Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчууд ХАМГИЙН ИХ УЛСТӨРЖСӨН үндэстний нэгээр тодорчээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Саяхан Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (EBRD) Дэлхийн Банктай хамтран Зүүн Европ, Төв Азийн 29 орны 51,000 гэр бүлээс авсан судалгааны тайлангаа танилцуулжээ. Энэ нь нийгэм улс төрийн шилжилт хийсэн орнуудын иргэдийн үзэл бодол, хандлагад ямар өөрчлөлт гарч байгааг тандах зорилготой юм байна.

Судалгааны дүнд улс орнуудын иргэдийн улс төрийн идэвхийг харуулсан нэгэн үзүүлэлтийг дурджээ. Ингэхэд судалгаанд оролцсон орнуудаас Албани улсын иргэд хамгийн их улс төржсөн хүмүүсээр тодорсон байна. Албаний эрэгтэйчүүдийн 27 хувь, эмэгтэйчүүдийн 15 хувь, дунджаар иргэдийн 21 хувь нь ямар нэг улс төрийн намын харьяалалтай байжээ.

Харин дэд байранд Монголчууд орж, эмэгтэйчүүдийн 16 хувь, эрчүүдийн 18 хувь, дунджаар иргэдийн 17 хувь нь улс төрийн намын гишүүн байгаа нь харагдсан байна.

Эдгээрийн араас Тажикистан, Монтенегро улсуудын иргэд 14 хувиар удаалжээ. Харьцуулбал Европын Холбооны дундаж үзүүлэлт 7 хувь байдаг аж.

Судалгаанд энэ талаар тайлбарлахдаа улс орон ядуу байх тусмаа улс төрийн идэвх өндөр байна гэж дүгнэжээ. Улс төрийн намын харьяалалд байх нь иргэдийн ажлын байр, орлого, амьдралын баталгаа зэрэгт нөлөөлдөг гэж мөн тайлбарласан байна.

 

Эх сурвалж: EBRD