Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Цагаан сар: DIY ба Худалдан авалт

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 2 сарын 15
iKon.MN

Do It Yourself буюу бүхнийг өөрийн гараар хийх, дэлгүүрээс худалдаж авах хоёрын ялгааны талаар судалж энэхүү мэдээллийг бэлтгэлээ. Цагаан сарын бэлтгэлээ хэрхэн хийх нь хувь хүний сонголт бөгөөд цаг зав, хөрөнгө мөнгөний боломж, өөрсдийн хүсэл сонирхлоос шалтгаална.

Гэхдээ бодит байдал дээр худалдаж авах, өөрөө хийх хоёрын хооронд үнийн ямар зөрүү гарч байгааг хүргэхийг зорьсон юм.

Жич: Хүснэгтэд буй үнийг Үндэсний Статистикийн Хорооны хамгийн сүүлийн үеийн тайлан мэдээнээс авав.

Хэвийн боов 25 ширхэг
 

Хэвийн боовыг 25 ширхэг гэж сонгож авсны учир нь 4*5 үе буюу 20 ширхэг нь том тавгийн идээ, үлдсэн нь бурханы идээ болон амталгаанд хэрэглэгдэнэ гэж үзлээ.

Хэвийн боовны дундаж жин 400-410 грамм байдаг. Гандангийн хэвийн боовны жороор 25 ширхэг хэвийн боов хийхэд 7 кг гурил орох юм. Гурилын үнийг “Алтан тариа”-н дээд гурилын үнээр тооцов. Үүн дээр цөцгийн тос 1.2 кг, элсэн чихэр 1.5 кг орно. Харин хэвийн боовоо ургамлын тосонд чанахад зардал нь 60,145 төгрөг болж байна.

Гэхдээ ихэнх айлууд өөхөн тосонд чанах нь түгээмэл. Тиймээс өөхөн тосонд чанана гэж үзвэл хэвийн боов хийх зардал харьцангуй бага буюу 30,145 төгрөг болох юм. Учир нь өөхөн тосыг айлууд худалдаж авахгүйгээр гэртээ байгаа түүхий эдийг ашиглаж хийдэг.

Гандангийн хэвийн боовны хувьд шар тосонд олныг чанадаг учраас нэгжид ногдох зардал нь багасч, илүү өртөг багатай болдог байна. Гэрийн нөхцөлд шар тосонд чанавал хэтэрхий өндөр өртөгтэй болох тул ургамлын тосоор өртгийг нь тооцлоо. 

Гандангийн хэвийн боовны үнэ 2,500-2,800 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. 2,500 төгрөгөөр тооцож 25 ширхэгийг худалдаж авбал 62,500 төгрөг болно.

Үнийн зөрүү: 2,355 /ургамлын тос/, 30,145 /өөхөн тос/

Хүснэгт 1: Хэвийн боов хийх, худалдаж авах зардлын харьцуулалт

 

Гурил

Тос /чанах/

Цөцгийн тос /багсрах/

Элсэн чихэр

Цаг хугацаа

Нийт үнэ

Хэвийн боов хийх зардал

7 кг*1,585 төг =11,095 төг

10 литр*3,000=30,000 төг

1.2 кг*13,000 төг=15,600 төг

1.5 кг*2,300 төг=3,450 төг

Бүтэн өдөр

60,145 төг

Хэвийн боов худалдаж авах зардал

-

-

-

-

1 цаг

25*2,500 төг=62,500 төг

 

Бууз 800 ширхэг
 

Статистикийн мэдээллээс харвал 2017 оны хоёрдугаар сарын 8-ны байдлаар хонины махны үнэ 6,000 төгрөг байна. Харин “Алтан тариа”-н дээд гурилын үнэ 1 кг нь 1,585 төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж.

Үйлдвэрээс хийж зарж буй буузны хувьд 1 ширхэг нь хамгийн ихдээ 40 грамм жинтэй байна. Үүнээс харахад нэг кг-д хамгийн багадаа 25 ширхэг бууз ногдоно гэж үзье. Зарим үйлдвэрийн хувьд нэг кг-д 27-28 ширхэг байна.

Цагаан сараар 800 ширхэг бууз хэрэглэдэг айл 32 кг бууз буюу 32 уут бууз худалдаж авах шаардлагатай байна. Үйлдвэрийн буузны хувьд үнэ нь нэг кг-даа 4,500-6,500 хүртэл байгаа бөгөөд бид гэрийн буузны чанарыг бодож 6,500 төгрөгөөр тооцов. Ингэж тооцоход 32 кг буузны үнэ 208,000 төгрөг болж байгаа юм.

Нийт 32 кг буузанд бидний сонгосон айл буюу Иргэн Д-ийнх 10 кг орчим гурил, 20 кг орчим мах, 2 кг орчим сонгино, сармис, гоньд бусад амтлагчууд хийдэг гэв. 800 ширхэг буузыг 4-5 хүний бүрэлдэхүүнтэй бүтэн өдрийн турш хийдэг ажээ. Ингээд бодвол тэдний бууз хийх зардал нь хөдөлмөр, цаг хугацааг тооцохгүйгээр 140,850 төгрөг болж байна.

Үнийн зөрүү нь: 67,150 төгрөг

Хүснэгт 2: Бууз хийх, худалдаж авах зардлын харьцуулалт

 

Гурил

Мах /өөхтэй/

Сонгино

Гоньд

Цаг хугацаа

Нийт үнэ

Бууз хийх зардал

10 кг*1,585=15,850 төг

20 кг*6,000 төг =120,000 төгрөг

2 кг-1,500=3,000 төгрөг

2-3 уут=2,000 төгрөг

Бүтэн өдөр

140,850 төгрөг

Бууз худалдаж авах зардал

-

-

-

-

1 цаг

32кг*6,500 төг=208,000 төг

УУЦ ЧАНАХ уу эсвэл?
 

Орон сууцны айлуудын хувьд ууцаа ихэвчлэн зориулалтын газар чануулдаг. Ууцны хэмжээ, чанах аргаас хамаарч үнэ нь 20,000-50,000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. 

Хэрэв гэртээ чанах боломжтой бол та ийм хэмжээний мөнгө хэмнэх нь. Гэхдээ орон сууцанд чанах боломжгүй, мөн цаг хугацааны хувьд хүндрэлтэй юм. 

Хүснэгт 3: Ууц чанах, чануулах зардлын харьцуулалт

 

Үнэ

Цаг хугацаа

Нийт үнэ

Ууц чанах зардал

-

Бүтэн өдөр

-

Ууц чануулах зардал

20,000-50,000 төг

1 цаг-Хүргэх, авах

20,000-50,000 төг

Энэхүү нийтлэлдээ цагаан сарын бүтээгдэхүүнээ худалдан авах, өөрсдийн гараар хийх хоёрын аль нэгийг танд санал болгохгүй. Учир нь үйлдвэрлэгчдийн хөдөлмөрийн хөлс, шошго, түгээлтийн зардлыг харьцуулах боломжгүй юм. 

Бид зөвхөн өөрөө хийвэл мөнгө хэмнэж болох ч цаг хугацаа, хөлс хүч их орно, мөн завгүй, их хотын иргэд заавал өөрсдөө хийх шаардлагагүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрч байна.

 

Гэрэл зургийг Б.Бямба-Очир MPA.mn