Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Гэрээг буцаасан тохиолдолд ХХБ-наас гаргасан бүх зардлыг МУ-ын Засгийн газраас гаргуулна"

ikon.mn
2017 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ОХУ-аас "Эрдэнэт Үйлдвэр" -ийн 49 хувийн хувьцааны худалдан авалтыг хууль бус болсон дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг хийсэн. 

Тэгвэл яг энэ асуудлаар 49 хувийн хувьцааг эзэмшигч Монголын Зэс Корпораци болон Худалдаа Хөгжлийн Банк хамтарсан мэдэгдлийг хийж байна. 

Мэдээллийг iKon.mn ШУУД дамжуулж байгааг хүлээн авна уу.

https://www.facebook.com/iKonNews/videos/614927315359507/

Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!

"Эрдэнэт"-ийн энэхүү худалдан авалт хийгдсэнээс хойш худалдан авагч тал ийнхүү анх удаа ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ хийх гэж буй нь энэ юм. 

М.Мөнхбаатар: Ажлын хэсгийн дүгнэлттэй танилцах хүсэлтийг 4 удаа гаргасан ч нэг ч удаа хариу өгсөнгүй

 
Гэрэл зургийг mpa.mn

"Монгол зэс" корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар "Манай компани Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын Ростех компаниас худалдаж авсан үйл ажиллагааг шалгах Ажлын хэсгийн дүгнэл гарсантай холбогдуулан бид байр сууриа илэрхийлэхээр мэдээлэл хийж байна.

Харамсалтай нь нэг талын байр суурийг хэтэрхий барьсан Ажлын хэсгийн дүгнэлт гарлаа. Манай компанийн зүгээс Ажлын хэсгийн дүгнэлттэй танилцах хүсэлтийг 4 удаа гаргасан ч нэг ч удаа хариу өгсөнгүй.

Ажлын хэсгийн дүгнэлт дээр Засгийн газрын тогтоолыг хүчин төгөлдөр бус болгох талаар дүгнэлт гарч, манай компанитай хийсэн гэрээ хэлэлцээрийг хүчингүй болгох тухай асуудал гарлаа.

Ростех компанийг 49 хувийн хувьцаа эзэмшигч биш юм шигээр Ажлын хэсгийн дүгнэлт гарсан байна лээ.

УИХ болон Засгийн газар "Ростех" компани 49 хувийн хувьцаа эзэмшиж байгааг баталсан байдаг" гэв.

О.Орхон: Ц.Нямдорж гишүүний удаа дараа мэдэгдээд байгаа шиг хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй

 
Гэрэл зургийг mpa.mn

Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон "ХХБ зөвлөхөөр оролцсоны хувьд байр сууриа илэрхийлж байна. Энэ дүгнэлт хэт нэг талыг барьсан, өрөөсгөл, банкны нэр хүндэд халдсан байдлаар гарсан гэж үзэж байна. Худалдаа Хөгжлийн Банк Монгол Улсын хуулийг зөрчсөн асуудал байхгүй.

Ц.Нямдорж гишүүний удаа дараа мэдэгдээд байгаа шиг хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй. 

Бид иргэд ААН-үүдэд зээл олгохоос гадна төрийн олон төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг санхүүжүүлж ирсэн.

Өнөөдрийн байдлаар манайхаас "Монголын зэс" компанид 80 сая ам.долларын зээл олгосон байгаа. Энэ нь манай банкнаас зах зээлд гаргасан нийт зээл буюу 3 их наяд төгрөгийн багахан хэсэг6

Бид хуулиа баримтлаад зээлээ олгож ажиллаж байгаа. Энэ бол ямар нэгэн мөнгө угаасан үйлдэл биш. Эцэст нь хэлэхэд бид байнгын буюу жилд хоёр удаа төв банкны шалгалтад ордог. Хууль ёсны байгууллагуудын гаргасан дүгнэлтээр ямар нэгэн алдаа зөрчил илрээгүй" гэлээ.

Б.Мэдрээ: Буцаасан тохиолдолд "Ростех"-т төлсөн 400 сая дээр 100 сая ам.доллар нэмж төлнө

 
Гэрэл зургийг mpa.mn

ХХБ-ны ерөнхийлөгч Б.Мэдрээ: Анх ХХБ-ны үүсгэн байгуулагчдын нэг, хоёр удаа гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Өнөөдрийн Ажлын хэсгийн дүгнэлт нь нэг талыг баримталсан өрөөсгөл гэж үзэж байна. ХХБ өнөөдөр үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна. Монголбанкнаас гаргасан шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллаж байна. Ажлын хэсэг үйл ажиллагааг дүгнэдэггүй.

Монголбанкны шалгалтаар болон Олон Улсын Аудитын байгууллагын шалгуураар ч тэр ХХБ хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн долоо хоногт олон улсын санхүүгийн зах зээл дээр дөрөв дэх бондоо 100 хувь буюу 115 сая-ыг эргүүлэн төлсөн. Энэ бол үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаагийн нотолгоо.

Гэрээний хүрээнд Монгол Улсаас хэн ч хохироогүй. ОХУ-ын талд байсан хувь л зарагдсан. Төрөөс төрдөг тэрбумтнууд, шахааны бизнес хийгчид хохирох гээд байгаа юм уу. Буцаасан тохиолдолд "Ростех"-т төлсөн 400 сая дээр 100 сая ам.доллар нэмж төлнө.

Д.Ганболд: Ямар нэгэн даргын нэрээр бараа шахах үйл ажиллагаа орж ирдэг нь асар их хэмжээгээр хумигдсан. Үүнд дүргүйцсэн хүмүүс, байгууллага байгааг үгүйсгэхгүй

 
Гэрэл зургийг mpa.mn

"Эрдэнэт" үйлдвэрийн ТУЗ-ийн дарга Д.Ганболд "Эрдэнэттэй холбоотой асуудлаарх халуухан яриа өрнөөд хэдэн сарын хугацаа өнгөрч байна. Сонгуулийн үеэр Эрдэнэттэй холбоотой мэдээллийг ашиглаж, сонгуульд нөлөөлсөн гэх үндэслэлтэй. Хэдхэн сарын дараа сонгууль болох гэж байгаа энэ үед тодорхой хүмүүс ямар нэгэн эрх ашгийн хүрээнд дулиантай хэргүүдийг дэвэргэж ярьдаг. 

Хоёр Засгийн газрын төлөөлж байсан хяналт дээр "Монголын зэс" корпораци буюу хувийн компани ороод ирэхээр хяналт өөрчлөгдсөн байх. Хувьчлалын асуудал яригдаж байхад олон гадны өрсөлдөгч компаниуд орж ирж байсан. ОХУ-ын талаас Монголын хувийн компанид зарах сонирхол гарсныг үгүйсгэхгүй. 

Өнгөрсөн хугацаанд явуулсан үйл ажиллагаанд дүгнэлт хийхэд ямар нэгэн даргын нэрээр бараа шахах үйл ажиллагаа орж ирдэг нь асар их хэмжээгээр хумигдсан. Үүнд дүргүйцсэн хүмүүс, байгууллага байгааг үгүйсгэхгүй" гэлээ.

М.Мөнхбаатар: 49 хувь хагас жилийн өмнө манайд шилжчихээд байхад одоог хүртэл ОХУ-ын өмчид байгаа мэтээр яриад байгаа нь Ажлын хэсэг хэрхэн ажиллаж байгааг харуулж байна

М.Мөнхбаатар "Хохирогч байхгүй. Манайхаас хохирогч нэхэмжилж болох цорын ганц компани бол Ростех. Энэ компани өнөөдөр ямар нэгэн хохирлын асуудал ярихгүй байгаа. Тус компани бүх төрлийн гэрээ хэлцэл хийх эрхээ Засгийн газар болон Хууль зүйн яамнаасаа авдаг. Тус компаниас энэ гэрээ хэлцлийг хуулийн дагуу явсныг батлах албан бичгийг Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн байдаг.

Өнөөдрийн байдлаар ямар нэгэн хуулийн байгууллагаас манай үйл ажиллагаа, гэрээ хэлцлийг шалгасан зүйл байхгүй. Манайд энэ асуудлаар хандаагүй. 49 хувь хагас жилийн өмнө манайд шилжчихээд байхад одоог хүртэл ОХУ-ын өмчид байгаа мэтээр яриад байгаа нь Ажлын хэсэг хэрхэн ажиллаж байгааг харуулж байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Харин өнөөдрийн ажлын хэсгийн дүгнэлт болоод бусад холбоотой мэдээг ЭНЭ ТУХАЙ хэсгээс үзнэ үү.