Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хонины сүүлний ЭРҮҮЛ МЭНД, ГОО САЙХАНД өгөх ашиг тус

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хонины сүүлийг Монголчууд эрт дээр үеэс хоол хүнсэндээ өргөн дэлгэр ашиглаж ирсэн. Нялх хүүхдүүдэд хонины сүүл хөхүүлэх нь өлчир чийрэг, эрүүл саруул өсөн торниход тустай хэмээдэг. Тэгвэл хонины сүүлний ач холбогдлыг шинжлэх ухааны үүднээс судаллаа.

Хоол зүйч эмч Д.Дэлгэрмаагийн хэлснээр хонины сүүлний бүдэрхийнээс дээш дөрвөн хуруу орчим, өндөр нягтаршилтай хэсэг нь хэт ханаагүй тосны хүчил агуулсан байдаг ажээ. Хэт ханаагүй тос нь хүний биед маш сайн шингэдэг.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эм зүйч З.Хулангийн хийсэн шинжилгээгээр хонины сүүлний тосноос ханаагүй тосыг ялган авахад гарц нь 63 хувьтай байсан байна.

Малын гаралтай өөх нь ихэвчлэн ханасан тосыг агуулдаг. Ханасан тос нь 50-аас дээш хэмд задардаг. Харин хүний бие 37 хэмийн халуунтай учир малын гаралтай өөх тос задрахгүй царцанги хэлбэрт орсноор судасны хананд хуримтлагдаж, судас нарийсах гэм мэтээр сөрөг нөлөө үзүүлдэг ажээ.

Өсөж торниход өөх тос чухал нөлөөтэй. Учир нь өөх тос хүний биед хэрэгтэй бодисыг зөөх, задлах үйлчилгээ үзүүлдэг байна. Тиймээс өөх тосыг хэт их хасаж, дан ногоо идээд байх нь зохимжгүй аж.

Хоол зүйч эмч Д.Дэлгэрмаа хонины сүүлний зохистой хэрэглээний талаар “Ямар нэг зүйлийг хэтрүүлж, эсвэл багадуулж хэрэглэснээс болж эрүүл мэндэд асуудал гараад байдаг. Сүүлийн үед тэнцвэртэй хооллохыг эрүүл хооллох гэж ойлгодог болсон. Хонины сүүлийг өдөрт 20-30 грамм хэрэглэхэд л хангалттай. Үүнээс илүү хэрэглэж болохгүй” гэв.

Нэг нэгж ханаагүй өөх тос нь 40-60 ккал илчлэгтэй байдаг ба нэг нэгж гэдэг нь 20-30 грамм сүүлний өөхтэй тэнцдэг ажээ. Эмч нар ханаагүй өөх тосыг өдөрт нэг нэгж хэмжээтэйг идэх хэрэгтэй гэж зөвлөдөг байна.

Монголчууд өвлийн цагт өөх тос ихтэй, мах голлон хүнсэндээ хэрэглэдэг. Тэгвэл хонины сүүлтэй ижил төсөөтэй, эрүүл мэндэд тустай хүнсэнд адууны өөх, хонины өвчүүний өөх ордог байна. Учир нь адууны өөх үхэр, хонины дотор өөхийг бодвол ханаагүй тосны хүчил их агуулсан учраас хурдан задарч, хүний биед сайн шингэдэг ажээ.

ХОНИНЫ СҮҮЛ ГОО САЙХАНД ЯМАР ТУСТАЙ ВЭ?
 

Ардын уламжлалт эмчилгээнд жирэмсэн эхийн хөхний толгой хагарах, гэдэс язрах зэрэгт хонины сүүлний тосыг хэрэглэж ирсэн. Энэ нь үр дүнгээ сайн өгдөг тухай ам дамжсан яриа бий.

Сүүлийн үед Монголын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хонины сүүлтэй биеийн тос, саван үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргэдэг болсон. Энэхүү бүтээгдэхүүнүүдийн зарим нь олон улсад өндрөөр үнэлэгдэж, шилдэг органик гоо сайхны бүтээгдэхүүн гэх шагналын эзэн болсон байгаа.

Хонины сүүлний тостой саван үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний шошгон дээрээ “биенд тань хэрэгтэй тэжээлийг нь өгч, чийгшлийг нь хадгалж, тослог байдлыг нь хамгаална” хэмээн бичжээ.

Чухам яагаад хонины сүүлний тос арьсанд хэрэгтэй байдаг вэ.

Химийн хүрээлэнгийн доктор С.Шатар нэгэн ярилцлагадаа "Хонины сүүлний тосыг шаргаахад шингэн, ургамлын тос шиг харагддаг. Монголчууд эрт дээр үеэс хүүхэддээ сүүлний тос өгч байсан нь шинжлэх ухааны үндэслэлтэй. Савангийн найрлагын тодорхой хувь нь хонины сүүлнийх шиг шингэн тос агуулсан байх юм бол арьс зөөлөн, толигор болох ач холбогдолтой. Мөн хүний арьсанд шингэх чадвар төдий чинээ сайн байдаг" хэмээн хэлжээ.

Хонины сүүлний тосыг шууд дангаар нь хэрэглэхэд таагүй үнэртэй байдаг учраас зарим бүсгүйчүүд шууд хэрэглэж чаддаггүй. Тэгвэл гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ямар ч үнэргүй, эрүүл ахуй, гоо зүйн шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг болсон. Эфирийн тосыг хонины сүүлний тостой хольсноор нян мөөгөнцөр үржихээс хамгаалж, жинхэнэ гоо сайхны бүтээгдэхүүн болдог тухай доктор С.Шатар хэлжээ.

Гэхдээ үнэрийг нь асуудал биш гэж үзээд, гэрийн нөхцөлд гар аргаар хонины сүүлний тосыг язралтаас сэргийлэх зорилгоор хэрэглэх гэж байгаа бол шарах бус жигнэж, шаргаах аргаар сүүлний тосыг ялган авахыг эмч зөвлөж байна.  Учир нь тосыг хэт халааж, өндөр температурт хайлуулах нь бүтцэд нь өөрчлөлт оруулж, хортой нэгдэл бий болоход нөлөөлдөг ажээ.

Хонины сүүлний тосыг түрхсэнээр зарим бүсгүйчүүд язралтаас ангижирч чадсан байдаг бол зарим нь төдийлөн үр дүнд хүрээгүй байдаг юм. Учир нь язралт нь арьсны доор байрлах холбогч эдүүдийн гэмтэл, тасралт бөгөөд хүн бүрийн арьсны онцлогоос хамаарч өөр өөр байдлаар явагддаг. Хонины сүүлний тосыг хэрэв түрхэхээр бол маш сайн иллэг хийж, бүрэн шингээх нь үр дүнтэй байдаг ажээ. Ингэх нь холбогч эдүүдэд шаардлагатай эмин дэмийг гаднаас нь өгч байгаа хэлбэр юм.

Мөн жирэмсэн болохоосоо өмнө, эсвэл жирэмсэн болохоор төлөвлөж буй бүсгүйчүүд хэрэглэж байх нь үр дүнд илүү сайнаар нөлөөлнө. Учир нь хэт хуурай, хатуу арьстай бүсгүйчүүдийн гэдэс гэнэт томорч эхлэхэд язралтыг хурдан хугацаанд зогсоох боломжгүй байдаг.

Зарим хүмүүс хонины сүүлний тосыг түрхэх нь урагт ямар нөлөөтэй вэ гэж эргэлзэж байж магадгүй юм. Хоол зүйч эмч Д.Дэлгэрмаагийн хэлснээс хонины сүүлний тосыг түрхэх нь урагт ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Учир нь цэвэр байгалийн гаралтай, органик бүтээгдэхүүн ажээ.

Ямартай ч хонины сүүлний тосны үр ашгийн талаар мэргэжлийн эмч нар ийм мэдээлэл өгч байна. Харин та хонины сүүлний тосыг гэрийн нөхцөлд боловсруулан хэрэглэхээр бол дээрх зөвлөгөөг дагаарай.