Зураг
Зураг
Индэр    
2017 оны 6 сарын 5
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

"Онгон Сонгогчид"

Зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

- СОНГОГЧИЙН БОЛОВСРОЛД - 

“М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар гурваас алийг нь сонгох юм бэ. Сонголт алга” гэж нэг нь хэлэхэд “Тэгвэл залуучууд бид илүү сайн сонголтыг бий болгохын тулд өөрсдөө  юу хийсэн бэ” гэж А.Ундрал асуув. Хариулт хэнд ч байсангүй.

“Ямар ард түмэн байна, тийм л төр байна” гэгчээр илүү сайн/өөр сонголтын төлөө хэн, юу хийсэн бэ гэдэг сонирхолтой асуулт.

Энэ асуултыг бид өөрсдөөсөө асууж суухуй дор Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийн албан ёсны сурталчилгаа маргааш эхлэх гэж байна. Дээрх асуултыг өөрсдөөсөө асуух нь нэгэнт оройтсон уу гэж үү. 

Оройтсон байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ л орхиж болохгүй, эхлэхгүй өнгөрч болохгүй нэг зүйл бол энэ улс дахь ямагт мартагдаж ирсэн залуусын үүрэг, оролцооны тухай юм.

Хонг Конгт 18 настай Жошуа Вонг хүү сонгох эрхийнхээ төлөө тайван жагсаалыг удирдаж дэлхийн шилдэг удирдагч, нөлөө бүхий өсвөр настнаар нэрлэгдэж байхад Монголд дөрвөн мөч нь бүрэн бүтэн оюутнууд маань 70 мянган төгрөгөө хасуулаад “Өлсөж байна” гэж жагсаж байсныг бид санаж буй.

Тэд 70 мянган төгрөгийнхөө төлөө жагсдаг мөртлөө саналаа өгөхдөө ердөө 50 хувийн ирцтэй оролцож байна. 

Тэгвэл залуус яагаад саналаа өгөх ёстой вэ талаар миний хувьд дараах гурван үндэслэлийг танилцуулъя.

Нэг.  Таны өмнөөс хэн сонгодог вэ?

2016 оны УИХ-ын сонгуулийн сонгогчдын насны мэдээлэлд сонирхолтой дүгнэлтүүдийг хийж болно. 

Сонгуульд бараг 100 хувийн ирцтэй оролцож буй нь хөгшчүүд буюу 60 -аас дээш насныхан. 

График 1,  Сонгогчдын насны бүлэг ба тэдний идэвх

Дээрх зургаан насны бүлэгт хуваасан сонгогчдын насны мэдээллийг гурван бүлэгт хувааж харвал:
• 45 наснаас дээш үеийн 521.2 мянган хүн саналаа өгсөн байна
• түүнээс доош 30-45 насныхан 504.3 мянга нь сонгууль өгчээ
• харин 18-30 насны залуучууд 398.8 мянга буюу энэ бүлгийнхэн хамгийн бага саналаа өгчээ. 

Мөн хөдөө орон нутаг, нийслэлийн сонгогчдыг харьцуулбал орон нутгийн сонгуулийн идэвх 63.14 хувьтай байгаа бол нийслэлд ердөө 48.06 хувьтай байна. 

Дээрх хоёр үзүүлэлтээс харвал орчин үеийн залуусын үзэн ядах болсон хөдөөнийхөн, мөн хөгшчүүд чиний өмнөөс сонголтыг чинь хийж байна. Өөрөөр хэлбэл, одоогийн төрийг хөгшчүүд, хөдөөнийхөн түлхүү байгуулжээ. 

Бид өөрсдийн хамгийн хариуцлагатай сонголтоо бусдад зүгээр л даатгаж байна. 

“Сонгууль өгөөгүй сайн иргэд муу нэр дэвшигчийг сонгодог” гэж зохиолч Жорж Жан Натан хэлж байсныг санаарай. 

Хоёр. Та өлсөх эрхтэй юу?

Нэгэнт чи сонгуульд оролцож саналаа өгөөгүй бол одоогийн төр засгаас алив дээдийг шаардах, тэднийг харааж зүхэх эрх логикийн хувьд үүсэхгүй юм. 

Учир нь гурван саяулаа хэлэлцээд аливаа зүйлийн утга нь олдохгүй тул бидний асуудлыг шийдэх даалгаврыг хэсэг бүлэг хүнд өгөх төлөөллийн ардчиллын зарчмаар бид амьдарч буй. Харин сонгогч та өөрийн төлөөллөө сонгоогүй бол таны асуудлыг хэн шийдэх ёстой гэж?

Оюутны 70 мянгыг чинь өгөөгүй учир өлсөх эрх, ипотекийн зээлд хамрагдах, гадаадад сурах тэтгэлэг, цэвэрхэн, түгжрэлгүй хотод амьдрах таны эрхийг хангах төлөөлөл тань сонгогдоогүй учир та "өлсөж байна" гэж мянгантаа бичээд нэмэргүй ажээ. 

2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчийн нэрсийн жагсаалтад 1.8 сая гаруй хүн бичигджээ. Үүнээс 66.5 хувь нь саналаа өгсөн. Нийт саналаа өгсөн хүмүүсийн 50.23 хувь нь одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид саналаа өгчээ. 50.23 хувь гэдэг нь нийт 622,743 хүн юм. 

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг сонгууль өгөх эрх бүхий 1.8 сая хүний гурван хүн тутмын нэг нь сонгосон нь сонгуульт насны иргэдийн 33 хувь байгаа юм. 

Энэ бол зургаан удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль дахь хамгийн бага үзүүлэлт юм. Хэдийгээр Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг түүхэндээ хамгийн их буюу 622 мянган иргэн сонгосон ч энэ нь нийт сонгуулийн насны иргэдийн ердөө 33 хувь байгаа юм. 

Энэ хувь сонгуулийн жил бүрт улам бүр доошилж байна. Өөрөөр хэлбэл сонгогчдын ирц буурсаар байгаатай шууд холбоотой. Харин энэ хувь буурах бүрт бидний төлөөллийн ардчиллын зарчим үгүйсгэгдэж байгааг санах хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл бид өөрсдийн төлөөллөө сонгох эрхээ эдлээгүй атлаа тэднээс илүүг шаардах нь учир дутагдалтай. 

Сонгогчдын ирц буурч байгаа нь гэхдээ ганцхан манай улсад тохиолдож буй зүйл биш. Дэлхий даяараа сонгуулийн ирцийг нэмэгдүүлэх төрөл бүрийн арга сэтгэж байна. “Монгол Улсын хувьд ирцийн босго 50 хувь гэж заасан цөөхөн улсын нэг юм” гэж Сонгуулийн Ерөнхий Хорооны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа хэлж байлаа. Гэхдээ бусад улс оронд ч ийм л байна гээд орхих зүйл яавч биш юм. Учир нь бид хөгжлийнхөө хувьд ямар хэмжээнд хоцрогдож буй вэ гэдгийг гэрчлэх олон үзүүлэлтийг энд дурдах нь илүүц биз. 

Сонгох эрх гэдэгт ганцхан удаа санал авах байранд очиж саналаа өгөх нь учир дутагдалтай оролцоо талаар  А.Ундрал хэлсэн. Өөрөөр хэлбэл бидэнд сонгууль өгөхгүй байх шалтгаан байгаа бол тэр шалтгааныхаа талаар хэр зэрэг судалж, мэдэж, сонирхож, асуусан бэ? 

Бид Сонгуулийн хууль, Намуудын дотоод сонгууль, Ямар хүн нэр дэвших гэж байна вэ, Нэгэнт тодроод гараад ирсэн нэр дэвшигчдээс бид юу асуух ёстой, Сонгогдсон төлөөлөгчдөөс юу шаардах ёстой вэ, хэрхэн хянах вэ, Саналаа худалдахгүй байх, Мөрийн хөтөлбөрүүдийг харьцуулах зэрэгт идэвхтэй оролцож, сонирхож байх ёстой болж байна.

Гурав. Бид сайжирч байж илүү сайн төр бий болно...

“Ардчилал бидэнд хамгийн бага үзэн яддаг хүнээ сонгох боломжийг олгодог” гэж Роберт Байрн хэлжээ. 

Өөрөөр хэлбэл, бид төгс нэр дэвшигчийг хайгаад олохгүй. Тиймээс өгөгдсөн боломжуудаас арай илүүг нь сонгох учиртай. 

Яаж ч хараад одоогийн гурван нэр дэвшигч танд таалагдахгүй байгаа бол өөр сонголт байлгахын тулд бид юу хийсэн бэ гэдэг асуулттай тулгараад буй. Гэхдээ нэгэнт өөр сонголтгүй, өөрчлөх боломжгүй нөхцөл ирсэн тул бидэнд дөрөв дэх сонголт бий. 

Энэ нь саналын хуудсаа хоосон уншуулах явдал юм. 

Гэхдээ энэ сонголтыг хийхээс өмнө одоогийн гурван нэр дэвшигчээ бид гүйцэт таньж чадсан уу гэдэг асуулт гарч ирнэ. 

Өөрөөр хэлбэл, энэ гурвын аль нь арай дээр сонголт вэ гэдгийг таних ардчиллын сонгодог зарчмуудаас туршиж үзсэн билүү?

Эсвэл зүгээр л олон нийтийн сүлжээ дэх хуурамч мэдээллээр өөрсдийн тархиа дүүргэж суугаа билүү?

Саяхан Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк,  Дэлхийн Банктай хамтран Зүүн Европ, Төв Азийн 29 орны 51,000 гэр бүлээс авсан судалгааны тайланд иргэдийн улс төрийн идэвхийг харуулсан нэгэн үзүүлэлтийг дурджээ. Үүнд Монгол Улсыг хамгийн их улстөрждөг улсын хоёрдугаарт жагсаажээ. Тодруулбал, Монголчуудын 17 хувь нь аль нэг улстөрийн намын гишүүн байна. 

Судлаачид улс орон ядуу байх тусмаа улс төрийн идэвх өндөр байна гэж дүгнэж улс төрийн намын харьяалалд байх нь иргэдийн ажлын байр, орлого, амьдралын баталгаа зэрэгт нөлөөлдөг гэж мөн тайлбарласан байна. Энэ дүгнэлтээс үзвэл Монголчууд бид сонгодог утгаараа биш өөр, өөрсдийн амин хувийн эрх ашгийн төлөө л улстөрждөг гэх дүгнэлт хийж болохоор.  Яг л “Би өлсөж байна” гэж жагсдагтай адил. 

Тэгвэл нөгөө талд,

 “Сант Марал” сан жил бүр хийдэг “Улстөрийн Барометр” ээлжит судалгаагаа 2017 оны гуравдугаар сард хийгээд байна. Энэхүү судалгаанд оролцогчдын дийлэнх нь буюу 56.9 хувь нь аль нэг намыг онцолдог уу гэдэг асуултад “Үгүй” гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл хөвөгч сонгогчид, бас нэг их улстөрждөггүй хэсэг гэж харж болно. 

График 2, Та намуудаас аль нэгийг нь онцолж үздэг үү?

Хөвөгч сонгогчдод ихэвчлэн залуус буюу бидний өнөөдрийн “баатрууд” багтдаг талаар улстөр судлаачид хэлдэг. 

Хөвөгчид маань өөрсдийн сонголтоо санал авах байранд очсон хойноо ч хийх магадлалтай хүмүүс байдаг аж.

Дээрх хоёр баримтаас харвал, Монголчуудын улстөржилт зөвхөн өөрсдийн амин эрх ашгийн төлөөх 17 хувь дотор байдаг. Харин тэдний гадна талд байгаа хөвөгч хэсгийг илүү тайван, сонгодог, боловсон улстөр рүү хөрвүүлэх боломжтой мэт. Өөрөөр хэлбэл, ашиг сонирхлын зөрчилгүй буюу намын харьяалалгүй хэсгийн улстөрийн идэвх сэргэх нь өнөөдрийн сонголтыг илүү дээшлүүлэх магадлалтай юм. 

Тэгэхээр хөвөгчдийн сонголтыг мэргэн байлгахын тулд бид нэр дэвшигчдийгээ илүү таньж мэдэх шаардлага өнөөдөр эхний ээлжинд тулгараад байна. Энэ нь дараа, дараагийн нэр дэвшигчдэд тавигдах шаардлага өөрөө өндөрсөх боломж. 

М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар нарыг шууд мэтгэлцүүлье, залуучуудтай уулзуулъя, сонирхсон асуултад шууд хариулуулъя. Тэдний хариулт таалагдахгүй байсан ч асуух боломжийг шударга, нээлттэй, аль болох олон хангасныг нь эхний ээлжинд сонгоё. Үүнийгээ ч боловсон байдлаар шаардая. 

Бид өөрсдийгөө сайжруулах, оролцоогоо нэмэгдүүлэх замаар, бусдыг/нэр дэвшигчдийг шүүе, сайжруулъя, сонгоё.

Сайжруулах арга замуудын талаар А.Ундрал тэргүүтэй залуус өнөөдөр “Онгон сонгогчид” нэртэй хэлэлцүүлгээр 18:30 цагаас "Монгол ТВ" телевизийн “Нүүдэл Шийдэл” нэвтрүүлгээр ярилцана.