Засаг, төр нь тогтворгүй ч өндөр хөгжсөн танай улсын нууц юунд байна вэ хэмээн гадаадын сэтгүүлч Японы ерөнхий сайдаар ажиллаж байсан нэгэн эрхмээс асуужээ. Хариуд нь тэрбээр “Хүн нь солигддог ч бодлого нь өөрчлөгддөггүй” хэмээн хариулсан байдаг.
Эдийн засгийн тулгуур салбараасаа гадна шинэ салаа мөчрийг хэрхэн тарьж, ургуулдаг болохыг тэдний аялал жуулчлалын бодлогын хувьсгал, амжилтаас харж болно. Ерөнхий сайд Шинзо Абэ 2012 онд хоёр дахь бүрэн эрхээ авснаас хойш “Abenomics” хэмээх бодлого хэрэгжүүлсэн юм.
Японыг аялал жуулчлалын чиг баримжаатай улс болгохоор хийсэн түүний засгийн газрын бодлогод шинжээчид эхэндээ эргэлзэж байв. Гэвч үр дүн өөр байлаа. Юуны өмнө бодлогын хэд хэдэн арга хэмжээ авав. Японд зорчих визээ хөнгөллөө. Ялангуяа бүс нутгийн хэмжээнд онцгой анхаарчээ.
Парламент нь Нэгдсэн амралтын газрыг хөхүүлэн дэмжих тухай хуулийг 2016 баталсан нь аялал жуулчлалын салбарыг цогцоор нь хөгжүүлэх бодлогынх нь нэг том хэсэг болсон юм.
“MICE” буюу (meetings, incentives, conventions, and exhibitions) Уулзалт, урамшуулал, чуулга уулзалт, үзэсгэлэнг нэг дор зохион байгуулах боломж бүхий Нэгдсэн амралтын газраа дагаад үзэсгэлэнгийн байр, хоол унд, жижиглэнгийн худалдаа, зочид буудал, орон сууц, мөрийтэй тоглоомын гээд төрөл бүрийн бизнес цэцэглэх боломж бүрдэв.
Дашрамд дурдахад, ийм сайн жишээг Макао, Сингапур улсууд үзүүлж чадаж байна. Дээрх хуулийн хүрээнд автомат машин, ширээний тоглоом бүхий КАЗИНО байгуулах шаардлага зүй ёсоор гарч ирсэн. Хуулийн төслийг ид хэлэлцэж байгаа бөгөөд энэ оны дундуур санал хураах юм байна. Хамгийн гол нь парламентад суудал бүхий намууд санал нэгдсэн агаад зөвхөн хэдэн казино байгуулах зэрэг техникийн шинжтэй асуудлуудаа цэглэх ажээ.
Монголд казино байх ёстой, ёсгүй талаар нэлээд маргаан үүсч байна. Тиймээс ч Японд аялал жуулчлалаа тэлэх зорилгоор казино хөгжүүлэх тухай сонирхолтой судалгааны материалыг та бүхэнд хүргэхээр шийдсэн нь энэ юм.
Мэдээж хэрэг мөрийтэй тоглоомоос үүдэх сөрөг үр дагавар, донтолтын эсрэг ямар арга хэмжээ авахаа тооцоолов. 2017 оны судалгаагаар 3.2 сая орчим иргэн ямар нэг хэмжээгээр мөрийтэй тоглоомд донтсон дүн гарчээ. Төсөлд япон иргэд ба харийн оршин суугчид 2,000 иенийн хураамж төлж нэвтрэх, сард 10 удаа казино орох хязгаар тогтоов. Түүгээр үл барам казиногийн талбайг 15,000 хавтгай дөрвөлжин метрээс дээш байх, нэгдсэн амралтын газрын талбайн гурваас дээш хувийг эзлэхгүй байхаар заасан зэрэг олон нарийн асуудлыг зохицуулсан байна.
Япон дахь казиногийн зах зээлийн талаар судлаачид сонирхолтой дүгнэлт хийдэг. Эрэлт хэрэгцээтэй төдийгүй хоёроос гурван казино л жилд 10-25 тэрбум ам. долларын орлого олох боломжтой гэсэн судалгааны дүн байна.
Тэр бүү хэл “Лас Вегас Сэндз” (Las Vegas Sands), “Хард Рок Интернэшнл” (Hard Rock International), “Кэйзэрз Энтертэйнмэнт” (Caesars Entertainment), “Мэлко Резорт энд Энтертэйнмэнт” (Melco Resorts & Entertainment), “Жентинг Групп” (Genting Group) зэрэг дэлхийн казиногийн том төвүүд Японд үйл ажиллагаа эрхлэх сонирхлоо илэрхийлжээ. Бүгд тус улсын казиногийн зах зээлд итгэж байгаагаа илтгэж, япон ба гадаад жуулчдыг татахуйц санал боловсруулахад их хэмжээний мөнгө зарцуулахад бэлэн байгаагаа нотолжээ.
Хөдөө, ой, загасны аж ахуйн яамны судалгааны дүн хоолны соёл дагасан жуулчдын тоо өсссөнийг харуулж байна. Гадаад аялагчид харихдаа Японоос 345 тэрбум иенийн (3.5 тэрбум ам.дол) хүнсний бүтээгдэхүүн авч явжээ. Зөвхөн өнгөрсөн онд шүү дээ. Энэ нь 2016 оноос 19 хувиар өссөн тоо аж. Иен суларч, Япон аялахад таатай өртөг бүхий улс гэсэн дүгнэлтэд нэгэнт хүрчээ. Ийнхүү интоорын мод цэцэглэхийг харж нүдээ хужирлах, самурай, нинжагийн тоглолт үзэж уулга алдах сая сая жуулчин арлын орныг зорьсоор байна.
Инфографик: