“Жинхэнэ амьдрал орчин тойрноо эмхэлж цэгцэлсний дараа эхэлдэг” Мари Кондо
Эх дэлхийн хязгаартай нөөц баялгийг хүн төрөлхтөн хязгааргүй мэт хэрэглэж байснаа ухаарч байгаль орчинд ээлтэй, минималист буюу цомхон амьдрах хэв маягийг сүүлийн жилүүдэд эрчимтэй ярих боллоо.
Хэрэггүй хог новш хүний амьдрах орчин тэр ч бүү хэл бодол санаанд хүртэл сөргөөр нөлөөлдөг. Энэ сөрөг нөлөөлөл эцэстээ хүсэл мөрөөдөл, амьдралын чиг шугамаа мартах хүртэл үргэлжилсээр л байдаг билээ.
Миний өмнө сууж байгаа энэ эмэгтэй бол “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номын орчуулагч Л.Саруултөгс юм. Тэрбээр цэгцлэх “урлаг”-ийн хамгийн алдартай мэргэжилтэн, Тайм сэтгүүлийн дэлхийн нөлөө бүхий 100 хүний нэг, 40 гаруй хэл дээр орчуулагдсан номын эзэн Мари Кондог Монголчуудтай уулзуулаад байна.
“Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” Интерном, Мажестик номын дэлгүүрийн бестселлер болжээ.
Энэ цаг мөчид бид эмх цэгцтэй байх тухай ярих нь хамгийн зохимжтой мэт. “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэж Монголчууд зүгээр ч нэг хэлээгүй байх. Орчин тойрноо эмхэлж цэгцлээд байхад ахин ЭМХ ЦЭГЦГҮЙ болж, энэхүү чөтгөрийн тойрог үргэлжилсээр л байдгийн учир юу вэ. Чухам энэ асуултад л хариулт өгч, эмхэлж цэгцлэх ХАМГИЙН ЧУХАЛ АРГЫГ танд зааж өгөх болно.
Л.Саруултөгс “Монсудар хэвлэлийн газар миний саналыг хүлээн авч албан ёсны орчуулах эрхээ авснаар “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” ном уншигчдын гарт хүрлээ. Номоо анх япон хэл дээр уншсаны дараа Монголчуудад орчуулан хүргэх хүсэлдээ автагдсан. Угаасаа би эмэгтэйчүүдэд хандсан сайхан ажил хийх дуртай” гэснээр бидний яриа эхэлсэн юм.
Түүний хувьд Японд боловсрол эзэмшиж Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд 10 гаруй жил ажиллажээ. Тиймдээ ч Япон-Монголын хооронд ажиллаж байх хугацаандаа энэхүү номтой учирч, илүү эмх цэгцтэй амьдрах болсноор олон эерэг өөрчлөлтийг мэдэрсэн тухайгаа хэлэв.
Мөн “Ганцхан амьдрахдаа хэрэггүй хогоор өөрийгөө дарахаас илүү хүссэн зүйлээрээ хүрээлүүлж амьдрахыг хүн төрөлхтөн хөгжлийнхөө явцад хүсэж эхэлжээ. Тиймээс ч Монголчууд энэ номыг их сонирхож байгаа юм шиг санагдаж байгаа. Уншсан хүмүүс хэрэгжүүлж эхэлсэн тухайгаа надад хэлдэг. Тиймээс би номоо орчуулсандаа их баяртай байна” гэв.
Номыг уншсан хүн бүрт энэ гайхалтай эмэгтэйн талаар нэгэн төсөөлөл буусан байгаа. Харин орчуулагчаас түүний талаар асуухад “Мари Кондо бол фэнг шүй судлаач, буддын шашны номлогч биш жирийн л нэг эмэгтэй. Хамгийн гол нь энэ хүн багаасаа маш их эмх цэгцтэй байхыг хүсэж, энэ талаар судалж, туршлагажсан. Тэр туршлагаасаа үндэслэж энэ номыг бичсэн байгаа. Би түүнийг Япон эмэгтэйн хувьд их зоригтой гэж бодож байна. Тэнд гэрийн эзэгтэй нар нь нийгэмдээ ингэж сондгойрч гарч ирж чаддаггүй. Харин Мари Кондогийн хувьд амбицтай байж, өөрийн хамгийн гайхалтай цэгцлэх аргыг санал болгосон хүн юм. Түүний цэгцлэх арга маш олон хүний амьдралыг өөрчилсөн нь биширмээр” гэв.
НОМЫН ХЭСГЭЭС: ОЙМС ТРИКОГ ЗАНГИДАЖ БӨӨРӨНХИЙЛЖ ХЭРХЭВЧ БОЛОХГҮЙ
...Гэрийн эзэгтэй болоод гучин жил болж байгаа С-ийн (50 эргэм настай) гэрт заншсан ёсоороо хувцаснаас нь эхлээд эмхэлж байв. Өвөл, зуны хувцсыг нь цэгцэлж дуусаад, дараа нь дотуур хувцсыг нь эмхлэн, бидний ажил тун ч амжилттай явж байлаа. Энэ эрчээрээ оймс, трикогоо цэгцэлье гэж хэлээд, Павловны модон шургуулгыг нь татаж онгойлгохдоо би өөрийн эрхгүй дуу алдав. Шургуулган дотроос төмс шиг бөөрөнхийлсөн оймс, триконууд өнхрөн гарч ирэх нь тэр. Холбож зангидсан трико, амыг нь нийлүүлж, эргүүлж бөөрөнхийлсөн оймснуудыг хараад хэлэх үгээ олохгүй гацсан надад цагаан хормогч зүүсэн С маань «Оймснуудыг ингэж хийхээр авахад хялбар байгаа биз? Бөөрөнхийлөх төдийд бэлэн болдог тун амархан эвхэлт шүү» гэж хэлээд инээмсэглэв. Гэрээр зөвлөгөө өгөх үед элбэг тохиолддог үзэгдэл хэдий ч ийм байдалтай нүүр тулах бүрийдээ би арагшаа савж унахын наагуур цохилтод ордог юм...
...Шууд хэлье. Триког хэрхэвч зангидаж болохгүй! Оймсыг яасан ч дотрыг нь эргүүлж бөөрөнхийлөх хэрэггүй!
Тэгэхээр триког зөв эвхэх аргыг эхлээд заая. Зангидсан бол задлаад баруун зүүн хоёр гуяыг давхарлаж нугалан, урт нарийхан болгоно. Дараа нь гурван тэнцүү хувааж нугална. Энэ үед хурууны хэсгийг дотогш орж байхаар нугалах хэрэгтэй. Харин нурууны хэсгийг бага зэрэг илүү гаргаж үлдээхийг анхаараарай. Ингэж нугалсан триког доороос нь элдэх мэт хумина. Хумьж дуусахад нурууны хэсэг гадна талд гарсан бол зөв эвхлээ гэж үзнэ.
Эмхэлж цэгцэлсний дараа ямар өөрчлөлт гардаг вэ? гэдэг миний түүнээс асуусан дараагийн асуулт байлаа. Тэрбээр "Орчин тойрны нөлөө асар их байдаг юм билээ. Бид гэр орноо эмх замбараагүй байлгая гэж боддоггүй, чадах чинээгээрээ цэгцэлдэг. Гэхдээ дутуу хийгээд байгааг номонд сайн тусгаж өгсөн байдаг.
Мари Кондогийн аргаар цэгцэлсний дараа маш их өөрчлөлт гардаг. Цэгцэлж байх явцдаа хүн сэтгэл зүрхээ маш сайн сонсож, дотоод бодол санаагаа хүртэл цэгцэлж чаддаг юм. Бодол цэгцтэй болсны дараа хийх зүйл маш тодорхой болно. Миний хувьд хоорондоо төсөөгүй олон ажил хийдэг. Ийм тохиолдолд бүх ажлаа нарийн төлөвлөж, амжилттай хийх зэрэг эерэг өөрчлөлт гарсан. Мөн эд зүйлсээ эмхэлж цэгцэлж байх явцдаа өөрийн багаасаа хүсэж мөрөөдөж байдаг зүйлээ эргэн санаж, түүнийгээ хэрэгжүүлэхийг ахин хүсэж эхэлсэн" гэв.
Л.Саруултөгс эмх цэгцтэй амьдралыг бий болгосноор өөрийн бизнесээ амжилттай цэцэглүүлж чаджээ. Түүний оруулж ирдэг Японы гоо сайхны Oppen брэндийн хоёр шинэ салбар нэг жилийн дотор нээгдээд байна. Мөн анхны ном нь амжилттай борлуулагдаж олон хүний амьдралыг өөрчлөх гараанаасаа гарчээ.
Тэрбээр энэ талаар "Хүн өөрийнхөө харах дуртай өнгөө харж, дуртай зүйлсээрээ хүрээлүүлж байвал амжилтад хүрдэг гэсэн судалгааг өмнө нь би Япон хэл дээр уншиж байлаа. Эмхэлж цэгцэлсний дараа бид өөрсдийнхөө хамгийн дуртай зүйлсээр хүрээлүүлж, хэрэггүйг нь хаядаг.
Бидний гэрт хэрэгтэй, хэрэггүй маш олон зүйлс байдаг. Зөвхөн хэрэгтэй зүйлсээ авч үлдсэнээр хийж байгаа зүйлдээ төвлөрч, цаашид юу хийх ёстойгоо тов тодорхой мэдрэх болно" гэв.
Үүнээс гадна өөрт байгаа зүйлдээ талархаж, сэтгэл ханаж, шуналаас ангижрах хамгийн зөв арга нь эмх цэгцтэй амьдрал юм.
Эмхэлж цэгцлэх аргыг суралцахын тулд заавал Мари Кондотой уулзах албагүй. Харин түүний зөвлөгөөг л дагахад болно. Өөрчлөлт гэдэг хамгийн ойрын зүйлээс эхэлдэг шүү дээ.
Бидний яриа 40 мянгатын "Caffe Bene" кофе шопд өрнөсөн бөгөөд зочин маань латте захиалав.
Гэрэл зургийг MPA.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!