

-0.8

Ган төмөрлөгийн салбарын коксжих нүүрсний эрэлтийн хэмжээ

372.44

367.70

-1.3

Ган төмөрлөгийн салбарын эрэлтийн хувь

85%

86%

0.3

Дотоодын коксжих нүүрсний эрэлтийн нийт хэмжээ

436.27

429.55

-1.5

Коксжих нүүрсний цэвэр экспорт

8.06

10.50

30.4

Коксжих нүүрсний нийт эрэлт

444.32

440.05

-1.0

График 1, Хятадын коксжих нүүрсний эрэлт

ХОЁР. Ган төмөрлөгийн үйлдвэрлэлийн зах зээлийн төлөв байдал

“Ган төмөрлөгийн аж үйлвэрийн өөрчлөлт сайжруулалтын 2016-2020 оны төлөвлөгөө” ба “13 дахь 5”-н жилийн төлөвлөгөөгөөр Ган төмөрлөгийн салбарын хүчин чадлыг 100 саяас 150 сая тн-д хүргэх зорилт тавьсан. 2016 ба 2017 онуудад хүчин чадал буурч 65.0 саяас 50.0 сая тн-д хүрсэн байна. Хоёр жилийн нийт гарц 115 сая тн болсон ба 2018-2020 онуудад одоо байгаа хүчин чадлаараа ажиллахад төлөвлөгөөгөө биелүүлэхээр байна. 

Хятадын ган төмөрлөгийн салбарын тогтвортой хөрөнгө оруулалт 2017 онд 4,555.39 юань болж өмнөх оноос 11.4%-р буурсан. 2017 он бол нийлүүлэлтийн талын бүтцийн шинэчлэлтийн 2 дахь жил ба “Ди Тиао Ган” бодлогын хэрэгжилтийн хүрээнд Хятадыг гангийн салбарын тогтвортой хөрөнгө оруулалт тасралтгүй буурч байна. 

Хятадын Статистикийн хорооны мэдээлж буйгаар 2017 онд Хятадын ган төмөрлөгийн үйлдвэрлэлийн хэмжээ 1.048 тэрбум тн ба өмнөх оноос 7.9%-р буурсан байна. Энэхүү бууралт нь *“Ди Тиао Ган” бодлогоос шууд хамааралтай байсан боловч урт хугацаандаа үйлдвэрлэлийн хэмжээ болон хүчин чадал нэмэгдэхээр байна. Бүс нутгаар харвал голлох 5 муж болох Хө Бэй, Жианг Су, Шан Дунг, Лиао Нинг, Тянь Жин мужуудын үйлдвэрлэлийн нийт хэмжээ 568.23 сая тн ба энэ нь нийт үйлдвэрлэлийн 54.2%-г эзлэж байна. 

Түүхий ган үйлдвэрлэлийн хэмжээ 2017 онд  831.73 сая тн ба өмнөх үеэс 2.9%-р нэмэгдсэн байна. Бүс нутгаар харвал 2017 онд түүхий ган үйлдвэрлэлийн хэмжээгээрээ эхний 5-д Хө Бэй, Жианг Су, Шан Дунг, Лиао Нинг, Шан Си мужууд багтсан ба нийт 475.50 сая тн буюу нийт түүхий ган үйлдвэрлэлийн 57.3%-г бүрдүүлж байна. 

Хүснэгт 2, Хятадын Гангийн үйлдвэрлэл /бүс нутгаар/, сая тонн

Бүс нутаг

2016 он

2017 он

Харьцуулалт %

1

Хө Бэй

261.50

245.51

-6.1

2

Жианг Су

134.70

122.95

-8.7

3

Шан Дунг

97.88

92.10

-5.9

4

Лиао Нинг

59.06

63.93

8.2

5

Тянь Жин

86.67

43.74

-49.5

6

Шан Си

42.79

43.35

1.3

7

Гуанг Дунг

41.13

42.14

2.4

График 2, Хятадын Гангийн үйлдвэрлэл /бүс нутгаар/

 Түүхий гангийн хэрэглээ 2013 онд 762.35 сая тн буюу оргил үедээ хүрч, 2014-2015 онуудад буурч, 2017 онд 766.35 сая тн болж 2013 оны оргил үеээс давсан үзүүлэлттэй байна.

Хятадын эдийн засгийн өсөлт тогтвортой байх төлөвтэй байгаа ба аж үйлдвэрийн өөрчлөлт шинэчлэлтийн “Нэг зам нэг бүс” санаачилга нь гангийн салбарын тогтвортой эрэлтийг нэмэгдүүлж, ган төмөрлөгийн хэрэглээ богино хугацаандаа огцом буурахгүй төлөвтэй байна. Түүхий гангийн хэрэглээ 2018 оны төлөвлөгөөгөөр өмнөх оноос 0.9%-р өсч 759.58 сая тн-д хүрэх төлөвтэй байна. 

Хүснэгт 3, Хятадын 2017 оны Түүхий гангийн үйлдвэрлэл /бүс нутгаар/, сая тонн

Бүс нутаг

2016 он

2017 он

Харьцуулалт %

1

Хө Бэй

188.32

191.21

-0.7

2

Жианг Су

109.95

104.28

-5.9

3

Шан Дунг

66.19

71.48

-0.3

4

Лиао Нинг

60.71

64.23

6.5

5

Шан Си

38.47

44.30

12.5

6

Хө Нанг

28.97

29.54

3.7

7

Гуанг Дунг

17.62

28.91

26.6

График 3, Хятадын 2017 оны Түүхий гангийн үйлдвэрлэл /бүс нутгаар/

ГУРАВ. Монгол улсын коксжих нүүрсний экспорт

Монгол улс ба Австрали улс нь Хятадын хамгийн том коксжих нүүрс импортлогч орон юм. Хятад улс нь 2017 онд Монгол улсаас нийт 26.27 сая тн коксжих нүүрс импортлосон нь өмнөх оноос 11.5%-р өссөн байна. Энэ нь нийт импортлосон нүүрсний 37%-г эзэлж байна. Гэвч импортын хэмжээ нь хоёр орны улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаанд нөлөөлж буй хүчин зүйлүүдээс шалтгаалж хэлбэлзэж байна. 

БНХАУ-ын судалгааны байгууллагуудын зүгээс нүүрсний салбарт Монгол улстай өрнүүлж буй хамтын ажиллагааг дараах байдлаар үнэлж, дүгнэж байна.

Тухайлбал, “Монгол улсад ихэвчлэн нүүрсний ил уурхай байдаг ба олборлох өртөг бага, коксжих нүүрсний чанар сайн, баяжуулалтын өртөг бага, дотооддоо хэрэглээ багатай гэх мэт давуу талтай. Монголчууд нүүрсээ газраар тээвэрлэдэг учир тээврийн зардал өндөр байдаг. Монголын нүүүрсний ихэнх нөөц нь урд хэсэгтээ байдаг гэх мэт давуу талууд нь Хятадын зах зээлийг голлох зах зээлээ болгох шалтгаан болсон. Энэ нь урт хугацаандаа өөрчлөгдөхгүй юм.

Нүүрсний тээвэрлэлтийн асуудал, хил гаалийн асуудлаа хурдан шийдэж чадвал Монгол улс нь ирээдүйд Хятад улс руу экспортлох нүүрсний хэмжээгээрээ Австрали улсаас хол давна гэдэгт итгэж байна” гэжээ.

Мөн Монгол улсаас экспортолж буй  нүүрс Хятадын бүх бүс нутагт хүрч чаддаггүй ба голлох хэрэглэгчид нь “Бао Ган”, “Жиу Ган”, “Ба И Ган” гэх мэт Өвөр Монголын баруун хэсгийн ган төмөрлөгийн үйлдвэрүүд ба Өвөр Монголын коксжих үйлдвэрүүд хэрэглэж байгаа тухай ч судалгаанд дурдсан байна.

Эндээс дүгнэж үзвэл, БНХАУ-ын Монгол улсаас сайн чанарын коксжих нүүрс импортлож авах хэрэгцээ, шаардлага урт хугацаанд тогтвортой үргэлжлэх нь тодорхой байгаа бөгөөд Монгол улсын тогтвортой бодлого, харилцан илтгэлцэлд суурилсан хамтын ажиллагаа чухал байна.