2017 оны 6 сарын 27
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Цагаан сонголт ба ШИНЭ нэр дэвшигчид

Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийн санал хураалт түүхэндээ анх удаа дахин санал хураалтаар үргэлжлэхээр боллоо. 

Хэдийгээр иргэдийн сонгуульд оролцсон ирц 2013 оны буюу өмнөх Ерөнхийлөгчийн сонгуультай ойролцоо гарсан ч нэр дэвшигчдийн нэг нь ч саналаа өгсөн хүмүүсийн олонхын (50%+1) санал авч чадсангүй. 

Тиймээс хуулийн дагуу нэр дэвшигчдийн хамгийн олон санал авсан хоёр нь дахин санал хураалтаар өрсөлдөхөөр боллоо. 

Дахин санал хураалтаар хоёр нэр дэвшигчийн хэн нь ч мөн л 50%+1 санал авч чадахгүй бол ДАХИН СОНГУУЛЬ гэдэг нь болно. Сонгуулийн тухай хуулийн  148.1. -т "Хоёр дахь санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал аваагүй тохиолдолд анхан шатны сонгуулийн санал хураалтыг сонгуулийн төв байгууллага хүчингүйд тооцно" гэжээ. 

Өөрөөр хэлбэл, ДАХИН СОНГУУЛЬ болвол анхан шатны сонгуулийн санал хураалт хүчингүй болно. Мөн одоогийн нэр дэвшигчид ДАХИН СОНГУУЛЬД өрсөлдөх эрхгүй болохыг Сонгуулийн тухай хуулийн 13.2.-т "Тухайн сонгуульд нэг хүний нэрийг дахин дэвшүүлэхгүй" гэж тодорхой зааж өгчээ. 

Тодруулбал, МАН, АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийгээ солино гэсэн үг юм. 

iKon.mn сайт энэ сарын 23-ны өдөр "Сонголтгүй" иргэдэд зориулж  "Хүчирхийлүүлсэн ИРГЭД ийм хариу барьдаг юм. ЗА ЮУ!" өгүүлэл бичсэн. 

Сонголтгүй иргэдийн хувьд цагаан хуудас уншуулах буюу аль ч нэр дэвшигчийг бөглөхгүй байх нь хүчинтэй саналд тооцогдох бөгөөд энэ нь нэр дэвшигчдийн авах саналын хувьд нөлөөлж байгаа юм. Дахин санал хураалтад нийт сонгогчдын ирц оролцоо мөн л шаардлагатайг анхаарах хэрэгтэй. 

Энэ талаар Сонгуулийн тухай хуулийн:

97.9.-т "Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцно"

99.2.-т "Сонгогч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тооцно" гээд тодорхой заачихсан байгаа юм. 

Харин саналын хуудсаа хүчингүй болгосон буюу нэгээс илүү нэр дэвшигчийг дугуйлсан сонгогчийн санал нэр дэвшигчдийн саналын хувьд өөрчлөлт оруулж чадахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. 

Энэ удаагийн Сонгуулийн тухай хуулиар иргэдэд олгосон нэг сайн боломж нь "СОНГОЛТГҮЙ" иргэдийн саналыг ийнхүү саналын хувьд тооцон харуулж буй явдал юм. 

Тиймээс ч бид энэ сэдвийг хөндөн бичсэн билээ.  Хэд хэдэн хуульч ч энэ байр суурийг ойлгуулсанаар энэ удаагийн сонгуульд саналын хуудсаа бөглөлгүй уншуулсан буюу "Цагаан сонголт" хийсэн иргэдийн тоо 18,663 (урьдчилсан дүн) болоод байна. 

Сонголтгүй иргэдэд одоо ямар боломж байна вэ гэвэл дахин санал хураалтдаа идэвхтэй оролцож дахин цагаан хуудас уншуулах явдал юм. Хэрэв нэр дэвшигчдийн аль нь ч дахин олонхын санал авч чадахгүй бол МАНАН дахин шинэ дэвшигчид тодруулах учиртай. 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x