Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Жавхлан: Бүхий л амжилттай ажил ХҮН дээр тулгуурлаж хийгддэг

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

21 дүгээр зуун бол чадварлаг менежерүүдийн зуун. Гэр бүлээрээ компани удирддаг цаг ард хоцорч, компани өсөж дэвшихийн хэрээр түүнийг хөдөлгөгч хүний нөөцийн ур чадвар, зөв бодлого түүчээ нь болдог цаг үе иржээ. Өрсөлдөөн ихтэй бизнесийн орчинд ямар стратегитэй ажиллах вэ, шилдгүүдийг хэрхэн олж авах вэ, тэднийг хэрхэн удирдах вэ гэдэг гол сорилт болоод байна. 

Энэ үед бид Монголын хүний нөөцийн салбарт цогц үйлчилгээг бий болгож буй “Могул Консалтинг Сервис” компанийн CEO Н.Жавхланг ярилцлагын буландаа урилаа. Тэрбээр өмнө нь Монголын ажил олгогчдыг ажилтнуудтай уулзуулах хамгийн том сүлжээ “Бизнетворк”-ыг амжилттай удирдаж байсан энэ салбарын шилдэг менежер билээ.

Харин одоо түүний шинэ бизнес, шинэ хувьслын талаар сонирхоцгооё. 


-Монгол залуус маш олноороо гадагшаа ажиллахаар явж байна. Хүний нөөцийн компани удирддаг хүний зүгээс харахад нийгмийн энэ асуудал юутай холбоотой вэ?

- Ямар компанид ажиллахыг хүсдэг вэ гэсэн судалгааг хийхэд тухайн хүн ажилдаа сэтгэл хангалуун байх үндсэн хоёр шалтгаан гарч ирсэн. Нэгдүгээрт, тухайн компанид ажилласнаар хүн хөгжиж, дэвших боломжтой байх ёстой. “Deloitte” компанийнхны хийсэн судалгаагаар Ази тивийн ажиллах хүчний 81 хувь нь тухайн компанийн ирээдүйг харж ажилд ордог гэсэн дүгнэлт гарсан байна. Магадгүй өнөөдөр цалин багатай ч сайн ажилтан болж чадах юм бол ирээдүйд миний ур чадварт тохирсон цалин хөлс өгөх юм байна гэсэн итгэл байгаа үед тухайн компанид ажилладаг гэсэн үг. 

Хоёрдугаарт, тухайн компани өөрийнх нь оролцоо, шинэ санаачлагыг дэмждэг байх хэрэгтэй. Энэ хоёрыг харахгүй бол маш өндөр цалин авч байж тухайн ажлыг хийдэг. Гэтэл Монголын дийлэнх байгууллагууд энэ хоёрыг хангаж чаддаггүй. 

ТОП 100 ААН гэдэг ч юм уу том компаниуд дээр хүний нөөцийн сайн бодлого, менежмент байдаг бол цаана нь үлдэж буй 20-30 мянган ААН-үүд хүний нөөцийн бодлогоо амжилттай хэрэгжүүлж чадахгүй байна. Ийм учраас залуус ирээдүй нь тодорхойгүй газар ажиллаж байхаар гадагшаа явж мөнгө хурааж ирэх сонирхолтой болсон гэж хардаг. Хэрэв ажиллах хүчийг дотооддоо үлдэе гэвэл ажил олгогчид нь хүсэмжит байгууллага болох хэрэгтэй. 

-Гурван жилийн өмнө та Монголд ажлын байрны эрэлт ч их байна, нийлүүлэлт ч их байна гэж ярьж байсан. Энэ байдал одоо өөрчлөгдсөн үү?

-Байгууллагуудын ажиллах хүчний эрэлт байнга байдаг. Гэхдээ бизнесийн орчин хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа учраас шинэ ур чадвартай мэргэжилтнүүдийг хайж байгаа тохиолдол их байна.

Нөгөө талаас ажил хайж буй хүмүүсийн эрэлт ч их хэвээрээ байгаа.

-Тухайлбал яг ямар мэргэжилтнүүд “моодонд” орж байгаа вэ?

-Саяхан нэг тээврийн компанийн ажлын байрны шаардлагыг харж байхад тээвэр ложистикийн талаар мэдлэгтэй, тээврийн дата дээр ажиллаж, хамгийн сайн хувилбарыг дэвшүүлж чаддаг менежерийг ажилд авна гэсэн байсан. Өмнө нь бол тээврийн мэргэжилтэй, компьютерийн хэрэглээний програм мэддэг, хэлний зохих мэдлэгтэй гэдэг шаардлага тавьдаг байлаа. Одоо өөр болчихсон байна. 

Хэрэв дата анализ хийж, хамгийн сайн шийдвэр гаргадаг менежер байхгүй бол тухайн компани бизнесийн өрсөлдөөнд ялагдах гээд байгаа учраас ийм шаардлага тавихаас аргагүй. Бизнес өөрөө оршин тогтнохын тулд хэрэглэгчдэд үнэ цэнийг бий болгож чадах менежерийг хайж байгаа нь энэ юм. 

"Компаниуд алдаа гаргах л юм бол орон зайг нь эзэлж чадах хүсэл эрмэлзэлтэй залуучууд олон байгаа"

 
Гэрэл зургийг MPA.mn

-Хямрал гэдэг компаниудын хувьд асуудал ч гэлээ энэ цаг үед бүтцээ илүү оновчтой болгож, менежментээ сайжруулах боломж гэж харж байгаа. Тийм учраас ийм өөрчлөлт гарч байна гэсэн үг үү?

-Хямрал гэхээсээ илүү бизнесийн орчин өөрчлөгдөж, өрсөлдөөн ширүүссэнтэй холбоотой. Одоо байнгын шинэ технологи, шинэ ноү-хау сурч байж л тэр бизнес оршин тогтнох боломжой болчихлоо. Өмнө нь компаниуд асуудлуудаа жижиг жижгээр сайжруулах гэж оролддог байсан бол одоо ямар өөрчлөлт хийвэл ямар том бүтээмжийг бий болгох вэ гэж боддог болсон. Энэ давалгаа хямралтай хамаарахгүйгээр явж байна. 

Нөгөө талаас хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ ийм хурдан өөрчлөгдөж байгаа үед компаниуд ажилтнуудаа байнга хөгжүүлж, данхар бүтцээ цомхотгож, зардлаа хамгийн багад барьж, дарга-цэрэг гэхээсээ илүү багийг ахлах, сэдэлжүүлэх, хамтдаа үр дүнтэй ажиллах хэлбэр рүү орсон гэж хэлж болно. 

-Та өмнө нь ажил олгогчдыг ажил хайгчидтай уулзуулдаг платформ болох “Бизнетворк” компанийн CEO байсан. Харин одоо хүний нөөцийн аутсорсинг үйлчилгээ үзүүлдэг “Могул Консалтинг Сервис” компанийг байгуулжээ. Магадгүй дээрх өөрчлөлтөөс болж ийм алхам хийсэн үү?

-Дээрх өөрчлөлтөд тохирсон хүний нөөцийн бодлого юу вэ гэдгийг нэлээн бодсон. Хурдтай цахимжиж байгаа эрин үед хүний нөөцийн менежер өөрөө цахимыг ашиглаж чаддаг биш бол болохгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. 

Ажилтнуудыг хуучин арга барилаараа сургаж, хүсээгүй зүйлийг нь хийлгэх гэж ядаад байгаа хүний нөөцийн менежертэй компани зах зээл дээр удаан оршин тогтнох хэцүү болжээ. 

Залуучуудтай уулзаж байхад зөв санаа олчих юм бол старт-ап бизнес босгоно л гэж хэлдэг болж. Хэрэв компаниуд алдаа гаргах л юм бол орон зайг нь эзэлж чадах хүсэл эрмэлзэлтэй залуучууд олон байгаа гэдгийг харуулж байгаа хэрэг. Тэд удахгүй мундаг старт-ап компани байгуулаад л гараад ирнэ. 

Өмнө нь бизнес босгоход хөрөнгө мөнгө босгох нь хамгийн хэцүү байсан бол орчин цагт амархан болсон.  Тиймээс компаниуд одоо алдаа гаргах эрхгүй.  

Эрчимтэй өөрчлөгдөж буй энэ чиг хандлагыг дагасан сайн сургалт, үнэлгээ, урамшууллын тогтолцоог байгууллагадаа түргэн нэвтрүүлж, асар хурдацтай хөгжихгүй бол болохгүй болсон. Тиймээс үүнийг шийдвэрлэх хүний нөөцийн үйлчилгээг манай байгууллага санал болгож байгаа. 

"Нэг дундаж менежерийн цалингаар хүний нөөцийн чадварлаг багийг компанидаа ажиллуулах боломжтой"

 
www.mpa.mn

-Яг ямар ямар үйлчилгээ үзүүлэх вэ, энэ үйлчилгээг авснаар ААН-үүд ямар эрсдлээс хамгаалагдаж, ямар давуу талыг эдлэх боломжтой юм бэ?

-Манай компаниас Хүний нөөцийн зөвлөх үйлчилгээ, Аутсорсинг, Сургалт хөгжил,  Мэдээллийн автоматжуулалт гэсэн цогц үйлчилгээг санал болгож байгаа.  

Зорилтот зах зээл маань 10-100 хүнтэй ААН-үүд юм. Яагаад гэвэл ийм хэмжээтэй Монголын дийлэнх ААН-үүд хүний нөөцийн менежертэй хэдий ч тэр нь бичиг цаасны ажилтан болчихсон байдаг. Өөрөөр хэлбэл мэргэжлийн, цогц ажиллахад ганцхан хүний орон тоо хангалтгүй юм. 

Манай үйлчилгээг авснаар байгууллагын стратегитэйгээ тохирсон хүний нөөцийн бодлогоо нэгдүгээрт олж авна.

Хоёрдугаарт, тасралтгүй гүйцэтгэлийн, ур чадварын болон удирдлагын арга барилын гэх мэт үнэлгээний аргачлалуудаар өөрсдийгөө үнэлэх эсвэл үнэлүүлж өдөр тутмын хүний нөөцийн менежменттэй холбоотой ажлуудаа хариуцуулан хийлгэх боломжийг хүртэнэ.

Гуравдугаарт, эдгээр үнэлгээнээнүүдийн үр дүнг шинжлэн гаргасан байгууллагын сургалтуудын хэрэгцээг тодорхойлон хамрагдан зогсолтгүй хөгжих давуу талыг олж авна.

Дөрөвдүгээрт, эдгээрийг хүний нөөцийн чанартай мэдээллийн систем ашиглан хэрэгжүүлдэг болохоор цаг хугацаа хэмнэн хүний хүчин зүйлсээс болсон эрсдэлээс зайлсхийх бололцоотой болно. 

"Могул Консалтинг Сервис" ХХК аутсорсинг үйлчилгээгээ эхлэхээс өмнө тухайн байгууллагад соёлын, удирдлагын багийн, багийн зэрэг судалгаануудыг хийдэг. Аутсорсинг үйлчилгээний явцад тухайн байгууллагын удирдлагад үр дүнд ямар өөрлчлөлт гарч байгааг тайлагнадаг байна. Жишээ болгож Соёлын судалгааны тайланг хавсаргав.

-Хүний нөөцийн мэдээллийн системийн хувьд илүү дэлгэрэнгүй яриач?

-Манай компани “IT Zone” компанийн хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан. Бид үйл ажиллагаандаа GREEN ERP системийг ашигладаг. Гэхдээ нэг зүйлийг онцлон хэлэхэд бидний зөвлөгөөтэйгээр хамтран тодорхойлсон байгууллагын хүний нөөцийн бодлогыг амжилттай хурдацтай хэрэгжүүлэх, цаг хугацааг хэмнэх үүднээс бид үйл ажиллагаандаа програм ашигладаг. 

Манай байгууллагаас үйлчилгээ авсан компанийн ажилтнууд л гэхэд манай мэдээллийн систем рүү олгогдсон нэвтрэх нэр, нууц үгийн ашиглан гүйцэтгэлийн үнэлгээ, хувийн хөгжил, удирдлагын дүгнэлт гээд олон зүйлийг авах боломжтой. 

-Хүний нөөцийн компани хөлсөлж ажиллуулна гэхээр өртөг өндөртэй санагдаж болох юм. Танай үйлчилгээний үнэ хэд вэ?

-Бид тооцоолж байж үнээ гаргасан. Компаниудын нэг хүний нөөцийн менежерийн сарын өртөг хоёр сая орчим төгрөг байна. Харин манай баг үүнээс хоёр дахин бага буюу Үндэсний Статистикийн Хорооны гаргасан Монгол Улсын дундаж цалинтай ижил 974 мянга орчим төгрөгөөр үйлчилгээгээ үзүүлнэ. Товчоор бол нэг дундаж менежерийн цалингаар хүний нөөцийн чадварлаг багийг компанидаа ажиллуулах боломжтой юм. 

 
Н.Жавхлангийн танд өгөх 5 зөвлөгөө

1.    Ажилд авахдаа үргэлж бэлэн байгаарай. Ажилд авахдаа удаан, ажлаас халахдаа хурдан бай гэдэг үг байдаг. Таны бизнест үнэ цэнэ нэмэх хэн нэгэнтэй таарвал шууд л ажилд ав. Тэр таны бизнесийн өргөжүүлэх болно. Сайн хүнийг алдах нь том боломжоо алдаж байгаа хэрэг юм. 

2.    Ажилтнуудынхаа ур чадварыг үргэлж сайжруулаарай.  Дэлхий өөрчлөгдөж байна. Бидний мэддэг бизнесийн арга барил ч өөрчлөгдөж байна. Энэ их хурднаас ажилтнуудын тань ур чадвар хоцрогдвол таны бизнес ч гэсэн муудах болно. Иймээс Хурдацтай өөрчлөгдөж буй энэхүү орчинд ажилтнуудынхаа мэдлэг чадварыг салбарынхаа өөрчлөлт, хөгжилтэй уялдуулан тасралтгүй хөгжүүлдэг, түүгээрээ өөр хоорондоо өрсөлддөг мехнизмийг байгууллагынхаа соёлдоо суулгаж өгөөрэй. 

3.    Төсөл суурьтайгаар үйл ажиллагаа зохион байгуулаарай. Өмнө нь бизнесийн үйл ажиллагааг процесст дээр суурилуулж, тус процессоо илүү сайжруулах гэж зорьдог байсан. Харин одоо чухал асуудлыг бага багаар шийдэх гэхээсээ илүүтэйгээр иж бүрнээр нь төсөл болгож, шинэчлэн сайжруулах нь илүү хурдацтай хөгжлийг гүйцэж авах боломжийг өгч байна.

4.    Байгууллагын нүсэр том бүтцээс илүүтэйгээр багийн зохион байгуулалтад оруулаарай. Шаталсан шийдвэр гаргалтын процесс нь байгууллагын “урагшлах” хурдыг хойш чангаах болж.  Багийг суурьтай бүтэц зохион байгуулалтад илүү хурдтай, илүү хүчтэйгээр таны бизнес урагшлах болно.

5.    Хүний нөөцийн их өгөгдлийн шинжилгээ: Хэмжиж чадахгүй бол удирдаж үл чадна гэдэг. Манай бизнес эрхлэгчид илүү өөрийн зөн совинд суурилж, тоо харахгүй шийдвэр гаргаж хэвшсэн байдаг. Энэхүү чадвараа, хүнтэй холбоотой бүхий л төрлийн өгөгдөл, статистик үр дүнтэй уялдуулан шийдвэр гаргадаг болж чадвал хэмжээлшгүй их боломжийг та атгах болно.

https://public.tableau.com/profile/publish/2017_NEWforIkon/2017#!/publish-confirm

https://public.tableau.com/views/2017_NEWforIkon/2017?:embed=y&:display_count=yes

 

Гэрэл зургийг Г.Өнөболд MPA.mn