Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Сар шинийн баярын өмнөх АМРАЛТЫН өдрүүдэд ТЭГШ, СОНДГОЙГООР ХЯЗГААРЛАНА

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Cap шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор орон нутгаас нийслэл хотыг чиглэсэн хөдөлгөөн болон томоохон зах, худалдааны төв рүү чиглэсэн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж ачаалал үүсэх, түгжрэл саатал бий болдог.

Иймээс Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг түргэн шуурхай, аюулгүй зорчуулах зорилгоор зохицуулалт хийх болсон талаараа өнөөдөр танилцууллаа.

Энэ талаар ЗЦА-ны  урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Д. Цэдэнсайхан “Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг тусгасан байна. Тухайлбал, Хүчит шонхор худалдааны төвийн замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгон зохицуулж байна. Энэ нь тус худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш чиглэлтэй далангийн уулзвар хүртэл, далангийн уулзвараас хуучнаар Судалт төвийн уулзвар хүртэл баруунаас зүүн тийшээ нэг чигийн хөдөлгөөнд оруулж, зохицуулсан байгаа.

Дугаарын хязгаарлалтын хувьд өвлийн цагийн хуваарийн хамрах хүрээн дээр Саппорогийн уулзвараас, Таван шарын уулзварыг оруулсан байгаа. Үүнтэй холбоотойгоор орон нутгаас зорчин ирж байгаа тээврийн жолооч нар тухайн цаг үеийн бүсчлэлийг анзаарч, цагаа тохируулан замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна” хэмээн тайлбарлалаа.

Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдэд тэгш, сондгойгоор хязгаарлана
 
  • 2017 оны 2 дугаар сарын 11, 2 дугаар сарын 18-ны "Бямба” гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн
  • 2 дугаар сарын 12, 2 дугаар сарын 19-ний “Ням" гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно.
Жич: Автомашины улсын дугаараар хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтын өвлийн бүсчлэл дээр нэмэлтээр Саппоро төвийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд автозамын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана.
Хүчит шонхор худалдааны төвийн замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгоно
 

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2017 оны 2-р сарын 11, 2-р сарын 18-ны Бямба гарагийн амралтын өдрүүдээр, 2-р сарын 12, 2-р сарын 19-ний Ням гарагийн амралтын өдрүүдээр "Дэнжийн мянга" худалдааны төвийн замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртал урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулна.

Алслагдсан гэр хорооллоос Нарантуул, Дэнжийн мянга, Хүчит шонхор худалдааны төв рүү автобус явна

Автомашины улсын дугаарын хязгаарлалт тогтоосон амралтын өдрүүдэд алслагдсан гэр хорооллоос Нарантуул, Дэнжийн мянга, Хүчит шонхор худалдааны төв чиглэлд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлнэ.

Төвлөрсөн зах, томоохон худалдааны төвүүд рүү чиглэсэн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт мах, цагаан идээний өргөтгсөн худалдаа зохион байгуулагдах тул иргэд заавал томоохон худалдааны зах, төврүү зорчихгүй байх, цаг зав, бензин шатахуунаа хэмжих, ая тух таатай үйлчлүүлэх боломжит нөхцөлийг бүрдүүлж байна.