Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Баяр, ёслол биш хүний АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНД хамгийн чухал"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 12 сарын 19
iKon.MN
 

Баяр ёслолын үе дөхөөд ирэхээд замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, иргэд зорчигчид осол зөрчилд өртөх магадлал ихэсдэг. Иймээс бид жолооч нарын замын хөдөлгөөний зөрчил, тооцох хариуцлага, торгуулийн талаар мэдээлэл авах үүднээс Замын Цагдаагийн Албаны урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Я.Соронзонболдтой уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.


Баяр, ёслол биш хүний амь нас, эрүүл мэнд хамгийн чухал

- Жолооч нарын зөрчлийн байдлыг ямар арга замаар хянаж, хариуцлага тооцдог юм бол?

- Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Тухай Хууль батлагдаад 2015 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Үүнээс өмнө ч бид бэлэн бус торгуулийн системд орчихсон байсан.

2015 оноос хойш бэлэн бус торгуулийг камерийн хяналтаар болон цагдаагийн албан хаагч тусгай терминал багажаар шууд хэвэлж өгч байгаа. Шууд газар дээр нь торгууль тооцож байгаа тохиолдолд ямар нэгэн байдлаар гэрийн хаягаар хүргүүлэх шаардлагагүй.

Камер болон тухайн цагдаагийн албан хаагч зөрчлийг фото зургаар баримтжуулж, зөрчил гаргасан жолоочийн гэрийн хаягаар явуулдаг.

Мөн гэрэл дохионы, эгнээ байрын, хурд хэтрүүлэлтийн зэрэг хяналтын камераар илрүүлсэн зөрчлүүдийг тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хаягаар Монгол Шуудан компаниар дамжуулан хүргэж байна.

- Өмнөх жилүүдтэй харьцуулахад жолооч нарын зөрчил гаргах байдал ямар байна вэ?

2015 оны есдүгээр сараас хойш тээврийн хэрэгслийн зөрчил бүхий л үзүүлэлтээр буурсан. Зорчигч, замын хөдөлгөөнд оролцогчид осолд өртөх, зорчигчдын амь нас хохирох зэрэг бүхий л үзүүлэлтүүд буурсан байгаа.

Харин саяхан орсон их цаснаар халтиргаа гулгаа ихэсч зам тээврийн осол, дуудлага нэмэгдсэн. Ерөнхийдөө хэвийн өдрүүдээс 40-50 хувь орчим нэмэгдсэн.

- Баяр ёслолтой холбоотойгоор энэ арванхоёрдугаар сарын байдлаар ямар байна вэ?

- Арванхоёрдугаар сар гарахаар иргэд, байгууллагууд шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулж, тэмдэглэдэг. Үүнтэй холбоотойгоор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал ихэсдэг. Өмнөх оны зөвхөн арванхоёрдугаар сард гэхэд 2,883 согтуу жолоочийг илрүүлж байсан.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолооч нарыг илрүүлээд, цаашид ийм байдал гаргахаас урьдчилан сэргийлж ажилласан хэдий ч согтуу жолоочийн буруутай үйлдлээс болоод хоёр хүний амь нас хохирсон байна.

Тэгэхээр ер нь албан байгууллагууд ажилтнаа сайхан баярлуулж, наргиж цэнгэх зэрэг баяр наадмынхаа ажиллагааг л бодоод байдаг болохоос биш хүнээ бодохгүй байна.

Өнөөдөр ажилтан маань машинтай ирсэн үү, үгүй юу, ирчихээд согтууруулах ундаа хэрэглэж байна уу, үгүй юу, хэрэглэчихээд гарахдаа дуудлагын жолоочоор хүргүүлэх юм уу, эсвэл ар гэрээс нь ирж авах юм уу, машинаа орхиод явж байна уу, үгүй юу зэрэг зохион байгуулалтыг хийдэггүй.

Тэгэхээр үүнтэй холбоотойгоор аль болох зохион байгуулалттайгаар ажилтнуудаа нэгдсэн журмаар тээвэрлэх, дуудлагын жолоочоор хангах, машингүй ирэх зэрэг шаардлагыг тавих хэрэгтэй байна. Баяр, ёслол биш хүний амь нас эрүүл мэнд хамгийн чухал гэдгийг анхааруулъя. 


 
Гэрэл зургийг mpa.mn
Насанд хүрсэн гурван хүн тутмын нэг нь машинтай

Албаныхны мэдээлж байгаагаар Монгол Улсад 1929 онд анх 20 автомашин бүртгэгдэж байсан бол 86 жилийн дараа буюу 2015 оны жилийн эцсийн байдлаар 720,278 автомашин бүртгэгдсэн байна.

Харин улсын хэмжээнд хөдөлгөөнд оролцож байгаа нийт машины 439,129 нь буюу 69,9% нь Улаанбаатарт бүртгэлтэй байна. Энэ нь насанд хүрсэн гурван хүний нэг нь машинтай байна гэсэн үг юм. 

Хүрдний байрлалаар нь авч үзвэл улсын хэмжээнд баруун талдаа хүрдтэй нь 336,063, зүүн талдаа хүрдтэй нь 384,215, нийслэлийн хэмжээнд нийт хөдөлгөөнд оролцож байгаа автомшины 238,107 буюу 54,2 хувь нь баруун талдаа хүрдтэй байна. Үүнийг доорх тоон үзүүлэлтээс харж болно.

Улсын хэмжээнд 2015 онд 61,258 жолооч шинээр бүртгэгдэж нийт 1,038,624 жолоочтой болжээ. Жолоочийн ангилалаар авч үзвэл “В” ангилал хамгийн их буюу 768,329 бөгөөд нийт эрхийн 74 хувийг эзэлдэг байна.  Жолооч нарыг хүйсээр нь авч үзвэл 674,751 буюу 65 хувийг эрэгтэй жолооч, 363,873 буюу 35 хувийг эмэгтэй жолооч эзэлж байгааг доорх графикаар харууллаа.

Улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27,978 тохиолдол бүртгэгджээ

2015 оны байдлаар улсын хэмжээнд 1,493,263 замын хөдөлгөөний зөрчил гарчээ. Харин энэ оны эхний 11 сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 941,098 зөрчил, улсын хэмжээнд эхний 9 сарын байдлаар 903,152 зөрчилд замын цагдаагийн байгууллагаас хариуцлага тооцсон байна.

Жолооч нарын зөрчлийг авч үзвэл хамгийн их буюу эгнээ байр буруу эзэлсэн 228,994 тохиолдол, хамгаалах бүс зүүгээгүй 109,583 тохиолдол бүртгэгдэж, хариуцлага тооцжээ. Үүнээс гадна жолооч нар гэрэл дохио зөрчих, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох зэрэг зөрчлийг хамгийн их гаргасан дүнтэй байна.

Харин 2016 оны эхний есөн сарын байдлаар 22,226 жолооч, нийслэлийн хэмжээнд 11 сарын байдлаар 15,883 жолоочийн эрхийг хассан байна. Мөн улсын хэмжээнд 27,978 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүнээс шалтгаалан 98 хүн нас баржээ.


Жолооч нарт шийтгэлийг давхардуулан ногдуулж байгааг зогсооно 

Засгийн газрын хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Хуулинд Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан этгээд согтууруулсан ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 7 хоногоос 30 хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулнагэж заасан.

Энэ нь торгох, баривчлах үндсэн шийтгэлийг давхардуулан ногдуулж байгаа хэрэг хэмээн Засгийн газар үзэж хуулинд өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн байна.

Мөн цагдаагийн байгууллага Замын хөдөлгөөний дүрэм, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн этгээдэд захиргааны шийтгэл оногдуулахаар заасан боловч баривчлах шийтгэлийг хэн оногдуулах нь тодорхой бус байгаа юм.

Үүнээс болж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргавал шийдвэрлэх боломжгүй байна.

Тодорхой зохицуулж өгөөгүй учир улсын хэмжээнд 4,265 зөрчилд хуульд заасан шийтгэл оногдуулж чадаагүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр 2,970 зөрчлийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн 1,295-д нь ямар нэг хариуцлага ногдуулаагүй гэсэн судалгаа гарчээ.