Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

PC тоглоомын дон насанд хүрсэн ЭРЧҮҮДЭД Ч ХАМААТАЙ...

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг

- Сурвалжлага -

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар бүртгэлтэй буюу зөвшөөрөлтэйгөөр нийт 234 аж ахуйн нэгж цахим тоглоомын үйл ажиллагаа явуулж байна.

2014 оноос 2016 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд нийтдээ 236 иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас цахим тоглоомын үйл ажиллагаа явуулах хүсэлтийг цагдаагийн байгууллагад гаргасан” хэмээн Улаанбаатар Хотын Цагдаагийн Газрын үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ц.Жаргалмаа хэллээ.

Тухайн аж ахуйн нэгж цахим тоглоомын үйл ажиллагаа явуулах хүсэлтээ шаардлагын хамт цагдаагийн байгууллагад хүргүүлдэг бөгөөд хүсэлтийг харгалзан үзэж, цагдаагийн байгууллагаас тусгайлан хяналт, шалгалт явуулсны үндсэн дээр зөвшөөрөл олгогддог гэсэн үг хэмээн тайлбарласан юм.

Шаардлагад юу юу тусгагдсан байдгийг үзвэл,

  • Мэргэжлийн хяналтын дүгнэлт
  • Галын аюулгүй байдлын дүгнэлт
  • Тухайн газар орон сууцны зоорийн давхар болон нэг давхар эсэх
  • Ажиллуулах иргэний компьютерийн мэдлэгийг тодорхойлсон байдал
  • Үйл ажиллагаа явуулж буй газрын байршил, камер, гэрэлтүүлэг, агааржуулалт зэрэг эрүүл ахуйн нөхцөл байдал хангасан байгаа эсэх зэргийг үнэлж зөвшөөрөл олгодог юм байна.

Харин 2017 он гарч, нэгдүгээр сарын 31-ний өдрийн байдлаар нийт 25 аж ахуйн нэгж цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаснаас хоёрт нь орон сууцны нэгдүгээр давхар болон зоорийн давхарт үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байсан гэсэн үндэслэлээр татгалзжээ.

Энэ төрлийн үйл ажиллагааны хянан зохицуулалтын талаар асуухад “Цагдаагийн байгууллагаас хянан шалгаж байгаа болон иргэдийн ирүүлж байгаа гомдол мэдээллийн үндсэн дээр захиргааны хариуцлагын тухай хуулиар торгуулийн арга хэмжээ тооцож, удаа дараа зөрчил гаргаж, иргэд оршин суугчдын гомдлыг их гаргасан тохиолдолд олгосон зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээг авдаг” гэв.

Тэгвэл иргэдээс энэ төрлийн гомдол мэдээлэл хэр олон ирдэг талаар тодруулахад “2016 оны байдлаар нийслэлийн иргэд хүлээн авах төв болон Засгийн газрын 11-11 төвөөр дамжуулан цагийн хуваарь хэтрүүлсэн, зөвшөөрөлгүй газар үйл ажиллагаа явуулсан, хүүхэд хонуулсан, оройн цагаар хүүхэд тоглуулсан, ойр орчимоо бохирдуулсан зэрэг нийт 14 гомдол ирүүлснийг газар дээр нь очиж шалгаж, арга хэмжээ авсан” хэмээн ярьж байв.

Иргэдээс ирүүлж буй гомдол мэдээлэл нь ихэнхдээ цахим тоглоом тоглогдог хүүхэд залуусын эцэг эх, гэр бүл бус үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн ойр орчинд оршин суугаа иргэд байдаг бөгөөд одоогоор эцэг эхчүүдээс энэ төрлийн гомдол ирээгүй гэнэ.

Сурвалжлагынхаа дагуу оройн 19:30 цаг орчимд интернет, PC тоглоомын газар гэсэн хаяг бүхий гурван газар орж үзэхэд бүгд нээлттэй байлаа.

20-50 орчим суудалтай цонх салхивч, гэгээ гэрэлгүй өрөөнд хоосон суудал бараг үгүй бөгөөд яг л сурч боловсорч, ирээдүйн зорилгоо тодорхойлон түүндээ хүрэхийг тэмүүлж, тасралтгүй хөгжиж, аливаа зүйлийг сониучирхан судалж, өсч хөгжих насандаа байгаа сурагчийн дүрэмт хувцастай хөвгүүд улайран тоглож байв.

Нэлээд цагийг өнгөрүүлсэн болов уу гэмээр царай нь улаа бутран хөлөрч, хөлс нь бурзайжээ. Энэ гурван газрыг хөвгүүдийн ээж гэж хэлж болохоор ахимаг насны эмэгтэйчүүд ажиллуулж байхаас гадна доторх орчинг буу шийдмээр чимэглэсэн байх юм.

Мөн сургуулийн насны хүүхдүүдээс гадна их дээд сургуулийн оуютан, ажиллах хүчин гэж хэлж болохоор 20-30 орчим насны залуус зарим нь тоглож, зарим нь фэйсбүүк эргүүлж, зарим нь нэгнийхээ тоглож байгааг анхааралтай нь аргагүй харж, зөвлөгөө өгч сууна.

Харамсалтай нь эндээс санаанд оромгүй зүйл харсан нь 2-3 охин хөвгүүдтэйгээ нийлэн, орилолдон тоглож байв.

Хошууч Ц.Жаргалмаагийн тайлбарлаж өгснөөр 2013 онд батлагдсан цахим тоглоомын үйлчилгээ үзүүлэх журмаар аравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд буюу өвлийн улиралд 18:00 цаг хүртэл ажиллана гэж заажээ.

Тэгэхээр хянан шалгаж, шаардлага тавьж байх ёстой байгууллага нь үнэн хэрэг дээрээ үүргээ гүйцэтгэж чадаж байгаа юу гэдэг асуудал урган гарч ирж байна. Журмын дагуу хяналт тавьж явдаг, шалгадаг гэж хэлж, тайлбар өгч байгаа юм бол цаана нь өч төчнөөн зөвшөөрөлгүй, хяналтгүй, шаардлага хангаагүй, зөрчилтэй газар үйл ажиллагаа явуулж байгааг хязгаарлах нь хэний үүрэг вэ???

Уушги нь утаанд хордсон, уураг тархи нь тоглоомонд донтсон эцэг эхчүүдийн нэгэн үе бий болох уу?

Ямартай ч хүсэл тэмүүлэл нь бүрхэг, ирээдүйн гэрэл гэгээтэй зорилго үгүй, эцэг эх, гэр бүл, орон гэрээ мартсан хүүхэд залуус бидний ирээдүй хойч үе гэж нэрлэгдэн өнгө эрээлжилсэн хиймэл ертөнцөд уусч, дэлгэц ширтэн сууж байна...

Иймээс Сэтгэцийн Эрүүл Мэндийн Төвөөс бид сүүлийн таван жилийн хугацаанд энэ төрлийн оношоор хэвтэн эмчлүүлсэн хүүхэд залуусын статистик, тоон мэдээллийн судалгааг авлаа. Доорх тоон үзүүлэлтийг харахад 2012-2015 он хүртэл дунджаар 30 орчим өвчтөн эмчлүүлсэн бол 2016 онд 68 болж, нэлээд тоогоор өсчээ. 

2012 оноос хойш СЭМҮТ-д PC тоглоомонд донтсон шалтгаанаар хэвтэн эмчлүүлсэн хүний тоо...

Харин 2012 оноос хойш хэвтэн эмчлүүлсэн хүүхэд залуусыг илүү нарийвчлан насны түвшингээр нь ангилан авч үзвэл 15-19 насны хүүхдүүд ихэнх хувийг эзэлж байна. Гэхдээ үүнээс гадна 2016 онд 20-29 насны буюу гэр бүлтэй үр хүүхэдтэй байж болох, ид хийж бүтээх насны дөрвөн хүн энэ оношоор хэвтэн эмчлүүлжээ.

Дөрвөн хүн эмчлүүлсэн нь тийм ч сүрдмээр их тоо биш боловч үүний цаана хэвтэн эмчлүүлэх эрсдэлтэй түвшинд хүрээгүй ч гэр бүл, үр хүүхдээ үл хайхран тоглоомонд тархиа мэдүүлэн явж байгаа хэдэн хүн байгааг тааварлашгүй...

2012 оноос хойш СЭМҮТ-д PC тоглоомонд донтсон шалтгаанаар хэвтэн эмчлүүлсэн хүний тоо/Насны түвшингээр/...

Бид сурвалжлагынхаа дараагийн хэсэгт цахим тоглоом, ухаалаг утас, компьютер зурагтын хэт их хэрэглээний хор уршиг, эрүүл мэндийн нөлөө болон донтох эмгэгийн талаар талаар Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн их эмч Ж.Гантулгатай уулзаж, дараах зүйлийг асууж ярилцсан юм.


- Донтох эмгэгийн талаар манай уншигчдад тайлбарлаж өгөхгүй юу?

- Донтох эмгэгийг ерөнхийд нь хоёр бүлэгт ангилж үздэг. Нэг хэсэг нь ямар нэгэн сэтгэц идэвхт эм, мансууруулах бодист донтох эмгэгүүд гэж бий.

Үүнд архи, тамхи, бусад мансууруулах бодисуудад донтох эмгэгүүд орно. Маш олон төрлийн мансууруулах болон сэтгэц идэвхт бодис бий.

Нөгөө хэсэг нь зан үйлийн хүрээнд үүсдэг донтох эмгэгүүд гэж байдаг. Энэ төрлийн донтох эмгэгт компьютер тоглоомонд донтох, мөрийтэй тоглох дон, тэнэхийн дон, хулгайн дон, ажлын дон, дэлгэцийн дон, худлаа ярих дон, юм цуглуулах дон гэх мэтчилэн маш өргөн хүрээтэй ойлголт.

Хүн эрүүл саруул, аз жаргалтай амьдрахын тулд сайтар унтаж амран, хоол ундаа сайн идэж, ажиллах цагтаа ажиллан, амрах цагтаа амарч байх ёстой.

Гэр бүлдээ цагаа зарцуулах, найз нөхөдтэйгөө уулзах, идэвхтэй амрах, агаарт гарах, спортоор хичээллэх гээд амьдралын бүхий л хүрээг хамарсан, амьдралын зөв хэмнэлын тэнцвэртэй байдлаа хадгалж чадвал тэр хүн эрүүл, идэвхтэй, эрч хүчтэй сайхан амьдарна. Хүүхэд ч мөн ялгаагүй.

Хүүхдийн тоглодог тоглоом нь мөн олон төрлийнх байх ёстой. Гүйж харайх, спортоор хичээллэх, оюун ухаан хөгжүүлдэг гэх зэрэг олон төрлийн тоглоомууд бий. Компьютер тоглоом бол тоглож болох тоглоомуудын нэгээхэн хэсэг шүү дээ.

Гэтэл бүхий л хугацаанд зөвхөн компьютер дээр тоглож цагаа өнгөрөөж байвал асуудал үүсч эхэлнэ. Ер нь хүүхэд өдөрт хоёр цагаас илүү хугацаагаар компьютер тоглоомоор тоглож байвал яваандаа асуудал үүсэх эрсдэлтэй гэж эмч, мэргэжилтнүүд зөвлөдөг.

Бид компьютер тоглоомыг огт тоглож болохгүй гэж зөвлөдөггүй. Гэхдээ...

Тиймээс тоглож наадах тоглоом хүртэл учиртай. Монголчууд эртнээс тоглоом тоотой нь дээр гэж хэлж сургадаг байсан. Энэ нь тоглоом байж болно, гэхдээ хэмжээ хязгаартай байх ёстой шүү гэдгийг цаагуур нь хэлээд байгаа нь тэр.

- Сүүлийн жилүүдэд цахим тоглоомонд донтож байгаа хүүхдүүд хэр олширч байна. Өвчлөл нь хэр гүнзгий байна вэ?

- СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникт хандаж байгаа хүүхдүүдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Өвчнийхөө янз бүрийн шатанд ханддаг. Сэтгэцийн эмгэгүүдийг Олон улсын өвчний 10-р ангиллаар оношилдог.

Мөн Америкийн сэтгэцийн эмч нарын холбооноос гаргасан Сэтгэцийн өвчний оношилгоо, дүн бүртгэлийн гарын авлага буюу DSM-5 хамгийн сүүлд 2013 онд шинэчлэгдэн гарсан. Энэхүү оношилгооны гарын авлагад компьютер тоглоомонд донтох эмгэгийг тодорхой шалгуураар оношлохоор тусгасан байдаг.

- Хүүхдүүд ер нь ямар байдалтай ирж СЭМҮТ-д эмчлүүлдэг вэ?

- Эцэг эхчүүд  манай хүүхэд хичээл номдоо муудаад байна, гадуур РС тоглоом тоглоод хичээл номоо таслаад үгэнд орохгүй, уур уцаартай болж байна, компьютерээс салахаа болилоо, хэлж үглээд дийлэхээ болилоо зэрэг өгүүлэмжтэй ирдэг.

Ялангуяа сургуулиас, хичээл номтой холбоотой асуудал их түгээмэл гардаг. Хичээл номоо хэдэн сараар таслаад компьютер тоглоом тоглочихсон зарим тохиолдол гарч байсан. Мөн хүүхдүүд худлаа ярих, тоглох мөнгөө олохын тулд хулгай хийх зэрэг зан үйлийн өөрчлөлтүүд бас гардаг.

- 2016 онд 20-29 насны дөрвөн хүн энэ төрлийн оношоор СЭМҮТ-д ирж эмчлүүлсэн байна. Дөрвөн хүний цаана эмчлүүлэх хэмжээнд хүрээгүй ч тоглоод явж байгаа олон хүн байна гэсэн үг шүү дээ. Гэр бүлтэй, хүүхэдтэй хэрнээ тоглоод явдаг хүмүүс байдаг гэсэн. Энэ тал дээр?

- Донтох эмгэгийн нэг онцлог нь хэнийг ч ялгадаггүй. Хөгшин залуу, боловсролтой боловсролгүй, эрэгтэй эмэгтэй хэн ч бай асуудалд өртөх эрсдэлтэй.

Өсвөр насандаа компьютер тоглож цагаа нөхцөөдөг байсан хүүхдүүд нас биед хүрч, эхнэр хүүхэдтэй болсон хэдий ч тоглох цагтаа хяналт тавьж чадахгүй, асуудалтай хэвээр байгаа тохиолдол мэр сэр бий.

Тэгэхээр өсвөр насандаа компьютер тоглоомын асуудалтай хүүхэд нас биед хүрэхээр хар аяндаа зүгээр болчихдоггүй байх нь. Тиймээс ирээдүйд бүх хүүхэд, залуус маань эцэг эх болно. Үр хүүхдэдээ зөв үлгэр дуурайл үзүүлэх хариуцлага хүн бүрийн өмнө бий.

Тийм болохоор амьдралын зөв хэмнэлийг бага залуугаасаа хэвшүүлэн, өөрт хэрэгтэй зүйлдээ цаг заваа зарцуулж, эрдэм номдоо шамдаж чадвал гэрэлтэй, сайхан ирээдүй угтах гарцаагүй. Зөв зүйлд хүсч тэмүүлье.

Нас биед хүрсэн хүн өөрийн дутагдлаа ухамсарлан зориг гаргаж, дахиж тоглохгүй гэдэг шийдвэр гаргах хэрэгтэй. Хэн хүнгүй өөрийгөө донтох эмгэгийн асуудалтай байна гэдгийг хүлээн зөвшөөрөх нь эмчилгээнд маш чухал үүрэг гүйцэтгэдэг.

Хэрэв өөрөө хүсээд ч асуудлаа шийдэж чадахгүй бол мэргэжлийн сэтгэцийн эмчид хандаж тусламж, зөвлөгөө авах хэрэгтэй гэж хэлмээр байна.

Манайхан бол компьютер тоглоомыг огт тоглож болохгүй гэж зөвлөдөггүй. Тэгвэл хэт туйлширсан хэрэг болно шүү дээ. Гэхдээ мэдээж аливаа зүйл хэмжээ хязгаартай байх хэрэгтэй, үгүй бол цаашид ийм ийм эрсдэл бий шүү гэдгийг нь хэлж, ойлгуулахыг хичээдэг.

 

Ялангуяа эцэг, эхчүүдэд бас энэ талын мэдлэг их чухал. Бага насны хүүхдүүдийн компьютер, гар утасны хэрэглээг эцэг эх нь хянаж, зөв дадлыг хэвшүүлж байх ёстой. Учир нь тэд ямар хор уршигтайг нь ойлгож ухаарах цаг нь болоогүй шүү дээ.

- Тоглоомонд донтож байгаа хүнд ямар шинж тэмдэг илрэх вэ?

- Долоо хоногт 5-с доошгүй удаа, нэг удаа тоглохдоо 4 цаг болон түүнээс дээш тоглож байвал компьютер тоглоомонд донтох эмгэгтэй болсныг илэрхийлнэ.

Нэг удаа тоглохдоо таны хүүхэд 2 цагаас доошггүй тоглож байгаа бол энэ бол дохио гэж ойлгож болно. Үр хүүхдэдээ анхаарал тавьж, компьютер, гар утасны тоглоом тоглох хэрэглээг нь хэмжээ хязгаартай байлгахгүй бол донтох эмгэг үүсэх эрсдэлтэй гэсэн үг.

- Юун түрүүнд эцэг эхчүүд энэ үед ямар арга хэмжээ авах, яаж харьцах ёстой вэ?

- Хүүхдүүддээ хараа хяналттай бай. Бага ангийн хүүхдүүдэд ухаалаг утас хэрэггүй. Хүүхдээ олон төрлийн тоглоомоор тоглох нөхцөлийг нь хангаж өгөх нь эцэг эхийн үүрэг.

Хүүхдээ хаана юу хийж, хэнтэй найзалж нөхөрлөж байгааг нь мэдэх хэрэгтэй. Хичээл сурлага, сэтгэл санааны байдал, биеийн эрүүл мэндийг нь давхар анхаарч байх ёстой.

Ер нь 5 хүртэлх насны хүүхдэд утас хэрэггүй. Хэрэв хэрэглэх шаардлагатай бол товчлууртай утас хэрэглүүлэх хэрэгтэй. Ухаалаг утсыг 14-15 наснаас эхлэн зөвхөн хэрэглээний түвшинд хэрэглэж эхэлбэл зүгээр гэж манай туршлагатай эмч нар зөвлөдөг. Ингэхдээ ухаалаг утасны ач холбогдол, хор уршгийг нь сайтар тайлбарлаж өгөх нь зүйтэй.

Мөн шаардлагатай бол сэтгэцийн нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч болно. Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд Хүүхэд, өсвөр үеийн клиник гэж бий. Энд ирж бас үзүүлэх боломжтой.

- Ер нь РС тоглоом, ухаалаг гар утас хүний биед ямар хор уршигтай болохыг хэлж өгнө үү?

  • Маш их булчин чангарна. Ялангуяа нүдний булчин их ачаална. Нүд хөшиж ядарна.
  • Удаан хугацаагаар хөдөлгөөнгүй сууж тоглоход цусны эргэлт удааширч, бодисын солилцоо хямарна.
  • Зах замбараагүй тоглосноос болж тухайн хүүхдийн дархлаа суларч өвчлөмтгий болно.
  • Тоглоомонд донтсон хүүхэд хоол унд муутай олон цагаар сууж тоглосноос болж хоол боловсруулах замын өвчний суурь болж өгдөг.
  • Тархи огт амрахгүй хэтэрхий их ачаалласнаас болж ядаргаанд ордог. Эдгээр өөрчлөлтүүд нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлэн олон төрлийн эрүүл мэндийн эрсдэлийг бий болгодог. 

- Ярилцсанд баярлалаа.


Цахим тоглоомонд донтох эмгэгийн шалгуур үзүүлэлт

Интернет тоглоомыг байнгын давтамжтай тоглосноор тухайн хүний амьдралд илэрхий сөрөг нөлөө илэрдэг бөгөөд стрессийн шалтгаан болдог. Доорх шинжүүдээс 5-аас доошгүй шинж нь сүүлийн 12 сарын хугацаанд илэрч байгаа тохиолдолд оношийг тавина. Үүнд:

  • Интернет тоглоомонд санаа зовинох. (Тухайн хүн тоглодог тоглоомынхоо талаар байнга бодох төдийгүй, дараагийн тоглолтоо төлөвлөдөг байх. Интернетийн тоглоом өдөр тутмын амьдралынх нь давамгайлах нэг хэсэг болох)
  • Тоглоом тоглохоо болих үед үгүйлэх шинжүүд илрэх. (Эдгээр шинжүүдэд нь цочромхой болох, сэтгэл түгшүүрлэх байдал, уйтгарлаж гуниглах орно. Гэхдээ эм бодисын шалтгаант шарталтын шинжүүд илрээгүй байх)
  • Интернет тоглоомонд зарцуулах цаг нь байнга нэмэгдэх.
  • Интернетийн тоглоом хэт их тоглож байгаагаа хянах гэсэн бүтэлгүй оролдлогууд хийх.
  • Интернет тоглоомоос өөр зүйлс, тухайлбал өмнө нь түүний сонирхлыг татдаг байсан хобби, зугаа цэнгэл, үзвэр үйлчилгээ сонирхлыг нь татахаа болих.
  • Нийгэм сэтгэлзүйн сөрөг нөлөөг нь мэдрсээр байж үргэлжлүүлэн интернетэд олон цагийг өнгөрүүлэх.
  • Интернет тоглоомын хэрэглээний талаар гэр бүлийн гишүүд, эмч, мэргэжилтнүүдэд худлаа ярих.
  • Сэтгэлийн сөрөг хөдлөл, стрессээс зайлсхийхийн тулд, эсвэл түүнийг багасгах зорилгоор интернет тоглоом тоглох.
  • Интернет тоглоомноос болж хичээл сургууль, гэр бүлийн харилцаанд нь асуудал гарах, ажил мэргэжил, боловсролын хувьд ахиж дэвших боломжийг алдах.