Хурдан морины “Дүнжингарав” уралдааныг 2008 оноос хойш хаврын тэргүүн сард Засгийн газрын шийдвэрээр уламжлал болгон зохион байгуулдаг. Гэвч Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тушаалаар жил бүрийн арван нэгдүгээр сарын 01-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд уралдаан, сунгаа, үсэргээнд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон юм.
Гэтэл тушаалыг үл ажран Засгийн газрын тогтоолоор хаврын уралдааныг 2016 оны гуравдугаар сарын 2-нд зохион байгуулсан. Энэ жил ч тус уралдаан зохион байгуулагдах талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж эхэлсэн.
Тиймээс, Монгол Улсад хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Үндэсний төрийн бус байгууллагуудын сүлжээ, эвсэл болон Олон улсын байгууллагууд хурдан морины ХАВРЫН уралдааныг эсэргүүцэж, байр сууриа илэрхийлсэн хэвлэлийн бага хурал өнөөдөр хийлээ.
Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээний зохицуулагч П.Цэвээн "Энэ жил хүүхдийн эрхийн тухай хууль дөнгөж батлагдсан. Хүүхэд хамгааллын тухай хуульд хүүхдийг таван орчинд хамгаалах талаар зааж өгсөн. Тухайлбал, гэр бүлийн орчинд, боловсролын орчинд, цахим орчинд, эрүүл мэндийн орчинд, хамгийн гол нь олон нийтийн газар буюу уралдаан, тэмцээний үед гэсэн заалтууд байдаг. Бид хаврын урь ороод удаагүй энэ үед ийм уралдаан зохиох нь аюултай гэж үзэж байна. Энэ удаад тавдугаар сарын 15-ныг хүртэл хаврын уралдааныг зохиохгүй байгаасай гэж бид хүсэж байна" гэлээ.
Хаврын уралдааны бэлтгэл ӨВӨЛ хийгддэг. Өөрөөр хэлбэл хүүхдүүд хөхөө өвлийн хүйтэнд сунгаа, үсэргээнд оролцож хавар уралддаг. Энэ нь хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, боловсролд сөргөөр нөлөөлдөг байна.
Хурдан морины уралдаан нь төрт ёсны түүхэн уламжлал, өв соёл мөн. Гэвч ӨВӨЛ, ХАВРЫН УРАЛДААН ТҮҮХЭН УЛАМЖЛАЛ БИШ. Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй (1803-1920 оны) Наадмын баримтын нийт 381 цуглуулга дансыг шүүж үзэхэд тухайн оныхоо 5-8 дугаар сард даншиг наадмаа хийж байсан нь тодорхой харагдаж байна" хэмээн хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!