Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурлыг Цагдан хорих 461-д биш шүүх танхимд явуулж өгөхийг хүсчээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 12 сарын 15
iKon.MN
 

Ардчилсан хувьсгалын хөдөлгөөны удирдагчдын нэг, нэрт улс төрч С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал өчигдөр ШШГЕГ-ын 461-р хорих ангид эхэлсэн ч арванхоёрдугаар сарын 21-нийг хүртэл 7 хоногоор хойшлогдоод байгаа.

Харин УИХ-ын хуульч гишүүн О.Баасанхүү 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригт хандан Шүүгдэгчдийн эрхийг хангуулах тухай албан тоот илгээсэн байна.

Тэрбээр албан тоотдоо шүүх хуралдааныг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хийж байгаа нь хууль зөрчиж байгаа тул дараагийн шүүх хурлыг зориулалтын шүүхийн байранд явуулж өгөхийг хүсчээ.

Албан тоот бүрэн эхээрээ:

"Улсын Их Хурлын гишүүн миний сонгогдсон тойрог болох Орхон аймаг болон тус аймгийн Их залуу багийн иргэдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төрийн хууль тогтоох дээд байгууллагад төлөөлж байгаагийн хувьд миний бие нь Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Сайд асан С.Зориг агсны амь насыг бүрэлгэж, хохирол учруулсан хэргийн шүүх хурлыг анхааралтайгаар ажиглаж байна. 

2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааныг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хийж буй явдал нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 14 дүгээр зүйлд заагдсан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байна” хэмээх заалтыг зөрчиж байна. Монгол Улсын иргэн өнөөдөр шударга шүүхээр шүүлгэх эрхтэй бөгөөд шүүх хуралдааныг гагцхүү талуудын тэгш эрхийг хангаж, мэтгэлцээны зарчимд үндэслэн шүүгч эцсийн шийдвэр гаргах зарчимтай байдаг. 

Миний бие өмнөх парламентын үед Улсын Их Хурлын гишүүнийхээ бүрэн эрхийн хугацаанд Өргөдлийн байнгын хорооны даргын хувьд Монголын хуульчдын холбоо болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн албаны хүмүүстэй хамтран урьдчилан хорих ангиудад шүүх хуралдаан явуулдаг нөхцөл байдлыг очиж танилцан, гагцхүү нүүдэллэн хийгдэж буй шүүхээс бусад аливаа шүүх хуралдааныг зориулалтын шүүх танхимд харьяаллын дагуу шийдвэрлэж байхаар шийдсэн хэмээн ойлгож байгаа болно. 

Иймд шүүгдэгч Ц.Амгаланбаатар болон бусад холбогдогчдын шүүх хурал нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хойшлогдсонтой холбогдуулан энэхүү асуудалд анхаарч, дараагийн шүүх хурлыг зориулалтын шүүхийн байранд явуулж, шүүгдэгчдийн эрхийг ханган ажиллахыг хүсье" хэмээв. 

Хувийг Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан, Тагнуулын Ерөнхий Газрын дарга, Хошууч Генерал Б.Хурц нарт хүргүүлэв гэжээ.